| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/01514/И |
| Дугаар | 181/ШШ2024/02777 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/02777
| 2024 07 23 | 181/ШШ2024/02777 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .............тоотод оршин суух, Л.Ж /Регистрийн дугаар: ......./-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар баригадад 1987-1991 онуудад малчнаар ажилласан жилийг нотлох баримт байхгүй. Зөвхөн 1987 оны ажилласан нэг жил байгаа. 1988 оноос 1991 оны малчнаар ажиллаж байсан 4 жилийг шүүлгэж үзэхэд огт баримт гарч ирээгүй. Одоо тэтгэвэрт гарах болсон учир ажилласан жил хүрэхгүйд хүрээд надад өгөх өөр ямар ч нотлох баримт бахгүй. Энд тэнд шүүлгэн үзэхэд баримт тодорхойгүй байна. Иймд намайг 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Үндэсний төв архивын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 387 тоот тодорхойлолт, Нийслэлийн архивын 2024 оны 3 дугаар сарын 01-ний 207 тоот тодорхойлолт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3833 дугаар лавлагаа, Л.Ж иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Гэрч Н.Су. гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, Л.Ж гийн 458236 дугартай МХЗЭ-ийн гишүүний Бат илэрхийлэх зэргийг ирүүлжээ. /хх 3-14/
Шүүхийн журмаар: тус шүүхийн 181/ШЗ2024/07353 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 9/6333 тоот хариу, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 9/6165 тоот хариу, түүний хавсралтууд, Баянхонгор аймгийн Архивын тасгаас ирүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 473 тоот хариу, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1177 тоот хариу, түүний хавсралтууд, гэрч Н.С. 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэг, зэргийг бүрдүүлжээ. /хх 21-76/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Л.Ж нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн.
2.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:
2.1.Баянхонгор аймгийн Архивын тасгаас ирүүлсэн 2020 оны 3833 тоот тодорхойлолтод: Лэгшид овогтой Жавхлан нь Баацагаан сумын Чойбалсан зам нэгдэлд 2 дугаар бригадад 1987-1990 онуудад малчнаар ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1987 оны 6,7,8,9,10, 11 сард цалин хөлс олгосон баримт гарсан. 1988-1990 онуудад энэ хүнтэй холбоотой мэдээлэл гараагүй талаар тодорхойлжээ. /хх 5/
Шүүхийн журмаар тус архиваас лавлагаа гаргуулахад 1987-1993 оны баримтуудад Л.Ж д холбогдох тушаал шийдвэр гараагүй, малын тооллогын А данснаас энэ хүнтэй холбоотой мэдээлэл гараагүй, харин нэгдлээс 4,6 хэсгээс 1987 оны 6,7,8,9,10 сард цалин хөлс олгосон талаарх баримт гарсан гэж тодорхойлжээ. /хх 35/
2.2.Үндэсний төв архив, Нийслэлийн архиваас баримт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй талаар 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 387, 207 тоотоор тодорхойлжээ. /хх 3, 4/
2.3.Лэгшидийн Жавхланд олгосон МХЗЭ-ийн гишүүний 458236 тоот Бат илэрхийлэх-д 1986 оны 9-12 сард, 1987 оны 1-6 сард сард 1 төгрөгний татвар, 7-12 сард сард 2 төгрөг, 1988 оны 1-12 сард, сард 2 төгрөг, 1989 оны 1-6 сард тус тус татвар төлсөн талаар тусгажээ. /хх14/
2.4.Улсын бүртгэлийн ерөнхиий газраас ирүүлсэн баримтаар: нэхэмжлэгч анх ХААТР-1 маягтаар 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлэхдээ Чойбалсангийн зам нэгдэлд саальчинаар 1985 онд ажилд орсон гэж тэмдэглүүлж байжээ. Тэрээр 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Т.Батнасанг төрсний бүртгэлд бүртгүүлэхдээ эх Лэгшидийн Жавхлан, одоогоор ажилгүй гэж, 1991 оны 12 дугаар сарын 20-ны хүү Б.Батбаатарыг төрсний бүртгэлд бүртгүүлэхдээ эх Лэгшидийн Жавхлан, Чойбалсан Зам нэгдэл, ямаачин, хоршоолсон ард гэж, 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхдээ эхнэр Лэгшидийн Жавхлан, Чойбалсан зам, ямаачин, Хоршоолсон ард гэж тэмдэглэжээ. /хх 21-34/
2.5.Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1177 тоотоор гэрчН.С гийн ажиллаж байсан талаарх баримтыг ирүүлснээс, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/00223 дугаар шийдвэрээр Н.Су.г 1984 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг шүүх тогтоожээ. ГэрчН.С 1990 оны 01 дүгээр сараас хойшх хугацааг нөхөн баталгаажуулсан 0321000327 тоот баталгаажилтын хуудас зэргийг ирүүлжээ.
Нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, өөр гэрч байхгүй хэмээн тайлбарласан тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэнэ. Мөн тэрээр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хууль-ийн дагуу нөхөн даатгалд хамрагдаагүй болох нь түүний хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.
Дээрх баримтууд болон гэрчН.С гийн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, шүүх нэхэмжлэгчийг 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Харин бүртгэх байгууллагаас ирүүлсэн төрсний бүртгэл, гэрлэлтийн бүртгэлд хоршоолсон ард, ардын аж ахуйтан гэж тусгагдсан байх тул шүүх 1989-1991 онд түүнийг ажиллаж байсныг тогтоох боломжгүй, өөр дэмжих баримт хэрэгт цуглараагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Ж г 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсан зам нэгдлийн 2 дугаар бригадад малчинаар /ямаачин/ ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 01 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сар дуустал ажиллаж байснаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ