Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/01328

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01 181/ШШ2024/01328

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ..... тоот хаягт оршин суух, Б.Ч-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .........н байранд байрлах НШШГГ,

 

Хариуцагч: БИ ХХК,

Хариуцагч: ББЖ нарт холбогдох,

Барьцаа хөрөнгийг албадан худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.С,

Хариуцагч НШШГГ итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.У, Н.Б

Хариуцагч БИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н

Хариуцагч Б.Ж-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

1.1 Намайг 2015 онд гадаадын иргэнд залилуулсан хэргээр хохирогчоор тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж Монгол Улсын Эрүүгийн хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдэн эцэслэн шийдвэрлэгдэж дараах шийдвэрүүд гарсан. Үүнд: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай тогтоол. Улмаар шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай Гүйцэтгэх хуудас бичигдэн Б.Ч надад хохирол гаргуулахаар НШШГГ албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн.

Шүүхийн шийдвэр болон Гүйцэтгэх хуудасны дагуу иргэн МИМ болон Д.У нараас 31,687,695,000 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд НШШГГ газраас дээрх иргэдийн хувьцаа эзэмшдэг ГКЭЭЛ компанийн Монгол Улс дахь охин компани болох ГК ХХК, ГКЭЭ ХХК, ЗХ ХХК, МБ ХХК, ГП ХХК компаниудаас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэгдсэн байсан.

Шүүхийн №... тоот гүйцэтгэх хуудсын дагуу Б.Ч төлбөр авагчийн хувьд ГК ХХК, ГКЭЭ ХХК, ЗХ ХХК, ГП ХХК, МБ ХХК-иудын төлөөллүүдтэй уулзаж, МИМ зээлсэн байсан БЖы 9 сая ам.долларыг Арбитрын шүүхээр шийдвэрлэсэн гүйцэтгэх хуудастай төлбөрийн шаардах эрхийг өөр дээрээ шилжүүлэн авахдаа гурван талт гэрээ хийж төлбөр төлөгч Б.Ж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. НШШГГт БЖы нэр дээр ГК ХХК, ГКЭЭ ХХК-д 360 хоногийн бүх өдөр төлбөрийг төлж дуусах хүртэл хүү тооцогдохоор ам.доллароор бодож өнөөдрийн байдлаар 16 сая гаруй ам.доллар төлөхөөр төлбөртэй байна гэж үзэж байна.

Дээрх хоёр компанийн төлбөрийг хүлээн авах төлбөр авагчийн шаардах эрхийг шилжүүлж авснаар Б.Ч нь өнөөдрийг болтол ямар ч төлбөр хүлээн авч чадахгүй НШШГГт удаа дараа гомдол гаргаж байсан. Мөн төлбөр төлөгч Б.Жы хөрөнгүүдийн дийлэнх хэсгийг шаардах эрх хүлээн авсан даруй өөрөө биечлэн хүсэлт гаргаж НШШГГ газраас чөлөөлүүлэх хүсэлт гарган чөлөөлж өгсөн байхаас гадна үлдсэн төлбөр гаргуулах талаар удаа дараа гомдол өргөдөл гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Үүнд: 1.НШШГГ шийдвэр гүйцэтгэгч болон ахлах, дарга нарт удаа дараа хүсэлт, гомдол гарган Б.Жы зээлийн гэрээний барьцаанд тавьсан эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулж өгөхийг хүссэн боловч ямар ч хариу өгдөггүй. 2. Б.Ж нь анх зээл авахдаа өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг БИ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө, газар, Замбал Чүүжин ХХК ийн хөрөнгүүдийг барьцаалж ГК ХХК-нд зээлийн барьцаанд тавьсан байдаг нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалын 87 дугаар хуудаснаас 104 дүгээр хуудаснуудад авагдсан Зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн а, в заалтуудад нэхэмжлэгчийн буюу төлбөр төлөгчийн барьцаалсан хөрөнгө гэдэг нь тодорхой байдаг. 3. Шүүхийн ... тоот Гүйцэтгэх хуудастай материалын ... дугаар хуудаснаас ... хуудаснуудад Төлбөр авагч ГК ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ... тоот албан тоотоор төлбөр төлөгч Б.Жаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шаардах эрхийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гуравдагч этгээд Б.Чт зээлийн барьцаа хөрөнгүүдийн хамтад нь шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаар энэ ажиллагаанд төлбөр авагч болсон. 4. Дээрх хүсэлтийн дагуу НШШГГ ... дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч д\ч Ю.О нь 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Жд мэдэгдэхдээ Б.Чт төлөх 2,500,000 ам.долларыг Төрийн банкны ... тоот Нийслэлийн Шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушаах талаар дурдсан байдаг. 5. Б.Ж нь дээрх нөхцөл байдлыг бүгдийг хүлээн зөвшөөрч 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлбөрт зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 17 сая ам.доллароор үнэлж дуудлага худалдаанд оруулах хүсэлтээ гаргаж байсан, төлбөр авагчийн шаардах эрхийг хүлээн авсан Б.Ч нь санал болгосон үнийн дүнгээр дуудлага худалдаа хийхийг зөвшөөрч хүсэлт гаргаж байсан баримтууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалд 186 дугаар хуудсанд авагдсан байдаг.

Б.Ж нь дараах хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд: 1.Хөрөнгө ... тоот улсын бүртгэлд бүртгэгдсэн ... тоот Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар бүхий БИ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, 2.Хөрөнгө ... тоот Гэрчилгээний дугаар, ... гэсэн нэгж талбайн дугаар бүхий БИ ХХК-ийн газар эзэмших эрх, 3.Хөрөнгө ... тоот Гэрчилгээний дугаартай газар эзэмших эрх, Гэрчилгээний дугаар ... тоот

Иймд дээрх хөрөнгүүдийг худалдан борлуулж төлбөр барагдуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагч НШШГГт даалган шийдвэрлэж өгнө үү.

 

1.2 Нэхэмжлэгч тал 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...дээрх шийдвэрүүдээр Зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч Б.Жаас зээлийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн боловч барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулах талаар шийдвэрлээгүй орхисон байдагӨөрөөр хэлбэл хариуцагч Б.Ж нь зээлийн гэрээний төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд НШШГГ нь шүүгчийн захирамж болон арбитрын шийдвэрт заагаагүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах эрхгүй байгаагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөөр байгаа юм. Үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээ-нд заасан дараах хөрөнгүүд нь БИ" ХХК-ийн эзэмшил, өмчлөлд байдаг учир гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй байгаа БИ" ХХК-ийг болон тус компанийн цор ганц хувьцаа эзэмшигч Б.Жыг хамтран хариуцагчаар татах үндэслэлтэй байна гурван тал баталгаажуулан гарын үсэг зурсан гэрээг үндэслэн "ГК" ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ... тоот албан бичгээр Төлбөр төлөгч Б.Жаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шаардах эрхийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Б.Чт зээлийн барьцаа хөрөнгүүдийн хамтад нь шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бөгөөд НШШГГ тус хүсэлтийг хангаж 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоол" гарсан нь миний шаардах эрх /төлбөр авагч/-ийг баталгаажуулж өгсөн байдаг "Зээлийн гэрээ болон Үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцаа гэрээ"-нд ...Энэ гэрээнд заасан бусад төлбөр зээлдүүлэгчийн одоогийн болон ирээдүйн нэхэмжлэлийг хангахын тулд Зээлдэгч нь газар болон барилгыг зээлдүүлэгчид зориулан тэргүүн ээлжид шаардлага хангуулах эрхтэйгээр барьцаанд бариулж бүртгүүлнэ." гэж 19 дүгээр зүйлийн а хэсэгт зааснаар Б.Ж нь Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хөрөнгүүдийг барьцаалсан болно. шийдвэрүүдээр зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч Б.Жаас зээлийн төлбөрүүдээ гаргуулахаар шийдвэрлэсэн боловч барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулах талаар шийдвэрлэгдээгүй орхигдуулснаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  2017 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилтгүй байгаа. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойлогдож байгаа. Өөрөө хэлбэл Б.Ж зээлийн төлбөрөө төлөөгүй. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж 2017 оноос шийдвэр гүйцэтгэж ажиллагаа явуулснаас хойш төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Өнөөдөрт хүрсэн гол шалтгаан өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойлогдож байгаа. ...2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эрх залгамжлагч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас  тогтоосноор ... дугаартай гүйцэтгэх хуудасны нийт төлбөр авагчаар оролцсон. Төлбөр авагчаар оролцох явцад  шүүхийн гүйцэтгэх хуудаст дурдагдаагүй хөрөнгөөр барьцаа үүргийн гүйцэтгэлээр хангуулах боломжгүй гэдэг байдлаар шүүхийн шийдвэр гарснаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл бүрдсэн. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлээ дурдвал зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн барьцааны гэрээнд тодорхой заасан. Энэ гэрээнд заасан бусад төлбөрт зээлдүүлэгчээр одоогийн болон ирээдүйн нэхэмжлэлийг хангахын тулд зээлдсэн газар болон барилгыг тэргүүн ээлжид шаардлага хангуулах эрхтэйгээр бүртгүүлсэн нь гэрээний 9 дүгээр зүйлийн А хэсэг дээр Б.Ж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг...нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч БИ ХХК болон Б.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

2.1 Б.Чын нэхэмжлэлтэй, НШШГГ, БИ ХХК болон Б.Жд холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Барьцаа хөрөнгийн тухай. Нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгө гэх гурван төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэгт зааснаас үзвэл Барьцааны гэрээ нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан буюу бичгээр байгуулагдсан байх, Улсын бүртгэлд бүртгэгдсэн байхыг шаардаж байгаа тул уг гэрээ нь Улсын бүртгэлийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэгдсэн гэх баримт, нотолгоо байхгүй байна. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд байдаг бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасны дагуу Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан барьцаалуулах талаар шийдвэр гаргана гэж заасан байх ба Талуудын төлбөрийг харилцан барагдуулах тухай" гурван талт гэрээнд зөвшөөрөл олгогдсон, Шийдвэр хавсаргасан зүйл тогтоогдохгүй байна.

Хоёр. Барьцаа хөрөнгийг албадан борлуулах тухай. Дээрх үндэслэлийн дагуу барьцаа хөрөнгө гэж тооцох боломжгүй байгаа тул уг хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт заасны дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа нь төлбөрийн төлөгчийн өмчлөл, эзэмшилд байхыг шаардаж байна. Гэвч уг хөрөнгүүд нь БИ" ХХК-ийн өмчлөл эзэмшилд байдаг. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 9.2 дахь хэсэгт заасны дагуу "Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй" гэж заасан байх тул Б.Ж нь "Баз Интернэшл" ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч гэж Улсын бүртгэлд бүртгэгдсэн хэдий ч Б.Ж нь хуулийн этгээдийг төлөөлж бус зөвхөн өөрийн хувийн эрх ашгийн үүднээс өөрийн нэр дээр үүссэн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр гэрээнд гарын үсэг зурсан.

Гурав. Шүүхийн харьяаллын тухай. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд зохигчдын хооронд маргаан гарсан тохиолдолд үүссэн маргааныг арбитраар шийдвэрлэнэ гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байна. Тодруулбал Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №... тоот магадлалын Хянавал хэсэгт ...Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хуулийн хүчин төгөлдөр Арбитрын шүүхийн шийдвэрээр шийдвэрлээгүй, эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байна..." гэж үзэн битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэн нэгэнт энэхүү үйл баримтыг дүгнэн шийдвэрийг эцэслэн гаргасан байдаг. Иймд, Дээрх 3 үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч БИ" ХХК-ийн эрх ашгийг сэргээн, хамгаалж өгнө үү.

 

2.2 Хариуцагч БИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.НЭ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Б.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг дэмжиж байна. Хариуцагч Б.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 6 дугаар сарын  27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байсан. Энэ үед бид нар гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ өгсөн байсан. Бид нарыг ямар нэгэн байдлаар хариуцагчаар татаагүй байх үед  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд манайд ямар нэгэн байдлаар танилцуулаагүй байж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Би тэр талаар ямар нэгэн баримт олж хараагүй. Гарын үсэг  зураагүй. Хоёрдугаарт сая НШШГГ газраас тайлбарлаж байна. 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хураах тогтоол үйлдсэн гэж байгаа. Хураах тогтоол нь ямар ч хүчин төгөлдөр бус гэж харж байна. Яагаад гэвэл хариуцагч талаас хүн оролцуулаагүйгээр эд хөрөнгийг хураах тогтоол үйлдсэн байгаа. Үүнийг бид хүчин төгөлдөр бус гэж харж байна. Хураах тогтоолтой холбоотойгоор НШШГГтай холбогдуулан гомдол гаргаж, үнэн зөвөөр нь шийдүүлнэ гэж бодож байна. Энэ асуудал нэгэнт шийдэгдээгүй байхад  тэнд яагаад аваачаад хураах тогтоол үйлдсэн бэ гэдэг нь  ойлгомжгүй байгаад байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

2.3 Хариуцагч Б.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот магадлалыг хянавал хэсэгт дурдсан хэрэгт хуулийн хүчин төгөлдөр ХК улсын Олон улсын арбитрын  2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн .... дугаар шийдвэр авагдсан байна. Уг шийдвэрээр Б.Жаас зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулж, ГКд ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал Олон улсын арбитрын 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар шийдвэр, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2... дугаар гүйцэтгэх хуудас ХК улсын Олон улсын арбитрын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, ... дугаартай гүйцэтгэх хуудаст зөвхөн мөнгөн хөрөнгийг БЖаас гаргуулж нэхэмжлэгч компанид олгуулахаар заасан байдаг.. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн хэрэг маргаан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зөвхөн гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх захирамжид заасан өр төлбөрийг төлбөр төлөгчөөр төлүүлж, төлбөр авагчид олгох үүрэгтэй байна. Иргэний хуулийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана  гэж заасан байна. ХК улсын Олон улсын арбитрын 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар шийдвэр, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн  ... дугаар гүйцэтгэх хуудас, ХК улсын Олон улсын арбитрын шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар шийдвэр болон ... дугаартай гүйцэтгэх хуудсаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бус зөвхөн мөнгөн хөрөнгөөр нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор дурдсан байна...магадлалын хянуулах хэсэгт дурдсанаар үүрэг гүйцэтгэгч Б.Жаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгөн хөрөнгө гаргуулж, нэхэмжлэгчид гаргуулах нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул Арбитрын шийдвэрт заагаагүй хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хариуцагч байгууллагад хуулиар олгоогүй. Дээрх хэрэгт авагдсан материал болон хуульд заасан эрхийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллагын явуулсан ажиллагаа хуулиар эрх олгоогүй хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх бүрэн үндэслэлтэй байна. Хоёрдугаарт нэхэмжлэгч хэргийн харьяалал зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн, мөн хуулийн 65.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасны дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Б.Чын нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ, БИ ХХК, Б.Ж нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул энэхүү шийдвэрийн дагуу дахин нэхэмжлэл гаргаж байгаа. Мөн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс зөвшөөрч байгаатай адил байна.  Тийм учраас хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй тул энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

3. Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ч нь НШШГГт холбогдуулан ХК улсын Олон улсын Арбитрын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний ... дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Б.Жы төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан БИ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон газрыг худалдан борлуулж төлбөр барагдуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг тус газарт даалган шийдвэрлүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч НШШГГ газраас нэхэмжлэгч Б.Чын нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдийг 2020 онд хураан авсан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар магадлалаар гүйцэтгэх баримт бичигт заагдаагүй гуравдагч этгээдийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээс шалтгаалж тухайн хөрөнгүүдтэй холбоотой ажиллагаа зогсонги байдалд орсон.

Гэвч дээрх хөрөнгүүд нь төлбөр төлөгч Б.Жы үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны гэрээ Улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шуурхай байх зарчмыг баримтлах, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч Б.Чын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөр төлөгчийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг БИ ХХК-ийн эд хөрөнгө болох үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй 1458 м.кв талбайтай газрын хамт 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар тогтоолоор хураан авч, үнэлгээ тогтоож, худалдан борлуулах ажиллагаa зохион байгуулахаар ажиллаж байна. Иймд нэхэмжлэгч Б.Чын НШШГГт холбогдуулан гаргасан төлбөр төлөгч Б.Жы төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан БИ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг худалдан борлуулж төлбөр барагдуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг тус газарт даалган шийдвэрлүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2017 оны 5 дугаар сарын 25-ны, 2020 оны 04 сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолууд, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт, өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, БИ ХХК-ийн 0231241 дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, БИ ХХК-ийн ... дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, ХК олон Улсын Арбитрын шийдвэрийн орчуулга, зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А.Эд олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбарууд, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Гоби когсолидетед ХХК болон ГКЭЭ ХХК-иудын удирдлагад Талуудын төлбөрийг харилцан барагдуулах тухай саналын хуулбар, ГКЭЭ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, ЗХ Л 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан тогтоол, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дугаар ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дугаар ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын хуулбар, Г.Гд олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар,

 

4.2 Хариуцагч НШШГГ газраас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Б.С, П.У нарт олгосон итгэмжлэл, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дугаар ... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаар ... Шүүхийн гүйцэтгэх хуудсын хуулбар, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаар ... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн дугаар ... Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 0013 Нийслэлийн тойргийн нотариатч Ю.Бийн гэрчилсэн итгэмжлэлийн хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар ... Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар ... Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дугаар ... Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дугаар ... Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дугаар ... Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн НШШГГ албан бичгийн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн БИ ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дугаар ... Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар,

 

4.3 Хариуцагч БИ ХХК-ийн шүүхэд гаргасан баримтын тухайд: гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт, итгэмжлэлүүд,

 

4.4 Хариуцагч Б.Жы шүүхэд гаргасан баримтын тухайд: Иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл,

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч НШШГГ БИХХК, Б.Ж нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах тухай, Барьцаа хөрөнгийг албадан худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

 

7. Хариуцагч НШШГГ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөр төлөгчийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг БИ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгүүдийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар тогтоолоор хураан авч, үнэлгээ тогтоож, худалдан борлуулах ажиллагаa зохион байгуулахаар ажиллаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад маргаангүй байна.

 

8. Харин хариуцагч БИ ХХК, Б.Ж нар нь нэхэмжлэлийн шаардлагыг Б.Ж нь хуулийн этгээдийг төлөөлж бус зөвхөн өөрийн хувийн эрх ашгийн үүднээс өөрийн нэр дээр үүссэн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр гэрээнд гарын үсэг зурсан, шүүхийн харьяалал зөрчсөн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаар тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн зэрэг үндэслэлээр маргаж байна.

 

9. Хэрэгт цугларсан баримт, тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

9.1 Нэхэмжлэгч Б.Ч нь эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдож, тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэн бичигдсэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

 

9.2 Улмаар ... дугаартай гүйцэтгэх хуудаст үндэслэсэн иргэн Mohamed Ibrahim Munshi болон Д.Уранчимэг нараас 31,687,695,000 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд дээрх иргэдийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

9.3 ХК улсын Олон улсын Арбитрын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний ... дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Б.Жаас тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулж ГК ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

9.4 Төлбөр төлөгч Б.Ж, ГКЭЭ ХХК болон ГК, Б.Ч нарын хооронд гэрээ байгуулж 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлбөр авагчийн эрхийг ГК ХХК болон ГКЭЭ ХХК-иас Б.Чт шилжүүлсэн байна./1-р хх-ийн 163-173-р тал/

 

9.5 Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч Б.Ч нь төлбөр авагчаар оролцох болсон нь НШШГГ ... дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоолоор нотлогдож байна. /хх-ийн 17-р тал/

 

9.6 ХК улсын Олон улсын Арбитрын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний ... дугаар шийдвэрийн дагуу төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэх БИ ХХК-ийн гомдлыг шүүх шийдвэрлэж тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 00676 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай магадлалаар тус тус шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгожээ. /1-р хх-ийн 183-196-р тал/

 

9.7 Дээрх шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

 

9.8 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай магадлалын хянавал хэсэгт ...Хуулийн хүчин төгөлдөр Арбитрын шүүхийн шийдвэрээр шийдвэрлээгүй, эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулсан...төлбөр төлөгч Б.Ж төлбөр авагч ГК ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 ам.долларын үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор БИ ХХК нь ГК ХХК-тай мөн өдөр Үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээ байгуулжээ...үүрэг гүйцэтгүүлэгч ГК ХХК нь ХКийн Олон улсын Арбитрын шүүхэд хандаж, ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлага гаргаагүй, харин үүрэг гүйцэтгэгч Б.Жаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлага гаргасан, шүүх энэ нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн... гэж тус тус дүгнэсэн. /1-р хх-ийн 194-195-р тал/

 

9.9 Барьцааны гэрээний зүйл үл хөдлөх хөрөнгүүд нь төлбөр төлөгч Б.Жы 100 хувийн хувьцааг эзэмшдэг БИ ХХК-ийн эд хөрөнгө мөн болох талаар зохигч маргаангүй.

 

9.10 Барьцаа хөрөнгүүд нь төлбөр төлөгч Б.Жы үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны гэрээ Улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байгаа талаар зохигч маргадаггүй.

 

10. Одоо нэхэмжлэгч Б.Ч нь НШШГГт холбогдуулан ХК улсын Олон улсын Арбитрын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний ... дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Б.Жы төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан БИ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон газрыг худалдан борлуулж төлбөр барагдуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалган шийдвэрлүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

 

10.1 Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар БИХХК, Б.Ж нарыг татан оролцуулж, Барьцаа хөрөнгийг албадан худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн./1-р хх-ийн 160-162-р тал/

 

10.2 Б.Ж төлбөр авагч ГК ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 ам.долларын үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор БИ ХХК нь ГК ХХК-тай мөн өдөр Үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээ байгуулсан талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх дахин нотлохгүй.

 

10.3 Талууд Үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээ-ээр Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хаягт байрлах 544 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй 1458 м.кв талбайтай БИ ХХК-ийн газар эзэмших эрх, ... тоот гэрчилгээний дугаар, ... нэгж талбайн дугаар бүхий газар эзэмших эрх зэргийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, шийдвэр, магадлал, гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон.

 

11. Хариуцагч Б.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...зөвхөн мөнгөн хөрөнгийг Б.Жаас гаргуулахаар шийдвэрлэсэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрлээгүй үндэслэлээр тухайн нэхэмжлэлийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан гэж маргадаг.

 

11.1 Гэвч шүүхийн хүчин төгөлдөр магадлалд ...үүрэг гүйцэтгүүлэгч ГК ХХК нь ХКийн Олон улсын Арбитрын шүүхэд хандаж, ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлага гаргаагүй, харин үүрэг гүйцэтгэгч Б.Жаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлага гаргасан, шүүх энэ нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн... гэсэн дүгнэлтээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэсэн талаар дүгнээгүйг дурдах нь зүйтэй.

 

12. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заажээ.

 

12.1 Нэхэмжлэгч Б.Ч нь ХК улсын Олон улсын Арбитрын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний ... дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоолоор ГК ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан байх тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний үүргийг шаардан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхээ хэрэгжүүлэх эрхтэй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан ба гэрээний талууд гэрээгээр харилцан тохиролцсон аливаа үүргийг хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

13. Иргэний тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах тухай, Барьцаа хөрөнгийг албадан худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй.

 

14. Хариуцагч тал БИ ХХК, ГК ХХК-тай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээ-нд зохигчдын хооронд маргаан гарсан тохиолдолд үүссэн маргааныг арбитраар шийдвэрлэнэ гэж заасан, харьяалал зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч тус гэрээний 8 дугаар зүйлийн 8.8.3 дахь хэсэгт Барьцаалагч нь Барьцааны зүйлээр шаардлага хангуулахаар холбогдох хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол Улсын шүүхэд зэрэгцүүлэн явуулж болно... гэж заажээ./1-р хх-ийн 82-р тал/

 

15. Талууд гэрээг чөлөөтэй байгуулах зарчмын хүрээнд гэрээний улмаас үүссэн маргааныг Монгол Улсын шүүхэд зэрэгцүүлэн явуулж болохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгчийг тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

16. Төлбөр төлөгч Б.Ж төлбөр авагч ГК ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 ам.долларын үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор БИ ХХК нь ГК ХХК-тай мөн өдөр Үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээ байгуулсан байх тул БИ ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүд болох барьцааны зүйлийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

17. Тус барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол , мэдэгдэл, тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, үнийн санал хүргүүлсэн, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэлээр эд хөрөнгүүдийг хураах ажиллагаа явуулсан болохыг дурдав. /1-р хх-ийн 136-149-р тал, 2-р хх-ийн 2-4-р тал/

 

18. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2013 оны 10 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан Үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээ-ний барьцааны зүйл БИ ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хаягт байрлах 544 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй 1458 м.кв талбайтай БИ ХХК-ийн газар эзэмших эрх, ... тоот гэрчилгээний дугаар, ... нэгж талбайн дугаар бүхий газар эзэмших эрх зэрэг хөрөнгүүдийг албадан худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч НШШГГ болон хариуцагч БИ ХХК, Б.Ж нарт даалгаж шийдвэрлэв.

 

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70200 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 21,645,825 төгрөг нийт 21,716,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 21,716,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Чт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан мөн өдрийн Үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээ-ний барьцааны зүйл БИ ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хаягт байрлах 544 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй 1458 м.кв талбайтай БИ ХХК-ийн газар эзэмших эрх, ... тоот гэрчилгээний дугаар, ... нэгж талбайн дугаар бүхий газар эзэмших эрх зэрэг хөрөнгүүдийг албадан худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч НШШГГ болон хариуцагч БИ ХХК, Б.Ж нарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70200 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 21,645,825 төгрөг нийт 21,716,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 21,716,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Чт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА