Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 157/ШШ2024/00108

 

 

 

 

    2024         05           31                                           

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Л.**************ын нэхэмжлэлтэй хариуцагч Х.************т холбогдох “1,900,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 05 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын ... дүүрэг .. дугаар хороо ... байр .. тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, С овогт Л-гийн ************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2021 оны 09-р сарын 25-ны өдөр миний охин Э.************ нь Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк, Энхтайвны өргөн чөлөө гудамж, ...-р байр, .. тоотын хаягт байршилтай 32,92м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус YХХ-ийн эзэмшигч Х.************тай харилцан тохиролцож 10 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулан 10 сарын түрээсийн төлбөр болох 5,000,000 төгрөг болон барьцаа 500,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийг шилжүүлэн түрээсэлж 10 сар оршин суусан. 2022 оны 7-р сарын 22-нд /гэрээний хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө/ Х.************ын эхнэр С.******** надтай утсаар холбогдон цаашид сарын түрээсийг 500,000 төгрөгөөс 700,000 төгрөг болгох мөн түрээсийн мөнгөө дор хаяж 6 сараар урьдчилж өгөхийг шаардсан. Бид тэр үед гэр бүлээрээ Хөвсгөл аймагт байсан учир /хүүхдийн бие муу, хөвсгөлд байх шаардлагатай байсан ч даруй Улаанбаатар хот орж түрээсийн гэрээг шинээр хийхийг санал болгосон/ хэд хоног хүлээгээд гэрээ хийн мөнгө шилжүүлэхийг хүссэн боловч эд хогшлыг чинь гаргаж хаяна, дараагийн түрээслэгч нь бэлэн байна яг одоо шилжүүл зэргээр сүрдүүлэн дарамталж, өвчтэй эмнэлэгт хэвтэж байсан охин руу минь утсаар байн байн залган загнаж дарамталсаар байсан тул 2022 оны 7-р сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 7-р сарын 31-ны өдөр 2,200,000 төгрөг, нийт 2022.07.26-2023.01.26 өдөр хуртэлх 6 сарын түрээсийн мөнгө болох 4,200,000 төгрөгийг С.********ын 5946010972 тоот дансанд шилжүүлэн өгсөн болно.

Манай гэр бүл 2022 оны 12-р сарын 03-нд тэр хүртэл ашиглалтанд орохыг нь хүлээж байсан шинэ байрандаа нүүн орсон. Байр хөлслүүлэгч Х.************, С.******** нар нь манай гэр бүлийг шинэ байранд орох тухай мэдэж байсан бөгөөд түрээсийн хугацаанаас өмнө гарахаар бол амьдраагүй үлдсэн саруудын мөнгийг барьцааны мөнгөтэй хамт буцаан өгнө хэмээн зөвшөөрч аман тохироо хийсэн. Нүүхээсээ 1 сар гарны өмнө мэдэгдэж С.********той утсаар холбоотой байдаг байсан бөгөөд тэрээр дараагийн түрээслэгчээ хайж зар тавьсан мөн үлдсэн 2 сарын мөнгийг барьцааны мөнгөтэй хамт буцааж өгнө гэж байнга хэлдэг байсан. Ингээд бид 12-р сарын 3-нд нүүж гарахдаа байр, СӨХ, тогны мөнгө зэргийг төлбөрийн үлдэгдэлгүй болгож С.********д түлхүүрийг нь хүлээлгэн өгсөн. Тухайн үеэс  өнөөдрийг хүртэл 1 жил 5 сарын хугацаанд амласан ёсоороо мөнгө огт өгөлгүй элдэв шалтаг тоочиж, улмаар элдвээр доромжилдог болж утсаа авахаа болин сүүлдээ бидний дугааруудыг блок хийсэн.

Иймд тухайн байранд оршин суугаагүй 2 сарын түрээсийн төлбөр болох 2*700,000=1,400,000 төгрөг, мөн өмнөх гэрээний барьцаа 500,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг иргэн Х.************аас гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамж 45,350 төгрөгийг хамт нэхэмжилж байна." гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн ..... сумын ... дугаар байр ... тоотод оршин суух, ..... регистрийн дугаартай Г  овогт Х-ийн ************ шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Х.************ нь Л.**************ын нэхэмжилсэн мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. 1,500,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-нд төлнө үлдсэн 400,000 төгрөгийг 6 дугаар сарын 25-ны өдөр өгөх хүсэлтэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.************** нь хариуцагч Х.************т холбогдуулан 1,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.     

 

Хариуцагч Х.************ нь 1,900,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.**************од төлөх үүрэгтэй болох нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, Л.**************ын Хаан банкин дахь депозит дансны хуулга, нэхэмжлэл, зохигчийн харилцсан зурвас, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,900,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй  байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Л.**************ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350  төгрөгөөс тавин хувь 22,675 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 22,675 төгрөг, хариуцагч Х.************аас улсын тэмдэгтийн хураамж 22,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.**************од олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.**************ын нэхэмжилсэн 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөгийг хариуцагч Х.************ нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  45,350  төгрөгөөс тавин хувь 22,675 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 22,675 төгрөг, хариуцагч Х.************аас улсын тэмдэгтийн хураамж 22,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.**************од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.************ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР