Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2024/00099

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч Н.***************ын нэхэмжлэлтэй хариуцагч ******************ын түр орлон гүйцэтгэгч Э.*****************ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай тушаалын хүчингүй болгуулах,

-урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох,

-ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах,

-ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шилжүүлж ирүүлснийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.***************, түүний өмгөөлөгч Д.Гүрдорж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*****************э, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг, гэрч Э.*************/цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.*************** нь хариуцагч Х***************т холбогдуулан “Урд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус тус дараах байдлаар тодорхойлсон байна.

 

1.1 Нэхэмжлэгч Н.*************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н-ын *************** миний бие Х***************т 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан жолоочоор ажилд орж байсан. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил дутагдалгүй ажиллаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл ******************ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.*****************э нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 тоот гарган ажлаас чөлөөлсөн бөгөөд уг тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна. Учир нь намайг шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, мөн удирдлага, албан хаагчидтай ёс зүйгүй харьцсан тул чөлөөлөв гэсэн боловч хуульд заасан журмын дагуу шалгаж намайг ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг тогтоогоогүй, шат дараатай арга хэмжээг авалгүй үндэслэлгүйгээр намайг халсан. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.4 дэх заалтад "Шүүхийн ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах" гэж заасан ба надад ёс зүйн хорооноос зөрчил гаргасан гэж дүгнэх, эсвэл ёс зүйн хороонд надад хамаатуулан ямар нэгэн гомдлыг гаргаж байгаагүй юм. Иймээс жолооч Н.*************** намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас шууд халах арга хэмжээ авсанд гомдолтой байна.

Иймд ******************ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин 3,696,887 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамж 75,223 төгрөгийг тус тус гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ. /хх-ийн 1-2  хуу/

 

1.2 Нэхэмжлэгч Н.*************** нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж гаргасан нэхэмжлэлдээ: 

Х*************** түр орлон гүйцэтгэгч Э.*****************ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай тушаалын хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай гэж тодруулжээ.

 

1.3 Нэхэмжлэгч Н.*************** болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа аваад 2023 оны 08 дугаар сарын 01-ний ажилдаа орсон. Намайг амарч байх хугацаанд нөгөө жолооч машин мөргүүлсэн байсан. Тэгтэл Тамгын даргын түр орлон гүйцэтгэгч Э.*****************э наадмаар намайг машин тэргээ янзлуулмаар байна хурдал гэсэн шаардлага тавьсан. Тэр үед манай аав элэгний хорт хавдар гэсэн оноштой хотод сахиж байсан юм. Тэгээд би хэрвээ чиний эцэг эх чинь өвдөж байвал чи ингээд ажилтай гээд явж байх уу гээд жоохон хоорондоо үл ойлголцох маргаан болсон. Тэгсэн та дандаа хүний өөдөөс тайлбар хэлдэг тантай ажиллаж чадахгүй гэхээр нь чи ажиллаж чадахгүй хүнийг яадаг юм гэж хэлэн. Тэгсэн 2023 оны 08 дугаар сарын 03-нд ажлаас халсан тушаал гаргасан...” гэв.

Өмгөөлөгчөөс нь “... 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг би ойлгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслээд гаргасан гэж ойлгож байна. Энэ төрийн тушаалын 1 дүгээр хэсэгт Н.*************** нь шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж байна. Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэхийг шүүхийн Тамгын газрын дарга тогтоодог эрхтэй этгээд мөн эсэх, яг зөрчил юм бол энэ дүрмийн аль хэсгийг, ямар заалтыг нь ямар байдлаар, ямар цаг хугацаанд, хаана зөрчсөн гэдгийг нарийн тогтоох ёстой гэж ойлгож байна. Гэтэл тушаалыг гаргахдаа ямар ч ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр тогтоол байхгүй мөртлөө энэ тушаалын үндэслэл болгож гарч байгаа нь өөрөө учир дутагдалтай байна. ...Шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар ажлаас халагдсан өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын нийт 212 хоног болох ба ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,940,476 төгрөг болж байна.” гэв.

 

2. Хариуцагч Х*************** итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*****************э шүүхэд гаргасан тайлбартаа: “...Н.*************** нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний Б/26 дугаартай тушаалаар жолоочийн албан тушаалд томилогдон ажилласан. Н.***************ыг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б/47 дугаар тушаалаар "Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн" Үндэслэл нь: Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа /хоёр ба түүнээс дээш/ гаргасан мөн байгууллагын удирдлага болон бусад албан хаагчидтай ёс зүйгүй харилцсан гэх үндэслэлээр чөлөөлсөн.

Н.***************ын зөрчлүүдийн тухайд

1. ************************************, шүүгчийн туслах Э.*********************, жолооч Н.*************** нар нь Дорнод аймгийн Буйр нуур руу хэргийн газрын үзлэг хийх ажиллагааны үеэр *********************тай таарамжгүй харилцаж хэрүүл маргаан үүсгэсэн бөгөөд шүүгчийн туслах Э.********************* жолооч Н.*************** та шүүгч хүнтэй ингэж харьцаж болохгүй, боль гэсэн шаардлага тавихад ... эсэргүүцэж Э.*********************тэй муудалцаж гар зөрүүлсэн гэж *************** нь томилолтын хугацаа дуусч ирээд 2022 оны 9 сард шүүхийн тамгын газрын дарга ********************** болон Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.*****************э надад танилцуулж ийм ёс зүйгүй хүн жолоочийн ажилд авсан байна гэж танилцуулсан.

2. 2022 оны 12 дугаар сард шүүгч, ажилтнууд шинэ жилийн баярыг салхинд гарч тэмдэглэхээр хамт олны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж Хэнтий аймгийн Баян-Адарга сум руу явцгаасан явах замд ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******************, Г.***********, архив бичиг хэргийн эрхлэгч Г.*************** нар 1 автомашинд хамт сууж явахад замаас гарч давхин та буруу яваад та буруу яваад байна гэхэд би мэдэж байна гэж уурлан уулын хажуугаар хурдтай давхин хөндөлдөн 2, 3 удаа автомашиныг эргүүлсэн. *************** нь боль гэж шаардлага тавихад би чамд захирагдахгүй хэмээн уурлаж зорчигчдын амь насыг аюул учруулах хэмжээний үйлдлийг гаргасан хэмээн хамт сууж явсан дээрх хүмүүс танилцуулсан. Бид нөгөө машинтай араас нь явж байсан бөгөөд буруу яваад байгааг нь хэлэхэд би мэдэж байна хэмээн зөрж давхисан байдаг.

3. 2023 оны 3 дугаар сард Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан   дүүргийн   иргэний   хэргийн   анхан   шатны   шүүхүүдийн   үйл ажиллагаатай туршлага судлах зорилгоор Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэг орох замдаа автомашинаа огцом ухас ухас хийлгээд байхаар нь ****************, **************** нар зөөлөн яваа гэж хэлэхэд уурлаж би угийн ийм түргэн ууртай хүн шүү та нарт захирагдана гэж байхгүй шүү хэмээн уурлаж, шаардлага тавихад биелүүлэхгүй Б.*****************тай хэрэлдсэн.

 4. 2023 онд Шүүхийн архивын нэгдсэн тооллого хийх удирдамжийн дагуу 2, 3, 4 сард шүүхийн захиргааны нийт ажилтнуудаар Архивын нэгдсэн тооллогыг хийж гүйцэтгэсэн. Энэ үед амралтын өдрүүдэд болон ажлын өдөр илүү цагаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд ажиллахдаа шүүхийн захиргааны ажилчдыг загнаж зандарч дээрэлхэж харьцдаг хамтарч ажиллахад хэцүү байна гэж шүүхийн захиргааны ажилтнуудаас гомдлоо илэрхийлсэн.

5. 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэлгэнээр ажиллаж байсан шүүгч ******************** нь Говьсүмбэр аймагт шүүх бүрэлдэхүүнд оролцохоор томилогдсон бөгөөд 6 сарын 27-ны өдөр өглөө эрт 8:00 цагт гаръя гэж хэлэхэд нь "тийм эрт явж яадгийн үдээс хойш гаргана гэж хэлэн үдээс хойш 13:00 цагийн үед Говьсүмбэр аймаг руу хөдөлсөн байдаг. Шүүгч ************ нь шүүгчийг хүндлэх ёс зүй харилцаа хандлагын доголдолтой жолооч ажиллаж байна хэмээн гомдлоо гаргасан.

6. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр жолооч Н.***************т ээлжийн амралтыг 15 хоногийн хугацаагаар олгосон бөгөөд ээлжийн амралтын хугацаандаа 7 сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадам болох ба ******************************** ирнэ мөн шүүхэд ажиллаж байсан шүүгч ажилтнуудаа хүлээн авах гэр барина энэ дээрх хугацаанд ирж ажиллаад амралтаа дараа нь сунгаарай гэж хэлээд ээлжийн амралтын мэдэгдлийг нь өгсөн.   Гэтэл Н.*************** нь дээрх хугацаанд аавын бие тааруу байна гэх шалтгаанаар ирж ажиллаагүй. 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Н.***************ын ээлжийн амралтын хугацаа дуусаад ажилдаа орсон бөгөөд миний өрөөнд орж ирээд "миний автомашинаар ширээ сандал зөөдөг нь яаж байгаа юм тэр ********* чинь ямар ч машинтай тоссон яадаг юм би ээлжийн амралттай байх хугацаандаа автомашинаа өгөхгүй байх байсан" хэмээн надад уурлаж эхэлсэн би хариуд нь "7 дугаар сарын 24-ний өдрүүдэд таны аавын бие тааруу гэдэг шалтгааныг тань хүндлээд дуудаагүй, автомашиныг байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэсэн" гэж тайлбарласан боловч надтай маргалдахаар нь "та харилцаа хандлага ёс зүй гэж алга олон удаагийн гомдол гаргасан танд 2023 оны 3 сарын 22-ны өдөр үүнтэй холбоотой "мэдэгдэл" өгч байсан энэ зан чинь засрахгүй юм байна тантай цаашид хамтарч ажиллах боломжгүй би өнөөдрөөс "Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоё та надад тайлбараа бичгээр гаргаад ир” гэхэд өгөөгүй учир би 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож жолоочийн ажлаас чөлөөлсөн тушаалыг тухайн өдөр гардуулж өгөөд тушаал танилцуулсан баримтад гарын үсэг зур гэхэд зурахгүй тушаалаа аваад ... "чи наад суудалдаа сууна гэж бодож байна уу. Би чамайг наана чинь суулгахгүй, ажилгүй болгоно гэж хэлээд гараад явсан.” гэжээ. /хх-ийн 35-36  хуу/

 

2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*****************э болон түүний өмгөөлөгч Л.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*************** нь ажиллаж байх хугацаандаа 9 сард анх гаргасан зөрчил нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ********************, шүүгчийн туслах ********************* нартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар буюу хэргийн газрын үзлэг хийхээр явсан. Явж байх хугацаандаа ********************тай, дараа нь шүүгчийн туслах *********************тэй  маргалдсан байдаг. Энэ асуудлын талаар ***************ыг өрөөндөө дуудаж хэлж байсан.

Дараа нь Баян-Адарга сум руу явахдаа буруу замаар төөрсөн ба энэ талаар хууль ёсны шаардлага тавьсан ******************* шүүгчтэй маргалдаж, уулын замаар давхиж хамт явсан хүмүүсийн ая тухтай байдлыг алдагдуулж эрсдэлд оруулсан. Энэ талаар нийт шүүгч, ажилчдын хурлаар сануулж байсан.

2023 оны 3 сард Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн захиргааны хэргийн давж заалдсан шүүхийн үйл ажиллагаатай танилцахаар явахдаа буруу замаар явсан. Түгжрэлд орсон хойноо жолоогоо огцом мушгих, тооромслох зэргээр явсан тул ***************** шүүгч аятайхан явж болохгүй юу дотор муухайраад байна гэхэд би та нарт захирагдахгүй шүү, би угийн ийм ааштай хүн дуугүй аятайхан суугаад яваарай гэж уурлаж байсан. Үүний дараа хоёр жолоочид мэдэгдэл өгсөн. Н.*************** жолоочид болохоор Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхийн ажилтны албан хаагчийн ёс зүйн харилцаа хандлагын зөрчлийг удаа дараа зөрчсөн үйлдэл та гаргалаа. Танд ямар санал байна вэ гэхэд яг л өмнө нь ярьж байдаг зүйлээ ярьдаг. Би ийм түргэн ааштай хүн юм, хүнтэй жоохон хэдэр, ёдор харьцдаг юм гэдэг зүйлээ ярьдаг. Би танд ажил хөдөлмөрийг дуусгавар болгох саналтай албан бичгээр мэдэгдлээр танилцуулж байна гээд нэг хувийг нь энэ хүнд өгөөд үнэхээр та ингэж хэлж байгаа бол тайлбараа албан ёсоор бичгээр аваад ир гээд гаргасан. Тэгээд мэдэгдлийн хариу тайлбарыг өгөлгүй тэр чигээрээ алга болсон.

************ шүүгч Говьсүмбэр аймагт шүүх бүрэлдэхүүнд оролцохоор 06 дугаар сарын 27-ны өдрийн 14:30 цагийн шүүх хуралдаанд Хэнтий аймгаас Говьсүмбэр аймар руу өглөө 8 цагт хөдөлье гэтэл Н.*************** тэгж эрт явж яадаг юм үдээс хойш гарна гэж хэлсэн байдаг. Энэ хүн ер нь шүүгчтэй ингэж харьцдаг. Тэр өдрөө 10-12 цагийн үед гарсан байдаг. Энэ гомдлыг шүүгч ************ гомдол гаргасан.

******************************** Хэнтий аймгийн Биндэр сумын харьяатай хүн байсан. Тухайн үед миний бие тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэж байсан.  *********************өөс Биндэр сумаар дамжиж үйл ажиллагаанд оролцоод Хэнтий аймгийн төв дээр очно. Бүх зүйлийн бэлэн байдлыг хангаарай гэдэг үүрэг даалгаврыг ***********************өөс надад өгсөн. Үүнтэй холбоотойгоор *************** жолооч руу ярьж 2 машиныг ажиллуулахгүй бол болохгүй байна. Юм хум наашаа цаашаа зөөх өчнөөн олон асуудал гараад байна гэтэл би аавыгаа сахиад Улаанбаатар хотод эмчлүүлж байна би очиж чадахгүй гэхээр нь  тэгвэл таны машиныг хэрэглэе та машинаа нөгөө жолоочид хүлээлгээд түлхүүрийг нь ямар ч байсан өгчих гэсэн. Түлхүүрээ өгөхдөө миний машиныг та нар яахаараа авдаг юм надад хэлээгүй байж нөгөө жолоочийг дарамталсан өнгө аястай ярьсан байсан. Тэгээд нөгөө үйлчилгээнд явж байсан машиныг ачааны машин ухрахдаа мөргөөд хамрыг хонхойлгосон. Тэгээд машиныхаа үнэлгээг тогтоолгоод хохирол буруутай байсан этгээдээс нь гаргуулаарай гээд жолооч, няравтаа хариуцуулсан. Тэрийгээ гаргуулаад үнэлгээ тогтоолгосон баримтаа хүлээгээд байж байтал 08 дугаар сарын 01-ний өдөр Н.*************** ажилдаа ороод машинаа засуулмаар байна. Би ажилдаа орсон машиныг маань өг, машинаа засуулж авна гэсэн. Тэр машиныг Н.*************** ахад бүрэн хариуцуулаагүй байгууллагын өмч байхад надтай ийм байдлаар харьцсан. Тэгэхээр нь би таныг аавыгаа асарч байна гэсэн хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн учраас би таныг энэ үед ажиллуулаагүй шүү. Машин түмний нүдэн дээр ийм болсон. Үнэлгээ гаргуулаад хаана засуулах ёстой юм тэнд нь засуулъя гэсэн. Ер нь машинаас болоод бид хоёрын хооронд хэрүүл болсон.  Намайг ажилгүй болгоно, наад суудал дээрээ суухыг чинь харна янхан минь гэж хүртэл хэлсэн.  Бүхэл бүтэн байгууллагыг төлөөлж байгаа хүнийг ингэж хэлж байгаа хүн ямар характертай хүн бэ гэдгээ харуулж байна. Тэгж хэлээд хашхираад бараг чамайг зайлуулна гэж хэлээд гараад явсан.  Би энэ хүнийг түүнээс хойш 2 хоног харсан. Би тушаалаа 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан юм.” гэв. 

Өмгөөлөгчөөс нь “Энэ тухайн зөрчлүүд нь  хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.2 хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3,  6.1.5 мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  7.1.18 дугаар зүйлийн 8.1.3-д заасан заалтуудыг зөрчсөн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл гэж юу байдаг вэ гэхээр Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн, ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан байгаа. Н.***************ын сая дурдаад байгаа зөрчлүүд нь Хөдөлмөрийн хуульд зааснаар сахилгын зөрчилд хамаарах бөгөөд хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтуудыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хамтарсан зөвлөгөөний тэмдэглэл, өнөөдөр шинээр гаргаж өгсөн мэдэгдэл, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэрэг баримтуудыг би тодорхой хэлсэн учраас хөдөлмөрийн сахилгын шийтгэлд хамаарч байна. Тийм учраас тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан байна.” гэв.

 

3. Нэхэмжлэгч болон өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

- Хөдөлмөрийн гэрээ (хх-ийн 7-9 хуу),

-******************ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай Н.***************ыг жолоочийн ажлаас чөлөөлөх тухай тушаал (хх-ийн 10 хуу),

 -Н.***************ын Хэнтий аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл (хх-ийн 11 хуу),

 Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл  (хх-ийн 12-14 хуу),

-Гэрч Э.***************, Б.*****************, Э.********************* нарын мэдүүлэг (хх-н 90-91, 94-97 хуу),

-Хариуцагч Н.***************т ажлын байран дээр дагах ёс зүйн талаар холбогдох дүрэм, журмыг танилцуулж зөвлөгөө мэдээлэл өгсөн талаарх тэмдэглэл (хх-ийн 112 хуу),

 

4. Хариуцагч байгууллагын төлөөлөгч болон өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

- 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах шүүхүүдийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хамтарсан зөвлөгөөний тэмдэглэл (хх-ийн 173-175 хуу),

- ******************ын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/38 дугаартай тушаал (хх-ийн 176 хуу),

- Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах шүүхүүд, шүүхийн тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам (хх-ийн 177-188 хуу),

- 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Э.*****************ийн мэдэгдэл (хх-ийн 189 хуу)

-Жолооч Г.*********ын Тамгын газрын даргад гаргасан хүсэлт, гэрэл зураг (хх-ийн 191-193 хуу)

-Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм (хх-ийн 194-196 хуу)

-******************ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай Н.***************ыг ажилд томилсон тушаал (хх-ийн 197 хуу)

- ******************ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай Н.***************ыг ажлаас чөлөөлсөн тушаал (хх-ийн 10 хуу)

- ******************ын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/10 дугаартай Ёс зүйн дэд хорооны гишүүдийг баталгаажуулах тухай тушаал (хх-ийн 199 хуу)

- ******************ын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/03 дугаартай Ёс зүйн хорооны гишүүдийг баталгаажуулах тухай тушаал (хх-ийн 200 хуу)

-Хөдөлмөрийн гэрээ (хх-ийн 201-202 хуу)

-Гэрч Э.***************, Б.Дэнсмаа, Ш.Дуламжав, Г.*******************, Г.*********** нарын мэдүүлэг  (хх-ийн 90-93, 98-103 хуу) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

    

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

“Намайг ажлаас чөлөөлөхдөө Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, мөн удирдлага, албан хаагчидтай ёс зүйгүй харьцсан гэсэн боловч хуульд заасан журмын дагуу шалгаж намайг ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг тогтоогоогүй, шат дараатай арга хэмжээг авалгүй үндэслэлгүйгээр намайг халсан. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.4 дэх заалтад Шүүхийн ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан ба надад ёс зүйн хорооноос зөрчил гаргасан гэж дүгнэх, эсвэл ёс хороонд надад хамаатуулан ямар нэгэн гомдлыг гаргаж байгаагүй юм” гэж.

 

          2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*****************э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.         

“Нэхэмжлэгч нь Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн, сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан мөн байгууллагын удирдлага болон бусад албан хаагчидтай ёс зүйгүй харилцсан тул ажлаас нь чөлөөлсөн.” гэж.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн гэрээ, Н.**********ыг жолоочийн ажлаас чөлөөлөх тухай ******************ын тушаал, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, ******************ын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/103 дугаартай Ёс зүйн хорооны гишүүдийг баталгаажуулах тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах шүүхүүдийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хамтарсан зөвлөгөөний тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******************ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай тушаалаар тус шүүхийн жолооч Н.***************ыг Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа /хоёр ба түүнээс дээш/ гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. Энэхүү тушаалыг нэхэмжлэгч Н.*************** нь эс зөвшөөрч Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсаны дагуу тус хороо 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр маргааныг хянан хэлэлцээд талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгожээ. Нэхэмжлэгч дээрх хариуг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор буюу 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан шаардагыг хангаж байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

4. ******************ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Ажил олгогч буюу Х*************** нь Н.***************ыг жолоочоор ажиллуулахаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч Н.*************** нь тус шүүхийн тамгын газарт жолоочоор ажиллаж байсан талаар талууд маргаагүй, харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үндэслэл нь нотлогдож тогтоогдсон эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Хөдөлмөрийн эрх зүй дэх сахилгын хариуцлага нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцогч ажилтан хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө хүлээлгэж буй хууль зүйн хариуцлагын нэг төрөл бөгөөд сахилгын хариуцлага хүлээлгэх гол үндэслэл нь сахилгын зөрчил гаргасан байх, түүнчлэн сахилгын зөрчлийн бүрэлдэхүүн хангагдсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл ажилтны гаргасан сахилгын зөрчил нотлогдож, тогтоогдсон байх шаардлага тавигддаг ба ажил олгогчийн эрх зүйн хэлбэрээс шалтгаалж зөрчлийг нотлох ажиллагаа өөр өөрийн онцлог шинжийг агуулдаг.

 

Тухайлбал: Шүүхийн захиргааны тухай хуулийн /хүчингүй болсон/ 25 дугаар зүйлийн 25.1-т “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан нь шүүхийн захиргааны ажилтан байна” гэж хуульчилж, хуулийн 29, 30 дугаар зүйлүүдэд шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, түүнийг зөрчсөн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтныг заасан. Уг хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох ***********************ийн даргын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаар тушаалын хавсралт болох Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журмын 5.3-т “Энэ журмыг зөрчсөн үйлдлийн талаарх гомдол, мэдээллийг шүүгч, иргэн, хуулийн этгээд ...шүүхийн тамгын газрын даргад бичгээр ирүүлнэ. ...шүүхийн тамгын газрын дарга уг гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороонд шилжүүлнэ” гэж 5.6-д “Ажилтан энэ журмын 3.1, 4.1-д заасныг зөрчсөн бол Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн ...шүүхийн тамгын газрын дарга хуульд заасан сахилгын арга хэмжээ авна” гэж процесс ажиллагааг нарийвчлан зохицуулжээ. Мөн маргаан бүхий хөдөлмөрийн харилцааны явцад хууль тогтоогчоос Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж мөрдүүлсэн /Төрийн мэдээлэл 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №24 (1272)/ ба уг хуульд тухайн байгууллагад төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж дүгнэлт гаргах эрх бүхий Ёс зүйн дэд хороо ажиллахаар хуульчилжээ. 

 

Өөрөөр хэлбэл ажилтан сахилгын зөрчил гаргасан эсэхийг тухайн шүүх дэх  “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороо, /дэд хороо/” шалган тогтоох буюу нотлох ажиллагааг хийж гүйцэтгэдэг. Тэгвэл энэхүү маргааны хувьд дээрх нотлох ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй бөгөөд ажилтны ямар харилцаа хандлагыг ёс зүйн зөрчилд тооцсон нь тодорхойгүй байна. Тодруулбал хариуцагч талаас нэхэмжлэгчийг шүүгч, ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, хэрүүл маргаан үүсгэсэн гэх боловч тухайн үл ойлголцол юунаас улбаатай, үзүүлсэн хариу үйлдэл нь хууль, дүрэм, журамд нийцсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй нь хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөж буй хууль, тогтоомжийг дагаж биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.4-т “Шүүхийн ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэгдсэн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах” гэж заасан нь ажилтны гаргасан сахилгын зөрчил байж болзошгүй үйлдлийг Шүүхийн ёс зүйн хороо хянан шалгаж дүгнэлт гаргаснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдэнэ гэж ойлгогдохоор заажээ.   

 

Хөдөлмөрийн эрх зүй дэх сахилгын зөрчил нь тодорхой хугацаанд үргэлжилдэг буюу хөөн хэлэлцэх хугацаа богино байдаг тул түүнийг нотлох, тогтоох ажиллагаа мөн түргэн шуурхай явагдах шаардлага тавигддаг. Энэ нь тухайн зөрчил нь сахилгын зөрчил мөн эсэхийг ажил олгогч тухай бүр нь шалгаж тогтоосноор дараагийн эрх зүйн үр дагаврыг бий болгодог болохыг дурдах нь зүйтэй.

 

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

Тэгвэл ажлаас чөлөөлөх тушаалд нэхэмжлэгчийг “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан мөн байгууллагын болон бусад албан хаагчтай ёс зүйгүй харилцсан” гэх хэт ерөнхий үндэслэлийг дурджээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ямар байгууллага, албан тушаалтны хэзээ батлан мөрдүүлсэн Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийн аль заалтыг хэрхэн зөрчсөн, байгууллагын болон бусад албан хаагчтай ёс зүйгүй харилцсан гэх асуудал нь уг ёс зүйн дүрэмд хамаарах, эсэх эсхүл тусдаа дүрэм журмаар зохицуулагдах зөрчил байсан зэрэг нь тодорхойгүй байна.

 

Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн “мэдэгдэл” гэх нотлох баримтад Н.***************ыг “Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон...” гэж дурдсан үндэслэлээ нөгөө жолоочдоо өгсөн мэдэгдэлтэйгээ хольж бичсэн гэж тайлбарлаж байгаа, мөн автомашин эвдрэлтэй байсан гэх гэрэл зураг нь нэхэмжлэгчтэй холбоотой эсэх, тухайн гэмтэл нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй эсэх эсхүл ашиглалтын явцад үүссэн гэмтэл эсэх, энэ талаар оношилгоо шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргасан эсэх зэрэг нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна.

5. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг” ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааны дундаж цалин хөлсийг тооцоход гарт олгосон дүн нь 2023 оны 7 дугаар сард 385,878.19 төгрөг, 6 дугаар сард 962,994 төгрөг, 5 дугаар сард 585,096.96 төгрөг байна.  Үүнээс уг журмын 1.5-д “...хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй.” гэж заасан тул хоолны хөнгөлөлтийн дүн болох 7 дугаар сарын 5000 төгрөг, 6 дугаар сарын 105,000 төгрөг, 5 дугаар сарын 115,000 төгрөгийг тус тус хасаж тооцов.

380,878/ 857,994/ 470,096 : 3 сар = 569,656 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 569,656 : 21хоног = 27,126 төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. / хх-ийн 111 хуу/

 

Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2023 оны 7, 6, 5 дугаар саруудын цалингаас тооцсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

 

Иймээс нэхэмжлэгч Н.***************ыг 2023.08.03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 212 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 5,750,812 төгрөг /212 хоног х 27,126 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан нь хариуцагч буюу ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.

 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар тус тус хуульчилжээ.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж ажил олгогчийн үүргийг тодорхойлсон байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.***************ын 2023.08.03-ны өдрөөс 2024.05.28-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Х***************т даалгах нь зүйтэй.

 

6. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг. Гэтэл нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид  145,423 төгрөг төлсөн тул дээрх дээрх мөнгийг төрийн сангийн данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч  Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар 160.1.1 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ******************ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.*****************ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.***************ыг урьд эрхэлж байсан ажил буюу Х*************** жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

          2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.***************ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 5,750,812 төгрөгийг хариуцагч Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Н.***************т олгосугай.

          3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар цалин хөлсний олговор 5,750,812 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Н.***************ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг Х***************т даалгасугай.

          4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Н.***************ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,423 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.***************т буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас  70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.БАТБАЯР