Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 105

 

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,

       Шүүгдэгч: Н.А,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Н-ийн А-т холбогдох эрүүгийн 1735000720041 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5 эхнэр 3 хүүхдийн хамт, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 2-р 60 айл 04-37 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОН78012675, М овгийн Н-ийн А.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.А нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой Увс аймгийн Түргэн сумын 3дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Э-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

                1. Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 22:00 цагийн үед Түргэн сумын 3-р баг 02-07 тоотод байх гэртээ ирэхэд манай гэрт охин  О, А, мөн манай ач Э /7 сартай/ болон манай хадам дүү болох А нар байсан. А тухайн үед согтуу байсан бөгөөд надад “Б ах та хоёр ингэж үхэж амьдарч байхаар болихгүй юу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би А-т “Яасан, юу болсон бэ” гэж хэлэхэд А “Чи энэ гэрээс гараад зайл, янхан минь” гэх мэтээр намайг харааж надад агсам тавьж эхэлсэн. Тэгэхээр нь би том өрөөнөөс гараад арын өрөөнд ороод өөрийн ач хүү болох Э-ийг тэврээд суусан. Тэгж байтал гаднаас А, Г, Н нар манайд халамцуу орж ирэхээр нь би тэр гурваас “Та нар архи уусан юм уу. А та нартай хамт архи уусан юм уу” гэж асуухад А-ийн ах болох А надад “Г, Н бид гурав 0,5 литрийн нэг шил архи уучихаад ирлээ. Харин А найранд явсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би А-д “Тийм байх А-ийн хэл ам нь хурцадмал болчихож” гэж хэлчихээд гал тогооны өрөөнд Э-ийг тэврээд зогсож байсан. Тэр үед А “Гадна гэрэл асааж трактороо янзлана” гэж хэлээд гарсан. Харин Н, Г нар гал тогооны өрөөнд сууцгааж байсан. Манай том охин Атэр хүмүүст хоол хийж өгсөн бөгөөд би гал тогооны өрөөнд ороход А “Чамайг алчих уу, пизда. Б-ын пизда” гэж хэлээд гал тогооны өрөөнд орж ирээд миний зүүн хөлний бүдүүн гуя руу хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед манай бага охин О нь А-т “А ахаа та болиоч” гэж хэлтэл А манай бага охин О-г нэг удаа алгадсан. Тэгтэл том охин А хүрч ирээд салгах гэтэл А-г мөн нэг удаа алгадсан юм. Тэгээд зогсож байтал А-г намайг цохих гэж байгаад миний тэвэрч байсан ач хүү Э-ийг хальт шүргэчихсэн юм. Тэгтэл А орж ирээд А-ийг татаж, салгаж аваад том өрөө рүү орчихсон. Тэгэхээр нь би Э-ийг  А-д тэврүүлчихээд А-тай барьцалдаад автал тэр намайг барьж аваад манай коридорын шилэн хаалгыг толгой хэсгээр минь мөргүүлсэн. Тухайн үед А нь А-ийг салгаж авч дийлэхгүй байсан тул Г, Н нарыг дуудахад тэр хоёр ирээд А-ийг салгаад гэрээс гараад явчихсан юм. А-т зодуулаад миний толгой хагарч, цус гарсан тул би цагдаад дуудлага өгөх гээд гэрээсээ гарах гэтэл Н манай байшингийн хаалга хэсэгт зогсоод намайг гаргахгүй байсан. Тэгээд би хүчээр Н-г түлхээд гэрээсээ гараад цагдаагийн хэсэг рүү алхаж яваад замдаа цагдаагийн хэсгийн урд талд байх дулааны шугамны малтсан нүх рүү уначихсан юм. Унаснаас болоод миний хөл болон тохой хэсэгт шалбарсан. Би цагдаагийн хэсэг дээр очоод сумын цагдаа, дэд ахлагч Н-д дуудлага өгчихөөд гэрлүүгээ буцаад ирэхэд Н, Г, А, А нар бүгд гэрлүүгээ явчихсан байсан. Тэгээд гэртээ байж байтал сумын цагдаа, дэд ахлагч Н манайд ирсэн. Би маргааш өглөө нь буюу 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аймгийн төвд ирж цагдаад өргөдөл бичиж өгсөн юм. Миний зүүн хөлний бүдүүн гуянд хөхөрсөн, мөн толгой хагарч оёдол тавиулсан. А нь намайг хөлөөрөө өшиглөж, толгойн хэсгээр минь шилэн хаалга мөргүүлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 8-9-р тал/,

                 Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн:“Би өөрийн хадам дүү А-т зодуулж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан бөгөөд би эм тариа, Түргэн сумаас ирж очих зардлууд болон бусад зардалд нийт 100.000 \нэг зуун мянга\ төгрөг зарцуулсан. Манай хадам дүү А надаас уучлалт гуйж, уг зардлыг төлж барагдуулсан тул надад А-т ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй. А нь намайг урьд өмнө нь зодож цохисон зүйл байхгүй. А намайг хүндэлж харьцдаг бөгөөд бид хоёр урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй. Тухайн өдөр А нь согтуу байхдаа надад агсам тавьж, намайг зодсон бөгөөд урьд өмнө нь намайг зодож дарамталж байсан зүйлгүй болно. Надад өөр ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

                2. Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Тариалан сумын төвөөс “Шивэр” гэх газар луу айлд өвс хүргэж өгөхөөр явсан бөгөөд явж байтал замд миний машин эвдэрчихсэн. Тэгээд байж байтал манай авга дүү А над руу залгаад “Би таны машиныг очиж чирээд авъя” гэж хэлсэн боловч А ирээгүй юм. Тэгэхээр нь би шөнө болсон тул тэндээ айлд хоноод маргааш өглөө нь машинаа хээр үлдээчихээд гэртээ ирэхэд манай эхнэр Э-ийг манай авга дүү А зодож, толгойг нь хагалсан байсан. Тэгээд эхнэр бид хоёр тэр өдөр аймгийн төвд ирж цагдаад өргөдөл өгсөн юм. А согтуу ирээд манай эхнэрт агсам тавиад, Э-ийг байшингийн коридорын шилэн хаалгыг толгойгоор нь мөргүүлж хагалсан байсан. А нь Э-ийг урьд өмнө нь зодож цохиж байгаагүй бөгөөд А манай эхнэр Э-ийг хүндэлж харьцдаг. Урьд өмнө нь ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

                3. Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “....Тэгээд А, Г бид гурав гал тогооны өрөөнд хоол идээд сууж байтал А, Э нар хоорондоо маргалдаад байх шиг байсан. А гал тогооны өрөөнөөс гараад зочны өрөөний үүдэнд очиход араас нь Г бид хоёр очтол Э-ийн толгойноос цус гарчихсан, коридорын хаалганы шил хагарчихсан байсан. Тэгээд Г, А хоёр А-ийг гэрээс аваад гарсан. Тэгтэл Э араас нь гарах гээд байхаар нь би хаалгыг нь дараад Э-ийг гаргаагүй бөгөөд Э “Цагдаад дуудлага өгнө” гээд намайг түлхээд гараад явчихсан. Түүний дараа Г, А, А бид нар гэр гэрлүүгээ харьчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р тал/

                4. Гэрч Н.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр А, Г, Н бид нар хадлан хадсан бөгөөд 17:00 цагийн үед А айлын найранд ерөөл уншиж өгөхөөр явсан. Тэгээд 22:00 цаг өнгөрч байхад Н, Г бид гурав бэр эгч Э-ийн гэрт очсон. Тухайн үед Н, Г бид гурав 1 шил архи хувааж уучихсан байсан бөгөөд Э-ийн гэрт очиход А тэднийд халамцуу байсан. Манай бэргэн Э бид нарт хоол хийж өгөхөөр нь Г, Н бид гурав гал тогооны өрөөнд хоол идээд сууж байтал А, Э нар хоорондоо гэнэт маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь Г, Н бид нар А-ийг салгаад би А-ийг дагуулаад гэр лүүгээ явсан. Тухайн үед би халамцуу байсан бөгөөд Э-ийг А хэрхэн зодсоныг хараагүй. Э, А нар гэнэт хэрэлдээд барьцалдчихсан байхаар нь би салгаад А-ийг шууд аваад гарчихсан юм.  Би тухайн үед Э-ийг анзаарч хараагүй. Мөн коридорын хаалганы шилийг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

                 5. Гэрч Д.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг 2017 оны 08 дугаар сарын 24-ны орой 01:00 цагийн үед сумын цагдаагийн хэсгийн байранд байж байтал Э нь бусдад зодуулсан гэж хэлээд ирсэн бөгөөд Э-ийн толгой нь хагарчихсан байсан. Тэгээд би Э-ийн гэрт очиход коридорын хаалганы шил нь хагарчихсан байсан ба А гэгч нь Э-ийг коридорын хаалганы шил мөргүүлж хагалсан байсан. Би эмчид дуудлага өгч Э-ийн толгойд оёдол тавиулсан. Маргааш нь Э-т аймгийн төв орж өргөдөл өгч шалгуулахыг зөвлөсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

                6. Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэртээ эгч А, ээж Э, авга дүү Э нарын хамт байж байтал манай авга ах А манайд халамцуу ганцаараа ирсэн. Удалгүй А, Г, Н нар манайд ирсэн. Тэгээд А эгч Г, Н, А нарт хоол хийж өгсөн бөгөөд тэр гурав гал тогооны өрөөнд сууж байсан. Тэр үед А ах манай ээж Э-ийг “Янхан, яатуу” гэх мэт үгээр хэлж, агсам согтуу тавиад ээжийг цохих гээд байхаар нь эгч бид хоёр А ахыг “Та одоо болилдоо” гэж хэлэхэд А ах А эгч бид хоёрыг нэг удаа хацар луу алгадсан. Тэгээд дахиад манай ээжийг алгадах гэж байгаад манай авга дүү Э-ийг хальт цохьчихсон юм. Тэгэхээр нь манай ээж Э нь А ахыг бариад авахад А ах ээжтэй барьцалдаад гал тогооны өрөөнөөс гараад зочны өрөөний коридор луу орсон. Тэгээд А ах манай ээжийг зочны өрөөний хаалгыг мөргүүлэхэд зочны өрөөний хаалганы шил хагарсан. Мөн манай ээжийн толгой хагарч цус гарсан юм. Тэгээд А ахыг А, Г, Н нар дагуулаад гарсан бөгөөд тэд нарыг гарсны дараа ээж цагдаад дуудлага өгөхөөр явсан. Удалгүй ээж сумын цагдааг дагуулаад ирсэн ба тухайн үед Г, Н, А, А нар явчихсан байсан. Тэгээд ээж сумын эмчээр толгойндоо оёдол тавиулсан. Би ээж, А ах хоёрыг ямар шалтгааны улмаас маргалдсаныг нь мэдэхгүй байна. Гэнэт л А ах манай ээжид агсам тавиад эхэлсэн. Манай ээж тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

                7. Гэрч Ш.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “А миний нөхөр юм. Би нөхөр А-тай 2000 онд танилцаж, нэг гэр бүл болсон бөгөөд бид хоёр гэр бүл болоод 17 жил болж байна. А бид хоёр одоо 3 хүүхдийн хамт Улаангом сумын 3 дугаар баг 2-р 60 айлын 04-37 тоотод оршин суудаг. Манай том хүү 16 настай, дунд хүү 14, бага охин 3 настай. Нөхөр бид хоёр одоогийн байдлаар хувиараа хөдөлмөр эрхэлж амьдарч байгаа. Манай нөхөр А нь төлөв даруу зантай, цагаан цайлган сэтгэлтэй, ямар нэгэн илүү дутуу зангүй, хорт муу зуршилгүй, аль болох хүнд туслахыг боддог, хөдөлмөрч, аливаа ажилд эв дүйтэй хүн юм. А хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд бага зэрэг уугаад л согтчихдог. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьдаггүй, аливаа хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй юм. А нь бие эрүүл мэндийн хувьд эрүүл, ямар нэгэн архаг хууч өвчингүй бөгөөд урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. А нь өөрийн бэр эгч Э-тэй сайн харилцаатай байдаг юм. Нөхөр бид хоёр Э болон түүний нөхөр Б нарт байнга тусалж, дэмжиж амьдардаг юм. А нь урьд өмнө нь Э-тэй хэрэлдэж маргалдаж, ямар нэгэн байдлаар зодож цохиж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

            8. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №492 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б-ийн биед гэмтэл учирсан байна. Зүүн зулай, дагзны хуйханд зүсэгдсэн шарх, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл үүссэн байна. Дээрх хуйханд байрласан шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн, цус хуралт, зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 24-р тал/,

           10. “Гэрэсэ эстимэйт’’ ХХК-ийн Эд хөрөнгийн зах зээлийн үнийн Тодорхойлолт /хх-ийн 40-р тал/,  

           11. Шүүгдэгч Н.А-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р тал/,

           12. Шүүгдэгч Н.А нь хохирогч Б.Э-т хохирол төлж барагдуулсан талаархи хохирогч Б.Э-ийн Тодорхойлолт /хх-ийн 55-р тал/,

            14. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн засаг дарга Т.Б-ын 2017.10.05-ны өдрийн 2050 тоот Тодорхойлолт /хх-ийн 60-р тал/,

            15. Шүүгдэгч Н.А-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өөрийн ах А, нутгийн хүмүүс болох Н, Г нарын хамт Түргэн сумын нутаг “Хатуу ширгийн гурвалжин” гэх газарт хадлан хадсан бөгөөд хадлан хадах үеэр бид нар 0,5 литрийн нэг шил архи хувааж ууцгаасан юм. Тэгээд би 19:00 цагийн үед Түргэн сумын төвд Б гэх залуугийн найранд ерөөл уншиж өгөхөөр явсан ба Г, А, Н нар хадлан дээр үлдсэн. Тэгээд би Б-ын найран дээр очиж ерөөл уншчихаад 20 цаг 30 минутын үед авга ах Б-ын гэрт очсон. Намайг тэдний гэрт очиход тэдний охин А, О, ач Э нар байсан юм. Би тэд нараас “Ээж чинь яасан юм” гэж асуухад “Ээж Сагил сум руу найранд явчихсан” гэж хэлсэн. Тэгээд би тэдний гэрээс гараад сумын төвөөс 1 километрийн цаана байсан трактороо аваад Б ахын хашаанд авч ирж тавьчихаад тэдний гэрт байж байтал Э эгч гэртээ ирсэн. Тэр орой Б ах өвс ачиж яваад “Шивэр” гэх газарт машин нь эвдэрчихсэн байсан бөгөөд над руу “Ирээд авбал ав, авахгүй бол боль” гэж утсаар ярьсан юм. Тэгэхээр нь би тухайн үед халамцуу байсан учраас Э эгчид “Б ах та хоёр ингэж үхэж амьдарч байхаар болихгүй юу” гэж хэлснээс болж Э эгч бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгж байтал Г, Н, А нар тэдний гэрт орж ирсэн. Тэр үед би Э-ийн гуя руу хальт өшиглөсөн. Тэгтэл А, О нар салгах гээд хүрээд ирэхээр нь би А,  О нарыг гараараа нэг нэг удаа алгадсан. Тухайн үед Э эгч өөрийн ач Э тэвэрчихсэн байсан бөгөөд А ах босч ирээд намайг салгасан. Тэгтэл Э эгч Э-ийг А-д тэврүүлчихээд надтай зууралдаад бид хоёр тэдний байшингийн коридор дотор барьцалдсан. Би Э-ийн нүүр лүү гараараа алгадаад цааш түлхэж Э-ийг коридорын өрөөний вакум хаалганы шилний гадна талын шилийг толгойгоор нь мөргүүлж, уг шилийг хагалсан юм. Тэгж байтал намайг А, Н, Г нар салгасан бөгөөд би тэдний гэрээс гарч яваад өөрийн ээжийн гэрт очиж унтаж амарсан. Э  намайг зодож цохисон зүйл байхгүй. Бид хоёр урьд өмнө нь маргалдаж хэрэлдэж байгаагүй бөгөөд бидний дунд ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас Э-ийг зодчихсон юм. Би өөрийн бэр эгч Э-ээс уучлалт гуйж түүний эмчилгээ болон бусад зардалд 100.000 төгрөг өгсөн юм. Одоо Э бид хоёр нэг нэгэнтэйгээ эвлэрсэн. Би өөрийн бэр эгч Э-ийг зодож, хаалганы шил мөргүүлж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй тул надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Н.А нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Түргэн сумын 3дугаар багийн нутаг дэвсгэрт байх хохирогч Б.Э-ийн гэрт түүнийг зодож,  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Э, гэрч Б.Н, Н.А, Д.Н, насанд хүрээгүй гэрч Б.О нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Н.А-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн №492 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Н.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-ийн  биед зүүн зулай, дагзны хуйханд зүсэгдсэн шарх, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Н.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн болон хохирлын талаархи нотлох баримт авагдаагүй боловч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.А нь хохирогч Б.Э-т 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг хохиролд тооцон өгсөн нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон, түүнчлэн хохирогч нь хохирол төлүүлж авсан болон нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан байх тул гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.                    

                   Шүүгдэгч Н.А анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг сайн дураараа арилгасан зэргийг ял шийтгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                   Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч М овгийн Н-ийн А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-т 650 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                       ДАРГАЛАГЧ,

                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН