Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 107

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,

       Шүүгдэгч: Н.А,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Н-н А-д холбогдох эрүүгийн 1735000310036 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дугаар баг 25-01 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, РД:ОЮ75050215, Ш овгийн Н-н А.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.А нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний орой Увс аймгийн Тариалан сумын “Бор хавцал” гэх газарт хохирогч Б.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

         1. Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний бие Увс аймгийн Тариалан сумын “Бор хавцал” нэртэй газарт байх Төрийн бус байгууллагад удирдах албан тушаал хашдаг юм. “Бор хавцал”-д Улаангом сумаас шинээр ирсэн айл архи согтууруулах ундаа зараад байна гэхээр нь 1 хүнд мөнгө өгөөд “Улаангомоос ирсэн айл руу ороод архи аваад ир” гэж хэлээд явуулсан. Удалгүй миний явуулсан хүн нэг шил архи авч ирсэн тул Ж бид хоёр архи авсан залууг дагуулаад архи зарсан айл руу хамт ороод “Та нар ягаад архи зараад байгаа юм бэ?. Энэ хүмүүс чинь архи уугаад 30 метрийн нүхэнд орж ажиллаж байгаад ямар нэг муу юм болвол яах юм бэ” гэхэд тэр айлын хүмүүс “Бид нар архи зараагүй” гэж хэлсэн ба тэд архи авсан залууд “Чи архи хаанаас авсан юм, бид нар чамд архи зараагүй” гэж хэлээд тэр залуу руу дайраад байхаар нь би тэр залууг “гарч бай” гэж хэлээд гаргачихсан. Тэгээд архи зарсан айлд “Та нар архи зарж болохгүй” гэхэд “Манайх архи зараагүй” гээд хэрүүл маргаан болоод тарсан. Маргааш нь буюу 2017 оны 07 сарын 29-ний өглөө Ж манайд ирээд “Өнгөрсөн шөнө архидалт хэтэрлээ. Шөнөжингөө согтуу хүмүүс орилолдож шуугиад унтуулсангүй. Хоёулаа очиж хэлье” гэсэн тул би Ж-гийн хамт нөгөө архи зарсан айлд ороод “Танайх яагаад архи зараад байгаа юм бэ. Өнгөрсөн шөнө архидаад унтуулсангүй” гэхэд “Бид нар архи зараагүй. Чи ягаад манайхыг архи зараад байна гээд өдөр бүр орж ирээд байгаа юм бэ. Энд чинь айл болгон архи зарж байна. Би энд хоол зарж борлуулах гэсэн болохоос архи зарах гэж ирээгүй” гээд хэрүүл маргаан болсон. Тэгтэл тэр айлд хэвтэж байсан А гэж залуу босож ирээд “Энэ айл архиа зарна уу, юугаа хийх нь чамд ямар хамаатай юм бэ. Чи дандаа хэрүүл маргаан хийж явдаг, гарч зайл” гэхээр нь би А-д “Энэ айлыг архи зараад байна гэж “Бор хавцал”-д байгаа бүх хүмүүс хэлж байна. Чи согтуу байгаа юм чинь энэ айлаас архи авж уусан биз. Хаанаас архи авч уугаад байгаа юм. Би тавих ёстой шаардлагаа тавьж байгаа юм биш үү. Чи дуугүй байж бай” гэхэд хажуугаас П гэж залуу “Чи өчигдөр бас орж ирсэн. Яагаад энэ айлд өдөр бүр орж ирээд байгаа юм бэ. Архи зараагүй гэж хэлээд байгаа юм биш үү. Энэ гэрээс гарч зайл” гэж хэлээд миний хоёр гарнаас татаад гэрээс гаргах гээд ноцолдож байтал тэр айлын унь нь унасан. Гэтэл А тэр унийг аваад миний толгой руу цохисон. Би тэр А гэж залууд юм хэлээгүй бөгөөд тэр айлыг “Архи битгий зар” гэж хэлсний төлөө намайг А униар цохисон юм. Миний толгой эргээд дотор муухайраад байна. Бас хүзүүгээр хатгаж өвдөж байна. А бид хоёрын хооронд өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Бид хоёр нэгнийгээ таньж мэдэх бөгөөд алтны газар хамт ажиллаж байсан юм. Намайг А цохихыг Ж болон тэр айлд байсан хүмүүс харсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08-р тал/,

                 2. Гэрч Т.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр А Улаангомоос ирж гуанз ажиллуулж байсан манай хамаатны эгч Н-гийн гэрт орж ирээд “Танайх архи зарж байна” гээд хэрүүл маргаан хийж байгаад явсан байсан. Маргааш нь би тэдний гэрт байж байтал А гаднаас орж ирээд “Танайх яагаад архи зараад байгаа юм бэ. Танай гэрээс архи аваад гарсан залууг би дагуулаад явж байна” гэж хэлээд орилж чарлаад хэрүүл маргаан хийсэн. Манай эгчийнх архи зараагүй бөгөөд хоол хийж зарах санаатай ирээд хэд хонож байсан юм. Манай эгч Ад “Би архи зараагүй” гэхэд “Танайх зарсан, шөнөжин согтуу хүмүүс орилж дуулж хонолоо. Танайх эндээс нүүж яв” гэхээр нь би “Та өдөр бүр орж ирээд хэрүүл маргаан хийгээд байх юм. Энэ айл архи зараагүй гэж танд хэлээд байна” гэхэд “Чи муу авгай дуугүй бай. Архи зарсныг нь би мэдэж байна” гээд хэрүүл маргаан болж байтал А босож ирээд “Чамд энэ айл юугаа зарах нь ямар хамаатай юм бэ” гэхэд А нь А-д “Чи муу архичин хаанаас архи авч уусан юм” гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэр үед манай нөхөр гаднаас орж ирээд “Та яагаад хэрүүл маргаан хийгээд яваад байгаа юм бэ” гээд Аг гэрээс гаргах гэтэл гэрийн унь унасан. Тэр унийг А аваад А-гийн толгой руу цохьчихсон. ” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10-р тал/,                 

                3. Гэрч Н.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр А манайд ирээд “Улаангомоос ирсэн айл архи зарж байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр архи зарж байна гэсэн айлд очиж уулзахад “Манайх архи зараагүй” гээд хэрүүл маргаан болсон. Тухайн үед А гэх залуу тэр айлд хэвтэж байгаад Ад хандан “Энэ айл юугаа зарах нь чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд босоод ирэхэд нь А “Чи хаанаас архи авч уусан юм бэ” гээд А рүү дайрахад А “Чамд ямар хамаатай юм” гэж хэлээд Агийн толгой руу униар цохиод авсан юм. Тухайн үед А архи уучихсан согтуу байсан” гэх мэдүүлэг /хх –ийн 11-12-р тал/,           

                4.Гэрч Х.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр А манайд орж ирээд “Танайх яагаад архи, согтууруулах ундаа зараад байгаа юм бэ” гэж хэлээд манай гэрийн унь унагаагаад, гэр дотор хэрүүл маргаан хийж байгаад явсан. Маргааш өглөө нь дахин Ж-гийн хамт орж ирээд “Танайх архи, согтууруулах ундаа худалдаж байна. Энэ залуу танайхаас архи аваад гарч байсныг би дагуулаад ороод ирлээ” гэж хэлээд орилоод байхаар нь би А-г “Чи одоо тайвшир манайд архи байгаа бол чи нэгжээд олоод ав. Архи байвал хариуцлагыг нь би өөрөө хүлээнэ” гэхэд А орилоод “Чамайг энд бараа заруулахгүй авгай минь зайл. Чамайг эндээс нүүлгэнэ” гэж хэлсэн. Тэр үед А гэх залуу манай гэрт байсан ба тэр намайг “Хоол зээлээр өгөөч” гээд сууж байсан юм. Тэгтэл А “Чи хаанаас архи авч уусан юм” гээд А-ийг заамдаж авахад А А-гийн гарыг нь тавиулаад А-гийн толгой руу униар цохисон юм. Тэгээд П А-гийн хоёр гарнаас татаад гэрээс гаргасан. Манай гэрийн унь 2 метр урттай, хар модоор хийсэн, бөөрөнхий хэлбэртэй, 2.5 см өргөнтэй унь байсан. Би “Бор хавцал” нэртэй газар гэр гуанз ажиллуулах гэж очсон бөгөөд энд ирэхдээ мод бага авч очсон. Тэр газар мод түлээ гээд байх зүйл ховор байсан болохоор тэр өдөр А А-гийн толгойг цохисон унь хугарчихаар нь би түлчихсэн юм. Миний авч очсон гэр хуучин муу гэр байсан бөгөөд “Бор хавцал”-д гэр гуанз ажиллуулах гэж цуглуулж босгосон гэр байсан. Би гэрийн унийг нь үнэлэхгүй бөгөөд хуучин муу унь байсан юм. Надад буруутай этгээдээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/.

                5. Гэрч Б.П-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай эхнэрийн хамаатны Н гэх хүн “Бор хавцал”-д гуанз ажиллуулахаар ирээд хэд хонож байсан. Би 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шрүп рүүгээ явж байтал тэр айлд хүмүүс орилоод байхаар нь гэрт нь ороход А “Танайх яагаад архи зараад байгаа юм бэ. Шөнөжингөө согтуу хүмүүс гадуур орилж чарлаад унтуулсангүй. Танайхаас архи аваад гарсан залуу энэ байна” гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь би “Та яагаад өдөр бүр орж ирээд архи зарсан гээд хэрүүл маргаан хийгээд байгаа юм” гэхэд А “Танай эхнэрийн эгч чинь танай эхнэртэй хамт архи зараад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та юу яриад байгаа юм бэ. Энэ айл чинь гуанз ажиллуулах гэж ирсэн” гэж хэлсэн. Тэгтэл А “Энэ айл юугаа зарах нь чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд А-тай хэрэлдэж маргалдсан тул би “Та гэрээс гар” гээд А-гийн гарнаас нь татаад гаргах гэтэл гэрийн унь уначихсан. Тэгтэл А тэр унасан унийг аваад А-гийн толгой руу цохьчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

                6. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №432 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.А-гийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 16-р тал/,

                     7. Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн засаг дарга Э.Сарантуяагийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 1059 тоот Тодорхойлолт /хх-ийн 29-р тал/,

                     8. Шүүгдэгч Н. А-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р тал/,

                     9. Хохирогч Б.А-гийн нэхэмжлэх хохирол төлбөр, гомдолгүй талаар 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан Тодорхойлолт /хх-ийн 38-р тал/,               

             11. Шүүгдэгч Н.А-ийн  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Тариалан сумын “Бор хавцал” гэх газарт хэдэн найзын хамт гар аргаар алт олборлож байгаа юм. Тухайн өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би гуанз ажиллуулж байгаа айлд хоол идэх гээд хүлээж суутал гаднаас А, Ж нар орж ирээд тэр айлыг “Архи, согтууруулах ундаа зарж байна. Яагаад архи зараад байгаа юм” гээд хэрүүл маргаан болсон. Тухайн үед би архи уучихсан байсан бөгөөд А надад “Та хаанаас архи авч уусан бэ, энэ айлаас авч уусан юм уу” гээд над руу дайраад байхаар нь би “Энэ айл юугаа зарж борлуулах нь чамд ямар хамаатай юм бэ. Би энэ айлд хоол идэх гээд орж ирээд сууж байна. Чи үйлчилгээ явуулж байгаа айлд битгий хэрүүл маргаан хийгээд бай” гэхэд А намайг доромжлоод, надтай маргалдсан. Тэр үед гаднаас П орж ирээд “Та хоёр өдөр хэрүүл маргаан хийж байна. Архи зараагүй гээд байхад яагаад орж ирээд хэрүүл хийгээд яваад байгаа юм бэ” гээд А-г гэрээс гаргах гээд татаж байтал гэрийн унь унасан. Тэгэхээр нь би тэр унийг аваад А-гийн толгой руу цохьчихсон юм. Тухайн үед би архи уучихсан байсан, мөн намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд цохьчихсон юм. Би А-г цохисондоо харамсаж байна. А бид хоёрын хооронд өр авлага, өш хонзон байхгүй. Бид хоёр олон жил гар аргаар алт олборлож байгаа тул нэгнийгээ сайн таньж мэднэ. А-г цохисон нь миний буруу. Хийсэн зүйлдээ харамсаж байна. Би А-д учирсан хохирлыг барагдуулж өгсөн байгаа. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Н.А нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний орой Увс аймгийн Тариалан сумын “Бор хавцал” гэх газарт хохирогч Б.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.А, гэрч Т.Ө, Н.Ж, Х.Н, Б.П нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Н.Аийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №432 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Н.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А-гийн  эрүүл мэндэд Тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Н.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А-гийн  эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи нотлох баримт авагдаагүй боловч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.А нь хохирогч Б.А-д 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хохиролд тооцон өгсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн гаргасан хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

                  Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.               

                   Шүүгдэгч Н.А анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  учруулсан хор уршгийг сайн дураараа төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл ,  36.6 дугаар зүйл,  36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч Ш овгийн Н-н А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Н. А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

        

                                                            ДАРГАЛАГЧ,

                                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН