Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 018

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших Аралай ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай захирамжийн Х.Хайсанайд холбогдох хэсэг, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 711 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, Аралай ХХК-нд маргаан бүхий газраас 304.56 м2 газар эзэмшүүлэхийг эрх бүхий этгээдэд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Аралай ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Х.Хумар, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ж.Естай, гуравдагч этгээд Х.Хайсанай, Б.Жирен, гуравдагч этгээд Б.Жирений итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хуат, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа:

Миний бие Х.Хумар нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжаар "Аралай" ХХК-ийн нэр дээр 95.5 м2 газрыг эзэмшин авч, тэнд одоо хүртэл эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эмийн сангийн цэвэр, бохир усны шугам нь "Бастау", "Отау" үйлчилгээний төвүүдэд эзэмшүүлсэн гэх газрыг дайран өнгөрдөг учраас бүрэн ашиглаж чадахгүй хууль ёсны эрх ашиг маань зөрчигдөх болсон. "Отау" хоршоо нь Өлгий сумын Засаг даргаас 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 220 м2 газрыг эзэмших гэрчилгээг 30 жилийн хугацаатай авсан байсан боловч 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг дарга 392 тоот захирамжаар "Отау" хоршоо урд эзэмшиж байсан 220 м2 газарт 222 м2 газрыг үндэслэлгүйгээр нэмж 442 м2 газар болгон 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно" гэж заасныг болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт болох Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ыг ноцтойгоор зөрчиж олгогдсон нь тогтоогдсон юм.

Мөн аймгийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 217 тоот захирамжаар 031304161 тоот нэгж талбарын дугаартай газрыг иргэн Х.Хайсанайд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн боловч уг газрыг "Отау" хоршоо нь үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ба газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнүүдийг болон уг газрыг эзэмшүүлэх үед Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудын хэд хэдэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн болох нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Жандаурений 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04.04.029.405 тоот дүгнэлтээр тогтоогдсон юм.

Харин "Бастау" үйлчилгээний төвийн хувьд тухайн үед Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Жандаурен 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шалгалт хийж, 04.04.029.405 тоот дүгнэлт гаргах үед түүний эзэмшил газартай холбоотой нэгж талбарын хувийн хэргийн материал Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Өлгий сумын газрын даамалд байхгүй байсан.

Миний бие "Бастау" үйлчилгээний төвийн эзэмшлийнх гэх газар хэний ч өмчлөлд байгаагүй учраас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тухайн газрыг эзэмшилдээ авах талаар хүсэлт гаргасан боловч 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 191 тоот хариу мэдэгдэх хуудсаар "...сул чөлөөтэй газар байхгүй..." гэсэн утгатай хариу өгсөн юм. Уг нь нэг сарын өмнө Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч албан ёсоор шалгалт хийхэд ямар ч бичиг баримт байхгүй байсан "Бастау" үйлчилгээний төвийн эзэн Б.Жирений газрын гэрчилгээ гэнэт гарч ирсэнд их гайхсан ба үнэхээр гэрчилгээтэй байсан болов уу хэмээн орхисон байсан. Гэтэл тухайн үед Б.Жирен намайг газрын албатай хамт хуурч мэхлэн, худал бичиг баримт бүрдүүлэн надад үзүүлснийг сүүлд 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр олж мэдээд улмаар энэ талаар 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад газар эзэмших хүсэлтийн хамтаар гомдол гаргасан ба 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бичгээр хариу авч үүнийг эс зөвшөөрч, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ийнхүү захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Иргэн Б.Жирен, Х.Хайсанай нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвийн "А" зэрэглэлийн ихэнх газруудыг хууль бусаар гэр бүлийн зориулалтаар үнэгүй өмчилж авч, төр болон орон нутагт их хэмжээний хохирол учруулсан юм. Нэгэнт газраа өмчилж авсан учраас газрын татвар ч төлдөггүй юм. Миний бие компанийн нэрээр байнгын газрын төлбөрөө хуулийн дагуу төлж байгаа, газар эзэмшихээр хүсэлт гаргасан миний эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Одоогийн байдлаар кадастрын зурагт ороогүй байгаа "Бастау", "Отау" үйлчилгээний төвүүдийн урд, хойд талын нийтийн эзэмшлийн газрыг иргэн Б.Жирен, иргэн Х.Хайсанай нар өмчлөлийн гэрчилгээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа татаж авч эзэмшин ашиглаж байна.

Иймд Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журам, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг зөрчиж "Бастау", "Отау" үйлчилгээний төвүүдийн хойд талын нийтийн эзэмшлийн газрыг иргэн Б.Жирен, иргэн Х.Хайсанай нарт өмчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаар, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 711 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, тэргүүн ээлжид газар эзэмших хүсэлт гаргасан "Аралай" ХХК-д тухайн газрыг эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү.

Бид бүхэн дундаа ашиглаж буй барилгын доод давхраас 3 өрөө байрыг эзэмшдэг, нэг барилга дотор байрлаж байгаа учраас цэвэр, бохир ус, халаалтыг дундаа ашиглах ёстой. Миний хуулийн дагуу ашиглаж байсан цэвэр, бохир усны шугамыг гуравдагч этгээд Б.Жирен тасалсан байгаа. Тийм учраас би өөрөө тухайн газраас бусдаас үл хамаарах байдлаар өөрөө чөлөөтэй орж гарах газар авч, мөн цэвэр, бохир усны шугамууд хэзээ эвдэрнэ тухайн үед өөрөө засаж, засварлаж авах боломжтой болох нөхцөлд хүрэхийн тулд нэхэмжлэл гаргасан юм.

Урьд өмнө энэ талаар гуравдагч этгээдүүдэд удаа дараа хүсэлт тавьж байсан боловч хүлээн аваагүй, тэд өндөр албан тушаалтай хүмүүс байсан учраас тэднийг хүндэтгэж явсаар хугацаа хожимдуулсан. Энэ хүмүүс хөршийн эрхийг зөрчиж, миний үйл ажиллагаанд саад болж байгаа. Тухайн барилгад хамт сууж байгаа учраас бүгд тэгш эрхтэй байх ёстой. Энэ үүднээс барилгын хоёр талаар нь чөлөөтэй орж гарах, цэвэр, бохир усны асуудлыг эзэмших эрхтэй болох зорилгоор шүүхэд хандсан.

Маргаж байгаа хойд талын газар нь цэвэр, бохир усны төв шугамд холбогдсон холболтын шугам байрлаж байгаа газарт хүрэх талбай юм. Энэ нь гадна талын хаалга буюу шатны доод хэсгээс гарах замд байгаа. Бохир, цэвэр усны шугам эвдрэх үед би очиж засах боломжгүй, гуравдагч этгээдүүд хориг тавьдаг. Нэгэнт би тухайн барилгад байрлаж байгаа учраас тухайн барилгын урд, хойд талаас нь газар эзэмших эрхтэй гэж үзэж газартай холбоотой хүсэлт гаргасан. Газар эзэмших хүсэлтээ би гуравдагч этгээдүүдээс өмнө өгсөн.

Шүүхээс шинжээч томилон ажиллуулж шийдвэр гарсан. Үүнд гуравдагч этгээдүүдийн эзэмшилд байгаа газрын хэмжээг тогтоосон. Газрын албаныхан энэ газар нь гуравдагч этгээдүүдийн газар гэж тухайн үед тэмдэглэж өгсөн. Энэ газар гуравдагч этгээдүүдийн газар биш гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед газрын албанд гаргасан хүсэлтийг минь хангаж өгөөгүй, миний дараа хүсэлт гаргасан хүмүүсийн хүсэлтийг хангаж, уг газрыг тухайн хүмүүст эзэмшүүлсэн байна. Бүгд нэг барилгад сууж байгаа тохиолдолд зөвхөн гуравдагч этгээдүүдэд газар өгч, надад өгөхгүй байх хууль байхгүй. Уг газрыг адил тэгш хувааж өгөх ёстой гэж үзэж байна.

Гуравдагч этгээдүүдийн нэг нь барилгын салбарын мэргэжилтэн, нэг нь Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан хүн. Энэ хүмүүс соёлтойгоор, хүндэтгэлтэйгээр хөршийн үүргээ ухамсарлаагүй юм. Тухайн газартай холбогдуулан түрүүлж би хүсэлт гаргасан байхад надад тухайн газрыг олгож болохгүй гэсэн хариу өгсөн мөртлөө миний дараа хүсэлт гаргасан гуравдагч этгээдүүдэд уг газрыг олгож, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тухайн газрыг иргэн Б.Жирений өмчлөлд олгосон байна. Нийтийн эзэмшлийн газар гэдгийг бүх хүмүүс ашиглах ёстой гэж би ойлгодог. Тухайн газрыг өмчлөлд шилжүүлэх тухай шийдвэр гаргах үед намайг, Х.Хайсанайг оролцуулах ёстой байсан. Хүсэлт гаргаагүй ч гэсэн тухайн барилгад байрлаж байгаа хүмүүст өөр өөрсдийн байрлаж байгаа хэсэгт хамааралтай газрыг өгөх ёстой гэж үзэж байгаа. Энэ асуудлын шийдлийг одоо шүүх л мэдэх байх. Би уг газарт халаалтын зуух барьж, бараа хадгалах склад барих зориулалтаар эзэмшүүлэхийг хүссэн юм. Мэргэжлийн хяналтын албанаас 2012 онд гаргасан 04.04.029.405 дугаартай дүгнэлт гаргахад зөрчлүүдийг тодорхой дурьдсан байгаа. Үүнийг үндэслээд би нэхэмжлэл гаргасан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Аралай ХХК-ийн тухайн маргаан үүсгэж буй газрыг иргэн Б.Жирен болон Отау хоршоо тус газарт байрлах барилгыг хувьчилж авсан үеэс эхлэн эзэмшиж ирсэн байдаг. Отау хоршоо нь 030100026 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 220 м2 газрыг 1999 оноос эхэлж эзэмшиж ирсэн бөгөөд 2000 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр газрын хэмжээнд өөрчлөлт оруулан 960 м2 болгосон байна.

Улмаар 2006 онд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших гэрээ, эрхийн гэрчилгээг шинэчлэх, эзэмшил газрын хил заагийг тогтоож хэмжилт хийх, нэгж талбарын хувийн хэргийг шинээр бүрдүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар Отау хоршоонд 442 м2 газрыг эзэмшүүлж гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгожээ. Ер нь 2006 оноос өмнө газар эзэмшиж байсан иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын газар эзэмшиж байсан талаарх бүртгэл, хувийн хэргүүд архивт байдаггүй. Тухайн үед ихэвчлэн газар эзэмших гэрчилгээг бичиж тухайн иргэн, аж ахуй нэгжийн өөр нь өгөөд явуулдаг байжээ.

Отау" ХХК-ийн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 217 дугаар захирамжаар иргэн Х.Хайсанайд уг 442 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн байгаа. Ингэхдээ 2010 онд Отау хоршооны нэр дээрх газрыг иргэн Х.Хайсанайгийн нэрд шилжүүлэх талаар нотариатын газар эзэмшүүлэх эрхийг бусдад шилжүүлэх тухай гэрээ хийж, баталгаажуулж аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан байдаг.

Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх үүрэгт байгаа газар эзэмшигч, иргэн аж ахуй нэгж байгууллага төрийн байгууллагаас бусад эзэмшил газраа бусдад шилжүүлэх, будад ашиглуулах бүрэн эрхтэй байдаг. Энэхүү бүрэн эрхийнхээ дагуу Отау хоршооны газрыг иргэн Х.Хайсанайгийн нэрд шилжүүлэх эзэмшүүлсэн байгаа. Улмаар уг газрыг иргэн Х.Хайсанай 2011 онд өмчилж авахаар аймгийн Засаг даргад хүсэлт гаргаж уг хүсэлтийн дагуу 2011 оны 01 дүгээр сарын 08 ны өдөр 08 дугаар захирамжаар өмчлөлдөө олгосон байгаа.

Иргэн Б.Жиренийн газрын хувьд Бастау үйлчилгээний төвийн барилгыг хувьчилж авсан үеэс буюу 1999 онд уг газрыг эзэмшиж ирсэн ба 2012 онд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1-т заасны дагуу эзэмшлийн газрыг үнээр нь худалдаж авах тухай гаргасан хүсэлтийн дагуу хууль тогтоомжийн хүрээнд 772 м2 газрыг 3860000 төгрөгөөр аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 711 дүгээр захирамжаар өмчлүүлсэн.

Аралай ХХК-ийн захирал иргэн Х.Хумар тус компанид оногдох 95.5 м2 газрыг эзэмшилд авах тухай хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар Аралай ХХК-ийн эзэмшилд нь олгосон.

Иргэн Б.Жирен, Х.Хайсанай нарт газар олгосон аймгийн Засаг даргын захирамжууд нь хуучин эзэмшил газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгож, Газрын тухай хуулийн дагуу эзэмшил газрыг нь өмчлүүлэх тухай байсан учраас газар эзэмшүүлэх, өмчлүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах боломжгүй юм.

Б.Жирений өмчлөлийн тухайн газарт иргэн Б.Жирений хашаа, нүүрсний амбаар, гарааж гэх мэт үл хөдлөх эд хөрөнгүүд байрлаж байсан. Тухайн үеэс буюу 1999 онд хувьчилж авсан үеэс эхлэн уг газрыг эзэмшиж ирсэн. Газар дээр нь хэмжиж үзэхэд олгох боломжтой газрын хэмжээ 772 м2 газар байсан. 2012 онд иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад олгох, эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах газрын талбайн хэмжээг тогтоосон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гарсан. Уг төлөвлөгөөний дагуу инженерийн шугам сүлжээ бүхий аймгийн төв хэсгийн газраас аж ахуйн зориулалтаар 1 га газрыг үнээр нь өмчлүүлэхээр тусгасан байсан.

Ингээд иргэн Б.Жиренд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1-д заасны дагуу өөрийн хувийн хөрөнгөөр барьж байгуулсан эсхүл хувьчилж авсан газрыг хэрэв өмчилж авахаар хүсэлт гаргасан бол үнээр нь давуу эрхээр өмчлөлд нь олгож болно гэсэн заалтын дагуу 772 м2 газрыг 3860000 төгрөгөөр худалдан өмчлүүлэх тухай аймгийн Засаг даргын шийдвэр гарч байсан. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газрын хойд талын газрыг эзэмшихээр анх хүсэлт гаргасан гэх тайлбарыг гаргаж байгаа. Хүсэлтийн хариуг тухайн үед уг газрыг эзэмшүүлэх боломжгүй гэж өгсөн. Учир нь тухайн газрыг иргэн Х.Хайсанай, Б.Жирен эзэмшиж, уг газарт тэдний эзэмшлийн хашаа, үл хөдлөх хөрөнгүүд байсан.

Нэхэмжлэгчийн тухайн барилгын дотор эзэмшиж байгаа 3 өрөө байр нь ертөнцийн зүгээр урд талд байрлалтай. Уг эзэмшиж байгаа 3 өрөө байрны ар талд буюу хойд хэсэгт коридор, тэр хэсэгт байрлах өрөөнүүдийн 3 цонх байгаа учраас нэхэмжлэгчид тухайн газраас газар олгох боломж байхгүй байсан. 2006 оны 392 тоот захирамжид Аралай ХХК- ийн эзэмшиж байгаа 3 өрөө байрны эзэмшлийн гэрээ гэрчилгээ байхгүй байсан. Захирамжид дурьдагдсан тодорхой эрхийн актгүйгээр гэх үндэслэлд орж байгаа учраас уг захирамжаар 3 өрөөний холбогдох газрыг нэхэмжлэгчийн эзэмшилд өгсөн байгаа. Хүчингүй болгуулахаар маргаж байгаа аймгийн Засаг даргын захирамжууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, инженерийн шугам сүлжээг ашиглах талаарх тайлбар нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Х.Хайсанай тус шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Аралай ХХК-иас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журам, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлагын худалдаа явуулах журмыг зөрчиж Бастау, Отау үйлчилгээний төвүүдийн хойд талын нийтийн эзэмшлийн газрыг иргэн Б.Жирен, иргэн Х.Хайсанай нарт өмчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаар, 2012 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 711 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, тэргүүн ээлжинд газар эзэмших хүсэлт гаргасан Аралай ХХК-д тухайн газрыг эзэмшүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнд:

Монгол улсын иргэн Х.Хайсанай би 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгө шилжүүлэх тухай акт, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дүгээр эрхийн гэрчилгээгээр Мейман ББХ Хоршооны эзэд, Таван богд зочид буудлыг давуу эрхээр худалдан авахад Отау компаниас түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан 2 давхар гуанзны барилгыг Мейман хоршооны эзэн Ж.Жапар, Х.Самат нартай бичгийн хэлцлээр тохирч, 100 хүний хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр \ягаан тасалбар\ худалдан авч, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн уг эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон юм. Ингээд Отау хоршоо уг объектыг зохих журмын дагуу худалдаж авсан үеэс буюу Өлгий сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар захирамжаар 440 м2 газрыг эзэмших гэрчилгээ авч, гэрээ байгуулсан юм. Отау компани нь уг газрыг эзэмших талаар эрх бүхий байгууллагатай газар эзэмших талаар хэд хэдэн удаа гэрээ байгуулан ажиллаж, 1993 оноос эхлэн жил бүр эзэмшиж буй газрын төлбөрийг тогтмол улсын төсөвт төлж байсан юм. Харин 2000 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр газрын хэмжээнд өөрчлөлт оруулан 950 м2 болгосон юм.

2006 онд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших гэрээ, эрхийн гэрчилгээг шинэчлэн солих, эзэмшил газрын хил заагийг тогтоож, хэмжилт хийх, нэгж талбарын хувийн хэргийг шинээр бүрдүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжийн холбогдох хэсгээр Отау хоршоонд 442 м2 газрыг эзэмшүүлж, газар эзэмших гэрээг дахин хийж, гэрчилгээ шинээр авсан.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 217 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг үндэслэн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух Отау ХХК-ийн 1990 оноос хойш эзэмшилд байгаа 031304161 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Х.Хайсанай миний гэр бүлийн хэрэгцээнд шилжүүлэн эзэмшүүлсэн. Энэ үед эзэмшил газрыг бусдад шилжүүлэх гэрээ хийгдэж, нотариатын байгууллагаар гэрчлүүлж, аймгийн газрын албанд хүргүүлэн баталгаажуулж газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ авсан.

Иргэн Х.Хайсанай миний эзэмшилд хууль ёсоор байсан 442 м2 газрыг хувьдаа өмчлүүлж өгөхийг хүсэж аймгийн Засаг даргад 2010 оны эцсээр хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтыг үндэслэн Х.Хайсанай надад 442 м2 газрыг өмчлүүлсэн юм. Баян-Өлгий аймгийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанаас 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өлгий сумын 5 дугаар баг Ховд гол хаягт байршилтай 031301890 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 442 м2 газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213001484 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон юм. Үүний дараа би уг өмчилж авсан 442 м2газрын 142 м2 газрыг бэлэглэлийн журмаар өөрийн хүү Х.Хайнарт 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, 50 м2 газрыг бэлэглэлийн журмаар эхнэр Оралханы Гулнарт 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус зохих журмын дагуу шилжүүлж, одоо миний өмчлөлд 250 м2 газар байгаа.

Отау ХХК болон Х.Хайсанай надад зохих хэмжээний газар эзэмшүүлэхээр гарсан аймгийн Засаг даргын захирамжууд нь хуучин эзэмшиж байсан газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгох, улмаар Газрын тухай хуулийн дагуу газрыг өмчлүүлсэн тул газар эзэмшүүлэх, өмчлүүлэхэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах боломжгүй юм. Нөгөө талаас газар эзэмшүүлж, өмчлүүлэхэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах ажиллагаа явуулах нь иргэнд эрх олгож, үүрэг бий болгосон асуудал биш учраас үүнийг би хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм.

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан 2011 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөгдсөн газарт багтсанаар надад 2001 онд 442 м2 гарыг өмчлүүлсэн.

Харин Аралай" ХХК-д аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар 95.5 м2газрыг эзэмшүүлсэн байна. Түүнд үүнээс илүү газрыг эзэмшүүлэх асуудал нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал учраас энэ асуудалд надад хамааралгүй юм. Ер нь Аралай ХХК-ийн эзэн болох Х.Хумарын эзэмшилд байгаа 3 өрөөтэй эмийн сангийн үйл ажиллагаа явуулж буй байр нь 2000 онд Х.Хайсанай миний хувийн хөрөнгө байсан юм. Би уг байрыг худалдах, худалдан авах гэрээ хийж анх иргэн Б.Жиренээс худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд дараа нь н.Шарипа гэдэг эмэгтэйд худалдсан. Х.Хумар нь н.Шарипагаас уг байрыг худалдан авч, эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа. Эмийн сан гэдэг нь хүний амь насанд холбоотой үйл ажиллагаа явуулдаг, эм худалдан борлуулдаг газар юм. Гэтэл ямар ч бие засах газар байхгүй, цэвэр, бохир усны шугамын холболтгүй байранд тусгай зөвшөөрөл авч, эмийн санг олон жилийн хугацаанд ажиллуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн явдал юм.

Миний бие энэ газрыг эзэмшээд 16 жил өнгөрсний дараа Х.Хумар гэдэг хүн орж ирж байгаа. Уг газарт эмийн сан ажиллуулснаар тэнд уурын зуух барина, би цэвэр устай байх ёстой гэсэн зүйл ярьж байгаа. Тэгэхлээр энэ нь ерөөсөө хүлээж авах боломжгүй хууль бус шаардлага юм. Учир нь Х.Хумарын эзэмшиж байгаа барилга, маргаж байгаа газартай харьцахгүй. Х.Хумарын 3 өрөө байр нь хотын төв зам руу чиглэсэн цонх, хаалгатай,ертөнцийн зүгээр урд талд байрлалтай. Нэхэмжлэгчийн 3 өрөө байрны дараа Б.Жирений өмчлөлийн барилгын коридорын талбай бий. Дараа нь зочид буудлын өрөөнүүд байгаа, үүний дараа нэхэмжлэгчийн маргаж буй газар байрлаж байгаа. Тийм учраас нэхэмжлэгч энэ газарт маргах үндэслэл байхгүй. Халаалт гэж ярьж байна. Тухайн газарт халаалтын төв магистрал шугам байхгүй. Би барилгаа өргөтгөж барихад 60 метрийн зайтай газраас халаалтын болон цэвэр усны шугамыг өөрийнхөө хөрөнгөөр мэргэжлийн байгууллагуудаар хийлгүүлсэн. Мөн тухайн газарт ариутгах татуургын худаг миний эзэмшлийн газарт байгаа нь үнэн. Гэхдээ энэ худаг аль эрт устгагдсан худаг юм. Энэ нөхцөл байдлыг Х.Хумар мэдэж байгаа. Тэгэхлээр энд Х.Хумарын ямар нэгэн эрх ашиг хөндөгдөөгүй. Харин би хоёр давхар өргөтгөлийг барихад энэ худаг надад хамгийн ойрхон байсан. Энэ худгийг ашиглах боломжгүй байсан учраас би өөрийнхөө өргөтгөлийн урд талд буюу аймгийн Засаг даргын Тамгын газар хооронд байрлах төв шугамд шинээр салбар шугам, худаг хийж өөрийн хөрөнгөөр холболт хийсэн. Хамгийн сүүлд хэлэхэд 1993 оноос хойш хууль ёсны дагуу эзэмшиж байгаад сүүлд өмчилж авсан газраас Х.Хумар газар эзэмшихийг хүсвэл надаас уг газрыг худалдаж авах ёстой. Энэ газар миний нэр дээр шилжиж олон жил болж байгаа учраас одоо миний хувийн өмчийн газар юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.Жирен түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Аралай ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол улсын иргэн Б.Жирен нь Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай хуучин 2 давхар зочид буудлын барилга байгууламжийг \одоо Бастау" нэртэй үйлчилгээний төв болсон\ 1999 оны 09 дүгээр сард 8,0 сая төгрөгөөр дуудлагын худалдаагаар худалдан авсан юм.

Б.Жирен уг барилга байгууламжийг худалдан авах үед уг барилгын урд хэсэгт цэвэр, бохир усны шугам байгаагүй. Үүнийг Суат ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Н.Шакегийн тодорхойлолт болон 1998 онд хэмжилт хийсэн Өлгий сумын архитектор Х.Серикбай нарын гарын зурсан зураг батална. Энэ барилгын 6 өрөөг тухайн үед иргэн Х.Хайсанайд уг барилгын хойд талд байгаа уурын зуухаар сольж худалдсан, сая нэхэмжлэгч хойд талд хаалга байсан гэж тайлбарлаж байна. Худалдахад тухайн өрөөнүүдийн зохион байгуулалтыг өөрчилж, хойд талд байгаа хаалгануудыг битүүлж урд талаас нь хаалга гаргаж коридор бусад зүйлүүдтэй хамааралгүй болгож худалдсан юм. Ингээд одоогийн Аралай эмийн сангийн нэг өрөөнд тухайн үед Х.Хайсанай түр угаагуур байрлуулж, цэвэр, бохир усны шугамыг шалан дээгүүр түр трубагаар холбон ашиглаж байгаад уг байрыг өөр хүнд худалдан шилжүүлсэн үед эдгээр трубануудыг буулгасан байсан. Гэтэл Аралай ХХК-ийн захирал Х.Хумар нь дур мэдэн Б.Жирен нь Улаанбаатарт ажлаар явах үед түүний өмчлөлийн 2 өрөөний шалыг эвдэж, бохир усны шугам татаж барилгын хойд хэсэгт байгаа шугамд холбосон байдаг юм. Х.Хумарын энэхүү ажиллагаа нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.6 дахь заалтуудыг ноцтой зөрчиж, ямар ч зураг төсөлгүй, тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэсэн, шалан доор зохих налуугүй болгосон нь цаашид шугам битүүрэх, ус алдах, барилгын суурь суулт өгөх, барилга нурах байдалд оруулсан. Б.Жирен нь зохих журмын дагуу дуудлагын худалдаагаар худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийг тус аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоонд бүртгүүлж, улсын бүртгэлийн 0213000412 дугаартай 93 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг 1999 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр авсан юм. Б.Жирен нь уг 2 давхар барилга байгууламжийг өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авснаар барилга байгууламжийн хууль ёсны өмчлөгч болж тэнд үйл ажиллагаа явуулж байсан.

Өөрийн эзэмшилд олон жил хууль ёсоор эзэмшиж байсан 772 м2 газрыг хувьдаа өмчлүүлж өгөхийг хүсэж, Баян-Өлгий аймгийн Засаг даргад 2012 онд албан ёсоор хүсэлт гаргаснаар тус аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 711 дүгээр захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1, 21 дүгээр зүйлийг үндэслэн 772 м2 газрыг өмчлүүлсэн юм. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өлгий сумын 5 дугаар баг Ховд гол" хаягт байршилтай 031304791 нэгж талбарын дугаартай аж ахуйн хэрэгцээний зориулалттай 772 м2 газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213004102 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.

Аралай ХХК-ийн захирал Х.Хумарт аймгийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар Аралай ХХК-нд 95.5 м2 газрыг эзэмшүүлсэн байна. Түүнд үүнээс илүү газрыг эзэмшүүлэх асуудал нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал учраас энэ нь асуудал надад хамааралгүй юм.

Аралай ХХК-ийн эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа 3 өрөөний халаалтын хангамж нь манай халаалтаас хангагдаж байгаа, 5 жил үнэ төлбөргүй халаалт ашиглаж байна.

Х.Хумар өмнө нь цэвэр, бохир усны шугамд холбогдох ёстой гэж маргаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр гаргасан. Үүний дагуу нэхэмжлэгч бохир усны шугамаа холбосон. Өөрөөр хэлбэл тухайн үед бидний ашиглаж байсан бохир усны шугамд холбосон. Энэ нь одоо хүртэл холбогдсон байж байгаа. Тухайн үед бид өөрсдөө холбож өгөөгүй , тэрээр өөрөө холбож авч Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн. Зураг төсөл хийж батлуулаагүй, барилгын тусгай зөвшөөрлийн эрхгүй хүмүүсээр холбуулсан.

1999 оноос 2011 он хүртэл манай барилгын бохир тухайн шугамаар явж л байсан. Сүүлд би үүнийг өөрчилсөн юм. Учир нь өвөл хөлддөг байсан. Одоо тэр шугамд нэхэмжлэгчийн бохирын шугам холбогдсон байж байгаа. Цэвэр усны холболтоо хоёр давхраас холбож аваарай гэж хэлсэн. Нэхэмжлэгч хойд талын газарт зуух, склад барих хүсэлтэй байгаа гэж байна. Барилгын норм ба дүрэм стандартад зааснаар 15 метрийн дотор барилга барихыг хориглосон байгаа. Тийм учраас нэхэмжлэгчид зуух, склад барих боломж байхгүй. Би уг газрыг үнээр нь өмчилж авсан хууль ёсны өмчлөгч мөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Гуравдагч этгээд Х.Хайсанай, Б.Жирен нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай саналыг шүүх хуралдаанд гаргаж байна. 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар иргэн Х.Хайсанайд 442 м2 газрыг өмчлүүлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Энэ газрыг Х.Хайсанайгийн эхнэр А.Гүлнарын үүсгэн байгуулсан Отау ХХК болон Х.Хайсанай өөрөө Монгол улсын Газрын тухай хуулийн дагуу 26 жил эзэмшиж ирснийг, мөн хууль ёсны дагуу өмчлүүлсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. 442 м2 газар нь шинжээчийн дүгнэлтээр 401.52 м2 газар байгаа нь, тухайн газарт Отау ХХК-ийн хувьчилж авсан барилга, байгууламж байрласан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Отау хоршоонд болон иргэн Х.Хайсанайд газар эзэмшүүлж, өмчлүүлэхдээ хууль зөрчсөн тухай нөхцөл байдал тогтоогдоогүй. Хуулийн дагуу эзэмшиж, өмчилж байсан учраас нэхэмжлэгч тал энэ газартай маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн аймгийн Засаг даргын 711 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага нь дараах үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болох ёстой. Монгол улсын иргэн Б.Жирен нь зохих хууль тогтоомжийн дагуу хуучин Эрчим ХК-ийн харъяа Бастау гэдэг нэртэй хоёр давхар зочид буудлын барилга байгууламжийг 1999 оны 09 дүгээр сард 8 сая төгрөгөөр худалдаж авсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Аливаа үл хөдлөх хөрөнгө газраас салмагц зориулалтаар нь ашиглах боломжгүй болж, эдийн засгийн хүчин чадлаа алддаг учраас барилга байгууламж бол газартай салшгүй холбоотой юм. 1999 оноос 2012 он хүртэл энэ газрыг Б.Жирен өмчилж авах хүртэл 12 жилийн хугацаанд энэ газарт үйл ажиллагаа явуулж, эзэмшиж байгаа нь тогтоогдож байгаа. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1-д заасан зарчмын дагуу Б.Жиренд уг газрыг аймгийн Засаг даргын 2012 оны 711 дүгээр захирамжаар 3.860.000 төгрөгөөр худалдаж, түүний өмчлөлд олгосон нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хоёр том барилгын дундаас 3 өрөө байрыг бусдаас худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч банкны барьцаанд байсан ямар ч бичиг баримтгүй 3 өрөө байрыг худалдаж авсан байна. Тэгэхлээр 3 өрөө байрны тухайд асуудал яригдах болохоос газрын тухай асуудал яригдахгүй. Нэхэмжлэгч 3 өрөө байранд 2005 онд орсон байгаа. Тэрээр 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн аймгийн Засаг даргын 392 дугаар захирамжаар 95.5 м2 газрыг эзэмшилдээ авсан байна. Үүнээс хойш 11 жил болж байна. Хэрэв хоёр талын объектын улмаас маргаантай байсан бол энэ хугацаанд эрх бүхий байгууллагад хандах эрх нь нээлттэй байсан.

Х.Хайсанай энэ газрыг аваад 5 жил, Б.Жирен газраа өмчлөлдөө аваад 4 жил болсон байна. Эрх нь зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 1 сарын дотор шүүхэд хандах ёстой байтал 10 жил болсон байна. Хөөн хэлэлцэх асуудлыг шүүх харгалзаж үзэх ёстой. Нэхэмжлэгч барилгын хойд талын газар буюу бусдын өмчлөлд байгаа газраас тодорхой газрыг нэхэмжлэгчид олгохыг аймгийн Засаг даргад даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

Энэхүү шаардлагын хувьд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Х.Насихат шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтаар аж ахуй нэгжид газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны журмаар газар эзэмшүүлэх ёстой гэдгийг хэлсэн. Өнөөдрийн байдлаар маргаан бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдах, төсөл сонгон шалгаруулах тухай зарлал гаргаагүй байгаа. Зарлах ч боломж байхгүй. Тухайн газрыг хувь хүний өмчлөлд олгоод 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Мөн аливаа газар эзэмшихийг хүссэн хуулийн этгээд эрх бүхий 10 гаруй байгууллагын зөвшөөрлийг авсан байх ёстой. Барилгын тухай хуулийн дагуу зохих байгууллагуудын зөвшөөрлийг авсан тодорхойлолттой байж үүнийг нотлох ёстой. Эдгээр нотлох баримтуудаа бүрдүүлж Засаг даргад хүлээлгэж өгч, Засаг дарга захирамж гаргахгүй байгаа бол даалгаж өгөх тухай шийдвэр гаргуулах хүсэлт гаргаж болох юм. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах гэдэг нь аймгийн Засаг даргын өргөн мэдүүлснээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэгдэж албан ёсоор төлөвлөгөөнд орсноор Засаг даргын захирамжаар явагдах ёстой. Маргаан бүхий газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай эрх бүхий байгууллагаас шийдвэр гараагүй, мөн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхардаагүй байх ёстой. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн эзэмшүүлэхийг хүссэн газар нь хоёр иргэний газартай давхцсан байна. Давхцсан газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулахаар Засаг даргад даалгах боломжгүй. Газрын тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.2 т ... хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгч өөрөө тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээгүй мөртлөө бусад этгээдийн газрыг эзэмшинэ гэж байгаа нь хууль тогтоомжийг зөрчсөн асуудал болох юм. Аралай ХХК-ийн 3 өрөө нь үнэхээр хоёр том объектын дундуур байгаа нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгч компанийн халаалт,цэвэр, бохир усны хэрэглэгчийн шугамыг ашиглах, тухайн объектын орц, гарцын маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш бөгөөд энэ нь иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх асуудал болгон зохицуулагдсан хууль журамтай. Цэвэр, бохир усны шугам ашиглаж чадахгүй байгаа гэх эрх нь зөрчигдөж байгаа бол тухайн асуудлаа иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломж нь нээлттэй. Иймд иргэн Х.Хайсанай, иргэн Б.Жирен нарт газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын захирамжууд холбогдох хуулиудын дагуу гарсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан газар өмчлүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хувьд Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа холбогдох хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Аралай ХХК-иас тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай захирамжийн Х.Хайсанайд холбогдох хэсэг, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 711 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, тус компанид маргаан бүхий газраас 304.56 м2 газар эзэмшүүлэхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүх дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Аралай ХХК-ийн захирал Х.Хумар нь Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий газарт орших гуравдагч этгээд Б.Жирений өмчлөлийн 2 давхар зочид буудлын зориулалттай барилгын 1 давхарын урд хэсэгт байрлалтай 3 өрөө бүхий 57.96 м2 талбайтай байрыг 2005 онд бусдаас худалдаж авснаар тус байранд Аралай ХХК нь эмийн сангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж иржээ. 2006 онд аймгийн Засаг даргын 392 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр[1] тус компанид дээрх үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг оролцуулан барилгын урд хэсгээс нийт 95.5 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна. Нэхэмжлэгч уг барилгадаа зориулан цэвэр, бохир усны шугам татах, эмийн сангийн склад буюу эм хадгалах байр, халаалтын зуух барих зориулалтаар маргаан бүхий газрын хойд хэсгээс 304.56 м2 газар эзэмших эрхтэй гэж үзэж, дээрх захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар маргасан байна.

1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай захирамжийн иргэн Х.Хайсанайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Энэхүү захиргааны актаар[2] гуравдагч этгээд Х.Хайсанайд Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс эзэмшил газрыг нь шинээр өмчлүүлэх гэх үндэслэлээр 442 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ.

Энэхүү газрын хэмжээ нь бодит байдалд 401.52 м2 газар болохыг, үүнээс 270.52 м2 газар нь тухайн газарт орших Отау ХХК, гуравдагч этгээд Х.Хайсанай, иргэн Х.Хайнар нарын өмчлөлийн барилгын суурь болон тавцан орших газар болох нь, газрын хойд хэсэгт чөлөөт талбай бүхий 131 м2 газар байгаа нь шинжээч нарын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт түүний хавсралт бүхий схем зургуудаар[3] тогтоогдсон.

Уг 442 м2 газар нь анх аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн[4]холбогдох хэсгээр Отау хоршооны эзэмшилд үйлчилгээний зориулалтаар олгогдсон газар байна.

Газрын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх бөгөөд хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх юм.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаартай захирамж нь уг шийдвэрт тусгагдсанаар 2006 оноос өмнө буюу хуучин газар эзэмших эрхийн актгүйгээр, зөвхөн эрхийн гэрчилгээгээр, эрх бүхий Засаг даргын шийдвэргүйгээр Өлгий сумын төв хэсгээс газар эзэмшиж ирсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг сэргээж газар эзэмшүүлэх, гэрээ байгуулж, гэрчилгээ олгох талаарх шийдвэр байна.

Тухайн үед уг шийдвэр гарах болсон үндэслэл нь тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга гэрч Х.Насихатын мэдүүлснээр инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргах талаарх 2002 онд шинээр батлагдсан Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу 2006 оны байдлаар аймгийн төвийн тухайн газрыг эзэмшүүлсэн эрхийн актгүй, эрх бүхий этгээдийн шийдвэргүй, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн газарт нь дахин хэмжилт хийж газрыг хэмжээг тогтоож, уг газрыг эзэмшүүлэх замаар өмнө нь газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн тухайн газрыг эзэмших эрхийг эрх бүхий этгээдээс сэргээсэн шийдвэр байжээ.

Отау хоршоонд 220 м2 газрыг эзэмшүүлэхээр 1999 онд 030100026 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгогдсон байх ба нэхэмжлэгч талаас аймгийн Засаг даргын 2006 оны энэхүү 392 дугаар захирамжаар Отау хоршооны газрыг үндэслэлгүйгээр 222 м2 газраар нэмэгдүүлж, тус хоршооны эзэмших газрын хэмжээг 442 м2 газраар тогтоосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан .. дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх заалтыг зөрчсөн гэж маргасан боловч тус хоршоо нь маргаан бүхий 442 м2 газрын 440 м2 газрыг 1993 оны үеэс эзэмшдэг байсан нь Баян-Өлгий аймгийн өмчийн хэлтсийн Газар ашигласан төлбөр тогтоосон тухай 1993 оны 28 дугаартай протокол[5], аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 1996 оны 26 дугаартай гэрчилгээгээр[6], мөн уг газрыг 2006 он хүртэл Отау хоршоо эзэмшилдээ байлгаж ашиглаж ирсэн нь гэрч Х.Насихат[7], гуравдагч этгээд Х.Хайсанай болон хариуцагч талын тайлбараар тогтоогдож байна.

Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 1996 оны 26 дугаартай гэрчилгээнд уг 440 м2 газрыг Отау хоршоонд Өлгий сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай шийдвэрийг үндэслэн эзэмшүүлснээр тусгагдсан боловч уг шийдвэр нь Өлгий сумын Засаг даргаас 1996 онд гаргасан захирамжууд дотор үдэгдээгүй буюу байхгүй талаар аймгийн Архивын тасгаас 2016 оны 13 дугаартай албан бичгээр[8] тус шүүхэд хариу ирүүлсэн.

Отау хоршоонд маргаан бүхий газрыг шинээр эзэмшүүлээгүй байх ба тухайн тохиолдол нь маргаан бүхий 442 м2 газрыг тус хоршоо 2006 оноос өмнө газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан гэх аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжийн үндэслэлд хамаарч байх тул өмнө нь тус хоршооны эзэмшилд байсан 442 м2 газар нь аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газар болохын хувьд газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргах хуулийн зохицуулалтын дагуу шинэ акт гаргах замаар газар эзэмшүүлснийг тус хоршоо үндэслэлгүйгээр 222 м2 газрыг нэмж эзэмшсэн гэж үзэхээргүй байна.

1994 оны Газрын тухай хуульд аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэхдээ эрх бүхий этгээд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар шийдвэрлэх зохицуулалт байхгүй ба 2002 оноос өмнө газар эзэмшиж байсан иргэдийн тухайн газрыг эзэмших эрхийг сэргээж газар эзэмшүүлсэн буюу Отау хоршоонд шинээр газар эзэмшүүлээгүй тохиолдолд 2002 оны Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан ...дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлэх зохицуулалт үйлчлэхгүй юм.

Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Үүнээс гадна хуульд заасан дээрх журмаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх нь мөн зүйлд зааснаар тухайн шатны Засаг даргын үүрэг бөгөөд уг ажиллагааг Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам, Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах журамд тус тус зааснаар тухайн шатны Засаг даргын томилсон дуудлага худалдааны болон төсөл шалгаруулах комисс зохион байгуулахаар байна.

2006 онд маргаан бүхий газрыг Отау хоршоонд эзэмшүүлэх үед аймгийн Засаг даргаас дуудлага худалдаа явуулах, төсөл шалгаруулах зарчмаар тухайн газрыг олгохоор шийдвэрлээгүй буюу дээрх байдлаар өмнөх хугацаанд эзэмшилд нь байсан гэх үндэслэлээр уг газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсанд газар эзэмшигч аж ахуйн нэгж болох Отау хоршоог буруутгах нь үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдах зохицуулалтын дагуу уг зүйлд заасан журмаар Отау хоршоо болон гуравдагч этгээд Х.Хайсанай нар нь хоорондоо 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх тухай гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлснээр[9] мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан ...газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр Отау хоршоо нь уг 442 м2 газрыг эзэмших эрхийн нэгж талбарын 031304161 дугаартай гэрчилгээг иргэн Х.Хайсанайд шилжүүлж, уг газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн тус аймгийн Засаг даргын 2010 оны 17 дугаартай захирамж гарч, үүний дагуу газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

Улмаар гуравдагч этгээд Х.Хайсанайд дээрх байдлаар эзэмшүүлсэн 442 м2 газрыг маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр өмчлүүлсэн байна.

Дээрх шийдвэрүүдийг гаргах замаар Отау хоршооны эзэмшилд байсан газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар гуравдагч этгээд Х.Хайсанайд эзэмшүүлж, улмаар өмчлүүлсэн нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Өлгий хотын хөгжлийн төлөвлөгөөг зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас маргасан боловч Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 37 дугаартай тогтоолоор батлагдсан 2011 онд иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ, газар зохион байгуулалтын төлөвлөгөө-нд Өлгий сумын төвийн нутаг дэвсгэрээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ 111 га газар байхаар төлөвлөгдсөн, одоогоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор батлагдсан Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж байгаа зэргээс үзэхэд маргаан бүхий захиргааны актаар Өлгий сумын төвийн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших маргаан бүхий 442 м2 газрыг гуравдагч этгээд Х.Хайсанайд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д заасан ...энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх тухай заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Аралай ХХК-ийн захирал Х.Хумар нь 2012 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт маргаан бүхий газрын талаар гомдол гаргаснаар улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04.04.029.405 дугаартай Газрын тухай дүгнэлт[10]гарсан байх ба уг дүгнэлтээр гуравдагч этгээд Х.Хайсанайд маргаан бүхий 442 м2 газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан ..аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх тухай зохицуулалт, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1-д заасан иргэний хувийн хөрөнгөөр барьж байгуулсан, барьж байгаа буюу хувьчилж авсан, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан барилга байгууламжид зориулан газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр зохих гэрээ байгуулж эзэмшүүлсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг худалдаж түүнд өмчлүүлэх тухай заалт, тухайн газрын зарим хэсэг нь бохир ус татан зайлуулах шугамтай давхцсан нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан... зам, шугам сүлжээний газраас бусад газрыг өмчлүүлэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзжээ.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдээ Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн энэхүү дүгнэлтэд дурьдсан үндэслэлтэй холбогдуулж маргаж байгаа ба Отау хоршооны эзэмшилд байсан уг 442 м2 газрыг гуравдагч этгээд Х.Хайсанайд шилжүүлж, улмаар өмчлүүлэхдээ уг газар нь тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөгдсөний хувьд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэгч Отау хоршоонд анх уг газрыг аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчөөгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсоноор нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй болохыг шүүх дээр дурьдсанаар дүгнэсэн.

Харин улсын байцаагчийн дүгнэлтэд тусгагдсан Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийн хувьд аж ахуйн нэгжийн эзэмшиж байсан 442 м2 газрыг газар эзэмшигч этгээдийн хүсэлтээр, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасан журмын дагуу шилжүүлж авсан иргэний газарт хуулийн дээрх зохицуулалт хамаарахгүй юм.

Учир нь тухайн газарт орших 120 м2 талбай бүхий 2 давхар барилгыг Отау хоршоо нь 1992 онд бусдаас худалдаж авч, тухайн объектын өмчлөгч болсон нь Берекет ХЭАА-ны эзэн Х.Бишагийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар гаргасан хүсэлт, 2000 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн зарлагын ордер, Хөрөнгө шилжүүлэх тухай 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн акт, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дугаартай эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Уг үл хөдлөх хөрөнгийг иргэн Х.Хайсанай худалдаж аваагүй байх ба Отау ХХК нь одоо ч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0088204 дугаартай гэрчилгээгээр уг барилгыг өмчилдөг байна. Тус хоршоо 1993 оноос эзэмшиж байсан уг барилгын суурь болон орчны нийт 442 м2 газрын эзэмших эрхийг шилжүүлснээр, гуравдагч этгээд Х.Хайсанай нь тухайн газрын эзэмшигч болсоны хувьд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д зааснаар Газрын тухай хуулийн дагуу эзэмшсэн газраа өмчилж авах эрхтэй тул мөн хуулийн 5.1.6.1-д заасан зохицуулалт энэ тохиолдолд хамаарахгүй гэж дүгнэлээ.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан зохицуулалтын хувьд уг зүйлд заасан зам, шугам сүлжээний газар гэдгийг Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, зам тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газрыг ойлгох бөгөөд Өлгий сумын төвд орших инженерийн шугам сүлжээ бүхий газар нь зам, шугам сүлжээний газарт хамаарахгүй юм.

Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар мөн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Аралай ХХК-нд аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаартай захирамжаар 95.5 м2 газрыг эзэмшүүлсэн тухайн үед нэхэмжлэгч маргаан бүхий 442 м2 газрыг эзэмших тухай хүсэлт гаргаагүй нь, тухайн газарт орших 3 өрөө бүхий байрыг нэхэмжлэгч 2005 онд худалдаж авахаас өмнө уг газар нь 1993 оны үеэс бусдын эзэмшилд байсан нь, мөн гуравдагч этгээд Х.Хайсанай нь гэр бүлийн зориулалтаар маргаан бүхий газраас өөр газар эзэмшиж, өмчилдөггүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гуравдагч этгээд Х.Хайсанай нь иргэний хувьд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа өмчлөх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 08 дугаар захирамжийн холбогдох хэсгээр дээрх 442 м2 газрыг гуравдагч этгээд Х.Хайсанайд өмчлүүлснийг нэхэмжлэгч Аралай ХХК нь 2012 оны үед мэдсэн нь уг актын талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны 04.04.029.405 дугаартай Газрын тухай дүгнэлтэд тусгагдснаар уг дүгнэлтийг мөн онд авсан гэх нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул энэхүү захиргааны актын хувьд хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй гэх гуравдагч этгээд Х.Хайсанайн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 711 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Уг захиргааны акт нь гуравдагч этгээд Б.Жиренд Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших маргаан бүхий 772 м2 газрыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1-д заасан иргэний хувийн хөрөнгөөр барьж байгуулсан, барьж байгаа буюу хувьчилж авсан, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан барилга байгууламжид зориулан газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр зохих гэрээ байгуулж эзэмшүүлсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газар хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг худалдаж түүнд өмчлүүлэх тухай заалт, газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах асуудлыг зохицуулсан 21 дүгээр зүйлийг тус тус баримтлан 3860000 төгрөгөөр үнээр нь худалдаж өмчлүүлсэн талаарх шийдвэр байна.

Маргаан бүхий 772 м2 газар нь бодит байдалд 744.48 м2 газар болох нь, үүнээс тухайн газарт орших иргэн Б.Жирений өмчлөлийн 2 давхар зочид буудлын барилгын суурь газар нь 349.68 м2, үлдсэн газрын хэмжээ нь 394.8 м2 болох нь шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Гуравдагч этгээд Б.Жирен нь анх Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны 38 дугаартай тогтоолоор тус аймаг дахь нийтийн дуудлагын худалдаагаар худалдах зарим ашиглалтгүй барилга байгууламжуудыг худалдахаар шийдвэрлэсний дагуу 1961 онд ашиглалтад орсон, 364.8 м2 талбай бүхий Эрчим ХХК-ийн зочид буудлын 2 давхар барилгыг мөн онд худалдаж авснаар түүнд аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор уг барилгыг өмчлөх эрхийг шилжүүлж, энэ үеэс уг барилгын хууль ёсны өмчлөгч болжээ.

Маргаан бүхий газар нь энэхүү барилгын суурь болон барилгын хойд хэсэгтэй хил залгаа байдлаар үргэлжилсэн орчны газар болох нь тухайн газрын кадастрын зураг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, түүний хавсралт зургуудаар, уг газар нь Өлгий сумын 5 дугаар багт байрлах Өлгий сумын төвийн газар болохын хувьд 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөгдсөн газарт хамаарч байгаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 43 дугаартай тогтоолоор батлагдсан 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө-ний холбогдох хэсэг, газрыг үнээр нь худалдан авах замаар өмчилсөн нь Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16/39 дугаартай Төлбөр шилжүүлсэн тухай лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Аймгийн Засаг даргын 2012 оны 711 дугаартай захирамжаар өмчлүүлсэн 772 м2 газар нь иргэн Б.Жирений 1999 онд өөрийн өмчлөлд шилжүүлж авсан 364.8 м2 талбай бүхий барилга байгууламжид зориулан уг барилгын суурь болон барилгын хойд хэсэгтэй хил залгаа байдлаар үргэлжилсэн орчны тухайн газар нь Өлгий сумын төвийн газар болохын хувьд 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр өмчлүүлэхээр төлөвлөгдсөн газарт хамаарч байгаа тохиолдолд үнээр нь худалдаж өмчлүүлсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1, 19 дүгээр зүйлийн 19.1.5-д заасантай нийцсэн байна.

Маргаан бүхий газрыг гуравдагч этгээд нь Б.Жирен нь 1999 оны 030100301 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй гэх нэхэмжлэгчийн маргаан үндэслэлтэй байх ба энэ нь хэрэгт цугларсан улсын бүртгэлийн 030100301 дугаартай 1999 оны газар эзэмших гэрээ, 1995 оны 38 дугаартай Өлгий сумын Засаг даргын захирамж зэрэг нотлох баримтаар тогтоогдсон буюу уг асуудлаар гуравдагч этгээд Б.Жирен маргахгүй байна.

Уг газар гуравдагч этгээд Б.Жирений эзэмшилд байгаагүй, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан ...аж ахуйн нэгжид газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч маргаж байгаа боловч, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1- д зааснаар уг газрыг өмчлүүлсэн тохиолдолд өмчлөгч урд нь тухайн газрын эзэмшигч байхыг шаардахгүйгээс гадна Газрын тухай хуулийн дээрх зохицуулалт нь аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх тохиолдолд үйлчлэх зохицуулалт болохоос иргэнд газар өмчлүүлэх харилцаанд хамааралгүй заалт юм.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай захирамжийн Х.Хайсанайд холбогдох хэсэг, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 711 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах үндэслэлээ нэхэмжлэгч тухайн газарт орших цэвэр, бохир усны болон халаалтын шугамыг ашиглах эрхийг өөртөө олж авах шаардлага байгаатай холбогдуулж тайлбарласан.

Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр маргаан бүхий газрын хойд хэсэг болон уг газартай ойролцоо газарт халаалт, цэвэр усны хэрэглэгчийн шугам оршдог нь тогтоогдсон.

Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-т зааснаар нэхэмжлэгч Аралай ХХК нь үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн хувьд эд хөрөнгөө ашиглах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх ...инженерийн шугам сүлжээ татах зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах, ингэхдээ газар эзэмшигч этгээдтэй хоорондоо хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр энэхүү эрхийг олж авах боломжтой болохоос бусдын газарт орших инженерийн шугам сүлжээ бүхий байгууламжийг ашиглах эрх нь бусдын өмчлөлд хуульд зааснаар газар олгосон захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

3. Маргаан бүхий газраас 304.56 м2 газрыг эзэмшүүлэхийг эрх бүхий этгээдэд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч анх маргаан бүхий газруудыг эзэмшүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа тодруулж, тухайн газраас эзэмшихийг хүссэн газрын хэмжээг 304.56 м2 газраар тодорхойлсон[11].

Уг газрыг нэхэмжлэгч анх сул газар гэж маргасан боловч уг газрын 114.1 м2 газар нь гуравдагч этгээд Х.Хайсанайн өмчлөлийн газарт, 108.04 м2 газар нь гуравдагч этгээд Б.Жирений өмчлөлийн газарт тус тус хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Энэхүү газрыг Аралай ХХК нь эзэмших эрхтэй гэж маргасан ба уг газрын 114.1 м2 газар нь гуравдагч этгээд Х.Хайсанайн өмчлөлийн 442 м2 газрын тодорхой хэсэг болохын хувьд 1993 оны үеэс бусдын эзэмшилд байсан, сул газар биш болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон.

Харин 108.04 м2 газар нь гуравдагч этгээд Б.Жирений 772 м2 газрын тодорхой хэсэг байх ба нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актаар уг газрыг Б.Жиренд өмчлүүлэхээс өмнө газар эзэмших талаарх хүсэлтээ түрүүлж гаргасан гэж тайлбарласан.

Газар эзэмших, өмчлөх хүсэлт гаргасан цаг хугацааны хувьд хэрэгт авагдсан нотлох баримтаар Аралай ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, гуравдагч этгээд Б.Жирен нь 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн огноотой хүсэлтээ 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус гаргасан, уг газрыг гуравдагч этгээд Б.Жиренд өмчлүүлсэн аймгийн Засаг даргын 2012 оны 711 дугаартай захирамж 12 дугаар сарын 07-ны өдөр гарсан байна.

Нэхэмжлэгч уг газрыг эзэмших хүсэлтээ түрүүлж гаргасан гэж маргаж байгаа боловч аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх тохиолдолд Аралай ХХК нь төсөвт байгууллага биш байгаа тохиолдолд уг газрыг хүсэлт гаргаснаар шууд эзэмшүүлэх боломжгүй бөгөөд Газрын тухай хуулийн 33.1.2-т заасан дуудлага, худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалт үйлчлэх юм.

Харин дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар эзэмшүүлэх газар нь бусдын газартай давхцаагүй, Газрын тухай хуульд заасан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн, төсөл шалгаруулах замаар эзэмшүүлэх газар нь холбогдох журамд зааснаар улс, бүс нутгийн хэмжээний ач холбогдолтой хот, суурин газрын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан томоохон барилга байгууламж барихад зориулагдсан газар байхаар байна.

Гэтэл нь гуравдагч этгээд Б.Жиренд өмчлүүлсэн 772 м2 газар нь бодит байдалд 744.48 м2 газар байх ба үүнээс 367.38 м2нь зочид буудлын барилга түүний уурын зуух бүхий халаалтын байрны суурь газар, үлдсэн чөлөөт талбай бүхий 377.1 м2 газарт хамаарах нэхэмжлэгчийн маргаж байгаа 108.48 м2 газар нь Б.Жирений өмчлөлийн зочид буудлын барилгын хойд талын ханатай хил залгаа байдлаар үргэлжилдэг, энэ хэсгийн газарт хамаарах барилгын хойд талын хана нь 4 өрөөний цонхтой, уг газарт цэвэр, бохир усны хэрэглэгчийн шугам байгаа нь шинжээчийн дүгнэлт бүхий нотлох баримтаар тогтоогдсон.

Мөн нэхэмжлэгч Аралай ХХК нь өөрийн өмчлөлийн 3 өрөө бүхий үл хөдлөх хөрөнгөд зориулж уг газрыг эзэмших эрхтэй гэж маргаж байгаа боловч түүний 3 өрөө бүхий үл хөдлөх хөрөнгө нь зочид буудлын барилгын урд хэсэгт, харин маргаан бүхий газар нь барилгын хойд хэсэгт байрлалтай, эдгээр үл хөдлөх хөрөнгийн хооронд гуравдагч этгээд Б.Жирений өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө оршдог байна.

Энэ тохиолдолд уг газрыг гуравдагч этгээд Б.Жиренд өмчлүүлэхээс өмнө дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар аж ахуйн нэгжид эзэмшүүлэх боломжтой газар гэж үзэхээргүй байгаагаас гадна тухайн газарт халаалт, цэвэр бохир усны шугам татах, халаалт, эмийн сангийн склад бүхий барилга байгууламж барих зориулалтаар тухайн газрыг эзэмшинэ гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь бусдын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй хууль бус шаардлага байна гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5.1, 5.1.6.1, 19 дүгээр зүйлийн 19.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Аралай ХХК-иас тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай захирамжийн Х.Хайсанайд холбогдох хэсэг, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 711 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, тус компанид маргаан бүхий газраас 304.56 м2 газар эзэмшүүлэхийг эрх бүхий этгээдэд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 5-6 дугаар хуудас

[2] Хэргийн 27-29 дүгээр хуудас

[3] Хэргийн 244-250 дугаар хуудас

[4] Хэргийн 104 дүгээр хуудас

[5] Хэргийн 276 дугаар хуудас

[6] Хэргийн 277 дугаар хуудас

 

[7] Хэргийн 256 дугаар хуудас

[8] Хэргийн 144 дүгээр хуудас

[9] Хэргийн 106 дугаар хуудас

[10] Хэргийн 20-22 дугаар хуудас

[11] Хэргийн 185 дугаар хуудас