Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/100

 

М.Оюунбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч  Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, Д.Уранчимэг

Шүүгдэгч М.Оюунбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;                      

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/359 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Оюунбаатар, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Оюунбаатарт холбогдох эрүүгийн 2014000000368 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Банзрагч овогт Мандирын Оюунбаатар, ........тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, / РД ПГ79072917 /,

Шүүгдэгч М.Оюунбаатар нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, Баянхонгор аймгаас Говь-Алтай чиглэлийн асфальтан хучилттай зам дээр 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 26-00 УБА улсын дугаартай “Toyota Gresta” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Борын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.              /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Оюунбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Банзрагч овогт Мандирын Оюунбаатарт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Банзрагч овогт Мандирын Оюунбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.Оюунбаатарт оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч М.Оюунбаатар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Оюунбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 816530 дугаартай үнэмлэх, 816530 дугаартай түр зөвшөөрөл зэргийг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюунбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 09- ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Оюунбаатарын өмгөөлөгч Х.Мөнхбаатар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:              Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн /2020/ШЦТ/359 дүгээр дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар би давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Оюунбаатарыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангилалд хамаарна.

Шүүгдэгч М.Оюунбаатар нь өөрийн буруугаа зөвшөөрч, гаргасан үйлдэл алдаандаа гэмшиж хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулж, хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, хуулийн байгууллагаас дуудсан цагт саадгүй ирж үүргээ биелүүлж байсан болох нь хэрэгт авагдсан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, иргэний

нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, иргэн Сандагсүрэн, Б.Алтанхуяг нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хэргийн материал оролцогчдод танилцуулсан хуудас болон бусад баримтаар тогтоогдож байгаа болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэж хорих ял оногдуулсныг зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг шүүгдэгч М.Оюунбаатар бүрэн хангаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан баримтаар тогтоогдсон.

Иймд Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоол хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч М.Оюунбаатар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

М.Оюунбаатар би Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/359 дүгээр шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна.

Би 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Дарви сумаас Улаанбаатар хот руу буяны ажилд оролцоод буцаж явахдаа Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт О.Тодгэрэлийн эзэмшлийн 26-00 УБА улсын дугаартай суудлын авто машиныг жолоодож яваад осол гаргаж Ц.Борын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.

Би ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хүү О.Эрдэнэсүмбэрэл нь 12 настай үе мөчний өвчтэй, байнгын эмчилгээтэй байдаг. Улаанбаатар хотод эмнэлэг бараадаж амьдрахаар ирээд төвхнөж амжаагүй, түрээсийн байранд амьдардаг. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан, Ц.Бор эгчийн бие хэвийн ажлаа хийж байгаа. Ийм надад оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хууль зөрчөөгүй, зүйлчлэл зөв, маргаангүй.Харин   хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, Д.Уранчимэг нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн нөхцөл байдлаас харахад Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой гэв

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч М.Оюунбаатар түүний өмгөөлөгч  Х.Мөнхбаатар нарын   давж заалдах шатны шүүхэд гаргасан   гомдолд  үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдлуудад  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан  үзэхэд;

Шүүгдэгч М.Оюунбаатар нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх  асфальтан хучилттай зам дээр  26-00 УБА улсын дугаартай “Toyota Gresta” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ  замын зүүн тал руу онхолдож, уг машинд зорчиж явсан Ц.Борын  эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Төмөрхуяг, Н.Янжинлхам нарын  эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан хэргийн үйл баримт   тогтоогджээ.

Дээрхи үйл баримт нь  эрүүгийн  2014000000368 дугаар хавтаст хэрэгт авагдсан

Хэргийн 27-29 дүгээр талд авагдсан “...Оюунбаатар бариад явсан...машин дайвалзаад онхолдсон...биеийн байдал эдгэрээд  гайгүй болж байгаа, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хохирогч Ц.Борын мэдүүлэг

Хэргийн 31-32 дугаар талд авагдсан “...2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн өглөө....үрүүлээ шилжүүлсэн...би унтаад өгсөн...онхолдсон байсан...миний толгой хагарсан, Бор эгчийн биеийн байдал тааруу...Оюунбаатар, Янжинлхам нар гайгүй байсан...” гэх иргэний нэхэмжлэгч О.Төмөрхуягийн мэдүүлэг

Хэргийн 36-38 дугаар талд авагдсан “...миний араас нэг жижиг машин гүйцэт түрүүлээд...удалгүй дайвалзаж байгаад замынхаа зүүн гар тал руу буюу хойд тал руу унаж онхолдсон...” гэх гэрч Г.Батбаярын мэдүүлэг

Хэргийн 39-43 дугаар талд авагдсан “...Төмөрхуяг ах үрүүлээ  шилжүүлж Оюунбаатар ах машиныг ...бариад явсан. ...гэнэт дайвалзах шиг болохоор нь сэртэл...замын зүүн тал руу онхолдсон...” гэх гэрч Н.Янжинлхамын мэдүүлэг

Хэргийн 63-64 дүгээр талд авагдсан “...Ц.Борын биед цээжний битүү гэмтэл, баруун 1-10 дугаар хавирга, зүүн 3-6, 8-9 хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндий цус хуралт, баруун эгэм сээрний 8-10 дугаар нугалмын их бие, нум, хөндлөн болон арын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссан байх боломжтой.Гэмтлүүд нь шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээний дүгнэлт гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 515 дугаар дүгнэлт

Хэргийн 82-83 дугаар талд авагдсан “...М.Оюунбаатар нь ...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна.Зам тээврийн осол гарахад тухайн зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй...” гэх Техникийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 9 тоот дүгнэлт

Хэргийн 98-100 дугаар талд авагдсан “...би цааш бариад явсан. ...үрүүл баруун  тал руугаа дайвалзахаар нь...зүүн тийшээ дарсан чинь шарваад замын зүүн тал руу онхолдсон. ...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх шүүгдэгч М.Оюунбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээрхи нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Оюунбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар зүйлчлэн  тогтоосны дагуу гэм буруутайд тооцож, тухайн зүйл ангид заасан ялын төрөл хэмжээний хүрээнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Мөн анхан шатны шүүхээс   хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч М.Оюунбаатарт  хорих ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэлгүйгээр  хорих ял оногдуулжээ.

  Давж заалдах шатны шүүх  гэмт  хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо илэрхийлсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч М.Оюунбаатар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хэргийн нөхцөл байдал болон  хохирогч Ц.Бор нь  гэм хорын хохиролд 5 000 000 төгрөгийг  авсан, гомдолгүй болохоо бичгээр илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч М.Оюунбаатарт   хорих ял  оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,  албадлагын арга хэмжээ  хэрэглэхээр шийдвэрлэв.

Иймд  хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Оюунбаатар, түүний  өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдлуудыг  хүлээн авч  шийдвэрлэв

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн  1.4 -т  тус тус заасныг  удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/359 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Банзрагч овогт Мандирын Оюунбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Банзрагч овогт Мандирын Оюунбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах  үүргийг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж,

3 дахь заалтад

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.Оюунбаатарт оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6-д зааснаар М.Оюунбаатар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол  прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, 36.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч М.Оюунбаатар нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын  16-ны өдрийг хүртэл 32 хоног цагдан хоригдсон  болохыг дурдаж,  цагдан хоригдож байгаа шүүгдэгч М.Оюунбаатарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3.Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ                                                     Г.УЛАМБАЯР

         ШҮҮГЧИД                                                     Н.ЭНХМАА

                                                                                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ