Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 14

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч Ж.Энх-Амгалантөр, 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч *******, *******,

Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******,******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 201713010023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /РД:/,  

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт  багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,******* овогт ******* *******, /РД:/, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд/

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч ******* эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “Алтан гэрэл” судар хулгайлж, 352500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч ******* гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “Алтан гэрэл” судар хулгайлж, 352500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн хамт хөдөө явахдаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн 11 дүгээр хэсгийн 06 тоот хашаанд байрлах байшингийн хаалгыг цоожлоод эзэнгүй үлдээсэн. Манай хашаанд өөр айл байдаггүй. Манай байшингийн таамбарын хаалга цоожгүй дотор хаалга цоожтой байсан. 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэртээ орох гэтэл гэрийн хаалганы цоож эвдэрсэн, хаалганы даруулгыг хийгээд дэгээг нь цүүнд зүүсэн мөн байшингийн баруун талын цонхны жижиг цонхыг рамаар нь татаж унагаад хагалсан байсан. Гэрт ороход “Алтангэрэл” судар байхгүй байсан. Би “Алтангэрэл” судраа бүрэн бүтэн хүлээж авсан. Манай гэрээс өөр эд зүйл алга болоогүй. Шинэ цоож авч өгч, цонх шиллэсэн. Миний хохирол бүрэн барагдсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэсэн, /ХХ-ийн 26-р хуудас/  

Гэрч : “...*******, ******* нар манай нөхрийн найз гээд манай гэрээр орж гардаг байсан. Манай хоймрын авдар дээр “Алтангэрэл” судар байдаг. 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хөдөө яваад 3 дугаар сарын 10-ны орой гэртээ ирэхэд байшингийн хаалганы цоож эвдэрсэн байсан. Манай гэрээс “Алтангэрэл” судар хулгайд алдагдсан байсан..” гэсэн, /ХХ-ийн 27-р хуудас/

Гэрч : “.. 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 10-нд шилжих шөнө *******, ******* хоёр жаахан архи уучихсан орж ирээд “хучлага, дэвсгэр байна уу?” гэхээр нь хучлага авч өгсөн тэр хоёр гэрийн баруун талын орон дээр унтсан. ******* гэрт үзлэг хийхэд нь хамт орж үзэхэд “Алтангэрэл” гэх судар хулгайд алдагдсан байна гэж байсан. Манай хашаанд байрлах зуны сууцны дээвэр дээр цагдаа нар үзлэг хийхэд судар гарч ирсэн. *******, ******* нарыг *******хөөс судар хулгайлж, манай байшингийн дээвэр дээр нуусныг мэдээгүй...” гэсэн, /ХХ-ийн 28-р хуудас/

Гэрч : “...2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 10-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед манай гэрийн хаалгыг хүн тогшоод байхаар нь би онгойлгож өгөхөд *******, ******* хоёр жаахан архи уусан бололтой орж ирсэн. Тэр хоёр гэрт орж ирээд хоорондоо юм ярьж байгаад гараад явсан...” гэсэн, /ХХ-ийн 29-р хуудас/

 

Гэрч “...Манай хүргэний хоймрын авдар дээр нь “Алтангэрэл” гэдэг судар байдаг. Манай хүргэн эмээгээс өвлөгдөж ирсэн өвөг дээдсийн судар гэж ярьдаг...” гэсэн /ХХ-ийн 90-р хуудас/

Гэрч : “...*******д “Алтангэрэл” нэртэй судар байсан. Аав Самданшийраваас нь өвлөгдөж ирсэн...” гэсэн /ХХ-ийн 91-р хуудас/ мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, зуны сууцны дээвэрт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн, хар өнгийн эвдэрхий цоожийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, “Алтангэрэл” судар нь орон нутгийн зах зээлийн ханшаар 350.000 төгрөгийн үнэтэй байсан тухай” эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын шатанд цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн үед З.Пүрэвдорж ахынд очих замд Ж.Энх-Амгалантөр ахын гэр хүнгүй байгаа тэдний судрыг хулгайлах уу гэсэн чинь ******* тэгье гэж хэлсэн. ******* таамбарынх нь хаалга онгорхой байсан ба таамбарт ороод гэрийн хаалганы хар цоожийг гараараа татаж үзсэн чинь онгойхгүй байсан. ******* хаалганы даруулганаас хүчтэй татахад цоож нь эвдэрч цүүнээс унасан. Гэрт ороод авдар дээр байсан “Алтангэрэл” судрыг ******* аваад гарсан. Би З.Пүрэвдорж ахын хашаанд байрлах байшингийн дээвэр лүү нь судрыг шидэж нуусан...” гэсэн,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 02 цагийн ******* бид хоёр эгчийнд хонох гээд очсон боловч хаалгаа тайлахгүй байсан. ...гараад явж байтал ******* “*******д том судар байгаа эзэнтэй байна уу үзье эзэнтэй байвал тэднийд хоноё эзэнгүй байвал өөр айлд очиж хоноё” гэхээр нь би зөвшөөрөөд явсан. ...*******д очсон чинь хашааны хаалга нь онгорхой байшин нь түгжээтэй, таамбарын хаалга нь онгорхой байсан. ******* цоожийг нь татаад хүчрэхгүй байна хөших юм аваад ир гэхээр нь очоод даруулганаас хүчтэй татсан чинь цоож нь эвдрээд салаад унасан. Бид хоёр хамт байшинд ороод би авдар дээр байсан судрыг нь аваад байшингаас гарсан. ******* З.Пүрэвдорж ахын хашаанд очоод эзэнгүй байшингийн дээвэр лүү судрыг хийсэн. Уг судрыг ******* хулгайлж авъя гэхээр нь зөвшөөрөөд мөнгө болгоно гэж бодож хулгай хийсэн...” /ХХ-ийн 60-61-р хуудас/ гэж шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарын мэдүүлэг үнэн зөв бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж үнэлсэн болно.   

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байхын зэрэгцээ дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  заасан  журмаар  цуглуулж,  бэхжүүлэгдсэн,  энэ  хэрэгт  хамааралтай,  өөр

хоорондоо зөрүүгүй байна.

Шүүгдэгч *******, ******* нарын дээрх үйлдэл нь бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдын бага бус хэмжээний буюу 352.500 төгрөгийн эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт оногдуулах ялын дээд хэмжээ нь таван жил байхад 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт оногдуулах ялын дээд хэмжээ нь найман жил болсон байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2002 оны Эрүүгийн хуулийг буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тиймээс шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг барагдуулсан, хохирогч нь шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, болох нь хохирогч ******* “...Миний хохирол бүрэн барагдсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг тэдэнд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэн болно.

 

Тиймээс шүүгдэгч *******, ******* нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар бага, шүүгдэгч нарын хувийн зан байдлын хувьд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг эвдэрхий цоожийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******ын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******,******* овогт ******* ******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүрт нь 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүрт оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүрт оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан *******, ******* нарын засрал хүмүүжилд  хяналт тавихыг тэдгээрийн оршин сууж байгаа газрын Цагдаагийн байгууллагад даалгасугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан *******, ******* нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг эвдэрхий цоожийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Шүүгдэгч *******ын өмчлөлийн хөрөнгөөс 2000000 төгрөгийн үнэлгээтэй “6 ханатай гэр”-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Шүүгдэгч нарт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ӨЛЗИЙХИШИГ