| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/01570/И |
| Дугаар | 181/ШШ2024/01709 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/01709
2024 04 24 181/ШШ2024/01709
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,
Нэхэмжлэгч: ХБ ХК /.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух, .../РД:.../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн 9,025,723.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Б /РД: .../ нь 2018-03-07-ны өдөр ХБ ХК-ийн СХ Драгон тооцооны төвтэй ... тоот Зээлийн гэрээ болон .... тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-т тус тус байгуулан 10,000,000 /Арван сая/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшлыг барьцаалуулсан.
Зээлдэгч нь 2024-02-22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5,320,392 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,919,955 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,652 төгрөг, нийт 8,260,000 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1,453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн
1/ Зээлдэгч Баатад ургийн овогт С.Б /РД: .../-т холбогдуулан ... тоот Зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024-02-22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,679,607.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,940,198.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 405,918.14 төгрөг, нийт 9,025,723.79 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сосорбарам овогтой Батчимэг миний бие ХБ ХК-ийн зээлийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно. Миний бие нь нэхэмжлэлд тусгасан үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж барагдуулахаа баталж байгаа бөгөөд 2024 оны 05 дугаар сараас графикийн дагуу төлөлт хийх болно. Нэхэмжлэлд шаардсан төлбөрийг нэг дор төлөх боломжгүй тул эргэн төлөлт хийх дүн график гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч С.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 9,025,723.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь шүүхэд зээлийн үүргийг гүйцэтгэх хугацааны талаар нэхэмжлэгчтэй тохиролцох талаар тайлбарласан боловч энэ талаар тайлбар, баримт дахин гарган өгөөгүй, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар энэ талаарх тайлбарыг тодруулан гарган өгөөгүй тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн зөвшөөрлийг батлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн 9,025,723.79 төгрөгийг нэхэмжлэгч ХБ ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,362 төгрөгөөс 79,681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 79,681 төгрөгийг, хариуцагч С.Бээс 79,681 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА