Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/103

 

С.Энхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Цогтмагнай

Шүүгдэгч С.Энхбаяр түүний өмгөөлөгч  Д.Доржготов, Д.Мэндээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн  нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлоор С.Энхбаярт холбогдох эрүүгийн 201400000373 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овогт *******ийн Энхбаяр 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 39 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Содон үйлдвэрчний эвлэлийн гудамж 105 дугаар байр 64 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар *******/,

С.Энхбаяр нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Байшинтын булан” гэх газар ”Hyundai”  маркийн экскаватороор тусгай зөвшөөрөлгүйгээр 0.0333 га хэмжээ бүхий газар ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 887.762 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт *******ийн Энхбаярыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******ийн Энхбаярыг  нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С.Энхбаярт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч С.Энхбаяраас гурван сая дөрвөн зуун хорин есөн мянга нэг зуун арван есөн / 3.429.119 / төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч С.Энхбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан экскаваторын үнэ арван сая таван зуун мянган / 10.500.000 /  төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хэргийн газрын үзлэгийг хийх үед дуу дүрсний бичлэг хийсэн СД-ийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шар өнгийн “Хюндай” экскаватор нэг ширхэг түүний компьютер зэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол, шүүгдэгч С.Энхбаярын “Монел” маркийн 50 инчийн ЛСД зурагтыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын  тогтоолыг тус тус хүчингүй болгож дээрх шар өнгийн экскаватор, түүний компьютер зэргийг эзэмшигч Г.Ганхуягт, ЛСД зурагтыг эзэмшигч С.Энхбаярт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  хэрэгцээний дагуу тус тус буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан  хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ

Шүүгдэгч С.Энхбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/360 шийтгэх тогтоолыг хүндэтгэж байгаа боловч ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэх гомдлыг гаргаж байна.

 Шүүгдэгч С.Энхбаяр миний бие тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэм буруугаа буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учруулсан хохирлоо төлж барагдуулахгүй шүүх хуралд орсон нь миний маш буруутай үйлдэл гэдгээ ойлгосон. Миний хувьд ам бүл 6, эхнэр 10 сараас 16 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Өрх гэрийн гишүүд маань зөвхөн миний хөдөлмөрлөж олсон орлогоор амьдардаг. Миний буруутай үйлдлээс болж улсад учирсан 3.429.119 төгрөгийн хохирлыг төлж байгаль экологид учирсан хохирол болон нөхөн сэргээлтийн хохирлыг барагдуулсан. Миний хувьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд огт холбогдож байгаагүй гэмт хэрэг зөрчил үйлдэх талаар санаа зорилго байдаггүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирлоо нөхөн төлсөн болон ар гэрийн амьдрал ахуйн байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор Г.Цогтмагнай  тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ, Д.Доржготов нар   тус  шүүх хуралдаанд гаргасан  саналдаа; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 эсвэл 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэцгээв.                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  С.Энхбаярын  давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах    гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх   ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хавтаст хэрэгт цугларч, анхан шатны  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч С.Энхбаяр нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй байж 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Байшинтын булан” гэх газрыг  “Hyundai”  маркийн экскаватор трактораар ухаж,    0.0333 га  газарт ашигт малтмалын эрэл хайгуул  явуулж байгаль экологид  учруулсан экологи-эдийн засгийн нөхөн төлбөр 2279361 төгрөг, нөхөн сэргээлтийн 1148758 төгрөг нийт 3429119 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь

Хавтаст хэргийн 30,32 дугаар талд авагдсан”... Энхбаярын...ухсан газар нь ... эрүүл газар байна лээ. ... байгаль орчинд учруулсан хохирол болох 2.279.361 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх Иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Очирын мэдүүлэг

Хавтаст хэргийн 120-121, 126 дугаар талд авагдсан “...С.Энхбаяр “Түрээсэлье” гэсэн юм. ....эхний ээлжид 7 хоногийн хугацаатай 5 сая төгрөгөөр түрээслэхээр тохироод 8 сая төгрөгийг шилжүүлсэн юм. ....С.Энхбаяр нь утсаар яриад л миний техникийг аваад явсан...гэх  Иргэний нэхэмжлэгч Г.Ганхуягийн мэдүүлэг

Хавтаст хэргийн  45-47 дугаар  талд авагдсан ”... Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт “Байшинтын булан” гэх газарт  ... 1-р цэг N 46 24 50.2 Е 99 24 21.7 гүн нь 154 см, 2-р цэг N 46 24 50.0 Е 99 24 гүн нь 124 см, 3-р цэг N 46 24 50.2 Е 99 24 21.0 гүн нь 115 см, 4-р цэг нь N46 2 Е 99 24 21.1 гүн нь 116 см цэг солбицолтой хэмжээтэй нүхийг ухсан...  нийт 0.0333 га талбай нөлөөлөлд /эврэлд/ өртсөн байна. Тус талбайн байгаль орчны экологи эдийн засгийн нийт бодит хохирол 887 мянга 762 төгрөг,. ...байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн нөхөн төлбөрийн хэмжээ нь 2 сая 279 мянга 361 төгрөг, ...нөхөн сэргээлт хийхэд 1 сая 148 мянга 758 төгрөг шаардлагатай. ...тухайн газар нь ашигт малтмал олборлохоос өмнө эвдрэлд өртөөгүй эрүүл газар байсан байна.... Тухайн газарт 432.9 мЗ газар шорооны ажил хийсэн... “ гэх Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны хохирлын үнэлгээний зөвлөх Эко ти эс би  ХХК-ийн шинжээч А.Санжаажамцын дүгнэлт,

Хавтаст хэргийн 86 дугаар талд авагдсан “... тракторын зах зээлийн үнэ төгрөг 10.500.000 ... “ гэх  Энх-Нахиа ХХК-ийн  шинжээчийн дүгнэлт болон  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв  байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Энхбаярын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан  ялын төрөл хэмжээний  хүрээнд   хорих ял  оногдуулжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч С.Энхбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан   “Hyundai”  маркийн экскаватор трактор нь Г.Ганхуягийн өмчлөлийн болох нь Г.Ганхуягийн мэдүүлэг, С.Энхбаяр болон Г.Ганхуяг нарын хооронд байгуулагдсан гэрээгээр тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний үнэ 10500 000 төгрөгийг шүүгдэгч С.Энхбаяраас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн нь    хуулийн үндэслэлтэй  болжээ.

Харин Давж заалдах шатны шүүх  шүүгдэгч С.Энхбаярын Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал,  хэрэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 3429119 төгрөгийг  нөхөн төлсөн,   гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  шүүгдэгч С.Энхбаярын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Энхбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1-т зааснаар  хорих ял  оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж,  албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх  нь зүйтэй  гэж  үзэв.

Иймд   хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Энхбаярын  давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдлыг  хүлээн авч шийдвэрлэв.

                       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн 1.4- т тус тус  заасныг  удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2 дахь заалтад

              “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******ийн Энхбаярыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Энхбаярт хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж,   мөн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ  авсугай” гэж,

3 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч С.Энхбаярт оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5,6 дугаар зүйл, 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6-д  тус тус зааснаар   шүүгдэгч С.Энхбаяр нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн бол  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож хуульд зааснаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, 36.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч С.Энхбаяр нь 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын  17-ны өдрийг хүртэл 38 хоног цагдан хоригдсон  болохыг дурдаж,  цагдан хоригдож байгаа шүүгдэгч С.Энхбаярыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3.Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                                                                                        ДАРГАЛАГЧ                                                    Б.БОЛОР-ЭРДЭНЭ

         ШҮҮГЧИД                                                     Н.ЭНХМАА

                                                                                              Ч.ЭНХТӨР