Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00389

 

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00389

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***********оршин суух, Б.П ************),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************ оршин суух, Д.Б (**********),

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөсний төлбөр 1,327,327 төгрөг, цахилгааны төлбөр 74,980 төгрөг, нийт 1,402,307 (нэг сая дөрвөн зуун хоёр мянга гурван зуун долоо) төгрөг гаргуулах тухай 155/2024/00343/и индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.П миний бие иргэн Д.Б /**********/ өөрийн өмчлөлийн *********** байрлах амины орон сууцныхаа 209 тоот өрөөг *********** өдөр нэг сарын төлбөрт 280,000 төгрөг мөн энэхүү төлбөр дээр нэмж сар бүр хэрэглэсэн цахилгаан болон цэвэр ус, халуун ус, хог, бохир ус зайлуулах, усны суурь үнэ нэмж төлөхөөр харилцан тохиролцон хөлслүүлсэн болно.

Аман гэрээ хийж сар бүрийн эхэнд төлбөрөө өгч байхаар тохиролцож хариуцагч Д.Б нь 2024 оны 2 дугаар сар хүртэл амьдарч байсан. 2020 оны 8 дугаар сарын 22-нд байранд орсон тул бид хоёрын тооцоо сар бүрийн 22-нд дуусаж, эхэлж явдаг. Тийм учраас 2 сарын тооцоог оруулж бодсон юм. Энэ хугацаанд өрөөний төлбөрөө төлөөгүй.

2023 оны 10,11,12 дугаар сар, 2024 оны 1,2 дугаар саруудын өрөөний 4 сарын төлбөр 1,120,000 төгрөг, 2 дугаар сарын 19 хоногийн 177327 төгрөг төлөөгүй. 9 дүгээр сарын үлдэгдэл 30000 төгрөг, гэрлийн төлбөр 74980 төгрөгийн төлбөртэй огт өгөлгүй амьдарч байгаад байрнаас зугтаж гарсан. Түрээс 1,327,327 төгрөг, гэрэл 74980 төгрөг, нийт 1,402,307 төгрөгийг хариуцагч Д.Б  гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.П тус шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: Д овогтой Б нь миний нэхэмжилсэн 1,470,960 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул Б овогтой П миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.П нь Д.Б холбогдуулан орон сууц хөлслөсний төлбөр 1,327,327 төгрөг, цахилгааны төлбөр 74,980 төгрөг, нийт 1,402,307 (нэг сая дөрвөн зуун хоёр мянга гурван зуун долоо) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь 1,402,307 (нэг сая дөрвөн зуун хоёр мянга гурван зуун долоо) төгрөгийг Б.П-нд төлсөн болох нь нэхэмжлэгч Б.П-ийн тус шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.П-йн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Төрийн сангийн *********** дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,387 (гучин долоон мянга гурван зуун наян долоо) төгрөгийн тал хувь болох 18,693.50 (арван найман мянга зургаан зуун ерэн гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,693.50 (арван найман мянга зургаан зуун ерэн гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Д.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,693.50 (арван найман мянга зургаан зуун ерэн гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.П-д олгохоор тогтов.

Хариуцагч Д.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.П-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-д холбогдох, орон сууц хөлслөсний төлбөр 1,327,327 төгрөг, цахилгааны төлбөр 74,980 төгрөг, нийт 1,402,307 (нэг сая дөрвөн зуун хоёр мянга гурван зуун долоо) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,402,307 (нэг сая дөрвөн зуун хоёр мянга гурван зуун долоо) төгрөгийг нэхэмжлэгч Б.П-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,387 (гучин долоон мянга гурван зуун наян долоо) төгрөгийн тал хувь болох 18,693.50 (арван найман мянга зургаан зуун ерэн гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,693.50 (арван найман мянга зургаан зуун ерэн гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Д.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,693.50 (арван найман мянга зургаан зуун ерэн гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.П-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ