Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/00421

 

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/00421

 

Э Ж П ГХОХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02618 дугаар шийдвэртэй, Э Ж П ГХОХХК ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ү ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 31 696 683 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даариймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Э Ж П ГХОХХК нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даариймаа шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талууд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Э Ж П ГХОХХК хариуцагчийн Гүүд прайс дэлгүүрийн салбаруудаар Япон улсын цагаан будааг нийлүүлсэн. Төлбөр тооцоо хугацаандаа хийгдэхгүй байгаагаас үүдэн Японы хөрөнгө оруулагчдын зүгээс асуудал үүссэн тул тус компанид нийлүүлсэн цагаан будааны үнийг төлөхийг 2017, 2018, 2019 ондуудад албан бичгээр шаардсан боловч төлөөгүй. Улмаар 2019 оны 07 сард талууд тооцоо нийлж, Ү ХХК нь 31 696 638 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Нэхэмжилж буй төлбөр нь 2018 оноос хойш нийлүүлэгдсэн цагаан будааны үлдэгдэл төлбөр тул 31 696 693 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талууд 2014 оноос эхэлж хамтран ажиллаж байгаа. Э Ж П ГХОХХК-д төлбөртэй, талуудын хоорондох тооцооны үлдэгдлийн баталгаа 31 696 638 төгрөгт маргахгүй. Одоогоор төлөх бололцоогүй. Манай зүгээс хуваарь гаргаад мөнгийг төлөөд явъя гэсэн боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Ү ХХК-аас 31 696 683 төгрөг гаргуулж, Э Ж П ГХОХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316 433 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 316 433 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолд: Талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн байтал шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн нэхэмжлэгч Э Ж П ГХОХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дариймаад 2019 оны 10 сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлд хариуцагчийн эдлэх эрхийг эдэлнэ гэж заасан байхад шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Э Ж П ГХОХХК нь хариуцагч Ү ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 31 696 683 төгрөг гаргуулахаар шаардсанд хариуцагч хуваарь гаргаж төлбөрийг төлөх боломжтой гэсэн тайлбар гаргажээ. /хх-1,42-46/

Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 25-нд бараа бүтээгдэхүүнийг хариуцагчийн салбар дэлгүүрүүдэд нийлүүлэх, хариуцагч буюу худалдан авагч үнийг төлөхөөр 10204 тоот гэрээг байгуулсан. /хх 5-7/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв болжээ. Хэргийн баримтаас үзэхэд талууд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн, Ү ХХК нь 31 696 683 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэгтэйг баталгаажуулсан. Талууд дээрх төлбөрийн хэмжээний талаар маргаангүй. /хх-11/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Иймд нэхэмжлэгч нийлүүлсэн барааны үнэ 31 696 683 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, энэ талаар хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээхээс гадна талууд гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэрэг нөхцөлийг заавал тусгах юм.

Талуудын гэрээнээс үзэхэд ердийн худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.Э Ж П ГХОХХК-аас Г.Дариймаад олгосон 2019 оны 10 дугаар сарын 17-ны итгэмжлэлийн хувьд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн бүх эрхийг эдэлнэ гэж заасан боловч хариуцагчийн гэсэн үгийг бичсэн байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцож, хариуцагчийн гэдэг үгийг техникийн алдаа гэж үзэж энэ талаар маргахгүй байна. /хх-4/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 440 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ш.ОЮУНХАНД