| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00335/И |
| Дугаар | 156/шш2024/00360 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 156/шш2024/00360
2024 07 22 156/ШШ2024/00360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00335/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багт оршин суух, ******* овогт ******* *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч С.*******,
Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч С.******* нь 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Бөөний худалдаа бараа баазад ачигчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1963 онд төрсөн. Би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил маань хүрэхгүй, хуучин ажиллаж байсан газарт маань баримт байхгүй байгаа юм. Иймд намайг 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Бөөний худалдааны бараа баазад ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),
2. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 8-311 дугаартай албан бичиг (хх-ийн 4 тал),
3. Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5-7 тал),
4. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 12 тал)
5. Гэрч Я.******* шүүхэд өгсөн ...С.******* нь 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 сар хүртэл Хэнти аймгийн Бөөний худалдааны бараа баазад ачигчаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1984 оноос 1990 он хүртэл Хэнтий аймгийн Бөөний худалдааны бараа баазад ачигчаар ажиллаж байсан. Бөөний худалдааны бараа бааз нь 1993 онд хувьчлагдаж Хэнтий ХК болж өөрчлөгдсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 19-20 тал),
6. Гэрч Ц.******* шүүхэд өгсөн ...1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 сар хүртэл Хэнтий аймгийн Бөөний худалдааны бараа баазад ачигчаар ажиллаж байгаад 1981 оны 7 сард цэрэгт яваад 3 жилийн дараа буюу 1984 оноос 1990 онд хүртэл Хэнтий аймгийн Бөөний худалдааны бараа баазад ачигчаар ажиллаж байсан. 1990 оноос өмч хувьчлал явагдаж малтай болсон гээд Бөөний худалдааны бараа баазаас өөрийн хүсэлтээр гарч байсан. Бөөний худалдааны бараа бааз нь 1994 онд хувьчлагдаж Хэнтий компани болж өөрчлөгдөж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 21-22 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч С.*******ийн 1979-1990 онд Хэнтий аймгийн Бөөний худалдааны бараа баазад ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/311 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ
Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бичигдсэн ХААТР-1 дүгээр маягтын лавлагаагаар хүсэлт гаргагч С.******* нь 1979 онд 8-р анги төгссөн болон 1987 онд Бөөний худалдааны бараа баазад ажилладаг талаар тусгасан байх тул түүнийг уг лавлагаа бичигдсэн хугацаа болох 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Бөөний худалдааны бараа баазад ажиллаж байсан гэж үзэх боломжтой.
Мөн хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан гэх Я.******* гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Я.Дашдорж нь 1979-1986 онд Хэнтий аймгийн Бөөний худалдааны бараа баазад ажиллаж байсан болох нь түүний нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлэгийг үнэлэж шийдсэн болно.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч С.******* нь 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Бөөний худалдаа бараа баазад ажиллаж байсан байдал нь нотлогдож байна.
Харин түүний 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Бөөний худалдаа бараа баазад ажиллаж байсан байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тэрээр 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Бөөний худалдаа бараа баазад ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргасан бөгөөд шүүх хуралдаанд уг хөдөлмөрийн дэвтрийн эх хувийг авч тулган үзэхэд 1979 оны 8 сарын 01-ний өдөр нээлгэсэн бичилтээс эхлээд ажил эрхлэлтийн талаар бичигдсэн 1979-1990 оны бичилтүүдийг бүгдийг нь нэг хүний гарын хэв бүхий бичилттэй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Түүнчлэн хэрэгт гэрч Ц.******* мэдүүлэг авагдсан бөгөөд гэрч Ц.Мандаа нь 1973-2000 он хүртэл Хэнтий аймгийн Бөөний худалдаа бараа баазад ажиллаж байсан, энэ хугацаанд С.*******тэй хамт ажилласан хэмээн мэдүүлэх боловч хэрэгт авагдсан гэрч Ц.******* нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд 1979-1991 оны ажил эрхлэлтийн талаарх бичилт дээр Өндөрхаан компани УҮГ гэсэн бичилт бүхий тамга дарагдсан байна. Иймд гэрч Ц.******* мэдүүлгийг хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Өөрөөр хэлбэл гэрч Ц.******* 1988-1990 онд Хэнтий аймгийн Бөөний худалдаа бараа баазад ажиллаж байсан байдал нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний мэдүүлгийг хэрэгт нотлох баримтаар үнэлэх боломжтой.
Учир нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:СЭ63081370/-ийг 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Бөөний худалдаа бараа баазад ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА