| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00184/И |
| Дугаар | 156/ШШ2024/00301 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 156/ШШ2024/00301
2024 06 07 156/ШШ2024/00301
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00184/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ............. оршин суух, Сартуул овогт Н.Д,
Хариуцагч: Хэнтий аймгийн ............. байрлах, Х.Э ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 2,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/,
Хариуцагч К.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О ,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Д н нь хариуцагч Х Э ХХК-д холбогдуулан 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Д би мод бэлтгэх ажилд өдрийн 60,000 төгрөгөөр ажиллуулна гэсэн зарын дагуу Х Э ХХК-ний захирал К.Б тай харилцан тохиролцож Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын............ гэх газарт 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 60 хоногийн хугацаагаар ажилласан боловч Х Э ХХК-ийн захирал К.Б нь ажлын хөлсийг өгөхгүй хэл амаар доромжлон, сүүлдээ утсаа авахаа больж, иргэн Н.Д гийн эд хөрөнгийн эрхийг зөрчиж байх тул шүүхэд хандаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Д мод бэлтгэх ажилд өдрийн 60,000 төгрөгөөр ажиллуулна гэсэн зарын дагуу Х Э ХХК-ийн захирал К.Б тай харилцан тохиролцож Хэнтий аймгийн ................... суманд байрлах газар 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 40 хоногийн хугацаатай, өдрийн 60,000 төгрөгөөр тооцож ажилласан боловч нэхэмжлэгч нэг ч төгрөг аваагүй. Н.Д нь мөнгөө авах гээд удаа дараа хөөцөлдсөн боловч авч чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нөхцөл байдлын талаар түүний найз гэрчийн мэдүүлэг өгсөн, тухайн үед ажиллаж байсныг нотлох фото зураг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд Х Э ХХК-аас ажил гүйцэтгэх аман гэрээний дагуу мод бэлтгэх ажлын хөлс болох 2,400,000 төгрөгийг гаргуулаар нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч Н.Д д ажлын хөлс 1,000,000 төгрөг өгнө гэж тайлбарлаж байгаа тул энэ дүн дээр эвлэрэх хүсэлтэй байна гэв.
4. Хариуцагч К.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д г ажилд авах үед мод бэлтгэлийн ажил эхлээгүй байсан. Үлдсэн модоо уулнаас татах гэтэл манай жолооч өвчтэй байсан тул өдрийн 60,000 төгрөгийн цалинтай жолооч авна гэсэн зар тавьсан. Зарын дагуу надтай нэг залуу холбогдохоор нь ууланд байсан 2 ажилтан дээрээ аваачиж өгсөн. Гэтэл эхний өдөр машин бариулахад ямар ч анхны мэдэгдэхүйн, техникийн мэдлэггүй байсан. Туршилтын хугацаанд ирсэн учраас манаач хийлгээд явуулахаар болсон ч 20 гаруй хоног хоночхоод оргоод алга болсон. Аймгийн төвөөр явж байгаад над руу залгаж гутлын мөнгө шилжүүлээч, яваад очъё гэхээр нь 100,000 төгрөг шилжүүлсэн боловч ирж нэг хонож зураг авахуулчхаад дахиад алга болсон. Би 2 хоног хайгаад Хурхын голын ойр орчимд байсан нэг айлаас асуухад цай уучхаад унаа олоод яваад өгсөн гэсэн. Түүнээс хойш чимээгүй байсан ч нэг өдөр над руу залгаад цалин нэхсэн. Би Н.Д д уурлаж надтай ирж уулзаж ярилцаад цалингаа ав гэж хэлсэн. Н.Д д ажил хийх чадвар байхгүй, хариуцлага байхгүй. Над руу өөрөө ч ярихгүй янз бүрийн хүмүүсээр яриулж цалингаа нэхдэг. Ингэх бүрд нь ирж уулзаж ярилцаад цалингаа аваарай гэдэг шаардлагыг тавьсан. Н.Д нь манай компанид 2023 оны 4 сард 24 хоног манаачаар ажилласан, энэ хугацааны цалинд 1,000,000 төгрөг өгье, энэ мөнгийг би 7 хоногийн дотор шилжүүлнэ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Н.Д гийн шүүхэд гаргасан 2,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь 1,400,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг хариуцагч Х Э ХХК-иас гаргуулахаар, хариуцагч Х Э ХХК-ний төлөөлөгч К.Б нь уг 1,000,000 төгрөгийг 7 хоногийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрэн хэлэлцэв. Энэхүү эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х Э ХХК-иас 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д гийн нэхэмжлэлтэй Х Э ХХК-д холбогдох 2,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид нь шүүх хуралдаанд 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 /тавин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х Э ХХК-иас 1,000,000 /нэг сая/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА