| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2017/0299/Э |
| Дугаар | 55/ДШМ/2017 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 55/ДШМ/2017
С.Эт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч О.Однямаа /Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн/, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ю.Батсүх,
шүүгдэгч С.Э,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяагийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 284 дугаар шийтгэх тогтоолтой С.Эт холбогдох 1734000000014 дугаартай 81 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч С.Э нь Төв аймгийн Батсүмбэр сумын төвд байрлах “Хулан” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Д.Эийн зүй бус харьцаанаас шалтгаалж түүнтэй маргалдан зодолдож, улмаар Д.Эийн толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 284 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овгийн Сонинхүүгийн Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 02 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эээс 719 200 /Долоон зуун арван есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн Үйлдвэрлэлийн 1-2 тоотод оршин суух Боржигон овгийн Дагийрагчаагийн Эт /РД:УГ:64081800/ олгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Э нь хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Д.Э нь хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа зохих баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын давж заалдах гомдолдоо: “... Би 2017 оны 07 орой Батсүмбэр сумын төвд байрлах “Хулан” дэлгүүрт хаах гээд байж байтал гаднаас Д.Э орж ирээд торт зээлээч гэхээр нь зээл өгөхгүй гэхэд юун сүртэй юм хүний юманд суучхаад хүүдэгнээд байхгүй шүү гичий янхан минь гэх мэтээр доромжилж, хараагаад чи ээжийгээ алсан биздээ гээд гэж доромжилж, дэлгүүрээр 3-4 удаа орж гараад байхаар нь миний тэвчээр алдаж цоожоо хана руу шидэж, түүний дал руу түлхэж гаргах гэхэд цээжийг самардаж, хувцас урсан. Гэтэл түүний хүү орж ирээд татаж байсан тамхиа миний нүүр лүү шидэхэд манай нөгөө худалдагч татаж гаргасан. Гэтэл Э зодсон, тархи толгой доргисон гэсэн дүгнэлт гаргуулаад намайг ял шийтгүүлсэнд маш их гомдолтой байна. Одоо ажил хийхэд айдас хүйдэстэй амьдрахад маш хүнд болж байна. Ажил хийж байхад хэл амаар доромжилж сэтгэлд эвгүй эмзэг сэдэв ээжээр маань худал гүтгэж доромжилж басамжлаад байхаар нь түлхсэн үйлдэл хийсэн. Эт учруулсан гэмтлийг би хүлээн зөвшөөрөхгүй дахин бүрэлдэхүүнтэй гаргуулах саналтай байна. Тархи доргисон байхад эмчилгээний зардал гэж 719 000 төгрөг гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн 284 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтанд буцааж, хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч С.Э нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 15 минутын орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын төвд байрлах “Хулан” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Д.Этэй маргалдан, улмаар түүнийг зодож, “тархи доргилт, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт ...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, уг хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын давж заалдах гомдлыг судалж үзвэл: Энэ хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Д.Эийн зүй бус харьцаанаас үүссэн ба С.Э нь хохирогч Д.Эийг дэлгүүрээс гарангуут цоож шидэх, араас нь гарч очин үсдэлцэх, цохиж, зодолцсон зэрэг өөрийн гэм буруутай үйлдэлдээ идэвхитэй хандсанаараа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн субьектив талын шинжийг бүрэн агуулжээ. Энэ нь гэрч Ц.Насанцэнгэлийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна. /хх-8, 77/ Анхан шатны шүүхээс С.Эрдэнэцэцгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгосон нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна. Хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас үзвэл 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “IMAGE” КТГ тархины оношилгоо хийлгэсэн төлбөр 80 000 төгрөг, “Цогт хайрханы хишиг” эмийн сангаас худалдан авсан эм тарианы төлбөр 177 700 төгрөг, 7 дугаар сарын 25, 9 дүгээр сарын 18-ны өдөр мэдрэлийн эмчид үзүүлсэн төлбөр 23 000 төгрөг, энэ хугацаанд Төвийн Зуунмод сум, Улаанбаатар хот, Төв аймгийн Батсүмбэрийн хооронд зорчсон автобус болон вагоны зорчих тасалбарын үнэ, шатахууны төлбөр 50 100 төгрөг, нийт 330 800 төгрөгийг шүүгдэгч С.Эээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна. Харин хохирогчоос гаргаж өгсөн бусад нотлох баримтуудын хувьд уг хэрэгт хамааралгүйн дээр хэрэгт харьяалах эмнэлгийн байгууллагаас нээсэн эмчлүүлэгчийн карт байхгүй, ямар эмчилгээг хэрхэн хийлгэсэн энэ нь тархины доргилттой шууд хамааралтай эсэх зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай шууд холбоотой гэж үзэхэд эргэлзээ төрөхүйц байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын “...тархи доргисон байхад эмчилгээний зардал гэж 719 200 төгрөг гаргасан хууль зүйн үндэслэлгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Харин хохирогч Д.Э нь эмчилгээний зохих баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрх хэвээр байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 284 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэг 5 заалтын “...719 200 төгрөг” гэснийг “...330 800 төгрөг” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД О.ОДНЯМАА Т.ЭНХМАА