Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Эрдэнэжав, Ч.Баттулга, Ч.Гантулга,

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/0828/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10/81713 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн ерөнхий архитекторын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2023/07-009 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэвээр үлдээхийг хариуцагчид даалгах

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч Ч.Эрдэнэжавын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин амины орон сууц гудамж 446 тоот хаягт байршилтай 1331403208 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар, нэхэмжлэгч Ч.Гантулгын тус хорооны 44а тоот хаягт байршилтай 1331403206 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар, нэхэмжлэгч Ч.Баттулгын тус хорооны 44 тоот хаягт байршилтай 1331403207 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв, нийт 2100 мкв өмчлөх эрх бүхий газарт дээрх иргэдээс 9 давхар орон сууцны барилга барих хүсэлтийг Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасны дагуу хариуцагчаас мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 100 хувийн саналаар дэмжиж, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2023/07-009 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан байна.

2.3. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10/1713 тоот дугаар албан бичгээр дээрх МЗХ2023/07-009 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.4. Нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 06-01/5295 тоот албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгч, нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэл гаргагч болон нэхэмжлэл гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэжав шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1. "Монгол Улсын иргэн Чалхаажавын Эрдэнэжав, Чалхаажавын Баттулга, Чалхаажавын Гантулга бид Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороо, жанжин амины орон сууц гудамж 44а тоот хаягт байршилтай 1331403206, 1331403207, 1331403208 нэгж талбарын дугаартай тус бүр 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчид бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Чалхаажавын Эрдэнэжав Г- 2204032455, Чалхаажавын Баттулга Г- 2204032454, Чалхаажавын Гантулга Г- 2204032454 дугаарт бүртгэлтэй билээ.

3.2. Бид дээр дурдсан газрын өмчлөгчийн хувьд холбогдох журмын дагуу Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт гаргаж, Нийслэлийн ерөнхий архитектор 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр МЗХ2023/07-009 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгсөн.

3.3. Ийнхүү архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсантай холбогдуулан дээрх өмчлөлийн газар дээр буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороо, амгалан/13271/ гудамж 44/1, 44/2, 44/3, 44/4 тоот хаягт байршилтай тус бүр нь 165.1 м.кв талбай бүхий, амины орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204012341, Y-2204012342, Y-2204012343, Y-2204012262 дугаарт бүртгэгдсэн иргэн Ч. Чалхаажавын Баттулгын өмчлөлийн 4 үл хөдлөх хөрөнгийг бүрэн нурааж, батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу орон сууцны зураг гаргуулж, даалгаврыг хэрэгжилтийг хангуулахаар тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж эхэлсэн.

3.4. Гэтэл Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10/1442 дугаартай албан бичгээр 2023 оны МЗХ2023/07-009 дугаартай Архитектур төлөвлөлийн даалгаврыг хүчингүй болгох сонсох ажиллагаа явуулж байгаа талаар дурдан цахим хэлбэрээр хуулбар хувийг ирүүлсэн бөгөөд холбогдох тайлбараа хүргүүлсэн.

3.5. Ийнхүү 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10/1713 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох тухай албан бичгийг мөн л цахимаар ирүүлснээр бид эрх ашиг сонирхлоо зөрчигдөж байгааг мэдэж, Захиргааны ерөнхий хуулийн 93, 94 дүгээр зүйлийн дагуу гомдлоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид гаргасан. Гэтэл Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн гэрээ, эрх зүйн тасгийн дарга Д.Жадамба гэх хүний гарын үсэгтэй 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 06- 01/5295 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичгийг Монгол шуудан ХК-иар ирүүлсэн.

3.6. Дээр дурдсан 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 06-01/5295 дугаартай албан бичигт: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр танайд олгосон Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон талаар 2023 оны 7 дугаар сарын 05- ны өдөр тус газраас мэдэгдсэн байна... гэдэг үндэслэлээр буюу шийдвэр эцэслэгдэн гарсан тул танаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн илт үндэслэлгүй хариуг ирүүлсэн.

3.7. Өөрөөр хэлбэл иргэд бид Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хэрхэн яаж зөрчсөн эсэх, төр, иргэн, хуулийн этгээдийг хэрхэн хохироосон талаарх мэдээлэл, баримтыг огт шинжлэн судлаагүй зөвхөн мэдэгдсэн байгаа тул гомдлыг судлан тогтоох боломжгүй гэдэг агуулгаар хариу ирүүлсэн нь илт хууль бус бөгөөд үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1. дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

3.8. Бидний хувьд 2023 оны МЗХ2023/07-009 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсанаас хойш өөрсдийн Өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг бүрэн нураалгасан, аливаа барилга угсралтын ажил гүйцэтгээгүй, хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн аливаа үйлдэл хийгээгүй байтал хөрш залгаа эд хөрөнгӨ өмчлөгчдөөс санал аваагүй талаарх гомдол нэрийдлээр хууль зүйн үндэслэлгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчин гомдол шийдвэрлэж, газрын хууль ёсны өмчлөгч бидэнд их хэмжээний хохирол учруулсанд туйлын их гомдолтой байна.

3.9. Иймд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10/1713 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны МЗХ2023/07-009 дугаартай шийдвэрээр батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэвээр үлдээхийг хариуцагчид даалгаж өгнө үү." гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1. 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр тус газарт иргэн Ч.Эрдэнэжавын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин амины орон сууц гудамж 446 тоот хаягт байршилтай 1331403208 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар, Ч.Гантулгын тус хорооны 44а тоот хаягт байршилтай 1331403206 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар, Ч.Баттулгын тус хорооны 44 тоот хаягт байршилтай 1331403207 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газарт хамтран цэцэрлэгтэй 9 давхар орон сууцны барилга барих хүсэлт ирүүлснийг судлан 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Мэргэжилийн зөвлөлийн 07 дугаар хурлаар хэлэлцүүлэгдэж, олонхын саналаар дэмжигдэж (зоорьтой) 9 давхар хүртэл, "Үйлчилгээтэй орон сууцны барилга"-ын зориулалтаар МЗХ2023/07-009 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон.

5.2. Уг Архитектур төлөвлөлтийн даалгаврын Хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчдөөс буюу Жанжин 15 гудамжны 680в, 681а, Жанжин 13 гудамжны 712а тоот иргэдээс санал авч ирүүлэх тухай заасан буюу мөн хуулийн 38.2.4 дэх заалтад эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт урьдчилан тодорхой зүйл хийх, түдгэлзэх, эсхүл тодорхой зүйл хийхийг үүрэг болгосон.

5.3. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тухайн байршилд Архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчдөөс санал аваагүй тухай гомдлыг тус газарт ирүүлсэн. Гомдлыг дагуу судлахад нөлөөлөлд өртөж буй айл өрхүүдээс хөршийн санал аваагүй нь тогтоогдож, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасан хэлбэрээр явуулж, 2023 оны 06 дугаар сарын 22-ны дотор хариу тайлбараа ирүүлэхийг мэдэгдсэн боловч сонсох ажиллагааны хариу тайлбарыг заасан хугацаанаас хэтрүүлж, актад заасан хөрш залгаа иргэдээс санал авч ирүүлээгүй байсан.

5.4. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг "Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно", Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь заалтад захиргааны актаар нэмэлт зохицуулалт заасан бөгөөд тухайн этгээд уг үүргийг биелүүлээгүй бол эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг цуцлах, мөн энэ хуулийн 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг "Гомдол гаргагчийн хүсэлтийг захиргааны байгууллага хүлээн зөвшөөрч өөрөө шийдвэрлэж болно" гэснийг тус тус үндэслэн 2023 оны МЗХ2023/07-009 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ч.Эрдэнэжавын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин амины орон сууц гудамж 446 тоот хаягт байршилтай 1331403208 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар, нэхэмжлэгч Ч.Гантулгын тус хорооны 44а тоот хаягт байршилтай 1331403206 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар, нэхэмжлэгч Ч.Баттулгын тус хорооны 44 тоот хаягт байршилтай 1331403207 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв, нийт 2100 мкв өмчлөх эрх бүхий газарт дээрх иргэдээс 9 давхар орон сууцны барилга барих хүсэлт ирүүлснийг үндэслэн хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газраас мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 100 хувийн саналаар дэмжиж, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2023/07-009 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан байна.

Маргаан бүхий Хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох тухай 10/1713 тоот албан бичгээр ...Архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчдөөс санал аваагүй тухай гомдлыг тус газарт ирүүлсэн байна. Гомдлын дагуу судлахад нөлөөлөлд өртөж буй айл өрхүүдээс хөршийн санал аваагүй болох нь тогтоогдож байна. Иймд Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсгийг тус тус үндэслэн 2023 оны МЗХ2023/07-009 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хүчингүй болгосон... гэж шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хуульд нийцэхгүй гэж үзлээ.

Дээрх актад үндэслэл болгосон Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно., Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.7-д Гомдол гаргагчийн хүсэлтийг захиргааны байгууллага хүлээн зөвшөөрч өөрөө шийдвэрлэж болно. гэж тус тус заажээ.

Хариуцагчаас иргэнээс гаргасан гомдлын дагуу дотоод хяналт шалгалт хийхэд хөрш иргэдийн саналыг аваагүй байсан тул архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч иргэд нь анх хүсэлт гаргахдаа хөрш залгаа 680 тоот Б.Лхагвадэмбэрэлийн зөвшөөрсөн тухай саналыг хуудас, 713б тоот Д.Энхтөрийн зөвшөөрөхгүй тухай саналын хуудсыг тус тус хавсарган өгсөн байх бөгөөд хүсэлтийн дагуу захиргааны байгууллагаас 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2023/07-009 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, хөрш залгаа Жанжин 15 гудамжны 68в, 681а, Жанжин 13 гудамжны 712а тоотуудаас хөрш залгаа иргэдийн санал ирүүлэх гэж тусгажээ.

Уг архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсаны дараа 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 11-11 төвөөр дамжуулан иргэн С.Нарантуяагаас /хариуцагчийн тодруулснаар Ш.Нямдэлэг/ ...хууль бусаар дахин төлөвлөлтөд орсон газарт А даалгавар гаргуулсан асуудлыг шалгуулмаар байна... гэсэн агуулгатай гомдол гаргасныг үндэслэн хариуцагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлж, хөршийн санал аваагүй талаар сонсох ажиллагааг явуулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд гомдол гаргасан иргэн Ш.Нямдэлэгийн гаргасан гомдлын агуулга нь дахин төлөвлөлтөд орсон газарт архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан гэсэн байхад энэ талаар шалгах ажиллагаа хийгээгүй, тухайн барилга баригдсанаар гомдол гаргасан иргэний эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, зөрчигдөх талаар нягтлан шалгахгүйгээр зөвхөн хувийн хэрэг дэх материалыг шалгаж, хөрш иргэдээс санал аваагүй гэсэн үндэслэлээр өөрийнхөө гаргасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.7-д заасан хуулийн урьдчилсан нөхцөлүүдийг хангаагүй буюу захиргааны байгууллагаас барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг хязгаарлах нөхцөл байдал бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэхээргүй байна.

Мөн хариуцагчаас нэхэмжлэгч нарт олгосон 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2023/07-009 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар нь 1 жилийн хугацаанд хүчинтэй байхаар олгогдсон тул нэхэмжлэгч нар нь архитектур төлөвлөлтийн даалгавар хүчинтэй хугацаанд хөрш иргэдийн саналыг авах ажиллагааг хийж байсан гэж маргаж байгааг буруутгах боломжгүй.

Ийнхүү дээр дүгнэснээр захиргааны байгууллага нь маргаан бүхий актад дурдсан үйл баримтын бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй буюу барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол холбогдох хууль тогтоомжид зааснаар зөрчигдсөн эсэхийг шалган тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.3-т Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ., 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт болжээ.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь хуульд нийцээгүй бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газар өмчлөгч иргэн дараахь эрхтэй: ...27.1.7.холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журам, шаардлагад нийцүүлэн өмчийнхөө газарт барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, ашиглах; гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартаа хууль, журмын дагуу барилга барих эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч нарын Нийслэлийн ерөнхий архитекторын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2023/07-009 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэвээр үлдээхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд, маргаан бүхий актыг шүүхээс хүчингүй болгосноор анх олгосон 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2023/07-009 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын үйлчлэл шууд сэргэх үр дагавартай тул шүүхээс энэ шаардлагад дүгнэлт хийн шийдвэрлэх шаардлагагүй байна.

Иймд уг шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Эрдэнэжав, Ч.Баттулга, Ч.Гантулга нарын Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10/81713 дугаар захиргааны актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын Нийслэлийн ерөнхий архитекторын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2023/07-009 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэвээр үлдээхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ