Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/102

 

Г.*******од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор  Б.Бат-Оргил

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр

Шүүгдэгч Г.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Чимэддорж нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/339 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Г.*******од холбогдох эрүүгийн 1814000620138 дугаар хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Биндэр овогт *******гийн *******, 1974 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багт оршин суух, улсаа авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Г.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Буурлын нуруу гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 08-10-ны өдрийн хооронд иргэн М.Агваандандарын эзэмшлийн олон тооны мал болох 36 тооны үхэр хулгайд алдагдсан гэх хэрэгт 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ж.Чимид-Янжирмаа,  Ж.Баттогтох, Ж.Цэрэнтогтох нарыг бүлэглэн тээврийн  хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг  Буурлын нуруу гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 08-10-ны өдрийн хооронд иргэн М.Агваандандарын эзэмшлийн олон тооны мал болох 36 тооны үхрийг бэлчээр дээрээс нь хулгайлсан гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн талаар худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Биндэр овогт *******гийн *******ыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Биндэр овогт *******гийн *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч Г.******* оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон хорин нэг / 21 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Г.*******ын 5 ханатай гэрийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх гэрийг  эзэмшигч Г.*******од шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD 1 ширхгийг хураан авсан мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн тогтоол хэвээр үлдээж уг СД-ийг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.*******од  цагдан хорих сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: М.Агваандандарын гуйлт, ятгалгаар  бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон хэдий ч хууль эрх зүйн мэдлэггүйгээс хүнээс архи, гутал авч бусдад тусалж байна гэсэн бодлоор. Хэрвээ шийтгэгдвэл торгуулийн ялыг нь төлж өгнө гэсэн ятгалгад орж, согтуу үедээ юу ярьж учрах хор холбогдлыг ойлгохгүйгээр хууль бус үйлдэл хийж, эцэст нь өөрт учрах хор уршгийг мэдэхгүйгээр хуулийн цээрлэл хүлээсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, шударга ёсны зарчмыг зөрчсөн, гэм буруугийн хэлбэрт тохироогүй холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ  гэж үзэж байна.

Иймд хэргийг хянан үзэж 339 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт орлуулан хорих ялаар шийтгэсүгэй гэснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.

Г.******* нь анх удаа хөнгөн гэмт хэргийг санамсаргүйгээр үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болно гэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчид  хорих ял оногдуулахгүйгээр  тэнсэх боломжтой гэв.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын  давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах    гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх   ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Прокурор Ж.Чимид-Янжирмаа,  Ж.Баттогтох, Ж.Цэрэнтогтох нарыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг  Буурлын нуруу гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 08-10-ны өдрийн хооронд иргэн М.Агваандандарын эзэмшлийн олон тооны мал болох 36 тооны үхрийг бэлчээрээс  хулгайлсан нь “...Г.*******ын мэдүүлэг....бусад нотлох баримтаар тогтоогдсон” гэж үзээд  Ж.Чимид-Янжирмаа,  Ж.Баттогтох, Ж.Цэрэнтогтох нарт холбогдуулан  2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татсан улмаар 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “гэмт  хэргийн шинжгүй” үндэслэлээр Ж.Баттогтох, Ж.Цэрэнтогтох, Ж.Чимид Янжирмаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./1 дүгээр хавтаст хэргийн 163-165,184-187,175-178 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/

 Шүүгдэгч Г.*******  нь  мөрдөн шалгах ажиллагааны  үед, Ж.Чимид-Янжирмаа,  Ж.Баттогтох, Ж.Цэрэнтогтох нарыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг  Буурлын нуруу гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 08-10-ны өдрийн хооронд иргэн М.Агваандандарын эзэмшлийн олон тооны мал болох 36 тооны үхрийг бэлчээр дээрээс нь хулгайлсан гэж худал мэдүүлж гүтгэсэн гэмт хэргийн үйл баримт  тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн 1814000620138 дугаар хавтаст  хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн

2 дугаар хавтаст хэргийн 118, 192-194, 3 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар талд тус тус авагдсан “....Агваандандар... бид 2 ... шил архи хувааж уусан. тэр үед надаа Бөмбөгөр сумын 1 дүгээр баг бургастай гэх газар 9805 дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машин, улаан шар мотоциклтой сундалгаатай хүмүүс 4 тооны үхэр тууж явсан гэж хэлээд өгчихвөл тус болох гээд байна гэхээр нь би хэлснээр нь мэдүүлэг өгсөн. ...М.Агваандандар нь ...та надад тус болоод өгөөч хулгайд алдсан үхрийн хэрэг гэрч баримтгүй болчихлоо ганц 2 үг худал хэлэхэд зүгээр гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн  13-17, 73-81, 87-89,  2 дугаар хавтаст хэргийн  110-111, 3 дугаар хавтаст хэргийн  1-2, 9-10 дугаар талд тус тус авагдсан ”... би малаа алдчихаад байна танд мэдэх зүйл байвал хэлээд мэдүүлэг өгөөд өгөөдхөөч гэж л хэлж гуйсан нь үнэн...” гэх хохирогч М.Агваандандарын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 96-103 дугаар талд авагдсан “...үхэр энд тэнд нядалж авч явсан зүйлгүй, үхэр хулгайлаагүй...” гэх гэрч Ж.Чимэд-Янжирмаа,  Ж.Баттогтох   нарын мэдүүлэг, гэрч  С.Оюунсайхан, М.Сангидулам, Л.Мөнхбат, С.Бат-эрдэнэ, О.Уламбаяр, Н.Лхагваа нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Г.******* нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв  байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн   хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч  Г.*******од тухайн зүйл ангид  заасан ялын төрөл хэмжээний  хүрээнд   Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хорих ял оногдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх  шүүгдэгч Г.*******ын Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал,  хэрэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаарх  баримт авагдаагүй, гомдол гараагүй  болон  гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  шүүгдэгч Г.*******ын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн   хорих ял  оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,  албадлагын арга хэмжээ  хэрэглэхээр  шийдвэрлэв.

Иймд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөөлөгч Л.Батбаярын  давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдлыг  хүлээн авах нь   зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

                       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн 1.4- т тус тус  заасныг  удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/339 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Биндэр овогт *******гийн *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.*******од хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ  авсугай” гэж,

              3 дахь заалтад

              “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч Г.*******од оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг

              “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5,6 дугаар зүйл, 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6-д  тус тус зааснаар   шүүгдэгч Г.******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн бол  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож хуульд зааснаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

              2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, 36.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.******* нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын  17-ны өдрийг хүртэл 62 хоног цагдан хоригдсон  болохыг дурдаж,  цагдан хоригдож байгаа шүүгдэгч Г.*******ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

            3.Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                    ДАРГАЛАГЧ                                                    Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧИД                                                     Н.ЭНХМАА

                                                                                   Ч.ЭНХТӨР