Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00465

 

 

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00465

 

Н.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00159 дүгээр шийдвэртэй, Н.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Г-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 750 000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Т.Г нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Д-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Т.Г нь надаас захад эргэлтийн мөнгө хэрэгтэй учраас хүүтэй мөнгө зээлээч гэхэд 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж аваад хүүг нь цувуулан өгч байгаад 2019 оны 03 дугаар сараас хойш хүүг өгөхгүй алга болсон. Иймд үндсэн зээл 1 000 000 төгрөг, хүү 850 000 төгрөг, алданги 900 000 төгрөг, нийт 2 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Д-н хариуцагч Т.Г-т холбогдуулан гаргасан 2 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Д давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны 181/ШШ2020/00159 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2017 оны 08 дугаар сарын 30-наас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Т.Г-тэй гэрээ хийж 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн билээ. Гэтэл мөнгөө өгч чадахгүй учраас Т.Гэрэлцэцэг нь гэрээгээ 2017 оны 10 дугаар сарын 30-наас 2019 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл дахин сунгаж гэрээ хийсэн билээ. Т.Гэрэлцэцэг нь 2019 оны 03 дугаар сараас хойш үндсэн мөнгө буюу хүүг өгөхгүй, утсаа ч авахгүй, холбоо тасарсан. Би өөрөө хуулийн мэдлэггүй, сайн ойлголтгүйгээс болж 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийсэн гэрээг өгөлгүй сүүлд 2017 оны 10 дугаар сарын 30-нд хийсэн гэрээгээ үндэслэн өргөдөл гаргасан нь буруу байжээ. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хурал дээр нэмэлтээр өгөх бичиг баримт байна уу гэж асуугаагүй болохоор нэмэлт материалд оруулж өгөөгүй. Би 2017 оны 08 дугаар сарын 30-нд Т.Г-тэй хийсэн гэрээ авч очсон боловч асуугаагүй болохоор нь хэрэггүй юм байна гэж бодсон нь алдаа болсон. Иймээс миний хуулийн дутуу мэдлэг, буруу ойлгосныг минь учраас дахин 2017 оны 08 дугаар сарын 30-нд хийсэн гэрээг нэмэлтээр үндэслэж, үндсэн мөнгө 1 000 000 төгрөг, хүү 850 000 төгрөг, алданги 900 000 төгрөг, нийт 2 750 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Т.Г-т холбогдуулан 2 750 000 төгрөг гаргуулах нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 750 000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Н.Д эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч тал 2 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1 750 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 000 000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрэл гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00159 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Д нь 2 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1 750 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Г үлдэх 1 000 000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Д-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 58 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД