| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00341/И |
| Дугаар | 156/шш2024/00366 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 156/шш2024/00366
2024 07 22 156/ШШ2024/00366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00341/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийтийн 4-8 тоотод оршин суух, ******* *******
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг, Цаг уурын 3А-4 тоотод оршин суух, *******-******* *******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.******* /цахимаар/,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрлэлт цуцлууж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.*******той 2015 онд танилцаж, дотносон 2016 онд гэр бүл болсон. 2016 оны 12 сарын 21-нд охин Б.******* төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд таарамжгүй харилцааны улмаас удаа дараа тусдаа амьдарч байсан, 2020 онд эргэн хамт амьдарч 2021 онд гэр бүлийн хэрүүл маргааны улмаас Б.******* надад хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхээр тогтоогдсон. Одоо би хамтран амьдрагчтай болсон бөгөөд түүнийхээ хүүхдийг тээж байгаа. Би 5 сартай жирэмсэн. Б.******* мөн адил хамтран амьдрагчтай болсон. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Дундын эд хөрөнгийн маргаангүй болно гэв.
3. Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр тус тусын амьдралтай болсон. Би найз бүсгүйтэй, А.******* мөн тусдаа амьдралтай болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Б.******* нар нь 2015 онд танилцаж, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Б.******* төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус тусдаа амьдарл зохиосон зэрэг байдлыг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
4. Гэрлэгчид нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.*******ийн асрамжийн хувьд маргаангүй, эх А.*******гийн асрамжид үлдээхийг хариуцагч Б.******* нь зөвшөөрсөн тул охин Б.******* эх А.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
5. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг Б.******* нь охин Б.******* хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.
6. Иймд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.******* 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******ор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.*******д даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан овогт *******-*******н ******* /РД:СЭ92101319/, овогт ******* ******* /РД:СЭ93070101/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.******* эх А.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.******* 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******ор сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.*******д даалгасугай.
4. Гэрлэгчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА