Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/00548

 

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/00548

 

 

ЗВ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00166 дугаар шийдвэртэй, ЗВ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ү ХХК, ҮГ ХХК-нд тус тус холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 82 393 766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ҮГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЗВ ХХК нь Ү ХХК-тай 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Бараа нийлүүлэх болон борлуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан ба энэхүү гэрээгээр нийлүүлэгч ЗВ ХХК нь дарсыг нийлүүлэх, Ү ХХК нь нийлүүлсэн дарсны үнийг тогтоосон хугацаанд төлөхөөр тохиролцсон. Гэрээний 3.3-т ...Борлуулагч төлбөрийг хугацаандаа хийгээгүй тохиолдолд нийлүүлэгч өдрийн 0.5 хувийн алданги тооцон үнийн дүн дээр нэмнэ... гэж заасан. ҮГ ХХК хамаарал бүхий компани учир Ү ХХК-тай байгуулсан гэрээний дагуу дарс нийлүүлсээр ирсэн бөгөөд хариуцагч нар нийлүүлсэн дарсны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, өнөөдрийн байдлаар ҮГ ХХК-тай тооцоо нийлсэн актаар 51 595 844 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ 51 595 844 төгрөгийн үлдэгдэл нь ЗВ ХХК-ийн олон удаагийн нийлүүлэлтийн нийлбэр дүн юм. Гэрээний 3.2, 3.3 дахь заалтуудын дагуу 51 595 844 төгрөгийн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйн алдангийг нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаагаар тооцон, үндсэн төлбөрийн 50 хувиас давсан тул 30 797 922 төгрөгөөр тооцсон. Иймд ҮГ ХХК-иас дарсны үнэ 51 595 844 төгрөг, Ү ХХК-иас алданги 30 797 922 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ү ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ү ХХК нь 2008 онд худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байх хугацаандаа ЗВ ХХК-тай 1 жилээр гэрээ байгуулан дарс худалдан авч байсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн гэрээ дуусгавар болсон.Улмаар 2013 оноос зөвхөн барилгын салбарт дагнан ажиллах болсон бөгөөд энэ цагаасаа эхлэн ЗВ ХХК-иас ямар нэг бараа бүтээгдэхүүн худалдаж аваагүй. Дарсны төлбөр тооцоо байхгүй.ЗВ ХХК нь бичгээр гэрээ байгуулахгүйгээр ҮГ ХХК-тай хамтарч ажилласаар ирсэн. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ҮГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь нэхэмжлэгчтэй хамтарч ажилласаар ирсэн. Ингэхдээ бичгээр гэрээ хийгээгүй. Нийлүүлсэн дарсны тооцоог 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нийлэхэд 64 595 844 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш 13 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 51 595 844 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Манай компани үлдэгдэл төлбөр 51 595 844 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг 8 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтээ байгаагаа нэхэмжлэгчид илэрхийлж, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тул өнөөдрийг хүрсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ҮГ ХХК-иас 51 595 844 төгрөгийг гаргуулж ЗВ ХХК-д олгож, ЗВ ХХК-ийн нэхэмжлэлээс Ү ХХК-д холбогдох алданги болох 30 797 922 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ҮГ ХХК-иас 415 929 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ҮГ ХХК-иас 51595844 төгрөгийг гаргуулж, ЗВ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ЗВ ХХК-ийн захирал Грам Тэйлороос Өмгөөллийн Бэз Партнерс ХХН-д 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэг жилийн хугацаатайгаар олгосон итгэмжлэлд Ү ХХК-иас Компанид төлбөл зохих аливаа авлагыг барагдуулах асуудлаар компанийг бүрэн төлөөлөх эрхтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж байна... гэжээ. Итгэмжлэлд Үлэмж гросерс ХХК-тай холбогдуулан эдлэх аливаа эрх, үүргийг олгоогүй байна. Өмгөөллийн Без Партнерс ХХН-д 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс нэг жилийн хугацаатай олгосон байхад Бэз Партнерс ХХН-ийн гүйцэтгэх захирал Л.Загдаагаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1/170 дугаар албан бичгээр Т.Лхамсүрэнд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаатайгаар буюу Грам Тэйлороос олгосон итгэмжлэлийн хугацааг хэтрүүлж итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцогдох юм. Т.Лхамсүрэнг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ЗВ ХХК нь хариуцагч Ү ХХК, ҮГ ХХК-нд тус тус холбогдуулан худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн дарсны үнэ 51 595 844 төгрөг, алдангид 30 797 922 төгрөг, нийт 82 393 766 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ҮГ ХХК 51 595 844 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, анзыг эс зөвшөөрч маргасан хариуцагч Ү ХХК нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөөгүй байна. /хх 1-2, 50/

Нэхэмжлэгч нь хариуцагч Ү ХХК -тай 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс дарс нийлүүлэх бичгийн гэрээтэй ажиллаж байсан, ҮГ ХХК-тай амаар гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон. /хх11-12/

Мөн нэхэмжлэгчийн шаардаж буй 51 595 844 төгрөг нь ҮГ ХХК-ийн төлбөл зохих дарсны үнэ болох үйл баримтад талууд маргаангүй. Анхан шатны шүүхээс анз 30 797 922 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. /хх 50/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэргийн баримтаас үзэхэд гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөөс биелэгдээгүй үүрэг нь Үлэмж гросерс ХХК-д хамаарах бөгөөд Үлэмж ХХК-нд биелэгдээгүй гэрээний үүргийн үлдэгдэл байхгүй болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа анз төлөх үүрэгтэй. Гэвч анзын гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулсан байх шаардлагатай.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон хэдий ч Ү ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь буруу юм. ЗВ ХХК нь хариуцагч Ү ХХК нарын хооронд бичгээр байгуулсан худалдах-худалдан авах, гэрээ хэрэгт авагдсан талууд гэрээний харилцаатай байсан боловч гагцхүү уг гэрээний үүргийн бүрэн гүйцэтгээгүй байна. Иймд хууль хэрэглээний хувьд хариуцагч Ү ХХК-ийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэггүй гэж дүгнэх нь зөв юм.

Харин талууд худалдах, худалдан авах гэрээний тал болох Ү ХХК болон нэхэмжлэгчийн хооронд анзын гэрээг бичгээр хийгээгүй, мөн хариуцагч ҮГ ХХК-ийн хувьд нэхэмжлэгчид анз төлөх үүрэг үүсээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч ҮГ ХХК нь талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч итгэмжлэлээр Үлэмж гросерс ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг Бэз партнерс ХХН-д олгоогүй гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна./хх 94-95/

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийх, мөн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ,хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг заавал тусгах юм. Дээрх нөхцлүүд хангагдаагүй, талууд бодит үйлдлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан тул талуудын хоорондын эрх зүйн маргааныг ердийн худалдах-худалдан авах гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар бичгээр олгосон итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх,олгосон он, сар, өдрийг зааж, хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх, мөн итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах юм. Хэргийн 8 дугаар хуудасны итгэмжлэлд компанид төлбөл зохих аливаа авлагыг барагдуулах асуудлаар компанийг бүрэн төлөөлөх эрхийг олгосон, итгэмжлэлийн хүрээнд төлбөр төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хувь хүнтэй компанийг төлөөлж харилцах эрх олгосон, Бэз партнерс ХХН-ийн захирал Л.Загдаагаас Т.Лхамсүрэнд олгосон итгэмжлэл нь ЗВ ХХК-иас олгосон итгэмжлэлийн хүчинтэй байх хугацаанд үйлдэгдсэн тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хариуцагч ҮГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1 гэснийг хасч, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ҮГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч ҮГ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415 930 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД