Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2023/0843

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Б*******

Хариуцагч: С******* дүүргийн Засаг дарга

Маргааны төрөл: Нийслэлийн С******* дүүргийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/102, А/103 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн С******* дүүргийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/102, А/103 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ:

1. Иргэн М Б******* нь нэгж талбарын 14******* дугаартай газрын эзэмших эрхийг Монгол улсын иргэн Б Өгээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулан, шилжүүлэн авч холбогдох баримт бичгийг бүрдүүлэн, Нийслэлийн С******* дүүргийн Засаг даргын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/99 тоот захирамжийг үндэслэн 0000******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, тухайн дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 01119-2020/31425 тоот "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-г байгуулан эзэмших болсон. 2. Мөн зэргэлдээ газар буюу 14******* талбарын дугаартай газрын эзэмших эрхийг иргэн Б Ө шилжүүлэн тус тус авахад төрийн байгууллага албан тушаалтан эзэмших эрхийг нэхэмжлэгч надад олгохдоо хуульд нийцсэн гэж үзэн шийдвэр гаргасан надад эзэмшүүлсэн мөртлөө дараа нь миний эрхэнд халдаж газраа зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн цуцалж байгааг ойлгохгүй байна.

3. Тус газар нь гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтын газар бөгөөд яг газар дээрээ ямар ч мод, бут сөөг байхгүй, мод хол бөгөөд өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг жил бүр хууль, тогтоомжийн дагуу төлж зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд тойруулан 12 орчим сая төгрөгөөр төмөр хашаа барьж, төв замаас тухайн газрын байршил хүртэл сайжруулсан замыг 10 сая төгрөг зарцуулан гарган татаж, амины орон сууц бариулахаар барилгын ажлыг эхлүүлж суурь цутгаад байсан билээ.

4. Мөн энэхүү С******* аманд байрлах газартаа анх авснаас хойш гэр барьж, жилийн 4 улирлын турш агаарт үр хүүхэд, ач зээгээ гаргаж гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар ашиглаж байгаагаа газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэнд үзүүлж байсан бөгөөд хэтэрхий шударга бусаар, ийм хууль бус шийдвэр буюу хууль бус захиргааны акт гаргасантай санал нийлэхгүй байна.

5. Иймд би хууль заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу шат шатны шууд харьяалах төрийн байгууллагад буюу С******* дүүргийн Засаг даргад, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд, Нийслэлийн засаг дарга Д.С тус гомдол гаргаж улмаар бидэнд шүүх, хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх тухай хариу ирээд байна.

6. Хамгийн сүүлд Нийслэлийн засаг даргад гаргасан гомдлын хариу 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 40.1.6."хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. хэмээн үзсэн нь хууль зөрчөөгүй байна хэмээн хариу өглөө. Иймд надад энэхүү хариу 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас утсан мессежээр хариу гарсан тухай мэдэгдэж би хуулийн дагуу энэхүү шийдвэрийг мэдсэнээс хойш буюу хуулийн хугацаанд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрхийн дагуу газар эзэмшиж байгааг маань тогтоож, Нийслэлийн С******* дүүргийн засаг даргын 2023 оны 3 сарын 07-ны өдрийн А/102, А/103 дугаар "Газар эзэмших эрхий гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамжуудыг тус тус хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М Б******* нь нэгж талбарын 14******* дугаартай газрын эзэмших эрхийг Монгол улсын иргэн Б Өгээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан, шилжүүлэн авч холбогдох баримт бичгийг бүрдүүлэн, Нийслэлийн С******* дүүргийн Засаг даргын 2020 оны 03 сарын 16-өдрийн А/99 тоот захирамжийг үндэслэн 0000******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, тухайн дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 01119-2020/31425 тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулан эзэмших болсон.

Мөн зэргэлдээ газар буюу 14******* талбарын дугаартай газрын эзэмших эрхийг иргэн Б Ө шилжүүлэн тус тус авахад төрийн байгууллага албан тушаалтан эзэмших эрхийг нэхэмжлэгчид олгохдоо хуульд нийцсэн гэж үзэн шийдвэр гаргасан надад эзэмшүүлсэн хэр нь дараа нь нэхэмжлэгчийн эрхэнд халдаж газраа зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн цуцалж байгааг ойлгохгүй байна. Тус газар нь гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтын газар бөгөөд яг газар дээрээ ямар ч мод, бут сөөг байхгүй, мод хол бөгөөд өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг жил бүр хууль, тогтоомжийн дагуу төлж зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд тойруулан 12 орчим сая төгрөгөөр төмөр хашаа барьж, төв замаас тухайн газрын байршил хүртэл сайжруулсан замыг 10 сая төгрөг зарцуулан гарган татаж, амины орон сууц бариулахаар барилгын ажлыг эхлүүлж суурь цутгаад байсан билээ.

Мөн энэхүү С******* аманд байрлах газартаа анх авснаас хойш гэр барьж, жилийн 4 улирлын турш агаарт үр хүүхэд, ач зээгээ гаргаж гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар ашиглаж байгаагаа газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэнд үзүүлж байсан бөгөөд хэтэрхий шударга бусаар, ийм хууль бус шийдвэр буюу хууль бус захиргааны акт гаргасантай санал нийлэхгүй байна. Иймд би хууль заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу шат шатны шууд харьяалах төрийн байгууллагад буюу С******* дүүргийн Засаг даргад, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд, Нийслэлийн засаг дарга Д.С тус гомдол гаргаж улмаар бидэнд шүүх, хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх тухай хариу ирсэн.

Хамгийн сүүлд Нийслэлийн засаг даргад гаргасан гомдлын хариу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6."хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй." Хэмээн үзсэн нь хууль зөрчөөгүй байна хэмээн хариу өглөө. Иймд надад энэхүү хариу 2023 оны 05 дугаар сарын 30ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас утсан мессежээр хариу гарсан тухай мэдэгдэж би хуулийн дагуу энэхүү шийдвэрийг мэдсэнээс хойш буюу хуулийн хугацаанд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрхийн дагуу газар эзэмшиж байгааг маань тогтоож, Нийслэлийн С******* дүүргийн засаг даргын 2023 оны 03 сарын 07-ны өдрийн А/102, А/103 дугаар "Газар эзэмших эрхий гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй мөн ойн сан бүхий газартай давхцалтай гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь уг газраа авснаас хойш тухайн газартаа хашаа татаж, гэр барьж төв замаас уг газар хүртлээ зам татаж хөрөнгө оруулалт хийж байсан. Мөн зуны улиралд зусландаа гэр бүлийн хамт амьдардаг байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан он оны агаар сансрын зургаар нотлогддог. Харин ойн сан бүхий газартай давхцалтай гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь ойлгомжгүй. Захиргааны байгууллага иргэн аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгохдоо тухайн газрын ойн сан болон усан сан бүхий газартай давхцалтай эсэхийг шалгасны үндсэн дээр газар олгодог. Гэтэл газар олгох үедээ ямар нэгэн давхцалгүй гэж үзэж газар олгосон хэр нь одоо уг газрыг ойн сан бүхий газартай давхцалтай гэж үзэж байгаа нь захиргааны байгууллагын алдаатай шийдвэр гаргасан байдал гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн М.Б******* С******* дүүргийн 20 дугаар хороо С******* аманд газар эзэмших эрх олгогдсон нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5,2 дахь хэсэгт "Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ой талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газар хамаарна", 8.6 дахь хэсэгт "Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно" заалтуудыг тус тус зөрчсөн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/- ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасны дагуу иргэн М.Б*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Иргэн М.Б******* С******* дүүргийн 20 дугаар хороо С******* аманд газар эзэмших эрх олгогдсон нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт "Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ой талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газар хамаарна", 8.6 дахь хэсэгт "Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад уйл ажиллагаа явуулахыг хориглоно" заалтуудыг тус тус зөрчсөн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг зогсооно" гэж заасны дагуу М.Б*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч нь С******* дүүргийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/102, А/103 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

С******* дүүргийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/102 болон А/103 дугаар захирамжуудаар М.Б******* нь нэгж талбарын 14*******, 14******* дугаар бүхий газруудыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй, мөн Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/15150 дугаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай албан бичгийн дагуу гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

С******* дүүргийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/99 дүгээр захирамжаар маргаан бүхий газруудыг нэхэмжлэгч М.Б******* эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Улмаар нэхэмжлэгчид маргаан бүхий газруудын эзэмших эрхийн гэрчилгээг[1] 2020 оны 6 дугаар сарын 15 болон 17-ны өдрүүдэд олгосон байна.

Газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байна.

Хэрэгт цугларсан маргаан бүхий газарт очиж хийсэн шүүхийн үзлэг, фото зургууд, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2021 оны сансрын зураг зэрэг баримтуудаас үзэхэд, маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч нь гэр буюу байшингийн суурь цутгасан, гэр барьсан, хашаа барьсан болох нь нотлогдож байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар газар эзэмших эрхтэй болсон ба Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2021 оны сансрын зургаас үзэхэд 2021 онд тухайн газар дээр гэр барьсан байсан болох нь бодитоор тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар газраа ашиглаагүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Мөн газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээнээс үзэхэд, маргаан бүхий газруудыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар олгосон байх ба үүнээс үзэхэд зуслангийн зориулалтаар эзэмших эрх авсан газар дээрээ гэр барих эсэх, байшин барих эсэх, эсхүл барихгүй байх нь газар эзэмшигчийн эрхийн асуудал гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24 дүгээр зүйлийн 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас, мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, шалгасны үндсэн дээр үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Иймд дээр тайлбарласан үйл баримт, үндэслэлүүдээс үзэхэд маргаан бүхий Засаг даргын захирамжуудаар нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь маргаан бүхий захирамжуудыг гаргахдаа Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг үндэслэн ойн сан бүхий газарт эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь бодит байдалд маргаан бүхий газрууд байрлах Сэлх орчимд ойн сан бүхий газарт олноор нь газар эзэмшүүлсэн нөхцөл байдал нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан тэгш байдлын зарчимд нийцэхгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь анх маргаан бүхий газруудыг нэхэмжлэгчид эрх шилжүүлэн эзэмшүүлэх нь хуульд нийцнэ гэж үзэж 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/99 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн атлаа хожим Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг зөрчсөн гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна.

Мөн маргаан бүхий 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/102 болон А/103 дугаар захирамжуудыг гаргахдаа Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/15150 дугаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай албан бичгийг үндэслэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д тоочиж заасан үндэслэлүүдээр л газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хууль тогтоогч хуульчилсан ба Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/15150 дугаар албан бичиг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д тоочиж заасан үндэслэлүүдэд хамаарахгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С******* дүүргийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/102 болон А/103 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ