Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 362

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/00362

 

Ү.Бгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/2815 дугаар шийдвэртэй, Ү.Бгийн нэхэмжлэлтэй, Цагаатгалын нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.Б, Цагаатгалын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  Дагвын Лэгбалийг 1938 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 2 дугаар тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэж, Эвэрт гэдэг газраас баривчлан шоронд хориод улмаар дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комиссын 1941 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 7 дугаар хурлын тогтоолоор сулласан. Аав маань Төв хүрээ хийдэд шавилан сууж байгаад эсэргүү гэдэг нэрээр татагдан 10 жилийн ял авсан ч 3 жил суугаад гарсан. Уг нь хуулиар гэрээ хураалгасан бол 40 000 000 төгрөг олгоно гэсэн байсан ч цагаатгалын комиссоос надад та эдгээр баримтыг бүрдүүлээд шүүхээр ор гэж хэлсэн. Төрсөн ганц дүүтэй, бид мөнгийг хувааж авахаар хэлцэл хийсэн. Бороо нь Үржингээр овоглосон ч Дагвын Лэгбалын хүүхэд нь мөн нь батлагдсан, Засаг тэгж шийдвэрлэсэн учраас надад 40 000 000 төгрөг өгөх нь зөв. Иймд улс төрийн хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд заасны дагуу охин Ү.Б надад нөхөн олговор гаргуулж өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд, прокурор  Н.Пүрэвтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаатгалын нөхөн олговорын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар орон сууц аваагүй талаарх лавлагаа байхгүй. 1956 оны лавлагаанд Лигбалын Цог гэдэг хүн бүртгэгдсэн. Өнөөдөр байгаа бүртгэлээр Лигбалын Ноосов гэдэг хүн бүртгэгдсэн, өөр хүн байхгүй. Энэ хүн нөхөн олговор авахыг зөвшөөрсөн гэдэг баримт орж ирсэн учраас Л.Цог гэдэг хүн байгаа эсэхийг тодруулах, орон сууц авсан эсэх лавлагааг тодруулах шаардлагатай гэж үзэж байна.  Ү.Бд цагаатгалын нөхөн олговор олгуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ү.Бгийн гаргасан цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар нэхэмжлэгч Ү.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ү.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Аав Дагвын Лэгбал нь одоогийн Увс аймгийн Түргэн сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан Төгсбуянтын Хүрээнд шавилан сууж байсны учир эсэргүү гэж 1938 оны 10 сард баривчлагдан 10 жилийн ял сонсож шоронд ороод 1941 оны 2 сарын 26-нд Дотоод Яамны тогтоолоор хэрэгт холбогдолгүй гэж суллагдсан. Монгол улсын цагаатгалын комисс хэлмэгдэж шийтгэгдсэн цаазаар авахуулсан хүмүүсийн тухай бичсэн цагаан номыг сумуудад ирүүлсэн. Үүнээс бидэнд сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн ажилтнууд танилцаж учрыг мэдэн өргөдөл хүсэлтээ гаргаад 1 сая төгрөг авсан. Ээж Үржин амьд байсан учир гэр бүл нь гэж өгсөн, орон сууц аваагүй. Монгол улсын цагаатгалын комисс олон жилийн лавлагаа материалд цуглуулах сүүлийн 3 жил үр хүүхэд гэр бүлийнхэнд ойлгуулж, хамтран ажиллаж баталж нотолсны эцэст намайг Дагвын Лэгбалын төрсөн охин мөн тул 40 000 000 төгрөг авах эрхтэй боллоо гэж сонинд өгч орон даяар зарлуулаад шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хурал болж шүүгч, прокурор, нарийн бичиг нар хуралдаад та 40 000 000 төгрөг авах боломжгүй хуулийн заалт тийм байна гэж хэлээд миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Би маш их гомдолтой байна, 40 сая төгрөг өгөхгүй гэсэн шалтгаанууд орон сууц аваагүй гэсэн лавлагаа байхгүй, одоо цагаатгалын комисс гаргаж өглөө, таны аав баригдах үедээ гэр орон эд мал хураалгаагүй учир гэнэ. Тэр үеийн гэр бүлгүй лам нар бүгд л хувийн өмчгүй байсан. 800 ламыг тэжээдэг жасын мал лам нарын дундын өмч биш үү. Энэ заалт зөвхөн орон сууц олгосон хүмүүст л хамаарах заалт байх гэж бодож байна. Би бодохдоо 40 сая төгрөгийг миний аавыг хилс хэрэгт гүтгэж шоронд зовоож эрүүл мэндээр нь хохироож богино наслах болгосон хохиролд нь өгч байгаа нөхөн олговор гэж бодож байна. Хураалгасан хөрөнгийн нөхөн төлбөр биш. Бидний хэн нь ч хөрөнгө нэхээгүй. Цагаатгалын комиссын ажилчид хуулийнхан ч надад ингэж тайлбарласан. Лавлагаанд Лэгбалын Цог гэж байна. Дүү чинь одоо Лэгбалын Ноосов гэдэг овог нэртэй учир Цог мөн эсэхийг лавлаагүй. Дүү 5 настай, би 10 настайд аав ээж нас барж бид 2 нэгийгээ тэврээд уйлаад зогсож байсан учир бид нэг аав нэг ээжтэй төрсөн эгч дүүс мөнөөс мөн. Аав нас барж би аймгийн 10 жилд сурч байхад дүү 1 дүгээр ангид орох болоход авга 1 жил завсардуулж насыг нь дараад 9 настай хүүхдийг 8 настай гэж Ноосов гэсэн гэрийн нэрээр бүртгүүлснээс насаараа энэ нэрээр явж ингэж улсын бүртгэлтэй овог нэрээ тулгах шаардлага гараагүй учир өөрөө одоо мэдэж гайхаад явж байна. Нэр лавлах боломжгүй. Тэгээд ч дүү нэхэмжлэгч биш. Ийм учраас надад 40 сая төгрөг олгох үндэслэлтэй гэж бат итгэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ү.Б цагаатгалын нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хэрэгт ач холбогдол бүхий зарим үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, Ү.Бгийн эцэг Д.Лэгбал нь Төв хүрээ хийдэд шавилан сууж байгаад 1938 онд хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлагдан, 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1341 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дотоод хэргийн яамны дэргэдэх тусгай комиссын 7 дугаар хурлын тогтоолоор суллаж цагаатгасан байна. /хх3/

Нэхэмжлэгчийн нөхөх олговор авах хууль зүйн үндэслэлийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “...орон гэр, эд хогшил хураан авсан, улсаас орон сууц авч байгаагүй” гэж тайлбарладаг бөгөөд хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байхад хэлмэгдэгчийг гэр, сууцыг хураан аваагүй гэж дүгнэх боломжгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “...хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр нөхөр, хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүй орон сууц, гэр олгоно” гэж заасан байна. Хуулийн энэ заалтын хүрээнд хэлмэгдэгч болон түүний эхнэр /нөхөр/ орон сууц олгох журмыг тогтоосон. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаас бус “...хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр, /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгохоор хуульчилсан.  Энэхүү заалтын дагуу нөхөн олговор авах эрхтэй эсэхийг тогтооход хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/ нь дээрх хуулийн 23 дугаар зүйлд зааснаар өмнө нь хэлмэгдүүлэлттэй холбоотой орон байраар хангагдсан эсэх нөхцөл байдал ач холбогдолтой.

Хэлмэгдэгчийг амьд байх үед нь төр, орон нутгаас хэлмэгдэлтэй холбоотойгоор орон сууцаар хангаж байсан эсэх үйл баримт хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд үүнийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан журмын дагуу холбогдох байгууллагын архив болон Үндэсний төв архивын газраас тодруулах шаардлагатай. 

Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зохих заалтын агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт  хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж үзнэ.

Гуравдагч этгээдээс  нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан байхад шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4,105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчжээ./хх-31/

 Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/2815 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

                                                                                       Б.НАРМАНДАХ