Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 156/шш2024/00357

 

 

 

 

 

 

 

2024 07 17 156/ШШ2024/00357

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00329/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг, Залуучуудын гудамж 01 тоот, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын дарга М.*******

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 22-08 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус сумын 4 дүгээр баг, А-52-22 тоотод ******* *******, ******* *******

Нэхэмжлэлийн шаардлага: 2,208,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Ч.*******, Б.******* нарт холбогдуулан 2,208,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жижиг дунд бизинесийг дэмжих сангаас эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан Ч.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.******* нар нь 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр "Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох" гэрээг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Жижиг дунд бизинесийг дэмжих сангийн зөвлөлийн даргатай гэрээ байгуулан 2.000.000 (хоёр сая) төгрөгийн зээлийг авч 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 18 сар дараалж эргэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөх хуваарийн дагуу 2.000.000 төгрөгийн төлөлтөөс зээлийн хүүд 240.000 төгрөгийн төлөлт хийж, 1.760.000 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Зээлдүүлэгчээс зээлдэгчид төлбөр төлөх хуваарийн дагуу төлөөгүй төлбөрийг төлөх хугацааг зааж удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн, Ч.******* болон хамтран зээлдэгч Б.******* нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөхгүй, зээлийн төлбөр төлөгдөөгүй байгаа нь зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал, иргэдийн төрийн үйлчилгээ авах, эрх тэгш байдлын зөрчил үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ", 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэж, Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт ...Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээд санд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан барагдуулна" гэж тус тус заасан бөгөөд түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэн Ч.*******, хамтран зээлдэгч Б.******* нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон зээл эргэн төлөгдөхгүй, цаашлаад дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирлыг гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна.

Иймд иргэн Ч.*******, хамтран зээлдэгч Б.******* нараас зээлийн үлдэгдэл 1.760.000 төгрөг, торгуулийн хүү 448.800 төгрөг, нийт 2.208.800 (хоёр сая хоёр зуун найман мянга найман зуун) төгрөгийг гаргуулж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хоршоог хөгжүүлэх сангийн 100181755402 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ч.******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие уг зээлийг авсан нь үнэн. Зээлийг би 2024 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөгийг, 2025 оны эхний хагас жилд 1,208,000 төгрөгийг төлж барагдуулна. Хамтран зээлдэгч Б.******* энэ зээлд хамааралгүй. Зээлийг би бүрэн хариуцаж төлнө гэжээ.  

4. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ч.*******, Б.******* нараас 2,208,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Ч.******* нь зээлийг бүрэн төлөхөөр зөвшөөрч байна, иймд хариуцагч Б.*******ээс татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын шүүхэд гаргасан 2,208,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ч.******* нь зээлийг өөрөө дангаар хариуцан 2024 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөгийг, 2025 оны эхний хагас жилд үлдэгдэл 1,208,000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  хариуцагч Б.*******ээс татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 2,208,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  хариуцагч Б.*******ээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ч.******* нь 2024 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөгийг, 2025 оны эхний хагас жилд 1,208,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 2,208,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,278 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 2,208,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,278 төгрөгийн тал хувь болох 25,139 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА