Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0427

 

 

 

 
2017 оны 06 сарын 15 өдөр     Дугаар 221/МА2017/0427             Улаанбаатар хот


Н.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь  хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б141, Б/144 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Н.Б-г Завхан аймгийн, Улиастай сумын Товцог багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Н.Баярмааг ажилгүй байсан хугацааны цалин 3.231.943 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлтийг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ заасан тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн ... Иймд хууль зөрчин товлож, хуралдсан Товцог багийн иргэдийн нийтийн хурлын 2016 оны 12 сарын 18-ны өдрийн хуралдааны 03 дугаар тогтоолыг үндэслэж нэхэмжлэгчийг тус багийн засаг даргаас хугацаанаас н өмнө чөлөөлсөн ... гэж нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй буюу нэхэмжлэгчээс Хууль зөрчин товлосныг хүчингүй болгуулах, Товцог багийн иргэдийн нийтийн хурлын 2016 оны 12 сарын 18-ний өдрийн хуралдааныг хүчингүй болгуулах, тус хуралдааны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байхад шууд үнэлэлт дүгнэлт өгч, хууль зөрчин товлож гэж тогтоож байгаад гомдолтой байна.
Хууль зөрчиж товлосон, хууль бус хуралдсан, хууль бус санал хүргүүлснийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад шүүх хууль зөрчиж товлож, хууль бусаар хуралдсан гэж үндэслэж байгаа нь ойлгомжгүй юм.
Хариуцагч Товцог багийн иргэдийн нийтийн хурлын бүрэн эрхэд байх саналыг хүлээн авахгүй байх боломжгүй тухайд: Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын засаг дарга нь багийн иргэдийн нийтийн хурлын бүрэн эрхэд халдаж багийн засаг даргыг томилох, чөлөөлөх саналыг хүлээн авахаас татгалзах эрхгүй бөгөөд хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэйг Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтаар үүрэг болгосон бөгөөд тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-т заасан нутгийн өөрөө удирдах байгууллага болох багийн иргэдийн нийтийн хурлын бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцож тухайн хурлыг дэг журмын дагуу явуулсан уу, товоо зөв зарласан уу, хуралдаанаас зөв шийдвэр гаргасан уу гэж хяналт үүрэг хуулиар хүлээгээгүй, мөн ийм эрх олгогдоогүй учраас тухайн багийн иргэдийн нийтийн хурлаас уламжилсан саналыг шийдвэрлэх үүрэгтэй болохоос нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг нягтлан шалгах, дотоод ажилд нь хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.
Мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-т хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно гэж заасныг багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчидтэй ижил утгаар ойлгох бөгөөд Шинээр сонгогдсон хурлын төлөөлөгчид буюу тэргүүлэгчид нь анхдугаар хуралдаанаас (тус хуулийн тайлбараар) заавал хурлын дарга, засаг даргыг сонгосон байхыг шаарддаг.
Ийнхүү засаг даргыг томилох, чөлөөлөх саналыг дээд шатны засаг даргад уламжлах бүрэн эрхийнхээ хүрээнд Товцог багийн иргэдийн нийтийн хурлаас засаг даргад санал хүргүүлснийг үгүйсгэх боломжгүй юм.
Сумын засаг даргад хурлын дотоод ажил хамааралгүй бөгөөд хуралд санал нь ийм байх ёстой гэж саналыг буцаах, саналыг шийдэхээс татгалзах, зайлсхийх эрхгүй юм.
Завхан аймгийн Улиастай сумын засаг дарга 2016 оны 12 сарын 19-ний өдрийн Б/141 дүгээр захирамж гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д тусгайлан зааснаар Товцог багийн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн Товцог багийн засаг даргыг чөлөөлсөн нь хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна.
Багийн иргэдийн нийтийн хурал нь шууд ардчиллын хэлбэр бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн арванзуравдугаар зүйлийн 9-т шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй гэж зааснаар үзэхэд иргэд үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг хязгаарлах боломжгүй юм.
Мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд багийн засаг даргыг бүрэн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр чөлөөлөх заалт байхгүй болно.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг буруу бодсон тухайд: Нийтэд нэгэн илэрхий болсон амралтыг ажлын өдрөөр бодсон нь нэхэмжлэгчид илүү цалин хөлсийг нөхөн олгохоор заасан үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөөгүй ажлаас хэвийн гүйцэтгэж байсан бол 2016 оны 12 сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 сарын 03-ний өдөр хүртэл ажлын 92 хоног ажиллахаар байсан юм. Энэ 2016 оны 12 сарын 29,30, 2017 оны 02 сарын 08, 09, цагаан сарын шинийн 1.2-нд, 2017 оны 03 сарын 08-ний өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах бүх нийтийн амралтын өдөр байсан тул уг нийтэд илэрхий болсон амралтын өдрүүдийг хасалгүйгээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид 5 хоногийн цалинг нэмж олгосон гэж үзэхээр байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаас илүү цалин хөлс гаргуулсан гэж үзэхээр байгаа.
Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Б-г уг ажил, албан тушаалаас чөлөөлж, сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141 дүгээр тушаалыг гаргажээ.
Харин дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Н.Б нь “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, мөн өдрийн Б/144 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах шийдвэр гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан байна.
Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/194 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Н.Б нь Товцог багийн Засаг даргын албан тушаалд томилогдсон байна.
Харин хариуцагч маргаан бүхий Б/141 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг үндэслэл болгон нэхэмжлэгч Н.Б-г Товцог багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж шүүх үзлээ.
Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах” гэж заасны дагуу иргэдийн Нийтийн Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Н.Б-г багийн Засаг даргын албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр сумын Засаг даргад санал болгожээ.
Харин дээрх хуулийн 28 зүйлийн 28.5-д зааснаар багийн Засаг даргыг чөлөөлөх асуудлыг сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхээр зохицуулсан. Ингэхдээ гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэхээр байна.
Тодруулбал, иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн нэхэмжлэгч Н.Б-г багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн хариуцагч Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141 дүгээр захирамж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэгэнт иргэдийн Нийтийн Хурал хуралдаж багийн Засаг даргыг шинээр томилуулахаар санал болгосноор багийн Засаг даргыг шинээр томилохоор шийдвэрлэсэн Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141, Б/144 дүгээр захирамжууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч Н.Б-ийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчөөгүй юм.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчээс Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/194 дүгээр захирамжаар тус багийн Засаг даргаар 4 жилийн хугацаатай томилогдсон бөгөөд бүрэн эрх 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болно гэж маргаж байгаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй”, 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болсон байх тул шинээр сонгогдсон Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын Төлөөлөгчид нь тухайн багийн Засаг даргыг чөлөөлөх, томилох саналыг дээд шатны Засаг даргад уламжлах эрхээ хэрэгжүүлсэн байна.
Харин нэхэмжлэгч Н.Б-ийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн сумын Засаг даргын Б/141 дүгээр захирамж дээрх хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.
Учир нь,  баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилохоор заасан боловч нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй байгааг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэжээ.
Тиймээс давж заалдах шатны шүүхээс эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, мөн өдрийн Б/144 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах шийдвэр гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэхийг даалгуулах” тухай Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ийн “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, мөн өдрийн Б/144 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах шийдвэр гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ШҮҮГЧ                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

                    ШҮҮГЧ                         Э.ЗОРИГТБААТАР

                    ШҮҮГЧ                         Э.ХАЛИУНБАЯР