| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00693/И |
| Дугаар | 131/шш2024/00662 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 131/шш2024/00662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* овгийн *******гийн *******д холбогдох
Барааны үнийн үлдэгдэл 1,440,000 төгрөг, алданги 720,000 төгрөг, нийт 2,160,000 төгрөг гаргуулах агуулга бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.
Шүүх хуралдааны тов мэдсэн хариуцагч Д.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Д.******* нь ******* ******* ХХК-иас архи, ус, ундаа зэрэг барааг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг.
Д.******* нь худалдан авсан барааны үнийн үлдэгдэл 1,440,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тулган баталгаажуулж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.
Төлбөр барагдуулах гэрээгээр 1,440,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон.
Иймд Д.*******гаас барааны үнийн үлдэгдэл 1,440,000 төгрөг, алданги 720,000 төгрөг, нийт 2,160,000 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХХК-д олгохыг хүсье.
2. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/******* ******* ХХК/
- Төлбөр барагдуулах гэрээ/огноо: 2024.01.25/
-Тооцооны үлдэгдлийн баталгаа/огноо: 2024.01.25/
- Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ/******* ******* ХХК/
3. Хариу тайлбарын агуулга: Д.******* миний бие 2020 оны 12 дугаар сараас эхлэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн Лувсанданзанжанцагийн өргөн чөлөө-1 дүгээр гудамжны 137 тоотод Түвшин аривжих нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж байна.
******* ******* ХХК-д барааны үнийн үлдэгдэл 1,440,000 төгрөгийн тооцоотой нь үнэн. Гурван жилийн хугацаанд тус компаниас бараа авч, борлуулахдаа гэрээ, хэлцэл хийгээгүй.
Манай дэлгүүр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч тул энэ компаниас нэг ч удаа нэмэгдсэн өртгийн албан татварын баримт Татварын хэлтэст илгээж байгаагүй.
Манай дэлгүүр тухайн сардаа захиалга өгөөд бараагаа борлуулж, үнийг нь хэлсэн хугацаанд, сар дотроо хийдэг байсан. Миний дэлгүүрийн урд тал Миний сүлжээ дэлгүүр үйл ажиллагаа явуулснаас хойш орлого буурч, банкны зээл төлөлт, ус, цахилгааны төлбөр, татварыг төлж чадахгүйд хүрч, дансаа хаалгасан.
******* ******* ХХК-ийн 2 ажилтан 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрт ирээд Тооцоогоо тулгая, хэзээ төлбөрөө барагдуулах вэ гэсээр надаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед тайлбар хийгээгүй, сандарсандаа юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй.
Гэтэл гэрээ байгуулсан гэж алданги нэхэмжилсэн байна. Надад гэрээгээ бүрэн танилцуулсан бол би өнөөдрийг хүртэл явахгүй. Нэхэмжилж байгаа хоног тутам 0,5 хувийн алданги төлөх нь хүндрэлтэй байна.
4. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.
5. Зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
Үндэслэх нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан барааны үнийн үлдэгдэл 1,440,000 төгрөг, алданги 720,000 төгрөг, нийт 2,160,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ./Хавтаст хэргийн 1-2 хуудас/
Хариуцагч Д.******* нь барааны үнийн үлдэгдэл 1,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин алданги 720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ./Хавтаст хэргийн 22-23 хуудас/
2. Нэхэмжлэл, хариу тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ******* ******* ХХК цэвэр ус, ундаа, архи/цаашид бараа гэх/-ийг хариуцагч Д.*******гийн эзэмшилд шилжүүлж, хариуцагч Д.******* нь уг барааны үнийг тодорхой хугацаанд нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж байсан үйл баримт тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ. Учир нь худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.*******гаас барааны үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байх бөгөөд зохигч нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, харилцан гарын зурж, албажуулжээ./Хавтаст хэргийн 9 хуудас/
Уг тооцооны үлдэгдлийн баталгаанаас үзэхэд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.*******гаас барааны үнийн үлдэгдэл 1,440,000 төгрөгийн авлагатай байна.
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн барааны үнийн үлдэгдэл 1,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбар гаргасан.
Иймд хариуцагч Д.*******гаас барааны үнийн үлдэгдэл 1,440,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох эрх зүйн үндэслэлтэй.
3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз , 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тус тус тодорхойлжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.*******тай анх худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа анз/алданги/ төлөх талаар тохиролцоогүй, уг гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги 720,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй.
Учир нь анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд үүрэг гүйцэтгэгч анх гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйл байдаг тул зохигчийн хооронд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ-гээр алданги тооцох эрх зүйн үндэслэлгүй./Хавтаст хэргийн 8 хуудас/
Тодруулбал Төлбөр барагдуулах гэрээ нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч Д.*******д үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон агуулгатай байна.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч Д.*******гаас алданги 720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч Д.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул хариуцагч Д.*******гаас 37,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.*******гаас барааны үнийн үлдэгдэл 1,440,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 720,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч Д.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 37,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ