Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00451

 

 

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00451

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** оршин суух, Ч.Ө (Р**********),

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00426/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ө  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ч.Ө  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ч.Ө  нь 1969 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуульд 1982 онд элсэн орж 1984 онд сантехникч мэргэжлээр төгссөн. 1984 онд цэргийн албанд татагдаж 1987 онд цэргээс халагдаж ирсэн.

Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсан.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл архивт ажилд орсон, гарсан тушаал байхгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна.

Иймд миний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Ө 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл ойн техник мэргэжлийн сургуулиас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11/264 дугаартай албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын газрын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 08/928 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №564470 дугаартай Ч.Ө 1984 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тодорхойлолт гэх толгой бичвэр бүхий Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж 2,736,534 төгрөгийн хохирол учирч шатсан болохыг тодорхойлов гэх бичилттэй гал түймрийн улсын хяналтын байцаагч ах дэслэгч С.А тодорхойлолтын эх хувь, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/118 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газраас Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан Ч.Ө 1988-1990 оны цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Ч.Ө 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл ойн техник мэргэжлийн сургуулиас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 1-26 дугаар тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Д, Б.Б нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 57-59 дүгээр тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1990-2000 оны хооронд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, (хх-ийн 42 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1/485 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хх-ийн 43-46 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 11/391 дугаартай албан бичиг, (хх-ийн 49 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 3/192 дугаар албан бичгээр ирүүлсэн Ч.Ө 1988-1990 оны цалин хөлсний лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, (хх-ийн 50-56 дугаар тал) зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Ч.Ө  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Иймд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Ө   өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ч.Ө  нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн ойн техник мэргэжлийн сургуулиас 031202 дугаартай 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосон 01. 1982 оны 09 сарын 01. Хөвсгөл ойн техник мэргэжлийн сургуулийн сантехникчийн ангид сурагчаар элсүүлэн суралцуулав. Ойн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1982 оны 11-р сарын 26-ны өдрийн 92 тоот тушаалаар, 02. 1984 оны 06 сарын 27. Хөвсгөл ойн техник мэргэжлийн сургуулийг хоёр жил суралцуулан сантехникч слесарьчийн мэргэжил эзэмшүүлэн, Ойн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1984 оны 06-р сарын 27-ны өдрийн 53 тоот тушаалаар, 03. 1984 оны 06 сарын 20. Цэргийн жинхэнэ хугацаат албанд дайчлан татав. Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоол, 04. 1987 оны 06 сарын 24. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгасан учир бэлтгэлээр халж Хөвсгөл аймагт хуваарилав. БНМАУ-ын НАХЯамны сайдын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/325 дугаар тушаал, 05. 1987 оны 07 сарын 20. Ардын зориг нэгдэлд барилгачнаар томилон ажиллав. Нэгдлийн даргын 1990.08.21-ний 31 тоот тушаалаар сэргээн тогтоов. 06. 1990 оны 06 сарын 04 өдөр. Өөр байгууллагад шилжих болсон тул өөрийх нь хүсэлтээр барилгачны үүрэгт ажлаас чөлөөлөв. Нэгдлийн даргын 1990.06.27-ны 24 тоот тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр (хх-ийн 60 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1990 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 27 тоот тушаалын Ч.Ө , барилгачин, бүгд хоног гэх хэсэгт 22, амрах хугацаа гэх хэсэгт 1990-06-01 гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын хуулбар (хх-ийн 56 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 3/192 дугаар албан бичгээр ирүүлсэн Ч.Ө 1988 оны 1 дүгээр сараас 1989 оны 10 дугаар сар, 1990 оны 2, 4 дүгээр саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 50-56 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1/485 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Ч.Ө Ажилладаг гэх хэсэгт Ардын зориг нэгдлийн барилга, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт Барилгачин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1986, оршдог сум, район гэх хэсэгт Тосонцэнгэл... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 43-46 дугаар тал),

Гэрч Б.Д-ийн ...Ч.Ө  нь 1987 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ардын зориг нэгдлийн барилга дээр шавар зуурч өрлөг хийдэг байсан юм. Тухайн үед миний бие Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ардын зориг нэгдлийн барилга дээр засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэдэг байсан. Бид хоёр тухайн нэгдэлд 1987 оноос 1990 он хүртэл цуг ажилласан. Ч.Ө  нь харилцаа сайтай, ажилдаа сайн залуу байсан юм.... гэх мэдүүлэг,

гэрч Б.Б ...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Барилга дээр Ч.Ө тай 1987 оноос 1990 оны хооронд хамт ажиллаж байсан. Бид хоёр шавар зуурч, зөөдөг байсан. Ч.Ө  нь ажлын цаг сайн барьдаг, ажилч хөдөлмөрч залуу байсан юм. Ч.Ө  нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынхаа сантехникын салбарт олон жил ажилласан бөгөөд үлгэр жишээч, хөдөлмөрч, зарчимч хүн байгаа юм... гэх мэдүүлэг (хх-ийн 57-59 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Ч.Ө ы Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Ч.Ө д холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оноос хойшхи тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Ч.Ө д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/391 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 9, 49 дүгээр тал)

Нэхэмжлэгч Ч.Ө нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0129 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/325 дугаар тушаалаар 06 дугаар сарын 22-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан талаарх бичилттэй Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 08/928 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Ч.Ө**************1) нь 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдаагүй болно гэх бичилттэй 175 дугаартай албан бичиг тус тус хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 10, 42 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ө (Р**********)-ы Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ө ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ