| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/04873/И |
| Дугаар | 181/ШШ2024/01363 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2024/01363
2024 04 04 181/ШШ2024/01363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин байрлах М ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоот хаягт оршин суух С.Б /РД:..../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,878,790.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
/Хариуцагч С.Бд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК нь ... тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн С.Б нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ... дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 4,999,800 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар Iphone13 pro загварын гар утас, TCL загварын угаалгын машин цахилгаан барааг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. М ХХК нь зээлдэгч С.Бд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гар утас, угаалгын машин зэрэг цахилгаан барааг хүлээлгэн өгсөн.
Зээлдэгч С.Б нь зээл авснаас хойш үндсэн зээл 623,782.84 төгрөг, зээлийн хүү 1,361,746.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,472.47 төгрөг нийт 2,000,002.20 төгрөг төлсөн. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар эргэн төлөлт хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 259 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно.
Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч С.Б нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч С.Б нь ... тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,376,017.16 төгрөг, зээлийн хүү 474,767,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,005.01 төгрөг нийт 4,878,790.06 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч С.Бгаас барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4,878,790.06 төгрөгийн өр төлбөрийг М ХХК-д гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: М ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар Барьцаат зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Харилцагчийн анкетын хуулбар, Зээлийн өргөдлийн хуулбар, 0098834 дугаар нэхэмжлэхийн хуулбар, С.Бгийн Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс өөрийн мэдээллийг М ХХК-д ашиглуулах, хадгалуулах зөвшөөрлийн маягтын хуулбар, С.Бгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн М ХХК-ийн маягтын хуулбар, Зээлийн дансны хуулга зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
3.2 Хариуцагч талаас нотлох баримт гарган өгөөгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч С.Бд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 4,878,790.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч С.Б нь хариу тайлбар гаргаагүй.
6. Хариуцагч С.Бд шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан, хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
6.1 Түүнчлэн хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэхээр түүний тодорхойлж гарган өгсөн оршин суугаа хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаар хорооны засаг даргын тодорхойлолт ирүүлсэн, гар утасны дугаараар холбогдох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн.
7. Хэрэгт цугларсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1 Зохигчийн хооронд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ... дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулагдсан байна.
7.2 Тус гэрээгээр 4,999,800 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар Iphone13 pro загварын гар утас, TCL загварын угаалгын машин цахилгаан барааг хувийн хэрэглээний зориулалтаар гэрээ байгуулан шилжүүлэн авчээ.
7.3 М ХХК нь зээлдэгч С.Бд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гар утас, угаалгын машин зэрэг цахилгаан барааг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна./хх-ийн 11-р тал/
7.4 Зээлдэгч С.Б нь үндсэн зээл 623,782.84 төгрөг, зээлийн хүү 1,361,746.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,472.47 төгрөг нийт 2,000,002.20 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар нэхэмжлэгч тайлбарлаж байна.
8. Талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний 7.2-т зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг зээлдэгчээс шаардах үндэслэлүүдийг заажээ.
Гэрээний мөн зүйлийн 7.2.4 дахь хэсэгт зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөлт хийсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсжээ.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу гэрээний хавсралт-1д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд зээлдэгч С.Бгаас барьцаат зээлийн гэрээний үүргийн үндсэн зээл 4,376,017.16 төгрөг, зээлийн хүү 474,767,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,005.01 төгрөг нийт 4,878,790.06 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 93,011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 93,011 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Бгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,878,790.06 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 93,011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 93,011 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА