| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00340/И |
| Дугаар | 156/ШШ2024/00339 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2024/00339
2024 07 02 156/ШШ2024/00339
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00340/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Хүсэлт гаргагч: Хэнтий аймагийн ................ тоотод оршин суух, Боржигин овогт Х.Ц ,
Хүсэлт гаргагч: Хэнтий аймагийн ................ тоотод оршин суух, Боржигин овогт Х.М
Хүсэлтийн шаардлага: Нас тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.Ц , Х.М нар нь нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Х.М , Х.Ц нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний дүү Х.М нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр элэгний хатуурал хорт хавдар гэсэн онош тогтоогдож, Монголд эмчлэгдэхгүй гэсэн хариу сонсч, Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд явах болсон. Би дүү Х.М ынхаа Энэтхэг улсад хийгдэх эмчилгээнд миний донор болж хамт явах болсон. Энэтхэг улсад очоод элэг шилжүүлэн суулгах хагалгаанд ороход эхлээд Энэтхэг улсын шүүх хуралаар ордог гэсэн бөгөөд уг хуралд нилээд нотлох баримтыг бүрдүүлэх шаардлага үүссэн. Тэдгээр нотлох баримтуудын дотор дүү Х.М бид хоёрын төрсний гэрчилгээ, төрсөн эгч дүү нь үнэн гэсэн баримт зэрэг байгаа. Гэвч дүү бид хоёрын төрсний гэрчилгээ байхгүй, Сэлэнгэ аймгийн иргэний бүртгэл, Нийслэлийн иргэний бүртгэлд шүүлгээд эгч бид хоёрын төрөлт тухайн үеийн нөхцөл байдлын улмаас төрсний бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн.
Ингээд бид Улаанбаатар хотын иргэний газарт хандаж төрсний гэрчилгээгээ гаргуулж авъя гэж хандахад шүүхээр насаа тогтоолгож ирэх юм энд төрсний гэрчилгээ гаргаж өгч болно гэсэн. Би Энэтхэг улсад орох хагалгаандаа яаралтай, цаг алдалгүй явах шаардлагатай байгаа тул бидний энэхүү гачигдалтай байдлыг харгалзан үзэж Х.Ц намайг 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн болохыг, Х.М ыг 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч Х.М , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Бид нас тогтоолгох нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд бид цаг алдалгүй эмчилгээндээ явах болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.М , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд түүний татгалзал нь хууль зөрчөөгүй, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3. Хүсэлт гаргагч Х.Ц , Х.М нар нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр эмчилгээндээ яаралтай явах болсон гэх шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд шүүхээс тус хэрэг дээр иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэснээс өөр ажиллагаа явуулаагүй байсан тул хүсэлт гаргагч нарын шүүхэд гаргасан хүсэлтийн агуулгыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.М , хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нарын шүүхэд гаргасан нас тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Ц , Х.М нарын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Голомт банк дахь Төрийн сангийн .... дугаартай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагч Х.Ц , Х.М т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА