Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0118

 

    2024          02           06                                   128/ШШ2024/0118

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч даргалж, ерөнхий шүүгч Н.Д, шүүгч Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О,

Хариуцагч: А м г т г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д, Б.М нарын хоорондын нөхөн олговорын  тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь: 

            1. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, А******* ХХК -ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Д******* сумын нутагт Х нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг хариуцагчид даалгуулах” гэж өөрчилжээ.

2. Анх зөвшөөрлийг 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “А” ХХК-д Баян-Өлгий аймгийн Д******* сумын нутагт Х нэртэй газарт 563.44 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийг олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 07 дугаар сарын 19-ний 711 дүгээр шийдвэрээр "Ж" ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн боловч XV- тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8283 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан нөхөх олговрын асуудлаар хүсэлтээ гаргахыг мэдэгджээ.

3. Дээрх албан бичгийн дагуу "Ж" ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/121 дугаар албан бичгээр “...нөхөн олговроор авах талбайн шаардлагатай материалыг бүрдүүлэн хүргүүлж байна. Бид Төв аймгийн Б, У******* сумдыг хамарсан 1 талбай, мөн Дорноговь аймгийн Д******* сумын нутагт 1 талбайг нөхөх олговроор авах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлж, харин "Ж" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/001 дүгээр хурлын шийдвэрээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан Баян-Өлгий аймгийн Д******* сумын нутагт Х нэртэй ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайг буцаан хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр талбай буцаан өгөх тухай өргөдлийн бүртгэлийн SU- дугаарт бүртгүүлсэн "Ж" ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Д******* сумын нутагт Х нэртэй 563.44 гектар талбай бүхий XB- дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянаж талбайг буцаан авсан үйл баримт болжээ.

4. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж, татгалзсан хариуг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай  албан бичгээр авч, шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

5.1. Манай компани 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд "Ж" ХХК нэрээр үйл ажиллагаа явуулж байсан ба үүнээс хойш оноосон нэрээ өөрчилж "А*******" ХХК нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн,

5.2. Улсын Их хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор нэхэмжлэгч "А*******" ХХК-ийн эзэмшиж байсан Баян-Өлгий аймгийн Д******* сумын нутагт Х нэртэй газарт 563,44 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV- тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч тухайн үед хугацаа нь дуусаагүй, хүчин төгөлдөр байсан ашигт малтмалын талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон,

5.3. Засгийн газар хуульд заасан тодорхой зорилгоор газрыг төрийн мэдэлд шилжүүлэн авсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсон бол улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрөл олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг Засгийн газарт олгосон,

 5.4. Нэхэмжлэгчээс нөхөх олговор авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас ...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болж төрийн мэдэлд шилжүүлэн авсан ашигт малтмалын талбайтай холбоотой нөхөх олговрын асуудлыг нээлттэй ил тод, тэгш эрхийн зарчмыг баримтлан шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна, ...нөхөх олговорт тооцох аргачлал батлах эрхийг тодорхой эрх бүхий этгээдэд хамааруулах саналтай байгааг бичгээр уламжлан ажиллаж байна гэж хариу өгснөөс өөрөөр нөхөх олговрыг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульд заасан журмын дагуу бодитой ажиллагаа хийгээгүй, мөн нөхөх олговор авах хүсэлтийг Засгийн газарт уламжлаагүйг хууль бус гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А******* компанийн хувьд Баян-Өлгий аймгийн Д******* сумын нутаг Х нэртэй газарт 4360 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын гэсэн тусгай зөвшөөрлийг А компаниас 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хууль ёсны дагуу шилжүүлэн авсан. Тусгай зөвшөөрлийн талбайг жил бүр төлж үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл Монгол Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол гарсан. Тус тогтоолын 1 дүгээр заалтаар байгаль орчны тэнцэл, унаган төрхийг хадгалан хамгаалахад болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоосугай гэсэн. Тус тогтоолын 2-т Баян-Өлгий аймгийн Д******* сумын нутагт орших Чн голын ай сав нутаг гэж тогтоосон. Тус тогтоолын 3 дугаар заалтаар Чн голын ай сав нутгийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоож өгсөн. Байгалийн цогцолборт газраар тухайн газрыг шилжүүлэн авсан. Ингэснээр нэхэмжлэгч А******* компанийн тусгай зөвшөөрлийн 4360 гектор талбай бүхэлдээ байгалийн цогцолбор газартай давхцалтай болсон. Энэ тогтоолын 4 дүгээр заалтад энэхүү тогтоолын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэн хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөн олговрыг тооцож олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж гэж шийдвэрлэсэн байдаг. Тус заалтаар үүрэг болгосны дагуу Монгол Улсын Засгийн газраас нөхөн олговор тооцож олгох энэ үүргийнхээ дагуу Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд чиглэл хүргүүлээд тус яамнаас холбогдох тогтоол гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88 дугаартай тогтоолоор Ашигт малтмал, газрын тосны газар руу чиглэл хүргүүлсэн. Чиглэл хүргүүлэхдээ ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуй нэгжүүдийн мэдээллийг бэлтгэ, тооцоо судалгааг нь хийгээд холбогдох арга хэмжээг аваад манайх руу санал уламжил, цаашид авах арга хэмжээний талаар саналыг боловсруулж ирүүл гээд тухайн ажлын хэсгийг байгуулах талаар ингээд чиглэлийг хүргүүлчихэж байгаа юм. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 49 дугаартай тушаалаар тухайн ажлын хэсэг байгуулагдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт ашигт малтмалын эрх хайх, ашиглах боломжгүй болсон аж ахуй нэгжүүдэд тухайн шийдвэр гарсан байгууллагын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг тооцож олгоно” гэсэн ийм зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтын араас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар тухайн зохицуулалтад нөхөн олговрыг нэг жилийн дотор нөхөн төлнө гэдэг энэ өөрчлөлт орсон. Түүнчлэн тус хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13 дахь заалт нэмэгдэж орж ирж байгаа юм. Энэ заалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрлийг олгож болно гэсэн ийм зүйл заалт байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох асуудал нэг бол мөнгөн хэлбэрээр, эсхүл хэлэлцэн тохирсноор эрдсийн хуримтлал бүхий талбайгаар дүйцүүлэн тусгай зөвшөөрөл олгоно гэсэн энэ заалт өөрөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш өнөөдөр хэрэгт цугларсан нотлох баримтаар нийтдээ бараг 10 гаруй хуралдсан байгаа. Энэ хурлаар энэ аргачлал гэдэг зүйлийг батлах гэж хэд хэдэн удаа хуралдсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сардаа энэ аргачлалыг өөрөө Ашигт малтмалын газрын тосны газрын даргын зөвшөөрөл олгосноор дээрээс нь Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас танайх Ашигт малтмалын тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан чиг үүргийн дагуу энэ аргачлалыг танайх өөрсдөө батлах ёстой гээд чиглэлийг ирүүлчихсэн. Тэгээд энэ аргачлал өөрөө батлагдсан гэж ойлгож байгаа. Ажлын хэсгээс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр А******* компани гэлтгүй энэ ажлын хэсгийн дагуу холбогдох ашигт малтмал эрэн хайх, ашиглах боломжгүй болчихсон аж ахуй нэгжүүдэд хугацаатай мэдэгдэл өгсөн. Танайх энэ хугацаанд багтааж нөхөн олговрын хүсэлтээ холбогдох энэ аргачлалд заасан нөхцөлийн дагуу бүрдүүлээд өгөөрэй гэдэг энэ албан бичгийг аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн. А******* компанид 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлээд А******* компанийн тухайн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг 119,973,157.0 төгрөгөөр баталгаажуулаад ингээд явчихсан. А******* компанийн хувьд нөхөн олговрын хүсэлтээ 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8283 дугаартай энэ албан бичгээр тэр аргачлалд нь нийцүүлээд холбогдох бүх тэр баримт бичгийг нь бүрдүүлээд өгсөн. Үүний дараа А******* компаниас тусгай зөвшөөрлөө бүхэлд нь буцаагаад өгсөн.  2020 оны 1 сарын албан бичгээр тусгай зөвшөөрлийн талбайгаа бүхэлд нь буцааж өгч байгаа. Яагаад гэхээр энэ талбай маань өөрөө цаашид ашигт малтмал эрэн хайх, ашиглах боломжгүй талбай болсон. Хүчин төгөлдөр байх үед нь Засгийн газрын 57 дугаар тогтоол гарсан. Хүчин төгөлдөр байх үедээ нөхөн олговрын хүсэлтээ өгсөн. Тусгай зөвшөөрлийн талбайгаа бүхэлд нь буцааж өгсөн ийм харилцаа явагдаж байгаа юм. Үүнээс хойш А******* компанийн зүгээс хэд хэдэн удаа манай нөхөн олговрын хүсэлтийг шийдэж өгөөч, цаашаа уламжилсан юм уу гэдэг албан бичгийг хэд хэдэн удаа өгсөн. Ашигт малтмал газрын тосны газраас 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бас л нэг мэдэгдэл албан бичиг өгөөд байгаа юм. Танай хүсэлтийг судлаад цаашаа ингээд уламжлах ажил бол хийгдэж байна. Гэхдээ хууль тогтоомжийн хүрээнд ойлгомжгүй нөхцөл байдал байгаа учраас удаашралтай байгаа гэдэг агуулгатай албан бичгийг өгөөд байдаг. Үүний дараа мөн адил хавтаст хэрэгт цугларсан баримтаар манайхаас ч хүсэлтээ дахиад л өгдөг. Нөгөө талаас дахиад л манайх ингээд судалж байна гэдэг хариуг өгдөг. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засгийн газартай холбоотой Давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа хэрэг дээр шүүхийн үзлэг хийсэн. Ашигт малтмал газрын тосны газрын гарч ирсэн баримтаар 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай татгалзсан шийдвэр гарч ирж байгаа юм. Энэ татгалзсан шийдвэр өөрөө хууль бус болохыг тогтоолгох ийм зайлшгүй шаардлага үүссэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Татгалзсан шийдвэр дээр бас л ойлгомжгүй нөхцөлийг заагаад танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хариу өгөөд байгаа нь ажлын хэсэг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцоход баримтлах нөхөн олговорт тооцох аргачлалыг боловсруулаад уг аргачлалын төслийг Захиргааны ерөнхий хуулийн захиргааны хэм хэмжээний актад тавигдах шалгуурт нийцүүлэхээр дээд шатын төрийн болон шүүхийн байгууллагад хандсан. Гэхдээ хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн энэ чиглэлийг ирүүлсэн. Манай газар дээр. Энэхүү аргачлал батлах эрхийг тодорхой эрх бүхий этгээдэд хамруулах хуулийн төсөлд нь манайх саналаа өгсөн. Хуулийн өөрчлөлт орсноор танай хүсэлтийг хэлэлцэх боломжтой. Одоо бол хэлэлцэх боломжгүй байна. Дээрээс нь танай талбайн мэдээллийг хүлээн авч Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй гэдэг хариуг өгсөн. Үүний дараа мөн л 9 дүгээр сарын 27-ны өдөр танайд хариу өгсөн гэх албан бичиг яваад байдаг. Нийтдээ энэ ажлын хэсгээс 10 удаа хуралдсан гээд хэлээд байгаа. 10 удаа хуралдахдаа ямар асуудлыг шийдсэн бэ гэхээр 1 дүгээрт тэр аргачлал гэдэг зүйлийг баталсан юм байна. Гэтэл одоо яагаад хуульд нэмэлт өөрчлөлт орж байж манайх энэ хүсэлтийг чинь цаашаа шийдвэрлэхээс биш энэ хүртэл боломжгүй гэдэг хариу өгөөд байгаа юм. Дээрээс нь нийтдээ 12 компани байна. Хуулийн холбогдох хориглосон, хязгаарласан бүсэд хамаарсан нийт 12 талбай байна. Энэ 12 талбайтай холбоотой нөхөн олговрын хүсэлтийг хүлээж аваад цаашаа Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдад уламжлах гэдэг энэ хуралдаануудад 57 дугаар тогтоолтой холбоотой давхацсан, хэсэгчлэн давхацсан, тусгай зөвшөөрлийн талбайгаа давхацсан учраас хүлээлгээд өгчихсөн компанийн асуудлыг хүртэл шийдээд цаашаа уламжлахаар шийдвэрлэсэн атлаа яагаад А******* гэдэг энэ компанийн нэг ч нэр энэ ажлын хэсэгт мэдэгддэггүй, тооцоо судалгаа гэдэг зүйл нь ч байдаггүй юм. Тэгээд аж ахуй нэгжүүдэд тэгш хандана, нээлттэй байна гэдэг. Гэтэл яагаад 57 дугаар тогтоолтой холбоотой өөр компанийн асуудлыг тэр аргачлалаараа шийдчихээд одоо А******* компанийн нэг ч асуудлыг нь шийдэхгүй байснаа одоо хуулийн өөрчлөлт орж байж л боломжтой гэдэг хариу өгөөд байгаа юм. Энэ нь хууль бус гэдэг зүйлийг тайлбарлаж байгаа юм. Тийм учраас Ашигт малтмалын газар Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны өгсөн чиглэлийн дагуу мэдээлэл, тооцоо судалгааг нь аваад холбогдох хүсэлтийг нь яам руу уламжлах л ийм зүйл байгаад байгаа юм. Гэтэл яаманд уламжлахгүй учраас Засгийн газар  нь шийдвэрээ гаргах боломжгүй. Ингээд л энэ дээр гацаачихсан асуудал байгаад байгаа учраас бид нар давах дээр байгаа тэр Засгийн газарт холбогдох хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаад шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Компанийн хувьд гэх юм бол нэгэнт л 57 дугаар тогтоолоороо Засгийн газарт үүрэг болгочихсон заалт нь байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13 дахь заалт өөрөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Мөн хуулийн 14.4 дэх заалт байна. Дээрээс нь үүнийг дагаад Ашигт малтмалын газар өөрөө холбогдох аргачлалаа хууль тогтоомжийн дагуу баталчихсан. Хууль тогтоомжийн зохицуулалт нь байсаар байтал энэ аргачлалыг батлах эрх хэмжээ байхгүй. Дээрээс нь энэ аргачлал байхгүй байгаа учраас гэдэг шалтаг шалтгаан тоочоод өнөөдрийг хүрсэн учраас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байгаа. Тийм учраас энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж байна” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2008 онд анх хайгуулын зөвшөөрлийг олгосон байдаг. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч компанид 2011 онд энэ тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр талбайгаа бүхэлд нь буцааж өгье гэсэн хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргадаг. Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д хайгуулын эд ашиглалтын тухай шийдвэрийг эзэмшиж байгаа төрийн захиргааны байгууллагын батлагдсан маягтын дагуу үйлдэж тусгай зөвшөөрөл бүхэлд нь буюу хэсэгчлэн буцааж өгөх эрх нь нээлттэй гэж тусгасан байгаа. Үүний дагуу нэхэмжлэгч компаниуд талбайгаа бүхэлд нь буцааж өгөх хүсэлт гаргаж Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн хэлтсийн даргын 2020 оны 33 дугаар шийдвэрээр талбайг нь буцаан авч шийдвэрлэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх гэж заасан. Талбайг буцааж өгснөөр тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болсон гэж хариуцагч маргаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13 дахь хэсэгт Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байгаа. Засгийн газрын бүрэн эрхийн асуудлыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр УИХ-аар баталж нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийг буцаан хэрэглэхгүй гэж УИХ-аас тогтоогоод өгчихсөн. Гэхдээ нэхэмжлэгч компанийн асуудал нь Улсын Их Хурлаар орсон 2012 оны 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авчихсан. Гэтэл 2017 онд хууль тогтоох байгууллагаас хуулийг буцаан хэрэглэхгүй, 2017 оны 7 дугаар сарын 01-ний дотор буцаан хэрэглэхгүй, зөвхөн 2014 оноос хойших асуудлыг нөхөн олговрын асуудал дээр компани дүйцүүлэх асуудал гэж үүссэн байдлаар хуулийг тайлбарлаад өгчихсөн байгаа. Талбайг дүйцүүлэн авах эрхгүй этгээд гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасныг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор тайлбарлаж өгсөн. Тайлбарлахдаа нөхөн олговрыг олгох журмаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засгийн газар эсхүл түүний эрх олгогдсон байгууллага буюу Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт эрх олгосны үндсэн дээр талбайг дүйцүүлэн авах уу, эсхүл нөхөн олговор мөнгөн хэлбэрээр авах уу гэдэг асуудлыг хэлэлцэн тохиролцох эрхийг олгож өгч байгаа. Үүний  дагуу Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Засгийн газраас аж ахуй нэгжүүдтэй харилцан тохиролцох эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт  өнөөдрийн байдлаар олгоогүй байгаа. Олгоогүй байгаа асуудал дээр Ашигт малтмал, газрын тосны газар шууд Засгийн газарт уламжлах нөхөн олговрыг харилцан тохиролцох эрх байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн Засгийн газар эрх олгоогүй тохиолдолд манайх Засгийн газарт уламжлах эрх байхгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч компаниас 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мөн энэ асуудлаар нэхэмжлэлд дурдсан асуудлаар Засгийн газарт уламжлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүний хүрээнд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 6777 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж холбогдох процессын ажиллагаа явагдсаны дараа нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 0357 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзчихсан. Яг энэ асуудлаараа, яг энэ нэхэмжлэлийн үйл баримтаар. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг асуудлаар нэхэмжлэл гаргасан өөр этгээд нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэсэн байдлаар хуулийг тайлбарласан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа учраас энэ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК-ийг А******* компани 2020 онд шилжүүлж авсан байдаг. Энэ тусгай зөвшөөрлийг буцаагаад өгсний дараа шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл, А******* компанийн хувьцаа эзэмшигч нарын эрх ашиг ямар ч байдлаар хөндөгдөхгүй. 100 хувийн Хятад улсын хөрөнгө оруулалттай компанид өөрийнхөө тусгай зөвшөөрлийг буцааж өгөөд шилжүүлж авсан. Ашигт малтмал газрын тосны газраас лавлагаа авсан байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх талаар лавлагаа авсан. Ингэхэд энэ тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй гэсэн лавлагааг авч байж улсын бүртгэлийн газарт шилжүүлж хийлгэсэн байгаа.  Ж* компанийн УИХ-ын 57 дугаар тогтоолоор хэсэгчлэн давхцалтайд нь тусгай зөвшөөрлийг нь олгохоор ажлын хэсэг ажиллаад байгаа, манайх дээр ажиллахгүй байна гэж яриад байна. Тэгэхээр Ж* компанийн хувьд хоёр шатны шүүхийн шийдвэр гарахдаа Улсын Дээд шүүхийн тайлбар гараагүй байсан үед гарсан.  Дээд шүүхийн тайлбар 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 13 дугаар тайлбар гарсан. Тэрнээс өнөөдөр Ж* компани нь 57 дугаар тогтоолтой холбоотой болон орон нутгийн тусгай хэрэгцээтэй компани ч гэсэн шүүх шийдвэрээ гаргаад нөхөн олговрын асуудлыг шийдсэн ийм хэд хэдэн тохиолдол байдаг. Үүнийг нь нэг мөр ойлголттой болгох үүднээс Дээд шүүхээс тайлбарласан. Дээд шүүх тайлбартаа агентлагийн даргын тушаалаар баталсан ажлын хэсэг нь хэд хэдэн удаа Дээд шүүхэд хандаж хүсэлт гаргаж байж тайлбарлана гэсэн юм. Тэгээд 2022 оны тэр тайлбараас хойш бид бүгд нэг мөр ойлголттой байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх зорилгоор тусгай хэрэгцээнд авсан тэр талбай дээр л нөхөн олговор олгоно шүү гээд заачихсан юм. Түүнээс биш байгаль орчныг хамгаалах, унаган төрхийг нь хадгалах, байгаль орчныг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тусгай хэрэгцээнд авсан талбай дээр хуулийн 9.1 13-аар нөхөн олговор олгох, талбайг дүйцүүлж авах тухай ойлголт байхгүй. 57 дугаар тогтоолоор Ашигт малтмалын хуулийн 14.1-т зааснаар энэ компани үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой байсан. Яагаад гэвэл тусгай хэрэгцээнд авсан байгууллага нь нэг жилийн дотор нөхөн олговроо өгөхгүй бол нэг жилийн дараах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гээд заасан. Яг үүнтэй адилхан кэйс байгаа. Ш гээд компани байгаа. 57 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авчихсан боловч одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймд боломж нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид байсан. Олон жил өнгөрөөд тусгай зөвшөөрлөө буцаагаад өөр этгээдэд авсныхаа дараа ингэж нэхэмжлэл гаргаж нөхөн олговор авах гэж байгаа нь эрх ашиг нь хөндөгдөөгүй. Ийм учраас нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна.” гэв.  

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж зөвшөөрсөн тул уг хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “А*******” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ: ...Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8283 дугаар албан бичгээр XV- тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан нөхөх олговрын асуудлыг Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна гэж бидэнд мэдэгдэж нөхөх олговор авах хүсэлтийг манай компаниас авснаас хойш бараг гурван жилийн хугацаа өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл бидний хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа нь манай компанийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна... гэжээ.

            3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:

            Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Ажлын хэсгийн ахлагчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай  “Ж” ХХК-д хүргүүлсэн албан бичигт “...Танай компаниас ирүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу талбай дүйцүүлэн авах тухай хүсэлт ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд мөн ирүүлсэн талбайн мэдээллүүдийг хүлээн авч кадастрын бүртгэлийн системд бүртгэх боломжгүй болох”-ыг мэдэгджээ.

            4. Дээрх албан бичиг болон  нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн 2019 оны 1/121 дугаартай албан бичиг зэргээс үзвэл тус компани нөхөн олговороор Төв аймгийн Б, У******* сумын хамарсан 1 талбай, мөн Дорноговь аймгийн Д******* сумын нутагт 1 талбайг авах хүсэлтээ ирүүлсэн болох нь тогтоогдож байна.

            5. Хэрэгт “А*******” ХХК (Ж******* ХХК)-ийн XV- дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь улсын тусгай хэрэгцээний газар, улсын хилийн 15 км зурвас газартай тус тус давхцалтай талаар баримт /хэргийн 103 дугаар хуудаст/ авагдсан, мөн Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор тухайн талбайг шууд тусгай хэрэгцээнд авсан Чн голын ай сав газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд тухайн талбай нь анх авах үед улсын хил болон Чн голын хамгаалалтын бүстэй  бүхэлдээ давхцалтай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримттай талууд маргаагүй.

            6. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар тус хуулийн 9 дүгээр зүйлд 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн заалтыг нэмсэн бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”, 6.2-д “Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.

            7. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан заалтад өөрчлөлт оруулж, энэ хуулийн 19.12 гэснийг ...улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн... гэж өөрчилсөн байна.

            8. Дээрх хуулийн заалтуудыг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын талбайг Монгол Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан гэх цаг үед дээрх хуулийн зохицуулалт байгаагүй, мөн уг хуулийг буцааж хэрэглэхгүй гэж заасан, нөхөх олговрыг өөр талбайгаар дүйцүүлэн авах хүсэлтийг Засгийн газарт уламжлах эрх зүйн үндэслэлгүй байх тул Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй.

            9. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “А******* ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Д******* сумын нутагт Х нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг хариуцагчид даалгуулах” шаардлагын тухайд:

            Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар А******* ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8283 дугаар албан бичгээр улсын тусгай хамгаалалтад авагдсан талбайд нөхөх олговор авах хүсэлтээ баримтын хамт ирүүлэх талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч холбогдох баримтыг өргөдлийн хамт хүргүүлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлийн талбайг буцаан авах Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэр гарсан тул нөхөн олговор олгох асуудал байхгүй гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

            11. Учир нь Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын талбайг тусгай хэрэгцээнд авсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон газрыг хүлээлгэн өгснийг Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан талбайг буцаан өгсөн харилцаа үүссэн гэж үзэхгүй.

            12. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайг буцаан авах харилцаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн талбайд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн байхыг ойлгоно.

            13. Нэхэмжлэгчээс “...тусгай зөвшөөрлийн талбайг нь тусгай хэрэгцээнд авсан атлаа нөхөх олговор олгоогүй...” гэж маргаж байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө" гэж зааснаар  нөхөн олговор авах хүсэлтийг нь шийдвэр гаргасан байгууллага руу хариуцагч захиргааны байгууллага уламжлах үүрэгтэй юм.

            14. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж, 14 дүгээр зүйлийн 14.4-т "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө" гэж тус тус зааснаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгчээс гаргасан нөхөх олговор авах хүсэлтийг Засгийн газарт уламжлахгүй байгаа нь хууль бус байна.

            15. Тодруулбал, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалттай газрын зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан бол нөхөх олговор олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 11 дүгээр зүйлийн 11.4-д “Агентлаг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яам, агентлагтай хуульд өөрөөр заагаагүй бол шууд харилцана” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар уг асуудлыг Засгийн газарт өргөн мэдүүлж, асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй.

            16. Иймд Ашигт малтмал, газрын тосны газар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, хуульд заасны дагуу нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А*******” ХХК-аас А м, г т г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “А******* компанийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Д******* сумын нутагт Х нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор авах хүсэлтийг Засгийн газарт уламжлахыг хариуцагчид даалгаж, үлдэх Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулж, нэхэмжлэгч “А*******” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЧАНЦАЛНЯМ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ДУЛАМСҮРЭН

                                                  ШҮҮГЧ                         Ц.ОДМАА