| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2014000000350 |
| Дугаар | 2020/ДШМ/101 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2020/ДШМ/101
*******ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******ад холбогдох эрүүгийн 2014000000350 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, овогт Пүрэвцоодолын Сэмжаантамжид, .......багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баянхонгор аймгаас Улаанбаатар чиглэлийн асфальтан хучилттай замд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд 04-34 ӨВР улсын дугаартай Приүс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ 15-70 БНХ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Фургон маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан иргэн Б.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт Пүрэвцоодолын Сэмжаантамжидыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар овогт Пүрэвцоодолын Сэмжаантамжидын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар *******ад зургаан / 06 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******аас 664.000 төгрөгийг гаргуулж “Мэдээлэл холбооны сүлжээ” ТөХХК-д, 2.864.459 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ууганжаргалд, 125.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Мөнхчулуунд олгохыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Мэдээлэл холбоо Сүлжээ” ТөХХК-ийн 1.537.994 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ууганжаргалын 6.788.965 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ын тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Үйлдсэн гэмт хэргийн хувьд Өвөрхангай аймгаас Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд ирж ажиллаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 10-ны өглөө Өвөрхангай аймаг руу буцахаар болоод Бөмбөгөр сумаас өглөө 10 цагийн орчимд хамт явж байсан Доржзовдын хамт өөрийн 04-34 ӨВР улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон гарсан. Баянхонгор аймаг орж ирээд гүүрний постоос гараад Өлзийт сумын наад талд гүүрнээс 3-5 орчим км-ийн зайд 15-70 БНХ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийн араас нь очиж мөргөөд замаас гараад зогссон юм. фургон маркийн автомашин мөргөснөөс Б.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.
Миний бие хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд иргэний нэхэмжлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” Тө ХХК-ийн эзэмшлийн 15-70 БНХ улсын дугаартай авто машины эвдрэлийн үнэ 520.000 төгрөгийг төлсөн. Мөн Б.******* нь эмчилгээний дараах сувилалд явна гээд 1.080.000 төгрөгийг сайн дураараа төлсөн.
Б.*******ын эрүүл мэндэд учирсан эмчилгээний болон бусад зардлын нотлох баримтуудыг түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн.
******* би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөхөө шүүхийн шатанд илэрхийлсэн боловч шүүх зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүхээс ... “*******аас 664.000 төгрөгийг “Мэдээлэл холбооны сүлжээ” Тө ХХК-д, 2.864.459 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ууганжаргалд, 125.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Мөнхчулуунд олгохоор шийдвэрлэсэн.” Миний бие шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулах болно. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүх *******ад хорих ялыг оногдуулахдаа “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...” гэсэн нөхцөлийг бодит байдал, түүнийг нотолсон баримтуудтай харьцуулж биелэгдэх боломжтой эсэхийг заавал дүгнэх шаардлагатай бөгөөд шүүгдэгч ******* нь ямар боломжид үндэслэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь зөвхөн түүний хэлсэн үг, бичгээр гаргасан төдийгөөр шаардлага хангахгүй, уг баталгаа нь бодитой, хэрэгжихүйц, шударга байдалд нийцсэн эсэхийг зайлшгүй шалгаж дүгнэх нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангах бөгөөд үүнийг үндэслэлтэй дүгнэснээр шүүхийн шийдвэрийн хэрэгжилт бодитой болохыг илэрхийлдэг.Энэхүү нөхцөл байдлыг зөв эсхүл буруу үнэлснээр оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлнө гэж үзлээ...,
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн. төлүүлэх...”гэсэн зорилгод нийцэхгүй байна гэж үзлээ..., гэж шүүх дүгнэн мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөгдөөгүй байдлыг харгалзан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв..., гэж 6 сарын хорих ял оногдуулсан. Гэтэл хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хохирлын баримтуудыг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар хохирол гомдолтой холбогдсон нотлох баримтуудаа хохирогч тал шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх бүрэн боломжтой байсан.
*******ын хувьд хавтаст хэрэгт хууль ёсны дагуу авагдсан фургон автомашинд учруулсан хохирлыг баримтын хүрээнд бүрэн төлж барагдуулсан. Мөн сайн дураараа хохирогч Б.*******ын эмчилгээний дараах сувиллын мөнгө 1.080.000 төгрөгийг түүнд өгсөн бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Одоо миний үйлчлүүлэгч ******* нь шүүхээс тогтоосон хохирлын мөнгийг хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт бүрэн төлж барагдуулсан.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж *******ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Баянхонгор аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүгдэгч *******ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зургаан /06/ сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахдаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,7 дугаар зүйлийг хэрэглээгүй нь буруу гэж үзэж байна.
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоолд "... шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч ... бодит байдал, түүнийг нотолсон баримтуудтай харьцуулж биелэгдэх боломжтой эсэхийг заавал дүгнэх шаардлагатай бөгөөд шүүгдэгч ******* нь ямар боломжид үндэслэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь зөвхөн түүний хэлсэн үг, бичгээр гаргасан баталгаа төдийгөөр шаардлага хангахгүй...” гэсэн дүгнэлт хийж хорих ял биечлэн эдлүүлэх ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж буруу хэргэлж байна.
Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,7 дугаар зүйлийг анхан шатны шүүх хэрэглээгүй нь хууль шүүхийн өмнө иргэн бүр адил тэнцүү эрхтэй байх Монгол Улсын үндсэн хууль, Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээ болох хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан үндсэн зарчимтай нийцэхгүй байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээж гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,7 дугаар зүйлийг хэрэглэж ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн үндэслэлтэй байна гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргах нь.
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 2020 оны 11-р сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Шүүгдэгч *******ад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.
Хохирогч Б.******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
2020 оны 8 дугаар сарын 10-ны өглөө намайг ажлаа хийгээд сууж байхад манай газрын ерөнхий нягтлан бодогч өрөөндөө дуудаад “Төв компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал ирж байгаа. Ойрхон амралтын газар олоод захиалга өгөөд хүлээж авах ажлыг зохион байгуул” гэсэн. Би жолооч Мөнхчулууны хамтаар фургон машинаар явахаар болсон юм. Мөн ажилтан Батмөнхийг авч явсан. Тухайн жуулчны бааз аймгийн төвөөс 13-15 км зайд байдаг ч бид явах замдаа машины бензин насос нь эвдэрч 2 удаа зогсож засаж сэлбэсэн юм.
Тэгээд жуулчны баазын харалдаа машин замаас буух гээд эргэх шиг болоход гэнэт “тас” гээд хүчтэй цохигдсон. Би фургон машины ард бүхээгт ганцаараа явж байсан тул хэд хэдэн удаа нааш цааш цохигдож байгаад салхины шил мөргөөд гадагшаа шидэгдсэн юм. Тухайн үед машин ирээд мөргөсөн гэж би мэдээгүй. Түрүүний засаад байсан юм нь л дэлбэрчихлээ гэж бодсон. Тэгээд намайг газар хэвтэж байхад жолооч Мөнхчулуун гүйж ирээд их хүчтэй сэгсрээд бие аймар өвдөөд /амьдралдаа үзсэн хамгийн аймшигтай өвдөлт/ байсан болохоор намайг хэвтүүлж өгөхийг гуйсан. Тэгээд л би нэлээн хүнд гэмтчих гэдгээ гэж мэдсэн. Түргэн дуудсан боловч их удаж байж ирэх шиг болсон. Тэр хооронд би 2-3 удаа ухаан алдсан гэсэн. Түргэний эмч ирж тариа хийж байсныг мэдэж байгаа ч яаж түргэний машинд суусан, эмнэлэгт яаж орсон, рентген зураг авхуулсан, эмчилгээ хэрхэн хийгдсэнийг огт мэдэхгүй байсан. Нөхөр хэлэхдээ “Чи хараад байх шиг байсан’’ гэсэн боловч миний ухаан санаа орж гараад байсан юм билээ.
Удалгүй манай компанийн сүлжээний инженер /баз ах/ ирээд миний рентген зураг үзүүлээд “2 аарцгийн яс хугарсан байна. Аймагт эмчлэх боломжгүй гэнэ. Ах нь хотын гэмтлийн эмчтэй ярьчихсан. Өнөөдөр хот яваад шууд хагалгаанд орно” гэсэн. Сонсоод маш их айсан. Дээр нь ой гарантай хүү маань хөхүүл тул орхиод явна гэхээс их санаа зовж байсан. Ингээд тэр өдрийн оройны 19:00 цагийн орчимд Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу “Алфард” машинаар гарсан. Эмнэлгээс 1 эмч, 1 сувилагч /хадам эгч/, мөн нөхөр, манай ажлын 2 инженер хамт хот руу явсан. Замдаа их өвдөх байх гээд өвчин намдаах тариа, унтуулах тариа хийсээр очсон. Бараг 13 цаг яваад маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 11-ний 08:00 цагийн орчимд Гэмтэл согогийн эмнэлэгт хүрч очсон. Манай аав, ээж хотод байдаг болохоор намайг очиход бүгд гэмтлийн эмнэлгийн гадаа ирсэн байсан.
Эмнэлэгт хэвтсэн эхний өдөр ямар гэмтэл авсныг оношлохын тулд олон рентген зураг авхуулсан. Зураг авхуулахын тулд нэг орноос нөгөөд шилжүүлэн 4-5 хүнээр зэрэг өргүүлж, хэвтүүлж байсан. Өргөх болгонд намайг хөндөж ясны өвдөлтийг маш ихээр мэдэрсэн. Ясны хугарлын өвдөлтийг 1-10 хооронд үнэл гэвэл 10 байхаар их өвдөж байсан. Онош нь зүүн аарцаг яс хугарч голоороо хуваагдаж зөрсөн учир зөрүүг гаргах татлага хийнэ гэж эмч нар хэлсэн. Татлагыг хийхдээ зүүн өвдөгнөөс доош 10 см зайнд шилбэний ясыг цоологч дриллээр цоолж төмөр сүвлэж тэрнээсээ 1-7 кг хүртэлх туухай зүүсэн. Эмч “Ясны зөрүүг гаргахын тулд хамгийн багадаа 7 хоног татлага зүүнэ. Мөн чиний элгэнд цус хуралттай байна. Цус шимэгдүүлэх эмчилгээ хийнэ. Дараа нь хагалгааны талаар ярилцана" гэсэн. Би ойлгохдоо хот ороод шууд хагалгаанд орно гэж бодож ирсэн боловч хэд хоног энэ их өвдөлтийг тэсэх болсон. Эмч ар гэрийхэнд маань хэлэхдээ аарцгийн 2 яс, нурууны доод үеүүд хугаралтай, хамгийн муу нь дотуур цус алдалт ихтэй байна, эхний ээлжинд цус шимэгдүүлэх эмчилгээ хийнэ /гаднаас тариа авч өгсөн/, ямар ч үр дүн гарч магадгүй, сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэж хэлсэн гэсэн. Надад нурууны бэртлийн талаар юу ч хэлээгүй. Тэр шөнөө нуруу маш их өвдөж хоносон.
Эмнэлэгт 7 хоноод байхад эмчлэгч эмч тасгийн эрхлэгч эмчтэй орж ирээд “Сэтгэл зүй ийм хүнд. байгаа хүнд хагалгаа хийхгүй. Сэтгэлзүйч эмчид хандаж эмчилгээ хийлгүүлж тайвшруул” гэсэн. Энэ өдрөөс эхлээд гэмтлийн сэтгэлзүйч Пүрэвсүрэн эмчтэй ярилцаж зурган эмчилгээнд орж тайвширч эхэлсэн. Мөн 2 хүү маань хотод ирж санаа амарсан.
Сэтгэлзүйн эмчилгээ хийлгээд гурав дахь хоног дээрээ хагалгаанд орсон. Умдгийн ясны дээр 12 см орчим зүсэлт хийж зүүн аарцаг ясанд мөн нурууны доор үенд тус тус хадаас хавуулсан. Хагалгаанаас хойш 7 хоноод эмнэлгээс гарсан.
Миний хувьд 100% бусдын асаргаанд орсон. Нэг сар ямар ч хөдөлгөөнгүй хэвтэрт байсан. Өдрийн 3 өвчин намдаах эм, тариа, кальци, барагшуун, алтан гагнуур, ясанд сайн гэх ардын аргын бүх л зүйлийг хэрэглэсэн. Сарын дараанаас 2 тал руугаа эргэж сурсан. Хэвийн амьдарч явдаг байсан хүний хувьд удаан хөдөлгөөнгүй хэвтэрт байна гэдэг үнэхээр хэцүү юм байна билээ. Хийж чадах юу ч байхгүй, хүүхдээ ч асарч чадахгүй, хөхнөөс нь гаргасан. Том хүүгийн маань хувьд энэ жил 1-р ангид орох тул аавтайгаа 8 дугаар сарын 27-нд нутаг буцсан. Анх сургуульд орж байгаа болохоор хүүгээ хөтлөөд сургуульд нь хүргэж өгөх хүсэл их байсан болохоор сэтгэлээр их унасан. Өөрийгөө их азгүй гэж бодож өвдөхийн хажуугаар сэтгэлээр их унаж, зарим үед амиа хорлох ч бодол толгойд хэд хэдэн удаа орж ирж байсан. Бага хүү бид хоёрыг хотод эмчилгээ хийлгэж байх хугацаанд нөхөр хүү 2 маань 2 удаа ирээд буцсан. Ингэж хол удаан байж үзээгүй болохоор хүү минь ээжийгээ их санаж байгаа гэсэн.Анхан шатны шүүх хуралдаанд би эрүүл мэндийн байдлаасаа болоод өөрийн биеэр оролцож чадаагүй юм. Өөрөө оролцоогүйгээс болсон уу, эсвэл өөр ямар нэгэн шалтгаан байсан уу, анхан шатны шүүх надад болон намайг асарсан хүмүүст учирсан хохирлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж өгөөгүй, шүүгдэгч *******ад хэт хөнгөн ял шийтгэл оноосонд маш их гомдолтой байна.
1. Намайг Баянхонгор буцахад ээж буцаад ажилдаа орох хүсэлтээ өгсөн боловч намайг асарч байх хугацаанд оронд нь ажиллах хүн авчихсан тул буцааж ээжийг ажилд нь авах боломжгүй гэсэн. Өөр ажилд орно гэж байгаа ч ойрын хугацаанд коронавирус өвчин бас өвлийн цагаар ажил хайхад хүндрэлтэй ажил олдохгүй байна. Иймд ээжийн 2020.08.10-аас эхлээд 2021.04.01-ний хугацааны цалин буюу 9 сарын цалинг шийдвэрлэж өгөөг/й.
2. Ээж ажилгүй, орлогогүй болсон тул Хаан банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрч сар болгон 300,000 төгрөг хүнээс зээлж төлсөн 8-12 сар хүртэл төлсөн мөнгөн дүнг шийдвэрлээгүй.
3. Нөхөр болох Цулбуур болон хадам эгчийн миний сахиураар байсан хугацааны цалингүй чөлөөний цалинг мөн шийдвэрлээгүй.
4. Эмнэлгээс гарснаас хойш эм, тариа, асаргаа сувилгааны урсгал зардал, тэргэнцэр таягны үнэ, нөхөр хүүгийн ирж очих замын зардал гээд 2,0 сая төгрөгийг шийдвэрлээгүй.
5. Хагалгаанд ороход эмчийн гар цайлгасан мөнгө 2.000.000 төгрөгийг шийдвэрлээгүй.
6. Тахир дутуугийн группийн мөнгө нэхэмжлэх шаардлагатай байна.
Би өмгөөлөгчөөр МХХ-ны гишүүн, хуульч ыг хөлсөлж авсан юм гэжээ.
Хохирогч Б.*******ын өмгөөлөгч тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Миний бие иргэн Батсайханы *******тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр түүний өмгөөлөгчөөр оролцож байна.
Нэг. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг давхар зөрчсөн болохыг мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагааны явцад орхигдуулсан болохыг зориуд тэмдэглэж байна. Учир нь, осол гэгээн цагаан өдөр буюу өдрийн 12:00 цагийн орчимд үзэгдэх орчин хангалттай, хэвийн нөхцөлд болсон байдаг. Фургон машин бол овор хэмжээ, гадна талаас харагдах байдлын хувьд том, ард нь яваа жолооч анзаарахгүй байхын аргагүй тээврийн хэрэгсэл юм. Ийм тээврийн хэрэгслийг эргэх хөдөлгөөн хийж байгааг харсаар байж хурдаа огт хасалгүйгээр араас нь очиж мөргөсөн байна. Хурд хассан тоормосны мөр "Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг”, “Осол, хэргийн газрын үзлэгээр илэрсэн тэмдэглэл” зэрэг нотлох баримтуудад огт тусгагдаагүй байна. Энэ нөхцөл байдал ял шийтгэлийг оногдуулах харгалзан үзэх гол хүчин зүйлийн нэг мөн юм.
Хоёр. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч *******ын учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь зөвхөн түүний үг, бичгээр гаргасан баталгаа төдийгөөр шаардлага хангахгүй, "... гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...” гэсэн зорилгод нийцэхгүй байна гэж үзлээ” гэж дүгнэсэн атлаа тухайн зүйл, хэсгийн хорих ялын хамгийн доод хэмжээ буюу ердөө 6 сарын хорих ялыг оногдуулсан нь ялын бодлогод нийцэхгүй, хохирогчийн биед учруулсан амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл учруулсан хор уршигт дүйцэхгүй болохыг тэмдэглэж байна. Энэ гурван сард миний үйлчлүүлэгч бие мах бодийн хийгээд сэтгэл санааны тамыг туулаад гарч ирсэн юм. Одоо ч түүний эрүүл мэндийн байдал тодорхой бус, хүнд хэвээр байна.
Шүүгдэгчийн зүгээс Б.*******ын эмчилгээний зардал, эм тарианы мөнгөнд санаачилгаараа тус дэм болоогүй, шүүхийн тогтоол шийдвэр гарсан боловч нэг ч төгрөг өгөөгүй өнөөдрийг хүрлээ.
Хохирогч Б.*******ыг буцааж хөл дээр нь босгохын тулд, амь насыг нь аврахын тул алтан гарт эмч нар, эмнэлгийн ажилтнуудаас гадна ар гэр, аав, ээж, ах дүү, хамаатан садны хүмүүс сэтгэл санаа, санхүүгийн хохирол давхар амсаж ирлээ.
Хохирогч өөрөө шүүх хуралдаанд оролцож туулсан өвчин зовлонгоо шүүхэд бүрэн тайлбарлаж чадаагүй, мэргэжлийн хуульч, өмгөөлөгчийн туслалцаа аваагүй, тийм боломж бололцоо, нөхцөл байдал нь ч бүрдээгүй байсан нь хэргийг ийнхүү шударга бус шийдвэрлэгдэхэд хүргэсэн байж болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дах хэсгийн 2.3-т хорих ялын хэмжээг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон байна. Ослын улмаас учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын хэр хэмжээ, шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, хохирогчийн гомдолтой эсэхийг харгалзаад шүүх энэ зүйл хэсгийн хорих ялын хамгийн доод хэмжээг оногдуулсантай хохирогч Б.******* санал нийлэхгүй байна. Би ч мөн өөрийн үйлчлүүлэгчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна.
Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хэдийгээр болгоомжгүйгээр үйлдэгддэг ч гэсэн хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд орших тухай Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой заасан байна. Анхан шатны шүүх энэ заалтыг хэрэгжүүлж чадсангүй гэж бид үзэж байна.
Миний үйлчлүүлэгч Б.******* өвчин, гэмтлийн өвдөлтийн улмаас хол замд явж чадахгүй, биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд байснаас анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй, хохирогчид учирсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй нь хамт нэг мөр шийдвэрлээгүй, улмаар мэтгэлцэх зарчим бүрэн дүүрэн хэрэгжээгүйгээс шүүгдэгчид ял завшуулсан, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дорд үзсэн шийдвэр гарчээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/356 дугаартай тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоно гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “...хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” хэмээн тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч нь ******* нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баянхонгор аймгаас Улаанбаатар чиглэлийн асфальтан хучилттай замд 04-34 ӨВР улсын дугаартай Приүс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 11.14-д заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл нь хурдаа хасах буюу зогсох үед түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчиж урдаа явсан 15-70 БНХ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Фургон маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан иргэн Б.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч хохирогч Д.Мөнхчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ө.Доржзовд, Г.Батмөнх нарын мэдүүлэг,Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 428, 430, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9551 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 02 дугаартай дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ ....” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолд хийж байгаа дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгтээ энэхүү нөхцөл байдлыг зөв эсхүл буруу үнэлснээр оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлнө гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “ ... гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх ... ” гэж заасан зорилгод нийцээгүй байна гэж дүгнэжээ.
Хохирогчид учирсан хохирлын нөхцөл байдлыг дүгнэсэн хэдий ч хохирогч Б.*******ыг гэмтэл, өвдөлтийн улмаас хол замд явж чадахгүй биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд байснаас болоод анхан шатны шүүх хуралд оролцож чадаагүй нь мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, мөн хохирлыг нь хамт шийдвэрлээгүй байна. Иймд хохирогчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулан мэтгэлцэх зарчмыг хангаж шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д “ ... гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал ... ” гэж зааснаар дүгнэлтээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт оновчтой зөв шийдвэрлэж хохирогчид учирсан хохирол, гомдлыг барагдуулах талаар дүгнэх үндэслэлтэй байтал хохирогчид учирсан хохирол гомдлыг дутуу шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “ ... гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх ...” гэж заасан зорилгод нийцэхгүй байна гэж үзэж дүгнэсэн нь хохирлын болон хэргийг шийдвэрлэсэн байдалтайгаа нийцэхгүй, ойлгомжгүй байдлаар дүгнэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д “ ... дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол ... ” гэж заасныг зөрчсөн байна гэж үзлээ.
Анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3 -т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******ад урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
, ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.БОЛОР-ЭРДЭНЭ