| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00310/И |
| Дугаар | 156/шш2024/00367 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 156/шш2024/00367
2024 07 22 156/ШШ2024/00367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00310/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* аймгийн Цагдаагийн газар,
Гуравдагч этгээд: ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Л78-00 тоотод оршин суух, ******* *******,
Хүсэлтийн шаардлага: Захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Гуравдагч этгээд Э.*******
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* аймгийн Цагдаагийн газар нь согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч ******* аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Л78-00 тоотод оршин суух хаягтай, ******* ******* /СЭ71011709/ нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн төрсөн хүү болох Э.*******г архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг Цагдаагийн газарт бичгээр ирүүлсэн. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн Э.*******г албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна гэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Э.******* нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бөөгнөрөл үүсгэн өөрийн амьдарч байгаа ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Л78-00 тоотод хүмүүсийг цуглуулж архиддаг болох нь хөрш айлын хүмүүсийн тайлбар болон Цагдаагийн газарт ирүүлсэн дуудлагаар нотлогдож байгаа. Иймд Э.*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг дэмжиж байна гэв.
4. Гуравдагч этгээд Э.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ жилийн цагаан сараар манай ээж улсын аварга тариаланч болсон. Тэрийгээ тэмдэглээд би энэ хавар ойр ойрхон архи уусан. Ингэхдээ цуглуулсан хүмүүс маань хашгирч орилсноос болоод хажуу айл цагдаа дуудсан. Би архи уухаараа чимээгүй унтаад өгдөг, гадуур гарч уудаггүй. Би архины эмчилгээнд явмааргүй байна, архинаас гарч чадна гэдгээ амлаж байна. Өөрөө архинаас гарч чадна гэв.
5. Хүсэлт гаргагч талаас шүүхэд ******* аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 51/2640 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг, ******* аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэх хуудас, 000260716 дугаартай ******* аймгийн Цагдаагийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багийн Засаг даргын тодорхойлолт, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Э.*******гийн ******* аймгийн Цагдаагийн газарт гаргаж өгсөн баталгаа, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Э.*******гийн ******* аймгийн Цагдаагийн газарт гаргаж өгсөн баталгаа, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Захиргааны зөрчлийн шийдвэрийн бүртгэл зэргийг баримтаар шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* аймгийн Цагдаагийн газар нь Э.*******г захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр, мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Цагдаагийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах талаар тус тус зохицуулсан байх тул ******* аймгийн Цагдаагийн газар нь тус хүсэлтийг гаргах эрхтэй байна.
Шүүхээс тус хүсэлтийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Э.*******г гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага тухайн хүнийг согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох дүгнэлтийг үзлэг хийснээс хойш 24 цагийн дотор гаргана гэж заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д согтуурах, мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалт, эрүүл мэндийн дүгнэлт гаргах журам, дүгнэлтийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэжээ.
Энэхүү эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалын 1-р хавсралтаар Согтуурах, мансуурах донтой хүнд эрүүл мэндийн дүгнэлт гаргах журмыг баталсан бөгөөд тус журмын 2.6-д Согтуурах, мансуурах донтой хүний эрүүл мэндийн дүгнэлтийг тухай эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ эрхэлсэн даргаар ахлуулан сэтгэц-донтолт, дотрын эмч нарын бүрэлдэхүүнтэй баг энэ журмын 2.4-т заасан оношилгоо, шинжилгээ, эмчийн үзлэгт үндэслэн гаргана гэж, 2.9-д Баг нь дүгнэлтийн маягтыг үнэн зөв, гүйцэд бөглөн багийн дарга, гишүүд гарын үсэг зурж, баталгаажуулан дүгнэлт гаргуулахаар илгээсэн цагдаагийн байгууллагад өгнө гэж тус тус заажээ.
Гэтэл хэрэгт авагдсан ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Э.*******гийн нэр дээрх Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 5-6/-д багийн дарга гарын үсэг зурж байгууллагын тамга дарсан байна. Харин гишүүд гарын үсэг зураагүй байна. Иймд уг эрүүл мэндийн дүгнэлтийг дээрх журамд нийцэж гарсан дүгнэлт гэж үзэх боломжгүй.
4. Мөн гуравдагч этгээд Э.******* нь согтууруулах мансуурах донтой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хэрэгт хайлтын системээс хэвлэн ирүүлсэн 2011, 2012, 2013, 2014, 2016, 2017, 2019 онуудад Э.*******гийн зөрчил гаргасан талаарх мэдээлэл /хх-14-21/, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 7-10/, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан баталгаа /хх-ийн 22, 24/, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 23, 25/ авагдсан боловч энэ нь гуравдагч этгээд Э.*******г байнгын архидан согтуурч, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсныг нотлохгүй байна.
Өөрөөр хэлбэл Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ...захиргааны журмаар албадан эмчлэхтэй холбогдон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Э.******* нь 2011 оноос эхлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэн, архидан согтуурсан үедээ зөрчил гаргаж байсан болох нь тогтоогдож байгаа боловч 2020 оноос хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эрүүлжүүлэгдээгүй байгаа байдлаас дүгнэхэд байнгын архидан согтуурч, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа гэдэг нь үгүйсгэгдэж байна.
5. Түүнчлэн гуравдагч этгээд Э.******* нь өөрийгөө одоогийн байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа, өөрөө сайн дураар архинаас татгалзаж байгаа хэмээн тайлбарлаж байгаа тул энэ удаа түүнийг албадан эмчилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзэв.
6. Иймд нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.1, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ******* аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй Э.*******г захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хүсэлт гаргагч ******* аймгийн Цагдаагийн газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА