| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00302/И |
| Дугаар | 156/шш2024/00371 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 156/шш2024/00371
2024 07 23 156/ШШ2024/00371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00302/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Буян-Уул сумын 5 дугаар баг, булаг хорооллын 1-127 тоотод оршин суух, ******* *******
Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багт оршин суух, ******* *******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.******* /цахимаар/,
Хариуцагч Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан гэрлэлт цуцлууж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 онд ОХУ-ын Чита мужид төрсөн, Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул иргэн бөгөөд тус сумын булаг хорооллын 1-127 тоотод 2 хүүгийн хамт амьдардаг. Сумынхаа сургуульд нийт 16 дахь жилдээ англи хэлний багшаар ажиллаж байна. Анх 2006 онд Хэнтий аймгийн Норовлин сумын иргэн ******* овогтой *******тай танилцаж 2007 оны 2 сард гэр бүл болсон бөгөөд тус оны 4 сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа хоёр хүүтэй бөгөөд том хүү *******ын *******- 2007 онд, бага хүү *******ын - 2011 онд тус тус Дорнод аймагт төрсөн. Том хүү Б. *******-******* төрснөөс хойш 1 орчим жилийн дараагаас нөхөр болох Т.******* нь гэр бүлийн хүчирхийлэл, дарамтыг удаа дараа үйлдэж, архидан согтуурч, айлган сүрдүүлж улмаар гар хүрч зоддог болсон нь цаашид хамт амьдрахад бие болоод сэтгэл зүйд үнэхээр хүнд байсан ба бага хүү Б.- гэдсэнд байх үед болон 2011 онд төрсний дараа дээрх гэр бүлийн хүчирхийлэл улам хүндэрч гэртээ ахидан согтуурч, мөрийтэй тоглоом тоглож, хүүхдүүдээ чанга дуугаар зандарч айлган, бие болон сэтгэл зүйгээр дарамтлан, хөх эрээн болтол зоддог байсан үйлдэл нь 9-н жил үргэлжилсэн. Энэхүү айдас, бие сэтгэлзүй дарамт, архидалт, мөрийтэй тоглоомын донтолтыг тэсч даван туулах хүч одоо надад огт үлдээгүй, гомдол цөхрөл туйлдаа хүрсэн тул урт удаан хугацааны эцэст хөвгүүдийнхээ гэрэлт ирээдүй, сайн сайхан, хүмүүжил төлөвшлийн төлөө зориг гарган салах нь хамгийн зөв гарц, шийдэл гэдгийг тунгаан 2016 оны 2 сараас тусдаа амьдарч эхэлсэн.
Миний хувьд сурган, сэтгэл судлалыг 4 жил судалсан багш хүн бас эх хүн байж мэдсээр атал өөрийн 2 хүүг сэтгэл зүйн асар их дарамт, мөрийтэй тоглоом, архины хамааралтай, хүчирхийлэлтэй орчинд хөвгүүдээ өсгөж байгаадаа өдөр бүр эмзэглэж, харамсаж байсан хэдий ч зоригтой алхам хийж чадахгүй тэднийгээ эцэгтэй, элэг бүтэн өсгөж байна гэж бодсоор 9-н жил амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа сумынхаа цагдаад /Сум дундын цагдаагийн тасагтай/ 2 удаа хандаж, дуудлага өгч байсөн бөгөөд ажил мэргэжилийн онцлогоос хамаарч /багш байх/ бие сэтгэлийн дарамт, гэр бүлийн хүчирхийллийг олон удаа нуун дарагдуулж, тэвчиж байсан. Цагдаад хэлнэ гэхлээр Т.******* нь тэр цагдаа шүүхээ дууд би хэнээс ч айхгүй, чи чадахгүй, чамайг байхгүй болгоно гэх мэтээр сүрдүүлдэг байсан нь тухай үеийн бага насны 2 хүүхэдтэй хүнд бол айдас байсан. Дээрх гэр бүлийн олон төрлийн хүчирхийллүүдээс үүссэн сэтгэлийн шарх, гомдол уучлашгүй хүнд байсан бөгөөд хоёр хүүгийнхээ эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих, амьдрах эрхийг ханган, тэднийхээ ирээдүйн сайн сайхны төлөө Т.*******аас салах нь хамгийн зөв шийдвэр байсан. Т.******* нь 2016 оны 2-р сараас Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт амьдардаг малчин аав ээж дээрээ очиж амьдарч байгаад тус сумын иргэн овогтой гэх эмэгтэйтэй 2020 оноос гэр бүл болон амьдарч одоогоор Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт Онон багт Шивэр гэх газар хамтран амьдарч байгаа. Тусдаа амьдарч эхэлсэн өдрөөс хойш хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэглэгдэхүүн, хувцас, хоол хүнсийг хангалттай авч өгч байгаагүй бөгөөд сүүлийн 4-н жил хөвгүүдтэйгээ огт холбоогүй байгаа. Энэ хугацаанд би цалингийн зээл авч, өөрийнхөө цалингаа хүүхдүүдийнхээ хэрэгцээнд зориулсаар ирсэн. Өвлийн идэш, мах шөл огт өгдөггүй. Мөн хүүхэд өвдөх, хүүхдийн хөгжлийн төрөл бүрийн сургалтанд хамруулах, олимпиад, тэмцээн уралдаанд оролцох, үндэсний баяр наадмаар хүүхдүүддээ хэрэгцээтэй мөнгө санхүүгийн дэмжлэг огт өгч байгаагүй бөгөөд зайлшгүй хэрэг гараад залгахад одоо хамт амьдарч байгаа эхнэр нь уурлаад байдаг гээд огт холбоо барьдаггүй. Анх гэр бүл болоход /Норовлин сумын нутаг Түмэнхан гэх газар/ нилээд их мал цугларсан байсан хэдий ч намайг малдаа оролцуулдаггүй байсан болохоор одоогоор надад малын талаар мэдэх зүйл байхгүй. 2007 онд гэр бүл болоход цугларсан эд хөрөнгө малыг Т.******* болон түүний аав, ээж хариуцаж байсан болно.
Бидний хувьд дундын өмчийн маргаан байхгүй. Тиймээс Нямаа овогтой ******* миний бие ******* овогтой *******аас хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулж, мөн хүү *******ын *******-, *******ын - нартаа хуулийн дагуу тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагч Т.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Б.*******-, Б.- нар нь миний хүүхдүүд мөн. Хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Бид тусдаа амьдраад 8 жил болж байна. Би хамтран амьдрагчтай болсон, Н.******* бид нар дахин хамт амьдрахгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Т.******* нар нь 2007 онд танилцаж, 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2007 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.*******-, 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.- нар төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрэх ямар ч идэвх санаачлагагүй байдал, хариуцагчийн хувийн байдал, өөр амьдрал зохиосон зэрэг байдлыг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
4 .Гэрлэгчид нь 2007 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.*******-, 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.- нарын асрамжийн хувьд маргаангүй, эх Н.*******гийн асрамжид үлдээхийг хариуцагч Т.******* нь зөвшөөрсөн тул хүү Б.*******-, хүү Б.- нарыг эх Н.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
5. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг Т.******* нь хүү Б.*******-, хүү Б.- нарыг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.
6. Хүү Б.*******- нь 2007 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн бөгөөд одоо 17 нас хүрсэн, хүү Б.- нь 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн бөгөөд 13 нас хүрсэн байна. Иймд хүү Б.*******-, Б.- нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.*******аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.*******д даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* ******* /РД:СП85011911/, ******* ******* /РД:ЖО85021662/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.*******-, 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.- нарыг эх Н.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.*******-, 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.- нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.*******аар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.*******д даалгасугай.
4. Гэрлэгчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Мөнхтөрд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА