| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00266/И |
| Дугаар | 156/шш2024/00365 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 156/шш2024/00365
2024 07 22 156/ШШ2024/00365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00341/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Уурхайчидын 18-640 тоотод оршин суух, ******* *******,
Хариуцагч: Хэнтий аймгийн Дадал сумын 2 дугаар багт оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.******* /цахимаар/,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******од холбогдуулан гэрлэлт цуцлууах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2014 оноос эхлэн танилцаж гэр бүл болсон. 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.******* төрсөн. Улмаар таарч тохирохгүй байгаа тул 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тусдаа амьдарч байгаа. Нөхөр Б.******* архины хамааралтай болсон, өөрөө архинаас гарах сонирхолгүй, маш их хартай. Үүнээс болж бидний дунд маш их тэмцэлдээн үүсч, зөрчилддөг. Бид хоёрын хооронд маш олон удаа зөрчилдөөн гарч байсан, бид 3 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байгаа учраас салах шийдвэрийг гаргасан. Бид эд хөрөнгийн маргаангүй, харин хүүдээ тэтгэлэг гаргуулна гэв.
3. Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад хэлэх зүйл байхгүй, гэрлэлт цуцлуулах, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Бид нарт эвлэрэх хугацаа олгосон ч бид эвлэрэхгүй, салсан нь дээр гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.******* нар нь 2014 онд танилцаж, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.******* төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрэх ямар ч идэвх санаачлагагүй байдал, хариуцагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
4. Гэрлэгчид нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.*******гийн асрамжийн хувьд маргаагүй, эх Д.*******ын асрамжид үлдээхийг хариуцагч Б.******* нь зөвшөөрсөн тул хүү Б.*******г эх Д.*******ын асрамжид үлдээж шийдвэрлэв.
5. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг Б.******* нь хүү Б.*******г хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.
6. Иймд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.*******г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.*******д даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржгон овогт ******* ******* /РД:СЙ77072833/, Сэнгэ овогт ******* ******* /РД:ЖЯ76033064/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.*******г эх Д.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******оор сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.*******д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Гэрлэгчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Мөнхтөрд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА