Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0088

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.У, гуравдагч этгээд банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарыг оролцуулан Н.Оийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэлийн газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байна гэж шүүхэд хандсан. Шүүхийн явцад 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн эзэмших гэрчилгээ гаргасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, хотхоны дүгээр байрны 15 давхрын тоот хаягт байрлалтай, 53.58 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг Н*******ын О /РД:*******/-ийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Н.О /*******/, О.А******* /УЧ*******/ нарыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороо, Олимп хороолол /*******/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж байр ******* тоот хаягт байршилтай 53.58 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, 00******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах,...;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүх хуралдаанд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан бөгөөд Н.Оээс түүнд олгосон итгэмжлэлд нэхэмжлэлээс татгалзах эрхийг тусгайлан зааж өгсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.У нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Оийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, хотхоны дүгээр байрны 15 давхрын тоот хаягт байрлалтай, 53.58 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг Н*******ын О /РД:*******/-ийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Бүжинлхамд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй, шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ө.БОЛОРЧИМЭГ