| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03058/И |
| Дугаар | 181/ШШ2024/02863 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2024/02863
| 2024 07 29 | 181/ШШ2024/02863 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .. тоотод оршин суух, С.Б /Регистрийн дугаар: ...-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмэлжлэгч С.Б.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оны 12 дугаар сарын 10-с зөвлөлтийн ПНИИИС-ийн Улаанбаатар хэсэгт өрмийн мастераар ажилласан. Тус байгууллага 1991 онд татан буугдсан тул барилгын инженер хайгуулын эрдэм шинжилгээний төвд шилжин ажиллах болсон. Зөвлөлтийн ПНИИИС-д ажиллаж байсан талаар баримтыг Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газраас шүүлгэж үзэхэд гэрч ирэхгүй байна. Иймд намайг 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл зөвлөлтийн ПНИИИС-т ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн архивын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, 149844 тоот Хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа тодорхойлолт, Гэрч Г.П.н гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, түүний 231662 тоот хөдөлмөрийн дэвтэрээс, Гэрч А.Г. гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, түүний 012589 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 2-13/
Шүүхийн журмаар: тус шүүхийн 181/ШЗ2024/13035 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Үндэсний төв архиваас ирүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 021/665 тоот хариу, түүний хавсралт, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 198 тоот хариу, түүний хавсралтууд, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 9/8880 тоот хариу түүний хавсралтууд, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1355 тоот хариу, гэрч Г.Пү., А.Га. нарын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэг, зэргийг бүрдүүлжээ. /хх 39-76/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.Б нь 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 19-ний хооронд Монгол барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаа, ПНИИИС-т өрмийн мастераар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн.
2.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:
2.1.1964 онд төрсөн С. овогтой Б анх 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Дархан дах Геологи хайгуулын экспедицээс нээсэн 149844 тоот хөдөлмөрийн дэвтэр авагдсан. Энэ дэвтэрт Монгол барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын Захиргааны даргын 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 117 тоот тушаалаар Зөвлөлтийн ПНИИИС-ийн Улаанбаатар хэсгийн өрмийн мастераар авч ажиллуулав гэж, мөн захиргааны даргын 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот тушаалаар Байгууллага татан буугдсан тул ажлаас чөлөөлж, БИХЭШ-ийн төвийн мэдэлд шилжүүлэв гэж тэмдэглэжээ. /хх 6/
2.2.Үндэсний төв архиваас Монгол ажилчдын захиргааны даргын 1987 оны баримтаас С.Б г ажилд томилсон 1987 оны 12 дугаар сарын тушаал олдсон, 1988-1991 оны тушаал шүүж үзэхэд түүнтэй холбоотой баримт олдоогүй болохыг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03-08/2779 тоотоор тодорхойлжээ.
Баримтаар ирүүлсэн Монгол ажилчдын захиргааны даргын 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1252 тоот ажилд авах тухай тушаалд ПНИИС-ийн хүсэлтийг үндэслэн С.Б г 4-р зэргийн ажилчнаар 1987 оны 12 дугаар сарын 07-с эхлэн Улаанбаатарын хайгуулын хэсэгт авч ажиллуулсугай гэжээ. /хх 20-21/
2.3.Нийслэлийн архиваас Сот-3-ын Монгол ажилчдын захиргааны баримт тус архивт хадгалагддаггүй тухай хариуг ирүүлжээ.
2.4.Улсын бүртгэлийн архивын газраас ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч анх ХААТР-1 маягтаар 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бүртгүүлэхдээ өрмийн инженер мэргэжилтэй, Улсын барилгын хорооны харьяа монгол барилгын захиргаанд өрмийн инженерээр 1987 онд ажилд орсон гэж тэмдэглүүлж байжээ.
Мөн төрснийг бүртгэх маягтаар 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.Эг бүртгүүлэхдээ эцэг С.Б, Барилгын хайгуулын институт, өрмийн мастер гэж, 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Э. бүртгүүлэхдээ эцэг Сүрэнхорын Бямбасүрэн, албан хаагч, УБ Зөвлөлтийн барилгын хайгуулын экспедици, өрмийн мастер гэж, 1990 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэхдээ нөхөр Сүрэнхорын Бямбасүрэн, Зөвлөлтийн барилгын хайгуулын экспедици, техникийн ажилтан гэж өөрийн ажлыг тэмдэглүүлж байжээ.
2.5.Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаагаар гэрч Г.П гийн өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг баримтаар ирүүлсэн. Үүнээс нэхэмжлэгчтэй хамт ажилласан гэх маргаанд хамаарах ПНИИС-д ажилласан хугацааг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/00981 дүгээр шийдвэрээр /1988.08.25-1991.06.30/ ажиллаж байснаар тогтоосон, уг хэрэгт энэ хэргийн нэхэмжлэгч С.Б , гэрч А.Г нар оролцсон талаар дурдсан байна. /хх25-27/
Гэрч А.Г ийн 012589 тоот Хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ПНИИС-д ажиллаж байсан талаар тусгагдсан байна.
Дээрх баримтууд болон хэрэгт авагдсан гэрч Г.П , А.Г нарын мэдүүлэг зэрэгт тулгуурлаж, шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дэвтэр дэх бичиглэлийн хугацаагаар буюу 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч 1991 оны 02 дугаар сараас хойшхи хугацааг Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-ийн дагуу нөхөн төлж баталгаажуулсан байх тул шүүх тогтоох шаардлагагүй.
Хэрэгт баримтаар авагдсан томилсон тушаалд ажилчин гэж тусгагдсан тул шүүх ажлын байрыг өрмийн мастер бус энэ тушаалын дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотгойд овогт Сүрэнхорын Бямбасүрэнг Монгол барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргааны зөвлөлтийн ПНИИИС-ийн Улаанбаатар хэсэгт өрмийн ажилчнаар 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар ажилчинаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ