Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00340

 

 

Ж.Бийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/02235 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч МБШУҮЭХнд холбогдох, МБШУҮЭХны даргын сонгууль хууль бус болсныг тогтоож, Холбооны 13 дугаар бага хурлын даргыг батлах тухай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цогтгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч С.Энхбат,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б нь Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны даргын сонгуульт албан тушаалд 2011-2019 оныг хүртэл ажилласан. Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны даргын сонгууль 4 жил тутам болох дүрмийн заалттай бөгөөд үүний дагуу 2019 оны 5 сарын 23-ны өдөр хуралдсан XIII Ээлжит бага хурлаар холбооны даргыг сонгохоор шийдвэрлэсэн. Уг сонгуульд  өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн боловч Сонгуульт удирдах ажилтан нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй гэсэн Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дүрмийн 15.3.6 дахь заалтыг үндэслэн миний нэрийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж даргын сонгуулийг явуулж З.Цогтгэрэлийг тус холбооны даргаар сонгож 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 10 тоот тогтоолоор баталсан. Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны Ээлжит XIII бага хурлаар явагдсан даргын сонгууль нь дүрмийн дээр дурдсан 15.3.6 дахь хууль бус заалтыг үндэслэсэн, хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр хууль бус ялгаварлан гадуурхалт, давуу байдал тогтоож, ҮЭ-ийн гишүүн миний ҮЭ-ийн аль ч шатны байгууллагад сонгох, сонгогдох болон хөдөлмөрлөх эрхийг хохироосон гэж үзэж гомдолтой байна. Учир нь Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо нь МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын нэг бөгөөд МҮЭ-ийн холбооны дүрэмд зааснаар салбарын холбооны дүрэм нь МҮЭ-ийн холбооны дүрэмтэй зөрчилдсөн тохиолдолд МҮЭ-ийн холбооны дүрмийг баримтлах зохицуулалттай. Нэгэнт дээрх даргыг сонгосон сонгуулийн хурал нь МҮЭ-ийн холбооны дүрмийг зөрчиж явагдсан. Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дүрмийн 15.3.6 дахь заалт МҮЭХ-ны дүрмийн 5.2.2-т заасантай зөрчилдөж байгаа талаар МҮЭХ-ны Хяналтын хороонд гомдол гаргаж, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дүрмийн 15.3.6, 15.4 дэх заалтууд нь ҮЭ-ийн гишүүний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн заалтууд байх тул МҮЭ-ийн холбооны дүрмийг баримтлах нь зүйтэй" гэсэн дүгнэлтийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/14 тоотоор гаргасан. МҮЭ-ийн холбооны харьяа Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч ҮЭ-ийн зохион байгуулагч мэргэжлээр 1997 онд төгссөнөөсөө хойш ҮЭ-ийн гишүүн байж ҮЭ-ийн байгууллагад зохион байгуулагч, Цэцэрлэгүүдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, салбарын ҮЭ-ийн холбооны дарга, МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгч гишүүний сонгуультны үүргийг тасралтгүй гүйцэтгэж ирсэн ҮЭ-ийн мэргэжлийн боловсон хүчин гэж өөрийгөө үздэг. Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны 2019 оны 5 сарын 23-ны өдрийн Ээлжит XIII бага хурлын МҮЭ-ийн холбооны дүрэмтэй зөрчилдсөн салбарын ҮЭ-ийн холбооны дүрмийн заалтыг үндэслэн нэрийг маань нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж сонгууль явуулсныг хууль бус сонгууль болсон. Иймд ИХШХШТХуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны даргын сонгууль хууль бус болохыг тогтоож, Хууль бус сонгуулийн үр дүнг баталгаажуулсан Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны Ээлжит XIII бага хурлын Даргыг батлах тухай 2019 оны 5 сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо нь гишүүдийнхээ хөдөлмөрлөх болон хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг, шинжлэх ухаан боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн ажилтан, албан хаагчдын нэгдсэн 23000 гаруй гишүүнчлэлтэй Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.4 дэх хэсэгт заасан бие даасан байнгын үйл ажиллагаа бүхий чөлөөт ардчилсан олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллага. Нэхэмжлэгч Ж.Б нь 2011 оноос 2019 оны хугацаанд манай Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар хоёр удаа улиран сонгогдож байсан тул түүний нэхэмжлэлд бичсэнчлэн сонгох сонгогдох эрхийг нь хязгаарласан хориглож хохироосон үйл ажиллагаа огт явагдаагүй. МБШУҮЭ-ийн холбооны 2011 оны ээлжит бага хурлаар манай Боловсрол Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэгт Сонгуульт удирдах ажилтнууд нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй гэх заалт байсан бөгөөд Ж.Б нь өөрөө хоёр дахь удаагаа нэр дэвшиж, манай үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар сонгогдсон. Дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэгт дараалан 2 удаа сонгогдохгүй гэх заалт нь Ж.Бийг даргаар ажиллаж эхлэхэд л байсан бөгөөд 2019 оны хурлаар дүрмийн энэ заалтын дагуу өөрийгөө дахин нэр дэвших боломжгүй, улиран сонгогдохгүй гэдгээ сайн мэдэж байсан. Хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр хууль бус ялгаварлан гадуурхалт, давуу байдал тогтоосон, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний сонгох, сонгогдох болон хөдөлмөрлөх эрхийг хохироосон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. МБШУҮЭ-ийн холбооны ээлжит 13 дугаар бага хурал 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, 219 төлөөлөгч оролцохоос 206 төлөөлөгчтэй 94.1 хувийн ирцтэйгээр хуралдсан. Энэ хурлаар тус холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, дүрмийн 15.3.6 дугаар заалт Холбооны сонгуульт удирдах ажилтан нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй, 15.4 дүгээр заалт Сонгуульт удирдах ажилтанд хурлын явцад шинээр нэр дэвших, дэвшүүлэхийг хориглоно гэсэн заалтууд хэвээр үлдэж, хуралд оролцсон гишүүдийн 58.4 хувийн саналаар дүрмийг шинэчлэн баталсан. МБШУҮЭ-ийн холбооны даргын сонгуульт удирдах албан тушаалд нэр дэвших болон сонгох, сонгогдох эрхээ хоёр удаа хэрэгжүүлж, найман жил даргаар нь ажилласан Ж.Б нь 2011 оны дүрмийн 4.15 болон 2019 онд шинээр баталсан дүрмийн 15.3.6, 15.4 дэх хэсэгт заасны дагуу дахин Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдож ажиллах боломжгүй байсан тул ээлжит бага хурлын сонгуулийн комисс нь холбооны даргын сонгуульд нэр дэвшигчээс хассан нь манай холбооны мөрдөж байгаа дүрэмд нийцсэн үйл ажиллагаа болно. Нэхэмжлэгч Ж.Б нь хоёр удаа ээлжит бага хуралд нэр дэвшиж, манай салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар улиран 2 удаа сонгогдож Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 13.1.1-т заасан сонгох сонгогдох эрхээ эдэлсэн атлаа дахин сонгуульд нэр дэвших ёстой байсан, түүний сонгуулийн нэр дэвшигчээс хассан дүрмийн үйл ажиллагааг эсэргүүцэн хууль бус ялгаварлан гадуурхалт, давуу байдал тогтоосон, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний сонгох, сонгогдох болон хөдөлмөрлөх эрхийг хохироосон гэх нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөөсөө бусдыг холбооны даргын албан тушаалд нэр дэвших, сонгох сонгогдох эрхгүй гэж байгаатай адил хууль бус үндэслэлгүй байна. МБШУҮЭ-ийн холбоо нь өөрийн дүрэмд заасны дагуу үйл ажиллагаагаа аливаа этгээдээс хараат бусаар, ардчиллын үнэт зүйлсийг удирдлага болгон, чөлөөтэй бие даан явуулж байгаа нь Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, мөн МҮЭ-ийн холбооны дүрмийн 4 дүгээр зүйлд заасантай тус тус нийцэж байгаа. Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 7.1 дэх хэсэг болоод Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 11.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрх барих дээд байгууллага нь ээлжит Бага хурал юм. МБШУҮЭ-ийн холбооны удирдах дээд байгууллага болох Бага хурал нь ээлжит хурлаа хийж, хурлаар хэлэлцэх асуудлаа тодорхойлж, өөрийн дүрмийн Сонгуулийн тухай 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт тус Холбооны сонгуульт удирдах ажилтанд сонгогдох журмыг заасан нь МҮЭ-ийн холбооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн буюу төлөөлөгчдийн хурал байх бөгөөд түүнээс үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгчид болон Хянан шалгах комиссын гишүүдийг сонгоно гэж заасантай нийцэж байгаа болно. Иймд нэхэмжлэгч Ж.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ж.Бийн МБШУҮЭХнд холбогдуулан гаргасан МБШУҮЭХны даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн сонгууль хууль бус болсныг тогтоолгох, Холбооны 13 дугаар бага хурлын Даргыг батлах тухай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үйлдвэрчний эвлэлүүдийн байгууллага нь иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан байгууллага бөгөөд ОУХБ-ын Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба зохион байгуулах эрхийг хамгаалах тухай 87, Зохион байгуулах эрх ба хамтын хэлэлцээний тухай 98-р конвенц, Монгол Улсын Үндсэн хууль ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хууль болон МҮЭ-ийн холбооны дүрмээр тус тус үйл ажиллагаа нь зохицуулагддаг. Бүтэц, зохион байгуулалтын хувьд Үндэсний хэмжээнд МҮЭ-ийн холбоо буюу төв байгууллага, аймаг, салбарт мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр болон нутаг дэвсгэрийн харьяаллаар эвлэлдэн нэгдсэн нийт 36 гишүүн байгууллагаас бүрдэх ба тус гишүүн байгууллагууд нь МҮЭ-ийн холбооны дүрмийн 5.2.1. 5.2.2-т заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү 36 гишүүн байгууллагаас зөвхөн МБШУҮЭ-ийн холбооны дүрэмд сонгуульд оролцох эрхийг хязгаарласан зохицуулалт байдаг бөгөөд уг заалт нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг зөрчиж байгаа юм. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “төрийн ба төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалд олон удаа дараалан сонгогдох нөхцөл байдлыг зохих түвшинд хязгаарлах нь олон нийт, бусдад тэгш боломж олгох, олон ургалч үзэл бодлыг дэмжих үндэслэлээр нөхцөлдсөн, эрх мэдлийг олонхийн төлөөллийн зарчмаар хэрэгжүүлэх ардчиллын үнэт зүйлтэй нийцэх зохицуулалт юм. Энэ талаар МҮЭ-ийн холбооны өөрийн дүрмийн 4.1.1-т ардчиллын бүхий л үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ гэж заасан учраас нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс гарах шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Өөрөөр хэлбэл аль хуулийн ямар заалтыг баримталж шийдвэрлэсэн тухай тодорхой заасан байх ёстой. Гэтэл 182/ШШ2019/02235 дугаар шийдвэрт Ардчиллын зарчмыг үндэслэл болгожээ. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Энэ эрхийг ямар нэгэн хууль, дүрэм, журмаар хязгаарлаж үл болох хүний үндсэн эрх юм. Мөн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.2-1-т ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглодог. ҮЭ-үүдийн эрхийн тухай хуульд ч мөн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан зохицуулалт байхгүй байна. ОУХБ-ын “Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба зохион байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенц"-ийн 2 дугаар зүйлд “Ажилчид, ажил олгогчдын ямарч ялгаагүйгээр, урьдчилан зөвшөөрөл авалгүй өөрийн саналаар байгууллага байгуулах, түүнчлэн тэдгээр байгууллагад гагцхүү дүрэмд нь захирагдах нөхцөлтэйгээр элсэн орох эрхтэй” гэж заасан нь МБШУҮЭ-ийн холбооны дүрэм нь МҮЭ-ийн холбооны дүрэмд нийцсэн байх ёстой гэсэн зарчмыг баталгаажуулж өгсөн. Иймд “МҮЭ-ийн холбооны дүрмийн 5.2.1-д заасан дүрэм болон хөгжлийн стратегийг хүлээн зөвшөөрөх үүргээ МБШУҮЭ-ийн холбоо зөрчиж, сонгуулийг хууль бусаар явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн байтал шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1-т “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ж.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь шүүх тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч “МБШУҮЭХ”-нд холбогдуулан тус холбооны даргыг сонгосон 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн сонгууль хууль бус болсныг тогтоож, Холбооны 13 дугаар бага хурлын даргыг батлах тухай 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ж.Б нь “МБШУҮЭХ”-ны даргын сонгуульт албан тушаалд 2 удаа сонгогдон 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2019 оны 06 сарын 07-ны өдрийн МБШУҮЭХны тэргүүлэгчдийн хурлын тогтоол, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон байна./2хх-4-5,9,10/

“МБШУҮЭХ”-ны дүрмийн 15.3.6-д “Холбооны сонгуульт удирдах ажилтан нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй” гэж заасан нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т “Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Үйлдвэрчний эвлэлүүд тэгш эрхтэй” гэж тус тус заасантай нийцсэн.

Иймд МҮЭХ-ны дүрмийн 13.1.1 дэх хэсэгт заасан үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь төлөөлөн удирдах байгууллагад сонгох сонгогдох эрхийг МБШУҮЭХ-ны дүрмийн 15.3.6-д заасан холбооны сонгуульт удирдах ажилтан нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй гэсэн хязгаарлалт нь зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, салбар холбооны дүрмийн энэхүү зохицуулалт нь хуулийн дээрх үндсэн зарчимтай нийцэж байгаа бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, МБШУҮЭХ-ны дүрмийн 15.3.6-д заасантай нийцүүлэн маргааныг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсөн нь ойлгомжгүй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/02235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                                                                Б.НАРМАНДАХ