Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 156/шш2024/00361

 

2024 07 22 156/ШШ2024/00361

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2024/00336/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар багт оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ч.******* нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд хоньчноор, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус нэгдэлд ногоочноор, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус нэгдэлд гахайчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1969 онд Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаанд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа маань баталгаажаагүй нь улмаас шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Би 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд хоньчноор, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус нэгдэлд ногоочноор, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус нэгдэлд гахайчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ч.*******ы шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ч.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),

2. 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа (хх-ийн 5 тал),

3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 08/166 дугаартай албан бичиг (хх-ийн 6 тал),

4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 08/117 дугаар Ч.*******гийн цалингийн түүврийн тодорхойлолт (хх-ийн 7 тал),

5. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),

6. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн даргын 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),

7. Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11-13 тал),

8. 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт (хх-ийн 18 тал),

9. Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 19 тал),

10. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 21 тал)

11. Гэрч Ц.******* шүүхэд өгсөн ...Миний мэдэхээр Ч.******* нь 1986 оноос 1990 оныг дуустал Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянбадрал нэгдэлд хоньчин, ногоочноор тус тус ажиллаж байсан. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд нь 1990 онд хувьчлагдсан... гэх мэдүүлэг (хх-ийн 30 тал),

11. Гэрч М.******* шүүхэд өгсөн ...би 1971-1987 он хүртэл Баянбадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ч.******* 1986 оноос 1990 оныг дуустал Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянбадрал нэгдэлд хоньчин, ногоочин, гахайчнаар тус тус ажиллаж байсан. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд нь 1991 онд хувьчлагдсан... гэх мэдүүлэг (хх-ийн 31 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Ч.*******ы 1986 оноос 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 сарын 17ы өдрийн 08/166 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ч.*******тай хамт ажиллаж байсан гэх Ц.*******, М.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд 1970-1990 онд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ц.******* нэр дээрх Хэнтий аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 163 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч М.******* нэр дээрх Хэнтий аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 5 сарын 21-ний өдрийн 212 дугаартай шийдвэрийн хуулбаруудаар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг хэрэгт баримтаар үнэлсэн болно.

Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Ч.*******ы нэр дээрх ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 21 тал)-д ...боловсрол-бүрэн бус дунд, ажилладаг байгууллага-Баянбадрал нэгдэл, ажилд орсон он-1986, эрхэлдэг ажил-хоньчин, ажил эрхэлсэн он-1986 гэж бичигджээ.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ч.******* нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрах нэгдэлд хоньчноор, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус нэгдэлд ногоочноор, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус нэгдэлд гахайчнаар тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигин овогт ******* ******* /РД:СЛ69110707/-ыг 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрах нэгдэлд хоньчноор, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус нэгдэлд ногоочноор, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус нэгдэлд гахайчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ       Б.МАРИНА