Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00501

 

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00501

 

А.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02586 дугаар шийдвэртэй, А.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч АПЛ ХХК-д холбогдох,

Орон сууц захиалан бариулах тухай 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 809 дугаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна, ..,гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэсэн заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 122 651 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч А.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: А.Ань 2011 оны 10 сарын 21-ний өдөр АПЛ ХХК-тай 809 тоот орон сууц захиалан бариулах гэрээ, 401 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээ байгуулахад АПЛ ХХКК нь барилгын захиалгын гэрээ үзүүлж манайх бүх ажлаа нарийн зохион байгуулсан учраас санаа зовох зүйлгүй, та мөнгө л дансанд хийвэл гэрээ хүчинтэй, мөнгө хийхгүй бол бид өөр хүмүүстэй гэрээ байгуулах гэж байна гэж яаруулж гэрээний нөхцөлтэй танилцах боломж олголгүй шаардаж байсан тул урьдчилгаа төлбөрийг хайхаар хөөцөлдсөн. Учир нь 809 тоот орон сууц захиалан бариулах гэрээгээр 213,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 674 446 500 төгрөгөөр, 1 автомашины гарааш 26 000 000 төгрөг, 401 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээгээр 105 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 368 550 000 төгрөгөөр, 26,32 м.кв нийтийн эзэмшлийн талбайг 51 324 000 төгрөгөөр,1 автомашины гарааш 26 000 000 төгрөг, 402 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээгээр 82 м.кв талбайтай үйлчилгээний талбайг 287 820 000 төгрөгөөр, 21,38 м.кв талбайтай нийтийн эзэмшлийн талбайг 41 691 000 төгрөгөөр тус тус тооцож нийт 1 475 831 500 төгрөгийн үнэ бүхий захиалан бариулах гэрээг байгуулсан. Уг Орон сууц захиалан бариулах гэрээ, Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдөр гэж 2013 оны 3 дугаар улирал буюу түүнээс өмнөх хугацааг хэлнэ гэж заасан нөхцлийг үзүүлж байсан тул итгэж гэрээгээ байгуулсан. А.А 2011 оны 10 сарын 21-ний өдөрАПЛ ХХК-тай байгуулсан 809 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, 401 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт захиалагчийн төлбөр төлөх графикт хугацааны дагуу төлбөрийг цаг тухай бүрд нь төлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл гурван гэрээний нийт төлбөрийн 90 хувь болох 1 281 448 350 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно. Гүйцэтгэгч АПЛ ХХК нь дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 2013 оны 3 дугаар улиралд багтаах үүргээ гүйцэтгээгүй, барилгыг ашиглалтад оруулаагүй, захиалсан үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг ч хүлээлгэн өгөөгүй, ажлынхаа үр дүнг хүлээлгэн өгөх тухай хүсэлт ирүүлээгүй байна. Энэ тухай гүйцэтгэгч АПЛ ХХК -д амаар болон бичгээр 2013 оноос хойш удаа дараа шаардлага гаргаж, 2014, 2015, 2018 онуудад гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэхийг шаардсан албан шаардлагыг бичгээр тавьж байсан. Өнөөдрийг хүртэл 5 жил гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс захиалагчид сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацаа, үйл ажиллагаа, мөнгөн төлбөрийн хохирол гарч эхэлсэн. Хохиролтой холбоотой асуудлаар АПЛ ХХК д удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан боловч, нэг ч хариу өгөөгүй тул АПЛ ХХК-д хариуцлага тооцуулахаар гэрээг судалж үзэхэд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болсон эрх зүйн зохицуулалтыг зааж өгөхдөө захиалагчийн эрх ашгийг илтэд хохироосныг олж мэдлээ. Гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.6-д ...гэрээний 3.1-д заасан аливаа төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн төлбөр төлөгдөх өдөр хүртэл өдрийн 0,05% алданги тооцогдоно... гэж захиалагчийн үүргийн гүйцэтгэлийг тодорхойлсон хэрнээ, гүйцэтгэгчид алданги тооцох эрх зүйн заалтыг гэрээнд оруулалгүй, гүйцэтгэгч тал хариуцлага хүлээх, талууд тэгш эрх, үүрэгтэй байх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт заасан заалт зөрчигдөхөд хүрсэн байна. ...Захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгээс 0,01% хөнгөлөлтийг хугацаа хэтэрсэн хоног тутамд албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр хүртэл авах эрхтэй. Тухайн хөнгөлөлт нь гэрээний нийт дүнгийн 2% хувиас хэтрэхгүй байна... гэж хязгаар тогтоож заасан нь хөнгөлөлт болохоос алданги биш юм. Хэрвээ хариуцагч буюу гэрээний нөгөө тал энэ заалтыг хариуцлагын заалт гэж үзэх аваас гэрээний нийт дүнгийн 2% хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасан 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалттай нийцэхгүй байгаа. Энэ нь гүйцэтгэгч АПЛ ХХК үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байсан ч хоногт 0,01 хувийн хөнгөлөлт тооцож, уг хөнгөлөлт нь нийт гэрээний үнийн дүнгийн 2% хувиас хэтрэхгүй байхаар зааж, харин захиалагч төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоногт 0,05 хувиар алданги тооцохдоо ямар нэг тогтоосон хязгааргүйгээр алданги тооцохоор байгуулагдсан гэрээ байна.

Түүнчлэн АПЛ ХХК нь өөрт ашигтай алданги тооцох тухай уг заалтыг ашиглаж захиалагч А.А-аас гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй гэж 14 213 752 төгрөгийг алданги авсан бөгөөд харин захиалагчид алданги тооцох эрх зүйн зохицуулалт болсон эрх, үүргийг гэрээнд оруулаагүйгээс өнөөдөр захиалагч хохирч байна. Хэрэв захиалагч А.А-д 0,05% алданги тооцох эрх байсан бол нийт 5 жил 5 сарын алданги нь 737 915 750 төгрөг болно.

Түүнчлэн дээрхи гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.(а) -д гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж заасан нь энэхүү гэрээг байгуулахдаа анхнаасаа гүйцэтгэгч АПЛ ХХК үүргээ хугацаанд нь гүйцэтгэхгүй байсан ч үүрэг гүйцэтгүүлэгчид учрах хохирлыг нэхэмжлэх эрхийг хязгаарласан зохицуулалттай гэрээ болсон.

А.А нь 2013 оны 3 дугаар улиралд уг барилгын ажил ашиглалтад орно гэж төлөвлөж, 401, 402 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээнд заасан талбайг рестораны зориулалтаар ашиглахаар Малайз улсаас тавилга оруулж ирсэн байсан. Гэтэл рестораны зориулалтаар ашиглах нь битгий хэл, барилга баригдалгүй өнөөдрийг хүрч, захиалгаар оруулж ирсэн тавилга, эд хөрөнгөө бусдын талбайд байршуулах шаардлагатай болсон. Ингээд Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 183/ШШ2019/00001 дугаартай шүүхийн шийдвэр гарч А.А-аас Ц.Баярсайханд 121 875 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 767 325 төгрөг нийт 122 642 325 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж хохироосон. Дээрх 809 тоот орон сууц захиалан бариулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.(а) -д заасан ...тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна., ...гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэснийг, 401 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.(а) -д заасан ...тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна..., ...гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэснийг, 402 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.(а) -д заасан ...тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна... ...гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэснийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Хохиролд 122 651 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч АПЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын гаргасан 2 шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эхний шаардлага дээр 401, 402, 809 тоот гэрээнүүдийн 4.3 а дахь хэсэгт заасан заалтуудыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Энэ гэрээнүүд нь стандарт гэрээ биш, манай албан ёсны вэб сайтаар энэ бол стандарт гэрээ гэж цацсан зүйл байхгүй. Манайх тухайн зах зээлд давамгай байдалтай хуулийн этгээд биш. А.А өөрөө Алтан гэх компаниараа дамжуулаад өөрөө ресторан ажиллуулдаг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг. Зөвхөн 14 000 000 төгрөгийн алданги авсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.12, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан АПЛ ХХК болон А.А нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 сарын 21-ний өдрийн 809 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна..., ...Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэсэн нөхцөл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, АПЛ ХХК-иас 121 875 000 /нэг зуун хорин нэгэн сая найман зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулж А.А-д олгож, нэхэмжлэлээс 767 325 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 192 362 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, АПЛ ХХК-иас 977 325 /есөн зуун далан долоон мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж А.Алтантуяад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцож хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн. Нэхэмжлэгч гэрээнүүдийг стандарт гэрээ, заалтууд өөрийнх нь эрхийг хязгаарласан хэмээн үзэж байгаа бол тухайн үед өөрийн эрх ашгийг хамгаалсан гэрээний санал гаргах боломжтой байсан. Тулгаж гарын үсэг зуруулсан гэх үйл баримтаа нэхэмжлэгч нотлоогүй. н.Баярсайханд 122 642 325 төгрөг төлөх шийдвэр гарч хохирсон гэх асуудал АПЛ ХХК гэрээнд заасан хугацаанд гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүйгээс учирсан шууд хохирол мөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч ресторан ажиллуулах гэж байсан гэх үйл баримт болон гэрээний хохирол гэх шаардлага нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэх асуудалтай ямар үйл баримтаар шууд шалтгаант холбоотой болох, хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн 121 875 000 төгрөг, бүгд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой эсэх зэрэг үйл баримтаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Хариуцагч болон өмгөөлөгчийн хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ анхан шатны шүүх хурал болох өдөр тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргаж өгч өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хүсэлт шийдвэрлэсэн захирамж зэргээр нотлогдсон. Шүүх хуралд өмгөөлөгч сонгож хамт оролцох эрхээ эдлэн хүсэлт гаргасан байхад шүүгч хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хурлыг үргэлжүүлэн шийдвэр гаргасан нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч АПЛ ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 809 тоот орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна,...гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 122 651 700 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд дээрх гэрээнүүд байгуулагдсан, Нэхэмжлэгч нь 1 281 448 350 төгрөгийг хариуцагчид төлсөн, гүйцэтгэгч нь захиалагчид гэрээнд заасан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 03 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчид 14 213 752 төгрөгийн алданги тооцсон үйл баримтад талууд маргаангүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 809 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, 401 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээгээр 213.5 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, автомашины гарааш, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 1 475 831 500 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцон. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх гурван гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-гийн ...тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна. ...гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэх заалтыг хүчин төгөлдөр эсэхэд талууд маргажээ.

Гэрээний талууд аж ахуй эрхлэгчид тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлийг Иргэний хуулийн стандарт нөхцөлийн зохицуулалтаар тайлбарлахгүй.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийг шууд утгаар тайлбарлавал гэрээний 4.3.а-ийн ...Хөнгөлөлт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна... гэсэн тохиролцоо нь захиалагчид үнийн хувьд хөнгөлөлт үзүүлэх, үнэ тодорхойлох арга журамд хамаарах, түүнд ашигтай заалт байх бөгөөд нэхэмжлэгч 213,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, автомашины гарааш, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бол гэрээний үнийг бууруулахтай холбоотой байна. Энэ тохиролцоо нь талууд анзын талаар тохиролцоход саад болохгүй байсан ба нэхэмжлэгч хохирол шаардахад мөн саад болохгүй юм. Иймд хохирол шаардах эрхийг хязгаарласан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

Мөн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас учирсан зардал төлөхгүй гэсэн тохиролцоо хууль зөрчөөгүй. Учир нь давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас учирсан эрсдлийг өмчлөгч хариуцах бөгөөд гэрээгээр өөрчлөхгүй. Эд хөрөнгийн эрсдлийн хуваарилалт нь хоёрдогч үүрэг үүсгэхгүй тул энэ тохилдолд зардал хариуцахгүй гэсэн тохиролцоо эрхийн зөрчилд хүргэхгүй. Иймд уг тохиролцоог хүчин төгөлдөр бусд тооцох шаардлага байхгүй болно.

Харин ...гүйцэтгэгч энэхүү хойшлогдсоноос үүссэн ... нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг төлөх үүрэг хүлээхгүй гэсэн тохиролцоо хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус юм. Учир нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар гэрээг агуулгаар тайлбарлавал талууд зардал биш, хохирлын талаар тохиролцсон гэж дүгнэх бөгөөд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг гэрээний нэг тал зөрчвөл нөгөө тал нь мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй болно. Уг хохирол шаардах эрхийг гэрээгээр хязгаарлаж болохгүй тул талуудын дээрх тохиролцоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн байна. Иймд уг тохиролцоо хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлээс энэ хэсгийг хангах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Харин барилга хугацаандаа ашиглалтад ороогүйтэй шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгчийн эд хөрөнгөө бусдад хадгалуулсан гэрээний үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр төлсөн 121 875 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулан талуудыг мэтгэлцэх, өмгөөлөгч авах эрхээр хангаж байжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан АПЛ ХХК болон А.А нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 сарын 21-ний өдрийн 809 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн ... нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэсэн нөхцөл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, АПЛ ХХК-аас 121 875 000 /нэг зуун хорин нэгэн сая найман зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулж А.А-д олгож, дээрх гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна..., ...Гүйцэтгэгч нь ... давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлээс 767 325 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 977 325 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД