| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00110/И |
| Дугаар | 157/ШШ2024/00122 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 157/ШШ2024/00122
2024 06 13 157/ШШ2024/00122
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Х********************* газрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.**************од холбогдох “хохирогч иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 110,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х********************* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.************** нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрнуур”-ийн төвд хохирогч Д.***********ьтай маргалдаж улмаар модон сандлаар толгой хэсэгт 1-2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн 2340000000067 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 64 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх хэргийг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.**************од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Дээрх хэргийн хохирогч Д.***********ь нь Б.**************од зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх лавлагааг тус прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын еренхий газарт хүргүүлэхэд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогч нь 2023 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгээс 110,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын мэдээллийг ирүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 01/445 дугаартай албан бичигт " ..Иймд танай прокурорын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд манай байгууллагыг төлөөлөн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, төрд учирсан хохирлыг нөхөн барагдуулах нэхэмжлэгчээр оролцож өгнө үү” гэх хүсэлтийг тус прокурорын газарт ирүүлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шиидвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно",
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зуйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”.
Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тотоомжийн шаардлагад нийцэж байгаа тул Б.**************оос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 110,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Б.**************оос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 110,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү. Мөн прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү." гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн .......... сумын ...... дүгээр баг ....... тоотод оршин суух,........... регистрийн дугаартай Б овогт Ба-ын ************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.************** нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 110,000 төгрөгийг 6 сарын 11-нд төлж барагдуулна. Маргах зүйлгүй” гэжээ.
Х********************* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Н.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Б-ын ************** нь шүүхэд прокуророос гаргасан нэхэмжлэлтэй танилцаад Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 110,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах саналгүй гэсэн тайлбар гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х********************* газар нь хариуцагч Б.**************од холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 110,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.************** нь хохирогч иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 110,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх үүрэгтэй болох нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоол, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн дааталын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 110,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 110,000 (нэг зуун арван мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч Х********************* газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 110,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгөөс тавин хувь 2,275 төгрөгийг хариуцагч Б.**************оос гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х********************* газрын нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 110,000 (нэг зуун арван мянга) төгрөгийг хариуцагч Б.************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 110,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгөөс тавин хувь 2,275 төгрөгийг хариуцагч Б.**************оос гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР