Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Болормаа,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

Гуравдагч этгээд: Б.Номин нарын хоорондын төрийн албатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ням-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Халиун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баярчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/0499/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Болормаа намайг Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч Л.Болормаа нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан байсан.

2.2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалт, 46.3 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам, Нийслэлийн Засаг даргын 2015 оны Журам батлах тухай А/633 дугаар захирамжийг тус тус үндэслэн Л.Болормааг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгож шийдвэрлэсэн байна.

2.3. Нэхэмжлэгч нь тус тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 01/915 дугаар Хууль хэрэгжүүлэх тухай албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн.

2.4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2643 дугаар албан бичгээр Л.Болормааг ажилд эгүүлэн томилох боломжгүй гэх хариуг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн тул нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Л.Болормаагаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1. Л.Болормаа намайг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны Б/345 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр гарсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний бие тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2023 оны 01 дүгээр сарын 23-д гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтнээс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/915 дугаар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2643 дугаартай албан бичгийг миний 99099173 дугаарын утсан дахь viber-aap ирүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс дээрх тушаалыг хууль зөрчин гарсан болохыг тогтоосон боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэн намайг ажилд эгүүлэн томилох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байх тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

3.2. Лувсандаш овогтой Болормаа миний бие 1965 оны 07 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. 2006 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Соён гэгээрүүлэх тасгийн дарга, Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр тасралтгүй 16 жил ажилласан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны Б/345 дугаар тушаалаар Л.Болормаа намайг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг үндэслэн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

3.3. Миний бие 57 настай тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байтал ийнхүү надад огт мэдэгдэхгүйгээр тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. 2022 оны 12 дугаар сарын 30-нд Хүний нөөцийн хэлтсийн дарга Загарсүрэн дуудаж 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүүгийн гарын үсэгтэй өндөр насны тэтгэвэр суух тухай мэдэгдэх хуудсыг өгсөн. Мэдэгдэх хуудас өгөхөөс өмнө 2022 оны 12 дугаар сарын 16-ны Б/345 дугаар тушаал гарсныг мэдээгүй байж байгаад 12 дугаар сарын 23-нд мэдэж тушаалын хуулбарыг олж авсан. Тушаал гарахаас өмнө ажлаас чөлөөлөх тухай ямар нэг мэдэгдэл амаар болон бичгээр мэдэгдээгүй болно. Миний бие өмнө нь Хүний нөөцийн хэлтсийн даргад ажлаа үргэлжлүүлэн хийх тухай хэлж байсан. 2021 оны төсөвт тэтгэврийн мөнгө суугдсан байсан юм бол бүтэн жилийн хугацаанд ямар ч мэдэгдэл хийгээгүй, хэлээгүй байж гэнэтийн ийм шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Яагаад төр хүнээ бодохгүй гэнэтийн ийм шийдвэр гаргаж эрх мэдлээ ашиглаж байгаа юм. Эрт хэлсэн бол өөр газар шилжин ажиллах, мөн сэтгэл санаагаа бэлдэх байсан. Миний бие өнөөдөр хөдөлмөрийн чадвараа алдчихаагүй эрүүл саруул байна. Төрд 16 жил ажиллахдаа гэмт хэрэг хийж, сахилгын шийтгэл авч байгаагүй болно.

3.4. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар зөвлөмжөөр "Төрийн албаны тухай хуульд "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэснийг "60 нас" гэдгээр ойлгож хэрэгжүүлнэ", албан хаагч 60 нас хүрсэн бол Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасныг баримтлан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

3.5. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй И.Баатархүү нь хууль тогтоомжийг зөрчиж, иргэн намайг 60 нас хүрээгүй байхад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр надад огт мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.6. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна" гэж заасан. Миний бие эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй, үр дүнгийн үнэлгээгээр сайн үнэлэгдэж, ажлаа зохих журмын дагуу хийж ирсэн байтал намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа бөгөөд тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3.7. Захиргааны ерөнхий хуульд зааснаар аливаа шийдвэр гаргах гэж байгаа тохиолдолд тухайн этгээдэд мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулахаар хуульчилсан байтал надад огт мэдэгдэлгүйгээр он солигдох үеэр ажлаас чөлөөлсөн, ажлаа хүлээлгэж өг гэж мэдэгдэж байгаа нь хүн ёсонд ч нийцэхгүй үйлдэл болсон гэж үзэж байна. Үүнийг ч Төрийн албанаас зөвлөлөөс сонсох ажиллагааг хийгээгүй тогтоож, тушаалаа эргэн харах талаар албан бичиг явуулсан боловч, ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр эргүүлэн авч ажиллуулах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байна.

3.8. Миний бие ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаа бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч байгаа тул Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Болормаа намайг Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан Мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Иргэн Л.Болормаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгож. Л.Болормаа намайг Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаж дараах хариуг хүргүүлж байна.

4.2. Гомдол гаргагч Л.Болормаа нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насан хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүртэл хүсэлтээ гаргана... гэж заасны дагуу үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаагүй тул уг хэсгийн... Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана.

4.3. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэрт тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй" гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлж, төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон.

4.4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2022 онд тэтгэврийн насанд хүрсэн 5 алба хаагч байснаас 3 нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, захиргааны санаачилгаар Л.Болормааг төрийн албанаас чөлөөлсөн.

4.5. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Өндөр насны тэтгэвэртэй холбогдох зарим асуудлын тухай 07 дугаар зөвлөмжид "Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" эсхүл "Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн" үндэслэлээр чөлөөлөгдсөн хүнийг төрийн албаны сонгогддогоос бусад үндсэн албан тушаалд томилон ажиллуулж болохгүй бөгөөд өндөр насны тэтгэвэрт тогтоолгосон иргэнийг төрийн байгууллага зөвхөн гэрээний үндсэн дээр, төрийн албан хаагчийн эрх зүйн байдалгүйгээр тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгүүлж болно. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т "ахмад настан тэтгэвэр авч байгаа нь цалин хөлсийг хязгаарлах үндэслэл" болохгүй гэж заасныг баримтална гэсэн байна.

4.6. Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж авлигатай тэмцэх "5Ш" ажиллагааг хэрэгжүүлж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас "шүүр" ажиллагааны хүрээд төрийн бүх шатны байгууллагын удирдах ажилтнуудад төрийн албан хаагчийн томилгоог хуульд нийцүүлэх боловсон хүчнийг ажиллуулж, төсвийн хуулиа мөрдөж ажиллахыг мэргэжлийн чиглэл болгон ирүүлсэн.

4.7. Засгийн газрын 2022 оны хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арra тухай 417 дугаар тогтоол, Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбар яаманд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай 469 тогтоол, Нийслэлийн хэмжээний Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай А/1649 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Номинг холбогдох хууль, журамд нийцүүлэн шилжүүлэн авч ажиллуулж байна. Иймд Л.Болормаагийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж холбогдуулан өгнө үү. гэв.

5. Гуравдагч этгээд Б.Номин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа.

5.1. Иргэн Л.Болормаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгож. Л.Болормаа намайг Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаж дараах хариуг хүргүүлж байна.

5.2. Нэг. Миний бие Б.Номин нь 2015-2022 онуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Олон нийттэй харилцах хэлтсийн даргын албан тушаалд ажлын хариуцлага алдалгүй, үр бүтээлтэй сайн ажиллаж ирсэн билээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 417 дугаар тогтоол Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасан.

5.3. Дээрх тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад ажиллаж байгаа салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарыг орон тоо, төсөв, ашиглаж буй компьютер техник, хэрэгслийн хамт одоо эрхэлж байгаа чиг үүрэг, мэргэжлийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д заасан байгууллагад шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах гэж заасны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1028 дугаар тушаалаар намайг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Олон нийттэй харилцах хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн.

5.4. Засгийн газрын 2022 оны хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 417 дугаар тогтоол, Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбар яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай 469 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай А/1649 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс намайг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/118 дугаар тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд мөн өдрөөс ажиллуулсан.

5.5. Би Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан албан тушаалд ажиллаж байхдаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд нь гүйцэтгэж, ажлын хариуцлага алдалгүй ажиллаж байна. Миний бие Б.Номин нь 2015 оноос хойш төрийн албанд тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд, Монгол Улсын Засгийн газрын шийдвэр болон холбогдох төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шилжин ажиллах бөгөөд одоо Л.Болормаагийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой миний хөдөлмөрлөх эрх хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.6. Хоёр. Нэхэмжлэгч Л.Болормааг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлжээ. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэж заажээ. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдгийг Төрийн албаны 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар "Өндөр насны тэтгэвэртэй холбогдох зарим асуудлын тухай" зөвлөмжийн 2 дахь хэсэгт Төрийн албаны тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоолгох ердийн насыг тусгайлан тодорхойлоогүй бөгөөд тус хуулийн 41 дүгээр зүйлд "41.3.Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна" гэж заасан тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн "46.2.2.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоож чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд "40.1.Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 40.1.3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн" гэж заасныг баримтална. Тодруулбал, Төрийн албаны тухай хуульд "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн" гэж заасныг баримтлан "60 нас гэдгээр ойлгож хэрэгжүүлнэ гэж тусгажээ.

5.7. Гэвч дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт нь 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалт бөгөөд 2022 оноос дагаж мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дээрх заалт тусгагдаагүй байна.

5.8. Өөрөөр хэлбэл "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх заалтын насыг тодорхойлж байсан хуулийн заалт хүчингүй болсон байна. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д "Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар туст тус зохицуулна", Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно" гэж тус тус заасныг баримтлахаар байна.

5.9. Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудаас хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зааснаас харахад Төрийн албаны тухай заалтыг эмэгтэй хүн 55 нас хүрсэн тохиолдолд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн тайлбарлаж болохоор байна.

5.10. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Ажилтан төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд гаргасан нь түүнийг эрхэлж буй ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үр дагавар шууд үүсгэхгүй, харин томилох эрх бүхий этгээдэд тодорхой шалгуурыг харгалзан үзсэний үндсэн дээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн алба хаагчийг цаашид төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах эсэх талаар шийдвэр гаргах эрхийг энэ хуулиар олгосон байна.

5.11. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т "Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ" гэж заасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн албаны тухай хуулийн 46.3-т заасан "...Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана." гэж зааснаас төрийн албанаас чөлөөлөх гэсэн сонгох боломжийг хэрэглэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

5.12. Иймд Л.Болормаагийн гаргасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Болормааг Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчээс ...Миний бие 57 настай, тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байтал ийнхүү надад огт мэдэгдэхгүйгээр тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна гэж,

- хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3-т төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэрт тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй" гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлж, төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон. Зөвлөмжид заасны дагуу тэтгэвэр тогтоолгосон иргэнийг төрийн албанд ажиллуулах боломжгүй, ...Б.Номинг шилжүүлэн ажиллуулж байна... гэж,

- гуравдагч этгээдээс ...Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжид Төрийн албаны тухай хуульд "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн" гэж заасныг баримтлан "60 нас гэдгээр ойлгож хэрэгжүүлнэ гэж тусгажээ. Гэвч дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт нь 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалт бөгөөд 2022 оноос дагаж мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дээрх заалт тусгагдаагүй байна. "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх заалтын насыг тодорхойлж байсан хуулийн заалт хүчингүй болсон байна. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д "Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар туст тус зохицуулна", Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно" гэж тус тус заасныг баримтлахаар байна. гэж тус тус тайлбарлан маргасан.

2. Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж байгаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь заалтыг гол үндэслэл болгон нэхэмжлэгч Л.Болормааг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэж, төрийн албанаас чөлөөлжээ.

3. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: ...46.2.2.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; гэж, 46.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй. гэж тус тус заасан.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Л.Болормаа нь 1965 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 2000 оноос хойш улсад тасралтгүй ажилласан, үүнээс 2006 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Соён гэгээрүүлэх тасгийн дарга, Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр тасралтгүй 16 жил ажилласан, маргаан бүхий тушаалыг гарах үед 57 нас 4 сартай байсан нөхцөл байдлууд тогтоогдож байна.

5. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна. гэж заасан бөгөөд тус хуульд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг тухайлан зааж өгөөгүй байна.

6. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. гэж заажээ.

7. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна. гэж заасны дагуу төрийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох настай холбогдсон харилцаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг баримтлахаар байна.

8. Дээр дурдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох ерөнхий насыг 65 нас байхаар заасан бөгөөд 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас хүрсэн бол өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох гэж зохицуулсан нь даатгуулагчид эрх олгосон, даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай зохицуулалт байна.  

9. Уг маргааны тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь өндөр насны тэтгэврээ өөрийн хүсэлтээр тогтоолгон авах хуулиар зөвшөөрч олгосон эрхийг дордуулсан байдлаар буруу тайлбарлаж, өөрөө тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаагүй, 57 настай төрийн жинхэнэ албан хаагч Л.Болормааг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтыг хэрэглэн захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан эрх, баталгааг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

10. Тодруулбал, өндөр насны тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр тогтоолгох насыг 65 нас гэж заасан, харин 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар тусгайлан зааж өгсөн байхад захиргааны байгууллага нь 65 нас хүрээгүй, тэтгэвэр тогтоолгохоор өөрөө хүсэлт гаргаагүй төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтыг үндэслэж төрийн албанаас шууд чөлөөлөх эрхийг захиргааны байгууллага эдлэх боломжгүй юм.

11. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.1-д Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх гэж сонсох ажиллагаа, түүнийг явуулах журмыг зохицуулсан.

12. Нэхэмжлэгч Л.Болормааг төрийн албанаас чөлөөлөх маргаан бүхий тушаалыг гаргахаас өмнө түүнд албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн тухай баримт байхгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нарын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэл /хх-33, 34 тал/ зэргээр буюу хэлтсийн хурал дээр түүнд тэтгэвэрт гарах талаар мэдэгдснийг сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн гэж үзэхгүй.

13. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий акт нь хууль бус байх бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч Л.Болормаагийн төрийн албанд ажиллах, хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

14. Нэхэмжлэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд,

15. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй: ...43.2.7 ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;, 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж тус тус заасан.

16. Нэхэмжлэгч Л.Болормааг төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий акт нь хууль бус болох нь тогтоогдсон тул түүнийг өмнө эрхэлж байсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

17. Нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдсөн хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гарган тэтгэвэр тогтоолгосон.

18. Гэвч төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий тушаал хууль бус болох нь тогтоогдож, шүүхээс уг тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах эрх сэргэж, төрийн албанд ажиллах харилцаа үргэлжлэх бөгөөд захиргааны байгууллагаас түүнийг төрийн албанаас чөлөөлснөөс шалтгаалан тэтгэвэр тогтоолгосон нь нэхэмжлэгчийг төрийн албанд ажиллахыг хязгаарлах шалтгаан болохгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар зөвлөмжид тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнийг төрийн албаны үндсэн албан тушаалд томилон ажиллуулах боломжгүй гэж заасан... гэх тайлбар үндэслэлгүй байна.

19. Дээрх хуулийн заалтуудыг үндэслэн түүний ажилгүй байсан хугацааны цалинг маргаан бүхий акт гарсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өмнө нь эрхэлж байсан Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцон, өмнө нь авч байсан дундаж цалин хөлсөөр тооцон олгох, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Л.Болормааг урьд эрхэлж байсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг маргаан бүхий акт гарсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өмнө нь эрхэлж байсан Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцон, өмнө нь авч байсан дундаж цалин хөлсөөр тооцон олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Болормаад олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ