Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102

 

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор: Б.Баярмагнай,

       Шүүгдэгч: Ц.Г, П.С, Б.Х,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ц-ын Г, С овгийн П-ын С, Б овгийн Б-ийн Х нарт холбогдох эрүүгийн 1735000410033 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл-4, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Малчин сумын 2-р багт оршин суудаг, гавъяа шагналгүй, РД:ОЖ97010515, Х овгийн Ц-ын Г.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Увс аймгийн Малчин сумын 2-р багт оршин суудаг, гавъяа шагналгүй, РД:ОЖ94021913, С овгийн П-ын С.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Малчин сумын 2-р багт оршин суудаг, гавъяа шагналгүй, РД:ОЖ95112010, Б овгийн Б-ийн Х.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Г, П.С, Б.Х нар нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны шөнө Увс аймгийн Малчин сумын 2-р багийн нутагт байрлах Соёлын төв дотор тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.З, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                1. Хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 07-р сарын 26-ны өдрөөс Увс аймгийн Малчин сумын цагдаагаар томилогдон, цагдаагийн дэд ахлагч цолтойгоор ажиллаж байгаа юм. 2017 оны 08-р сарын 02-ны өдөр Малчин сумын Соёлын төвд оюутан залуучуудаас зохион байгуулсан бүжиг болсон бөгөөд уг бүжиг 19:00 цагийн үед эхэлсэн юм. Тэгээд бүжиг үргэлжлээд шөнийн 00:00 цаг болох үед би сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч З-ын хамт сумын клубд ороод “Шөнийн 00:00 цаг болж байна, одоо бүжгээ дуусгах хэрэгтэй байна” гэж сумын бүжгийн клубын эрхлэгч Ц-д хэлсэн. Тэгээд сүүлийн 2 дуу яваад бүжиг зогссон бөгөөд би клубын тайзан дээр гараад бүжиглэж байсан хүмүүст “Шөнийн 00:00 цаг болсон учраас одоо үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй байна” гэж хэлээд шаардлага тавьсан юм. Тэгэхэд сумын клуб дотор байсан хүмүүс клубээс гарах гэтэл Г гэх залуу клубын хаалгыг гараа алдлаад хаагаад зогсоод байсан. Тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч З Г-ийг “Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байна” гэж хэлээд клубээс гаргах гэтэл Г гараа буулгахгүй эсэргүүцээд байсан. Тэгэхээр нь би Г-ийн хажууд очоод архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж согтсон байсан тул “Гэртээ харьж амрах хэрэгтэй” гэж хэлээд хэсгийн төлөөлөгч Зын хамт Г-ийг татаж сумын клубын коридорт гаргаж ирсэн. Энэ үед С гэх нутгийн залуу клубын гэрлийг унтраачихсан. Тэгэхээр нь би “Гэрлээ асаа” гэж хэлээд байж байтал гэнэт гэрэл ассан юм. Тухайн үед би Г-ийн дээлний бүснээс бариад зогсож байтал Х гэх залуу миний ар талаас миний хоолойг боосон бөгөөд энэ үед Г, С нар нь миний нүүрлүү гараараа нэг, нэг удаа цохисон юм. Тэгээд байж байтал хэсгийн төлөөлөгч З ирж Х, С, Г нарыг салгаж аваад сумын бүжгийн клубээс гадагш гараад тэд нарт харьж амрах шаардлага тавьсан. Тэгтэл миний араас Х, Г, С нар 4-5 удаа гараараа цохисон бөгөөд тухайн үед миний өмсөж байсан цагдаа малгай газарт унаж, цагдаа савхин хүрэмний баруун суганы хэсгээр урагдаж, цагдаагийн дэд ахлагч мөрдөсний 1 ширхэг мөрдөс нь гээгдсэн юм. Түүний дараа хэсгийн төлөөлөгч З бид хоёр хүмүүст шаардлага тавьж тараасан юм. Тухайн үед миний баруун нүдний доод талд болон хүзүүнд зулгаралтууд үүссэн байсан бөгөөд би Г, С, Х нарыг зодож цохиогүй юм. Би тухайн өдөр хар өнгийн савхин куртика, өдөр тутмын өмд, китель, хар өнгийн энийн цагдаа саравчтай малгайтай үүрэг гүйцэтгэсэн. Эдгээр хүмүүсийн үйлдлээс болж миний савхин куртика баруун талын суга хэсгээрээ урагдсан юм. Х, С, Г нар нь намайг бүлэглэж зодож байхдаа “Муу сайн гөлөгнүүд, та нар юу юм бэ, чамайг алчихсан ч яадаг юм, аятайхан байгаарай, манай суманд байгаа шүү” гэх мэтээр намайг заналхийлсэн. Тухайн үед хэсгийн төлөөлөгч З-ыг С нэг удаа ар талаас нь цохиж байсан бөгөөд намайг албан үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэж, зодсон хүмүүст гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

               Хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Г, С, Х нарыг хэсгийн төлөөлөгч З-ыг цохиж байхыг хараагүй бөгөөд хэсгийн төлөөлөгч З эдгээр хүмүүсийг надаас салгаж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

                2. Хохирогч Б.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Малчин сумын хэсгийн төлөөлөгчөөр 2017 оны 05-р сараас томилогдон ажиллаж байгаа юм. 2017 оны 08-р сарын 02-ны өдөр Малчин сумын Соёлын төвд оюутан залуусын дунд бүжиг зохион байгуулагдсан. Миний бие хэсгийн цагдаагийн хамт 00:00 цагт Соёлын төв ороод бүжиг тараах шаардлага тавихад Соёлын төвийн хөгжмийн багш бүжиг тарсныг мэдэгдсэн. Тэгээд хүмүүс гарах гэтэл Г гэдэг залуу хаалган дээр зогсчихоод хүмүүсийг гаргахгүй “Дахин нэг цаг бүжиглэнэ” хэмээн хүмүүсийг уриалж эхэлсэн. Г согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул гэртээ очиж амрах шаардлага тавихад “Цагдаа нар бүжиг тараадаг хэн юм” гээд бидний тавьсан шаардлага биелүүлэхгүй хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тэр үед хэсгийн цагдаа Б араас гарч ирж мөн адил шаардлага тавьсан боловч Г дахин хэрүүл маргаан үүсгэсэн. Тэр үед би гадна байсан хүмүүсийг тараагаад эргээд орж ирэхэд Г хэсгийн цагдаа Б-ийг цохиж харагдсан тул би очиж салгахад миний араас С гэх залуу толгой хэсэгрүү нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би тэд нарыг салгаад, тэнд байсан хүмүүсийг Соёлын төвөөс гаргачихаад гадаа гарахад Б, Г нар барьцалдчихсан зогсож байсан бөгөөд гадаа дахин зодоон үүсэж хэсгийн цагдаа Б-ийг Г, Х, С нар бүлэглэн нүүр хэсэгрүү нь цохиход тэд нарын хажууд байсан хүмүүс салгасан. Г, Х нар Б-ийг цохисон ба намайг очиж салгаж байх явцад С гэх залуу миний араас толгой хэсэгрүү нэг удаа цохисон юм. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

                Хохирогч Б.З-ын мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Тухайн өдөр Соёлын төвд болсон бүжиг тарах үеэр Г гэгч нь Соёлын төвийн хаалгыг гараараа алдалж хаагаад хүмүүсийг гаргахгүй байсан. Тэгэхээр нь би сумын цагдаа, дэд ахлагч Б-ийн хамт Г-ийн хажууд очиж харьж амрах шаардлага тавьсан юм. Тэгтэл Г шаардлага эсэргүүцэж Б-ийг заамдаж аваад Б, Г нар  Соёлын төвийн коридорлуу гарсан юм. Тэр үед би Соёлын төвийн гадна байсан хүмүүсийг “Харьж амар” гэж хэлээд буцаад Соёлын төвийн коридорлуу орж ирэхэд коридорын гэрэл унтарчихсан харанхуй байсан тул би гар чийдэнгийн гэрэл асаагаад ортол Б-ийг Г урд талаас нь заамдаад авчихсан, Х гэх залуу ар талаас нь боочихсон байхаар нь би очоод салгах гэтэл Г, Х нар нь Б-ийг бариад тавихгүй байсан. Тэгэхээр нь би Г-ийн гарыг тавиулахаар ар талаас нь гарнаас нь таттал миний гарт барьсан байсан гар чийдэн Г-ийн толгой хэсэгрүү цохигдчихсон юм. Тухайн үед коридорт харанхуй байсан. Тэгээд би Г, Х нарыг салгаад тэнд байсан хүмүүсийг тараасан юм. Би Г-ийн гарыг татаж байгаад санамсаргүй Г-ийн толгойг гар чийдэнгээр цохичихсон бөгөөд өөр ямар нэгэн байдлаар Г, Х нарыг зодож цохиогүй. Тухайн өдөр би Г-ийн толгойноос цус гарсан эсэхийг хараагүй. Намайг Соёлын төвийн коридорт ороход Х, Г нар Б-ийг цохиж байхаар нь би салгасан. Тэр үед миний ар талаас С гэх залуу намайг нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед миний хажууд Х, С, Г нар нь байсан бөгөөд хажууд байсан өөр хүмүүсийг танихгүй байна. Надад гомдол тэмцэл нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

                3. Гэрч Д.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08-р сарын 02-ны өдөр сумын Соёлын төвд оюутан залуус бүжиг зохион байгуулсан юм. Манай ээж Соёлын төвд үйлчлэгч ажилтай бөгөөд би тэр өдөр тухайн бүжиг дээр хөгжим тоглуулж, ая тавьсан юм. Тэгээд бүжиг үргэлжлээд шөнийн 00:00 цаг болж байхад манай сумын хэсгийн төлөөлөгч З, сумын цагдаа Б нар орж ирээд “Шөнийн 00:00 цаг болж байна” гэж хэлээд бүжиг тараах шаардлага тавьсан. Тэгтэл Соёлын төв дотор байсан хүмүүс гарахгүй, цагдаа нарын шаардлагыг биелүүлэхгүй, цагдаа нарлуу дайраад байсан. Тэгэхээр нь би Соёлын төвийн эрхлэгч Ц, хөгжмийн багш Хосбаяр нарын хамт хүмүүсийг гаргаад Соёлын төвийг цоожлоод гадна гарахад манай сумын цагдаа Б бусдад зодуулчихсан, малгай нь газарт уначихсан байхаар нь би газарт байсан малгайг нь авч өгсөн. Мөн Б-ийн нэг мөрдөс нь тасарч алга болчихсон байсан тул би тэр хавьд байсан хүмүүст “Төрийн хувцастай цагдааг ингэж болохгүй, мөрдсийг нь олж өгцгөө” гэж хэлчихээд харьчихсан юм. Би Б-ийг яг ямар, ямар хүнээр зодуулсныг нь хараагүй юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

                4. Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08-р сарын 02-ны өдөр сумын Соёлын төвд оюутан залуус бүжиг зохион байгуулсан тул би хөгжим тоглосон. Тэгээд бүжиг үргэлжилж байтал 00:00 цагт манай сумын хэсгийн төлөөлөгч З, сумын цагдаа Б нар орж ирээд “Шөнийн 00:00 цаг болж байна” гэж хэлээд бүжиг тараах шаардлага тавьсан тул би “Сүүлийн бүжиг” гэж хэлээд бүжиг хаасныг зарласан юм. Тэгтэл хаалган дээр Г гэдэг залуу зогсчихоод хүмүүсийг гаргахгүй “Дахин нэг цаг бүжиглэнэ” гээд шаардлага биелүүлэхгүй зогсоод байхаар нь цагдаа нар Г-ийг аваад Соёлын төвеөс гарсан юм. Тэгээд би хөгжим техник хэрэгслээ хаагаад гараад ирэхэд коридорт Г, С болон манай сумын хэсэг залуучууд /нэрийг сайн мэдэхгүй байна/ цагдаа нартай маргалдаж, шаардлагыг нь биелүүлэхгүй байсан. Тухайн үед манай найз А Соёлын төвийн зааланд согтуу байсан тул би А-ыг зодоонд оролцож магадгүй гэж бодоод Соёлын төв дотор суулгаж байгаад хүмүүс тараад хөл хөдөлгөөн шингэрхээр нь А-ыг дагуулж гараад гэрт нь хүргэж өгсөн юм. Би Соёлын төвөөс гарахад Г цагдаа нартай барьцалдчихсан, хэрүүл маргаан болоод зогсож байсан. Тэгэхээр манай найз А согтуу байсан тул хэрүүл, зодоонд оролцож магадгүй гэж бодоод буцаад аваад орсон юм. Би хэн нь хэнтэйгээ зодолдсон талаар ямар нэгэн зүйл хараагүй. Манай сумым хэсгийн төлөөлөгч З, цагдаа Б нар нь “Шөнийн 00:00 цаг болж байна. Одоо үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй” гэсэн шаардлага тавихад Г, С нар шаардлагыг нь эсэргүүцээд, цагдаа нартай барьцалдаад байсан юм. Манай сумын Соёлын төвд хяналтын камер байдаггүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

                5. Гэрч П.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08-р сарын 02-ны өдөр Соёлын төвд оюутан залууст зориулсан бүжиг зохион байгуулагдсан. Орой 22:00 цагийн үед бүжиг эхлээд, шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилсэн. Шөнийн 00:00 цагт манай сумын хэсгийн төлөөлөгч З, сумын цагдаа Б нар орж ирээд “00:00 цаг болж байна, одоо энэ үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй” гэж хэлээд бүжиг тараах шаардлага тавьсны дагуу сүүлийн бүжиг зарлаад тарсан юм. Гэтэл Г гэдэг залуу архи уучихсан хаалган дээр зогсчихоод хүмүүсийг гаргахгүй байсан тул хэсгий төлөөлөгч, цагдаа нар Г-ийг аваад гарсан. Тэр үед сумын Соёлын төв дотор байсан залуучууд тэднийг дагаж гараад коридорын гэрэл унтраачихсан маргалдаж байсан юм. Би Соёлын төвөөс хүмүүсээ гаргаж байтал коридорт Г сумын цагдаа Б-ийг заамдаад зогсож байсныг  хамт явсан залуучууд нь салгаад Соёлын төвөөс гарсан юм. Хэсгийн төлөөлөгч З, цагдаа Б нар “Шөнийн 00:00 цаг болж байна, одоо үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй” гэсэн шаардла тавихад уг шаардлагыг Г болон манай сумын хэсэг залуус эсэргүүцээд цагдаа нартай барьцалдаад байсан. Би Г-ийг л таних бөгөөд өөр ямар ямар хүмүүс байсныг хараагүй юм. Манай сумын Соёлын төвд хяналтын камер байдаггүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

                6. Гэрч Э.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08-р сарын 02-ны өдөр Малчин сумын Соёлын төвд бүжиг болохоор нь би бүжгэн дээр очоод байж байтал орой 00:00 цагийн үед сумын хэсгийн төлөөлөгч З, цагдаа Б нар орж ирээд “00:00 цаг болсон байна, бүжиг тараана” гэж хэлэхэд Соёлын төвөөс “Сүүлийн 2 бүжиг” гэж зарласан. Тэр үед манай сумын Г гэх залуу согтуу айсан бөгөөд хаалган дээр зогсчихоод хаалгаар гарах гэсэн хүмүүсийг гаргахгүй байсан тул хэсгийн төлөөлөгч З очоод Г-ийг аваад коридорлуу гарсан. Тэгэхээр нь Соёлын төвд байсан залуучууд араас нь гарсан бөгөөд Г, Б нарыг коридорт барьцалдаад зогсож байтал манай сумын залуу болох С гарч ирээд коридорын гэрэл унтраачихсан. Тэр үед залуучууд сумын цагдаа нар луу дайрч эхлэхэд цагдаа нар гэрэл асаагаад тарах шаардлага тавьсан боловч тарахгүй цагдаа нартай маргалдаад байсан. Тэгж байтал Б гэдэг залуу ирж тэднийг салгаад хэсгийн төлөөлөгчийг аваад гарсан. Коридорт сумын цагдаа Б ганцаараа үлдэхэд тэнд байсан залуучууд түүнийг буланлуу хашаад цохиод байсан. Тэр үед гаднаас хэсгийн төлөөлөгч орж ирээд тухайн залуучуудыг салгасан юм. Г, сумын цагдаа Б нар барьцалдаад Соёлын төвөөс гараад зогсож байгаад залуучууд дахин дайрч сумын цагдаа Б-ийг бөөнөөрөө зодсон юм. Тухайн үед Б ах тэд нарыг салгасан бөгөөд залуучууд хэсэг маргалдаж байгаад тарсан. Г коридорт сумын цагдаа Б-ийг заамдаж аваад зогсож байтал С, Х нар нь дайрч, Б-ийг цохиж байсан. Мөн гадна Б нь Г-тэй барьцалдаад зогсож байтал Х хажуугаар нь ороод Б-ийг боосон. Тухайн үед харанхуй байсан бөгөөд С Б-ийн толгойруу нь мөн цохисон. Тэгж байтал хүмүүс салгаад авчихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

                7. Гэрч Д.А-ний мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08-р сарын 02-ны өдөр сумын Соёлын төвд бүжиг болж байгаа гэхээр нь би орой 22:00 цагийн үед ангийхантайгаа хамт очсон юм. Бүжиг үргэлжилж байтал 00:00 цагийн үед манай сумын хэсгийн төлөөлөгч З, цагдаа Б нар Соёлын төврүү орж ирээд “Шөнийн 00:00 цаг болсон тул үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй” гэж хэлээд тарах шаардлага тавьсан. Тэгтэл Г гэх залуу хаалган дээр зогсчихоод хүмүүсийг гаргахгүй байхаар хэсгий төлөөлөгч Г-ийг аваад гарахад араас нь Соёлын төвд байсан залуучууд дагаад гарсан. Тэр үед би хаалганаас хол сууж байгаад тэдний араас гарахад коридорын гэрэл унтраачихсан Г цагдаа Б-г заамдаад авчихсан хэрэлдэж байсан. Намайг тэднийг хараад зогсож байхад Г нь Б-д “Чамайг ална, май пизда” гэж хэлээд маргалдаад байсныг нь хажууд нь байсан хүмүүс болиулж байх шиг байсан. Тэгээд тэд нар гарцгаасан бөгөөд гадаа гараад залуучууд бөөнөөрөө сумын цагдааг зодож байна гэхээр нь би гарахад харанхуй байсан тул хэн хэнтэйгээ зодолдсоныг харж чадаагүй, зодоон болоод дууссан байсан. Миний мэдэхээр Г сумын цагдаа Б-тэй барьцалдаад зогсож байсан бөгөөд тэр хоёрыг зодолдсон эсэхийг нь би сайн хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

                8. Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Г-ийн авга эгч юм. Г нь 1997 онд төрсөн, одоо 20 настай юм. Г нь зан аашийн хувьд илүү дутуу зангүй, төлөв даруу, хүний үгэнд оромтгой хүн юм. Г одоо Малчин суманд аав, ээж, дүүгийн хамтааар амьдардаг юм. Г нь тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд хэрэглэсэн үедээ хүнтэй нэг их муудалцаад байдаггүй хүн юм. Г 10 жилд байхдаа хичээл номондоо сайн хүүхэд байсан. Одоо Улаанбаатар хотод Шинжлэх ухаан техникийн Их сургуулийн Цахилгааны инженерийн ангид сурдаг бөгөөд энэ жил 4-р курсэд орох ёстой. Г урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй, ямар нэгэн хорт муу зуршилгүй, бие эрүүл мэндийн хувьд эрүүл, ямар нэгэн өвчингүй хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

                9. Гэрч Н.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Г нь миний хадам дүү болох хүн юм. Г 1997 онд төрсөн, одоо 20 настай юм. Г нь зан аашийн хувьд илүү дутуу зангүй, төлөв даруу, хүний үгэнд оромтгой хүүхэд юм. Г одоо оюутан бөгөөд  Улаанбаатар хотод Шинжлэх ухаан техникийн Их сургуулийн цахилгаан инженерийн ангид сурдаг. Г Малчин суманд аав, ээж, дүүгийн хамтаар амьдарч байгаа бөгөөд 10 жилд байхдаа хичээл номондоо сайн хүүхэд байсан. Г  урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй, ямар нэгэн хорт муу зуршилгүй, бие эрүүл мэндийн хувьд эрүүл, ямар нэгэн өвчингүй хүүхэд юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

                10. Гэрч Ө.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би С-ын нагац ах юм. С нь зан аашийн хувьд төлөв даруу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, Малчин сумын 3-р багт эхнэрийн хамт амьдардаг хүн юм. С урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. С нь Монголын үндэсний бөхөөр барилддаг бөгөөд сумын начин цолтой. Мөн С нь ажилч хичээнгүй, малын ажил өвс тэжээл гэх мэтээр ахуйн ажилд сайн, аливаа хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, ямарваа нэгэн зүйлд тайван хүлээцтэй ханддаг, амар уурлаж бухимддаггүй, инээгээд л яваад байдаг хүн юм. С эд хөрөнгийн хувьд 400 гаруй бог малтай бөгөөд одоогоор малаа маллаж амьдарч байгаа. С бие эрүүл мэндийн хувьд чийрэг сайн, түүнд өвдөх зүйл байдаггүй юм. С Малчин суманд 9-р анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

                11. Гэрч Д.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Х-гийн найз нь юм. Х нь зан аашийн хувьд төлөв даруу, архи согтууруулах ундааны зүйл, хэрэглэдэггүй бөгөөд Малчин сумын 2-р багт аав, ээж, дүү, ах нарын хамт амьдардаг юм. Х нь урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Х ажилч хичээнгүй, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, ямарваа нэгэн зүйлд тайван хүлээцтэй ханддаг, амар уурлаж бухимддаггүй, инээгээд л явж байдаг хүн юм. Х нь Малчин суманд 11-р анги төгссөн, бүрэн дунд боловсролтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

                 12. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн иргэн Г.Б, Б.З нарын биед гэмтэл тогтоогдоогүй талаарх №440, 441 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 31, 39-р тал/,

                 13. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн иргэн Ц.Г-ийн биед гэмтэл тогтоогдоогүй талаарх №574 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 45-р тал/,

                 14. Хувцаст үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-49-р тал/,

            15. Шүүгдэгч Ц.Г-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Малчин сумын Цалгар багийн засаг дарга Ц.Анхбатын 2017.09.12-ны өдрийн 151 тоот Тодорхойлолт /хх-ийн 69, 71-р тал/,

            16. Шүүгдэгч П.С-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн Тодорхойлолт /хх-ийн 75, 78-р тал/,

            17. Шүүгдэгч Б.Х-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Малчин сумын Цалгар багийн засаг дарга Ц.Анхбатын 2017.09.12-ны өдөр гаргасан Тодорхойлолт /хх-ийн 81, 83-р тал/,

            18. Увс аймгийн Цагдаагийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/63 тоот Ажилд томилж, цагдаагийн цол олгох тухай тушаалын хуулбар, хохирогч Б.З-ын А-0006022 тоот үнэмлэхний хуулбар. /хх-ийн 85-86-р тал/,

            19. Насанд хүрээгүй гэрч Э.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08-р сарын 02-ны орой Малчин сумын Соёлын төвд нийтийн бүжиг болсон. Бүжиг шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд 00:00 цагт сумын хэсгийн төлөөлөгч З, цагдаа Б-ийн хамт орж ирээд “00:00 цаг болж байгаа тул сүүлийн 2 бүжгээ явуул. Тэгээд бүжиг тарна” гэж хэлээд бүжиг тараах шаардлага тавьсан. Тэгээд хүмүүс хаалгаар гарах гэтэл манай сумын залуу болох Г хүмүүсийг гаргахгүй гээд хаалган дээр хөндлөн зогссон. Тэр үед хэсгийн төлөөлөгч З Г-ийн хажууд очоод түүнийг дагуулаад коридорлуу гарахад бүжгэн дээр байсан залуучууд болох С, Х нар араас нь гарсан. Би мөн тэдний араас гарахад Б, Г нар нь бие биенээ бариад авчихсан зогсож байтал С коридорын гэрэл унтраахад залуучууд цагдааруу дайрсан. Тэр үед хэсгийн төлөөлөгч орж ирээд гэрэл асаагаад “Та нар тарцгаа” гэж хэлсэн боловч тарахгүй байсан тул Б гэх хүн хэсгийн төлөөлөгчийг аваад гарахад залуучууд цагдаа Б-г буланд шахаад цохих шиг болсон. Цагдаа Б-ийг Г заамдаад зогсож байтал С, Х нар дайраад Б-ийг буланд шахаад цохиод байсан. Яг хаана нь яаж цохисон гэдгийг нь сайн анзаараагүй. Соёлын төвийн гадаа Б, Г нар барьцалдаад гарахад Х хажуунаас нь орж Б-ийг боох шиг болсон. Тухайн үед харанхуй байсан тул бусад зүйл нь сайн харагдахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р тал/,   

            20. Шүүгдэгч Ц.Г-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Малчин сумын 02-р багийн нутагт аав, ээж, дүүгийн хамтаар оршин суудаг юм. 2017 оны 08-р сарын 02-ны өдөр 22 цаг 30 минутын үед манай сумын Соёлын төвд оюутан залуусын дунд бүжиг зохион байгууллагдсан юм. Уг бүжгэнд би оролцсон бөгөөд бүжгэнд орж байхдаа өөрийн найз Х, Ц нарын хамт 2 литрийн “Медведь” гэх нэртэй пивийг хувааж уусан юм. Тэгээд бид нар бүжиглэж байтал 00:15 цагийн үед манай сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч З, сумын цагдаа, дэд ахлагч Б нар Соёлын төвд орж ирээд цагдаа Б нь Соёлын төвийн тайзан дээр гараад микрофон аваад өөрийгөө “Намайг Б гэдэг. Би танай сумын цагдаагаар томилогдож ирсэн” гэж танилцуулаад “Одоо шөнийн 00:15 цаг болсон байна” гэж хэлээд бүжиг тарах цагийг 15 минутаар сунгасан. Тэр үед манай найз Х, Ц нар Соёлын төвөөс гарах гээд байхаар нь би найзуудыгаа гаргахгүй гээд Соёлын төвийн хаалгыг гараараа алдлаад зогссон юм. Тэгтэл манай сумын хэсгийн төлөөлөгч З ирээд “Х, Ц нарыг гарга” гэж хэлсэн. Мөн цагдаа Б ирээд “Гар” гэж хэлээд намайг түлхээд коридорт гаргасан. Тэгээп хэсгийн төлөөлөгч З, цагдаа Б нар миний бүснээс татаад намайг Соёлын төвийн коридороос гадагш гаргах гэхэд Соёлын төв дотор байсан хүмүүс тараад коридороор гадагш гарсан. Тэгж байтал гэнэт Соёлын төвийн гэрэл унтарчихсан юм. Тэр үед Б-ийг Соёлын төвийн коридорт байсан хүмүүс зодож эхэлсэн бөгөөд тухайн үед харанхуй байсан. Тэгж байтал  гэнэт Соёлын төвийн гэрэл ассан бөгөөд тэр үед Б миний бүснээс бариад зогсож байсан. Тэгтэл хэсгийн төлөөлөгч З ар талаас миний толгойны орой хэсэгт гэрэлтэй гар чийдэн шиг юмаар нэг удаа цохиход Х “Хүн аллаа ш дээ” гэж хэлээд салгах зорилгоор Б-ийн ар талаас нь боож намайг салгасан. Тэгээд би гараараа толгойгоо дартал миний толгойноос цус гарсан байсан. Тэгэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгч З-д “Та яагаад намайг цохиж байгаа юм” гэж хэлчихээд гэрлүүгээ харьж амарсан юм. Би хэсгийн төлөөлөгч З-ыг зодож цохиогүй бөгөөд цагдаа, дэд ахлагч Б-ийг нэг удаа цохисон нь үнэн юм. Би тухайн өдөр бүжиг эхэлсний дараа очсон бөгөөд шөнийн 00:15 цагт бүжиг дууссан тул дахиад 30 минут бүжиглэмээр байсан учраас сумын Соёлын төвийн хаалгыг гараараа алдалж зогссон. Сумын цагдаа Б намайг зодож цохиогүй. Харин намайг Соёлын төвөөс заамдаж чирч гаргасан юм. Тухайн үед цагдаа Б, хэсгийн төлөөлөгч З нар ямар шаардлага тавьсныг мэдэхгүй байна. Хамт байсан С, Х нар хэсгийн төлөөлөгч З, цагдаа Б нарыг зодож цохисон эсэхийг би хараагүй, мэдэхгүй байна. Тухайн үед Соёлын төвийн коридорын гэрэл унтарчихсан харанхуй байсан юм. Би цагдаа Б, хэсгийн төлөөлөгч З нарын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн явдлыг хүлээн зөвшөөрч байна. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж, ухаарч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй байж чадна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэх  мэдүүлэг,

            21. Шүүгдэгч П.С-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Малчин сумын 02-р багийн нутагт эхнэр Д-ийн хамт оршин суудаг юм. 2017 оны 08-р сарын 02-ны өдөр 22 цаг 30 минутын үед сумын Соёлын төвд оюутан залуусын дунд бүжиг зохион байгуулагдахад нь би эхнэр болон хамаатныхаа хүүхдийн хамт очсон юм. Бүжиг болж байхад манай найз Г, Х, Ц нар 2 литрийн “Медведь” нэртэй пиво ууж байгаад надад пивноосоо өгөхөөр нь би уулгүйгээр амсчихаад явчихсан. Тэгээд бид нар бүжиглэж байтал 00:00 цагийн үед манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч З, сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б нар Соёлын төвд орж ирээд сумын цагдаа Б Соёлын төвийн тайзан дээр гараад микрофон аваад өөрийгөө “Намайг Б гэдэг. Би танай сумын цагдаагаар томилогдож ирсэн юм” гэж танилцуулаад “Шөнийн 00:00 цаг болсон байна, одоо энэ үйл ажиллагаагаа зогсоогоод тарах хэрэгтэй” гэсэн шаардлага тавьсан юм. Тэгээд нэг харахад цагдаа Б, манай найз Г нар барьцалдаад Соёлын төвийн дотор талын хаалгаар коридорлуу гарч байхаар нь би араас нь гартал Г, Б нар нь заамдалцаад авчихсан байсан. Тэгэхээр нь би Г, Б нарыг салгаж Соёлын төвийн хаалгаар гаргачихаад гэрлүүгээ харьчихсан юм. Надад тухайн өдөр сумын цагдаа Б, хэсгийн төлөөлөгч З нарыг зодож цохисон зүйл байхгүй. Сумын цагдаа Б, хэсгийн төлөөлөгч З нар намайг зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед миний хажууд ямар хүмүүс байсныг би мэдэхгүй байна. Мөн Г-ийг хэсгийн төлөөлөгч З зодож цохисон эсэхийг би хараагүй, мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,

           22. Шүүгдэгч Б.Х-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Малчин сумын 02-р багийн нутагт аав, ээж, ах, дүү нарын хамт оршин суудаг юм. 2017 оны 08-р сарын 02-ны өдөр 22 цаг 30 минутын үед сумын Соёлын төвд оюутан залуусын дунд бүжиг зохион байгууллагдсан бөгөөд би уг бүжгэнд өөрийн найзуудын хамтаар очсон. Тэгээд бүжгэнд орж байхдаа найз нар болох Г, С, Ц нарын хамт 2 литрийн “Медведь” гэх нэртэй 1 сав пиво хувааж уусан юм. Тэгээд бид нар бүжиглэж байтал 00:00 цагийн үед манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч З, сумын цагдаа, дэд ахлагч Б нар сумын соёлын төвд орж ирсэн. Тэгээд цагдаа Б Соёлын төвийн тайзан дээр гараад микрофон аваад өөрийгөө “Намайг Б гэдэг. Би танай сумын цагдаагаар томилогдож ирсэн юм” гэж танилцуулаад “Одоо шөнийн 00:00 цаг болсон байна, энэ үйл ажиллагаагаа зогсоогоод тарах хэрэгтэй” гэсэн шаардлага тавьсан юм. Тэгчихээд сумын цагдаа, дэд ахлагч Б тайзнаас бууж ирсэн бөгөөд тэр үед сумын соёлын төвөөс хүмүүс гарцгааж эхэлтэл манай найз Г соёлын төвийн хаалган дээр очиж хаалгыг гараараа алдаж хаагаад хүмүүсийг гаргаагүй юм. Тэр үед сумын цагдаа, дэд ахлагч Б Г-ийн хажууд очиход Г сумын цагдаа Б-д хандаж “Бүжиг 19:00 цагт эхлэх ёстой байсан. Тэгээд хүмүүс цугласаар байгаад 22 цаг өнгөрч байхад эхэлсэн ш дээ. Та нэг цаг сунгаад өгөөч” гэж хэлээд хаалга алдалж зогсоод хүмүүсийг гарахгүй байсан. Тэгээд тэр хоёрын хооронд хэрүүл гарч сумын цагдаа Б, Г нар заамдалцаад соёлын төвийн хаалгаар гараад Соёлын төвийн коридорт барьцалдаад салахгүй байсан. Тэгж байтал сумын хэсгийн төлөөлөгч З Г-ийн ар талаас резинэн бороохойгоор нэг удаа цохиход Г толгойгоо дараад гараа автал гар нь цус болчихсон байсан юм. Тэгэхээр нь би сумын цагдаа Б-ийн ар талаас хоолойг нь боосон. Тэр үед Б, Г хоёр барьцалдаад соёлын төвөөс гараад барьцалдсан хэвээрээ байсан. Би тамхи татаж ирээд харахад хүмүүс тарцгааж байсан. Тэгээд би Соёлын төвийн үүдэн дээр сууж байтал сумын цагдаа Б миний хажууд ирээд “Харьж амарцгаа, эсвэл би гэрт чинь хүргэж өгье” гэж хэлэхээр нь би “Өөрөө хариад амарчихна” гэж хэлчихээд харьсан юм. Би цагдаа Б-ийн араас боож унагаасан бөгөөд өөрөөр зодож, цохисон зүйл байхгүй. Г цагдаа Б-ийг заамдаад, маргалдаад байсан. Би сумын цагдаа Б-ийг боосон үйлдлээ хүлээн зөршөөрч байна. Би дахин ийм үйлдэл гаргахгүй тул надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Ц.Г, П.С, Б.Х нар нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны шөнө Увс аймгийн Малчин сумын 2-р багийн нутагт байрлах Соёлын төв дотор тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.З, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Б, гэрч Д.А, П.Ц, Ц.Х, Э.Ө, Д.А нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Г, П.С, Б.Х нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                   Хохирогч Б.З нь Увс аймгийн Малчин сумын хэсгийн төлөөлөгч, албан тушаалтай, ахлах дэслэгч цолтой, Г.Б нь Малчин сумын цагдаа албан тушаалтай, цагдаагийн дэд ахлагч цолтой, хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд албан үүргээ тус тус гүйцэтгэж /сумын Соёлын төвд зохин байгуулагдаж байсан цэнгээнт бүжгийн арга хэмжээг тараах зорилгоор очсон/ байсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч Б.З-ын А-0006022 тоот үнэмлэхний хуулбар, Увс аймгийн Цагдаагийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/63 тоот Ажилд томилж, цагдаагийн цол олгох тухай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

                   Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

                   Хэсгийн төлөөлөгч Б.З, цагдаа Г.Б нар нь дээрхи хуулинд заасны дагуу албан үүргээ гүйцэтгэж шаардлага тавьсан нь хууль ёсны бөгөөд энэ үед шүүгдэгч Ц.Г, П.С, Б.Х нар нь тэдний тавьсан шаардлагыг эсэргүүцэж, албан үүрэгт нь саад учруулж, улмаар хохирогч Г.Б-ийг боомилж биед нь халдсан үйлдэл хийсэн нь цагдаагийн албан хаагч буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

                   Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Г, П.С, Б.Х нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна.

                   Хохирогч Б.З, Г.Б нар нь шүүгдэгч Ц.Г, П.С, Б.Х нараас гаргуулах хохирол төлбөргүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

                    Шүүхээс шүүгдэгч Ц.Г, П.С, Б.Х нарт ял оногдуулахад хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг арилгасан байдлыг харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч тус бүрт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн болно.

                   Шүүгдэгч Ц.Г, П.С, Б.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.3, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч Х овгийн Ц-ын Г, С овгийн П-ын С, Б овгийн Б-ийн Х нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Г, П.С, Б.Х нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, 3.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тус бүрт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

            4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болох битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                                          ДАРГАЛАГЧ,

                                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН