Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 283

 

“З Т Н”-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн

Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:       Л.Атарцэцэг            

Шүүгчид:                     Г.Банзрагч

                                     Б.Мөнхтуяа

                                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар, мөн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар, нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжуудын “И Э Ө” ХХК-д холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын 2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн “Нийслэлийн “З Т Н”-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “З Т Н”-ийн газрыг буцаан олгож, газар эзэмших эрхийг сэргээхийг нийслэлийн Засаг даргад даалгах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0012 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0208 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С,

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А нар,

Гуравдагч этгээд “И Э Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0012 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “З Т Н”-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “И Э Ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “И Э Ө” ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн “Нийслэлийн “З Т Н”-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “З Т Н”-ийн газрыг буцаан олгож, газар эзэмших эрхийг сэргээхийг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0208 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээд “И Э Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцаахдаа ямар үндэслэлээр буруутгаж байгаа хуулийн заалтыг огт дурдаагүй, зөвхөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдэд дүгнэлт өгөх боломжгүй гэсэн дүгнэлтүүд хийсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжийн “И Э Ө” ХХК-д холбогдох хэсэг нь тус дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжаар хүчингүй болсон атал 377 дугаар захирамж нь гарсан цагаас нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг шүүх дүгнээгүй гэсэн нь их ойлгомжгүй нэг талыг барьж дүгнэлт гаргасан гэх үндэслэлтэй юм. Нэгэнт эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон актын улмаас аливаа нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөх ямар ч боломжгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын хоёр захирамжийн “И Э Ө” ХХК, “А” ХК-д холбогдох хэсгийг “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж сэргэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна” гэж мөн л ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Энэ хоёр захирамжинд “А” ХК-д холбогдох заалт байхгүй, нэгэнт шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа болохоор ийм дүгнэлт хийх шаардлагагүй билээ.

4. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх маргаан бүхий актуудыг илт хууль бус захиргааны акт гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон. Шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд эрх шилжүүлэх тухай хүсэлтээс гадна хүсэлт гаргаж буй этгээдүүдийн хороонд заавал гэрээ байгуулсан байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч гуравдагч этгээдүүдийн хороонд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх талаарх гэрээ байгаа эсэхийг тодруулаагүй, энэ талаар баримт авагдаагүй байна гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн хороонд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрх шилжиж байгаа асуудал огт биш тул гэрээ байгуулагдахгүй, нотлох баримтаар гаргах боломжгүй юм.

5. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 тоот захирамжаар 25000 м.кв болсон газраас гуравдагч этгээдэд олгогдоогүй юм. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/435 тоот захирамжаар “И Э Ө” ХХК-д 1500 м.кв газрыг эзэмшүүлсэн нь гэрээний дагуу шилжигдэж байгаа газрын харилцааны асуудал огт биш гэдгийг мэдээллийн сангийн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн кадастрын зураг давхцалгүй байдгаар нотлогдоно. Түүнчлэн магадлалд гуравдагч этгээдийн хууль ёсны газар эзэмших эрхтэй, өөрөөр хэлбэл газрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зурагтай, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр зөвшөөрөлгүй баригдсан ШТС хэний эзэмшил, өмчлөлд байдаг талаарх нотлох баримтыг цуглуулж үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. “А” ХК гуравдагч этгээдийн газар дээр бусадтай гэрээ хийж ШТС-ыг бариулсан нь тодорхой байдаг бөгөөд эзэмшил, өмчлөлийн асуудал захиргааны хэргийн харьяалал биш иргэний шүүхээр шийдвэрлэгдэх асуудал. Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актуудад хууль зүйн дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасанд нийцсэн байна.

7. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийг бусдын нэр дээр шилжүүлэх тухай” 377 дугаар захирамжаар “И Э Ө” ХХК-д 0.05 га газрыг үйлчилгээтэй барилга барих зориулалтаар олгосон, мөн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “...газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах, талбай, зориулалт өөрчлөлт тухай” А/435 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтаар “И Э Ө” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар 1500 м.кв газрыг эзэмшүүлэхээр газрын хэмжээг өөрчлөн, газар эзэмших эрхийг сунгасан, нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” А/524 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар “И Э Ө” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 1500 м.кв газар эзэмшүүлж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

8. Анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжийн “И Э Ө” ХХК-д холбогдох хэсэг нь мөн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамжаар, уг А/435 дугаар захирамжийн холбогдох хэсгийг нийслэлийн Засаг даргын 2016 оны А/524 дүгээр захирамжаар хүчингүй болгосон, иймээс эдгээр актуудын эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон, эрх зүйн үйлчлэлгүй болсон актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, шүүх хүчингүй болсон актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377, 2015 оны А/435 дугаар захирамжийн “И Э Ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

9. Шүүх, нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа нийслэлийн Засаг даргын 2016 оны А/524 дүгээр захирамж нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжид үндэслэн, эрх зүйн үйлчлэлийг нь үргэлжлүүлсэн эсэх, эсхүл огт хамааралгүй бие даасан шинэ акт эсэхийг дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “...хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчсөн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, уг зөрчил нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болох тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлүүдэд дүгнэлт өгөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

10. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжаар “Газар эзэмшүүлэх, газар эзэмшүүлэх эрхийг бусдын нэр дээр шилжүүлэх” асуудлыг шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраас 0.05 га газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэх болсон үндэслэл нь юу болох, “шилжүүлэн” эзэмшүүлсэн бол уг үндэслэлд хамаарах холбогдох нотлох баримтууд нь хэрэгт авагдаагүй байна.

11. Иймээс, давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн,...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрх шилжиж байгаа асуудал огт биш тул гэрээ байгуулагдахгүй, нотлох баримтаар гаргах боломжгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

12. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, өөрийн бүрэн эрхийн дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0208 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ