Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00953

 

Ш.Батсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/00682 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 799 дүгээр магадлалтай,

Ш.Батсайханы нэхэмжлэлтэй

“Бэрэн Лэнд девелопмент” ХХК-д холбогдох,

Арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 41 м.кв хоёр өрөө орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очирын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Ш.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очир, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 7 дугаар сарын 09-ний L-07 тоот гэрээний дагуу “Бэрэнлэнд девелопмент” ХХК Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Хангай хотхоны 1 дүгээр блок 5 дугаар орц 4 давхарт 41 м.кв 2 өрөө орон сууцыг 2013 оны 4 дүгээр улиралд Ш.Батсайхан миний биед хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, бүх блок ашиглалтанд орчихсон байхад гэрээний үүрэг биелэгдэхгүй байна. Гэрээний нийт үнэ 61.500.000 төгрөг байхаар тохиролцсон байдаг. Миний өмчлөлийн газрыг чөлөөлүүлж, орон байр, гэр оронгүй болгосноос хойш 3 жил шахуу хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд гэр оронгүй тэнэмэл амьдралаар хүнд амьдарч байна. Иймд гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байна. Хэргийн ажиллагааны явцад зохих ёсны холбогдох байгууллагуудаас нь нотлох баримтуудыг гаргууллаа. Эдгээр баримтыг харвал бүгд зөрүүтэй байдаг. Гэр хорооллын орон сууцжуулах төслийн ирүүлсэн баримтаас харахад дөрвөн талт гэрээ байхгүй гэсэн байдаг. Гэтэл газраа чөлөөл гээд надад мэдэгдэл өгөөд байснаас харахад ямар ч байсан Гэр хорооллын орон сууцжуулах төсөл нь дөрвөн талт гэрээ хийж түүний улмаас ажил гүйцэтгэгч компанитай холбогдон “Бэрэнлэнд” ХХК-ийн захирал Ц.Батбаяртай L-07 гэрээ хийсэн байдаг. Миний хувьд гэрээний үүргээ шаардсан байгаа. Хамгийн сүүлийн баримтаар энэ ажлыг “Асар өргөө” ХХК гүйцэтгэсэн гэж байна. Гэтэл Хот байгуулалтын газар гүйцэтгэсэн байдаг юм. Энэ талаар хөөцөлдөн сураглахад “Бэрэнлэнд” компанитай холбогдоно уу манайх энд хамаагүй гэсэн хариуг надад өгсөн. Иймд “Бэрэнлэнд девелопмент” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч “Бэрэн Лэнд девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Батсайхантай 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан газрыг ирээдүйд баригдах орон сууцаар арилжих тухай гэрээг өөрийнх нь хүсэлтээр цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2013 оны 12 дугаар сард манай компани болон “Асар өргөө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх блок солигдох асуудал яригдаж 2014 оны 1 дүгээр сард блокийг харилцан солих шийдвэр гарсан. Энэ талаар Ш.Батсайханд манайх мэдэгдсэн бөгөөд өөрөө манай дээр ирж уулзаагүй явж байгаад 2014 оны 9 сард ирж гэрээ цуцлах өргөдлөө өгсөн байдаг. “Асар өргөө” ХХК-тай дахин шинэ гэрээ хийх эрх нь нээлттэй байгаа, түүний дагуу газрын өмчлөх эрх нь өөрт нь хадгалагдсан байгаа. Манайх Ш.Батсайханы газрыг ямар нэг байдлаар эзэмшээгүй, ашиглаагүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгчийн газар дээгүүр шугам сүлжээ явагдсан гэдэг нь тодорхой байдаг. Үүнийг нэхэмжлэгч манай захиалгаар барьсан гэдэг боловч хэрэгт авагдсан баримтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хийгдсэн гэдэг нь тодорхой болсон. Бид блок сольсноос болоод төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон. Тиймээс манай компани ямар нэгэн барилга бариагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/00682 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Батсайханы 41 м.кв хоёр өрөө орон сууц гаргуулах тухай хариуцагч “Бэрэнлэнд девелопмент” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Батсайхан улсын тэмдэгтийн хураамжид 465.450 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 799 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/00682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Ш.Батсайхан нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2016/09269 дүгээр Шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 799 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00682 дугаар бүхий шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэн эцэслэж, үндэслэл бүхий зөв шийдвэрлэсэн юм.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2016 оны 799 дугаар магадлалаар 102/ШШ2016/00682 дугаар бүхий анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэл муутай болсон байна.

Учир нь талууд Монгол Улсын иргэний хуульд заасны дагуу ирээдүйд биелэгдэх арилжааны гэрээ байгуулсан нь хуульд заасан онцлог шинжтэй. “Бэрэн лэнд девелопмент” ХХК нь иргэн Ш.Батсайханы хүсэлтийн дагуу 2013.07.09-ны өдрийн “Газрыг ирээдүйд баригдах орон сууцаар арилжих тухай гэрээ”-г цуцалсан. Мөн Ш.Батсайхан нь өөрийн хүсэлтээр гэрээг цуцалсан нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй болно. Мөн Ш.Батсайхан нь өөрийн өмчлөлийн газраа захиран зарцуулан эрх нь өөрт нь хэвээр байгаа ба хариуцагч тухайн газрыг ямар нэгэн байдлаар ашиглаагүй, эзэмшээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтад цугларсан. Гэвч энэ бүх байдлын давж заалдах шатны шүүх тал бүрээс нь дүгнэн шийдвэрлээгүйд гомдолтой байгаа тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 799 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байна” гэжээ.

Хариуцагч “Бэрэн Лэнд девелопмент” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө Ш.Батсайханы хүсэлтээр гэрээг цуцалсан гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн “Бэрэн Лэнд девелопмент” ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт барьж байсан блокоо “Асар өргөө” ХХК-д шилжүүлсэн эсэх, эдгээр 2 компаниудын аль нь маргаж байгаа газарт барилга барьж байгаа нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 799 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очирын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 465.450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ