Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 114

 

           Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

       Шүүгдэгч: Г.У,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г-ын У-т холбогдох эрүүгийн 1735000000054 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, нөхөр хүүхдүүдийн хамт, Увс аймгийн Улаангом сумын 6-р баг 11-17 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЮ74062966, Б овгийн Г-ын У.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.У нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны орой Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт хохирогч П.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

       1. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №613 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч П.Т-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, хацар, нүүр, зүүн мөрний орчимд зулгаралт, зурагдалт, толгойн хуйханд эмзэглэлтэй, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл  өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 9-р тал/,

                2. Хохирогч П.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би нөхөр О болон нэг настай хүүхдийн хамтаар амьдардаг юм. Би өөрөө гутлын цехэд тогоочоор ажилладаг. Нөхөр О ажилгүй гэртээ байдаг. О гадуур явж ажил хийж олсон мөнгөөрөө архи уучихаад байдаг юм. Би 2017 оны 10 сарын 05-ны орой 21 цагийн үед гэртээ хүүхэдтэйгээ байж байтал манай нөхөр О гаднаас архи уучихсан орж ирээд жаазны ар талд байсан архинаас аяганд хийж уухаар нь би түүнд “Чи яагаад архи уугаад байгаа юм бэ?. Чи залуу хүн байж хүргэн ах Д шиг байнга архи уух юм. Амьдралаа бодооч” гэж хэлэхэд О надад “Чи яахаараа дандаа намайг архичин гэж хэлдэг юм бэ?. Би чамайг Д ахад очиж хэлнэ” гээд гэрээс гараад явсан бөгөөд манай хашаанд хүргэн ах Д-гийн гэр хамт байдаг юм. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр Д ахтай хамт гэрт орж ирээд Д ах надад “Чи намайг архичин гэж хэлдэг хэн бэ, гичий минь” гэж уурлаж, загнаж байгаад гэрээс гараад явсны дараа удалгүй Д ахын эхнэр У орж ирээд намайг “Чи муу яатуу минь хэн юм бэ?. Миний нөхрийг архичин гэдэг хэн бэ?” гэж хэлээд намайг үсдэж аваад газар унагааж байгаад миний толгой руу гараараа олон удаа цохиод байхаар манай нөхөр О У-ыг салгасан боловч дахин над уруу дайрч үснээс татаж зулгааж, нүүрийг минь маажсан. Ут зодуулсны улмаас миний толгой доргиж, нүүр, цээжний хэсэгт шалбарсан. Тэгээд би өөрийн төрсөн ээж А рүү утсаар залгаж “Гэрт хүрээд ирээч. Энд зодоон болоод байна” гэж хэлэхэд манай ээж удалгүй ирсэн. Ээж ирээд “Та нар манай охиныг яагаад зодож байгаа юм” гэхэд У эгч манай ээжид “Чи яах гэж ирсэн юм. Янхан охиноо аваад зайл” гэж хэлэхээр нь би ээжтэй хамт аавын гэрт ирсэн юм. Би урьд өмнө нь У-тай маргалдаж хэрэлдэж байгаагүй. У бол миний нөхрийн төрсөн эгч нь юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 15-16-р тал/,

                2. Гэрч Г.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 05-ны өглөө эхнэр Т ажилдаа яваад өдрийн 14:00 цагийн үед ажлаасаа ирсэн. Би гэрт хүүхэд харж байгаад эхнэрийг гэрт ирэхээр нь гарч гадуур хэдэн найз нартайгаа уулзаж ганц нэг пиво ууж явж байгаад орой 20:00 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр Т хүүхэдтэйгээ хоёулаа байсан. Гэрт ороход хоол хийгээгүй байсан бөгөөд  эхнэр надад “Өөрөө хоолоо хийж ид” гэснээс болж бид хоёрын хооронд маргаан гарсан. Тэгээд би гэрт байсан хагас шил архинаас жаахан уучихаад шилийг нь гаргаад хаячихсан чинь манай эхнэр надад уурлаж “Чи архи уулаа. Танайхан бүгд архичин. Хүргэн ах Д-тай нийлж архи уудаг. Чамд ч гэсэн архи өгдөг биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тт “Манай ах, дүү нар хэзээ надад архи өгөөд байсан юм. Хоёулаа хүргэн ахын гэрт орж асууя” гэж хэлэхэд Т “Үнэн биз дээ. Чи өөрөө асуухгүй юу” гэж хэлэхээр нь би гэрээс гарч Д ахын гэрт ороход хүргэн ах Д, эхнэр У-ын хамт унтах гээд байж байсан. Тэгэхээр нь би Д ахад “Та надад хэзээ архи авч өгөөд байсан юм бэ?. Бид хоёрыг хамт архи уудаг, намайг Д ах шигээ архичин гэж Т хэллээ” гэж хэлэхэд Д ах надад “Та нар хэрүүлдээ миний нэрийг гаргаж болохгүй. Би энэ талаар орж ярина” гээд Д ах бид хоёр манай гэрт орсон. Тэгээд Д ах Т-т “Би танай нөхрийг чинь дуудаж архи ууж байна уу?. Би тийм их архичин байна уу” гэж хэлчихээд гэрээс гараад явсан. Д ахыг гараад явахаар нь би гэрээс гарч 00 орж бие засчихаад гэрт ороход У эгч манай гэрт орж ирээд Т-т “Миний нөхөр хаана архи уугаад байна. Чи юу яриад байгаа юм” гэж хэлэхэд Т урдаас нь “Угаасаа архичин биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл У эгч Т луу очоод үснээс нь зулгааж толгой уруу нь гараараа цохиж нүүр, цээжийг нь маажсан. Мөн нүүр лүү нь гараараа хоёр удаа цохиход нь би очиж У эгчийг салгаж гэрээсээ гаргаж гэрт нь оруулсан. Удалгүй хадам ээж ирээд эхнэр, хүүхдийг аваад явсан. Маргааш нь би У-т “Та одоо яаж байгаа юм бэ?” гэж хэлэхэд “Эгч нь мэдэхгүй байна. Уурандаа ийм зүйл хийчихлээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

                3. Гэрч М.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би эхнэр У-ын хамт айлын ногооны талбай дээр ажиллаж байгаад орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Бид нар гэртээ ирээд хоол хийж идээд 21 цагийн үед амрах гээд гэрийн хаалгаа цоожлоод хэвтэж байтал хаалга цохиод О гэрт орж ирээд “Манай эхнэр Т намайг архичин гэнэ. Бид нарыг ах дүүгээрээ архи уудаг, хүргэн Д шигээ архичин болж байна” гэж хэлж байна гэхээр нь би О-т “Архи уугаад байгаа хэн байгаа юм. Архичин хэн байна” гэж хэлсэн. Тэгээд О бид хоёр гэрт тамхилаад жаахан сууж байгаад Т намайг “Архичин” гэж доромжилсон гэхээр нь О-ын хамт гэрээс гарч гэрт нь ороход Т орон дээрээ хүүхдээ хөхүүлээд сууж байсан. Би түүнд “Чи одоо юу яриад байгаа юм бэ?. Архичин хүн хэн байгаа юм. Яахаараа хүн доромжилж байдаг юм. Та нар хэрэлдэх мөрөөрөө хэрэлдэхгүй юу” гэж загначихаад гараад явсан. Тэгээд гэрт ороод байж байтал О араас дахиад манай гэрт орж ирээд “Бид хоёр дахиад хэрэлдлээ” гэж хэлээд юм яриад сууж байтал манай эхнэр У хэвтэж байгаад босч ирээд “Та нар юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би түүнд “Т бид нарыг ах дүүгээрээ нийлж архи уудаг. Бүгд архичид гэж хэлж байна” гэж хэлэхэд У О-ын хамт Т-тай уулзахаар гэрээс гарч явсан. Би гэрт үлдэж хэдэн минут гэртээ байж байгаад тэр хоёрын араас О-ын гэрт ороход У Т-ыг барьчихсан, тэр хоёр зууралдсан байдалтай байсан.  О тэр хоёрын дундуур ороод салгах гэж байхаар нь би дундуур нь орж тэр хоёрыг салгачихаад гэрээс гараад явсан. У Т-ын хувцаснаас нь барьж байсан уу, аль эсвэл үснээс нь зуурч барьж байсан эсэхийг санахгүй байна. Намайг ороход У Т-ыг зодож цохиж байгаагүй. Намайг орж ирэхээс өмнө  У Т-ыг зодож, үснээс нь зулгааж, маажсан байх. Би гэрт ороод байж байхад О эхнэр У-ыг гэрт оруулж ирж өгчихөөд гараад явсан. О Т, У бид нар анх удаагаа маргалдаж, зодолдож байна. Урьд өмнө нь бид нарын хооронд маргаан гарч байгаагүй. Бид нар нэг хашаанд байдаг юм. Хоёр гэртээ байнга орж гардаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/

                4. Гэрч Я.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 05-ны орой 20 цаг өнгөрч байх үед намайг гэртээ байж байтал миний төрсөн охин Т над уруу гар утсаар залгаж “Нөхөр О надтай маргалдаж байгаад гараад явчихлаа” гэж хэлсэн. Би тухайн үед юм бодолгүй гайгүй байх гэж бодоод “За за” гээд гар утсаа тасалсан. Удалгүй дахиад миний гар утсанд дуудлага ирэхээр нь утсаа аваад харахад охин Т-ын утаснаас дуудлага ирж байсан тул утсаа аваад “Байна уу” гэхэд юм дуугаралгүй тасарчихсан. Дахиад утсанд дуудлага ирэхээр нь авахад Т “Ээжээ та ирээд намайг салгаж аваач. Намайг алж байна. Та хурдан ирээч” гэж хэлэхээр нь би ганцаараа тэдний гэрлүү гүйгээд очиход манай хүргэний төрсөн эгч У гэх хүүхэн миний охины үснээс татаад орилж хашгирсан байдалтай зогсож байсан. Тэр хоёрын хажууд О тэднийг салгах гээд зогсож байсан. Тэгэхээр нь би ороод “Та нар яаж байгаа юм бэ?. Миний охиныг алж байгаа юм уу?” гэж хэлэхэд хэн ч юм хэлээгүй. Тэгээд би охиноо салгаж аваад хувцасыг өмсгөөд авч явах гэхэд У надад “Чи наад бузар булай хүүхнээ аваад энэ гэрээс зайл” гэж хэлээд надруу салаавч гаргаж байсан. Тэгээд би охиноо хүүхэдтэй нь хамт аваад явсан. Т-ын нүүрийг маажиж шалбалсан, үс толгойноос нь зулгааж, зодож цохисон байсан. Би Таас юу болсон талаар асуухад “О гэрт байсан архи уугаад байхаар нь “Чи Д ах шиг яагаад архи уугаад байгаа юм” гэж хэлснээс болж “Чи намайг Д ахтай зүйрлүүлж архичин гэж хэллээ” гээд хэрүүл гарсан гэсэн. Миний охин О гэх залуутай 2016 оны 08 дугаар сард гэр бүл болсон. Энэ хоёр хэрэлдэж зодолдож байх нь нэг их мэдэгдэггүй юм. О архи уух нь бас мэдэгдэггүй юм. Уыг тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг би мэдээгүй. Би У гэх хүүхэнд гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

                 5. Гэрч Г.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “У бол миний хадам эгч болох хүн юм. У нөхөр, гурван охины хамт Улаангом сумын 6 дугаар баг Тээврийн хороонд хашаанд эсгий гэрт амьдардаг юм. Нэг охин нь оюутан, нэг нь сургуулийн сурагч, нэг нь цэцэрлэгт явдаг. Нөхөр Д болон У нар хоёулаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. У нь зан аашийн хувьд даруу зантай, хүнтэй маргалдаж хэрэлдэж байгааг урьд өмнө нь харж байгаагүй. Би 15 жил энэ айлын бэр болж амьдарсан. Энэ хугацаанд ямар нэгэн хэрүүл, маргаан гарч байгаагүй. Уыг уурлаж байхыг нь би харж байгаагүй. У, Д нар архи уудаггүй. Амьдрал ахуйн хувьд гадуур ажил хийгээд өөрсдийгөө болгоод байдаг хүмүүс байдаг юм. У нь урьд өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

                6. Гэрч М.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “У бид хоёр хар бага наснаасаа найзалж нөхөрлөсөн. У Улаангом суманд нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй. Нөхөр Д нь бас ажилгүй. У ахлах 3 дугаар сургуульд 10 дугаар анги төгссөн. Зан аашийн хувьд  даруу төлөв зантай, их тусархаг, хүнд амар уурлаж, хэрэлдэж маргалдаж харьцаад байдаггүй юм. Сүүлийн үед зүрх нь их өвдөж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Зүрхнээсээ болж амархан ууралдаг болсон байсан. Гэхдээ учир зүггүй уурлаж, уцаарлаад байдаггүй юм. Амьдрал ахуйн хувьд хоёулаа ажилгүй болохоор жаахан хэцүү амьдралтай. Нөхрийнхөө хамт энд тэнд хүний ажил хийсэн болоод амьдралаа залгуулдаг. Эд хөрөнгө болох зүйл байхгүй. Эсгий гэрт амьдардаг бөгөөд амьдарч буй хашаа нь аавынх нь хашаа юм. У урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байсан удаа байхгүй. Хүнтэй эвийг нь олоод харьцчихдаг юм. У сүүлийн үед огцом уурлаад байдаг болчихсон бөгөөд үүнд нь зүрх нь нөлөөлж байгаа байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

                7. Шүүгдэгч Г.У-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р тал/,

            8 Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн засаг дарга Ц.Өнөрсайханы 2017.10.09-ний өдрийн 1186 тоот тодорхойлолт /хх-ийн 32-р тал/,

            9. Хохирогч П.Т-ын шүүгдэгч Г.У-т гомдолгүй, цаашид нэхэмжлэх хохиролгүй талаархи тодорхойлолт /хх-ийн 35-р тал/,

            10. Шүүгдэгч Г.У-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би нөхөр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт эсгий гэрт амьдардаг юм. Манай хашаанд миний төрсөн дүү О эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд О гэр бүл болоод нэг жил өнгөрч байгаа. О, Т хоёр гэр бүл болсноосоо хойш хэрэлдэж, маргалдаж байсан удаа байхгүй. Бид нарын хооронд ч гэсэн хэрүүл маргаан гарч байгаагүй. 2017 оны 10 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед би нөхөр Д болон охин Энхзаяагийн хамт унтах гээд хаалгаа цоожлоод хэвтэж байтал гаднаас миний төрсөн дүү О орж ирсэн. Би тухайн үед унтаж байсан ба О-ыг орж ирэхэд нь сэрсэн. О гэрт орж ирээд “Манай эхнэр Т намайг Д ахтай адилхан архичин болж байна гэж хэллээ” гэхэд манай нөхөр Д О-ын хамт “Т-тай уулзана” гээд гэрээс гараад явсан. Удалгүй Д гэрт ганцаараа орж ирэхэд нь би түүнээс “Юу болоод байгаа юм” гэж асуухад “Т намайг архичин гэж хэлээгүй. Харин манай нөхөр О-т та нар архи өгдөг биз дээ гэж хэлж байна” гэхээр нь төрсөн дүүдээ архи өгдөг хэн байгаа юм гэж бодоод миний уур хүрээд ганцаараа О-ын гэрт ороход Т хүүхэдтэйгээ байсан. Тэгээд би Т-т “Миний нөхрийг чи яахаараа архичин гэдэг юм бэ?. Зүгээр байсан хүнийг та нар хэрүүлдээ оруулдаг ямар учиртай юм бэ” гэхэд Т “Танай нөхөр архичин шүү дээ” гэж хэлэхээр нь миний уур хүрээд түүний үснээс нь татаж толгой уруу нь хоёр удаа гараараа цохисон юм. Тэр үед О гаднаас орж ирээд намайг салгахад би дахин Т-ын нүүр хэсгээс нь маажсан юм. Тэгээд маргалдаж байтал  Т-ын ээж А орж ирээд “Охиноо гэрлүүгээ аваад явна” гэж хэлсэн ба  О намайг гэрт оруулж өгсөн. Миний уурлах шалтгаан нь Т миний нөхрийг “Архичин, О-т архи өгдөг” гэхээр нь уур хүрсэн юм. Бид нар О-т архи өгдөг хүмүүс биш. Харин ч О-ыг архи уугаад ирэхээр нь уурлаж загнаж байдаг юм. О хааяа нэг архи уудаг бөгөөд тийм ч их архи уугаад яваад байдаггүй юм. Гэртээ хүүхдээ хараад байдаг залуу юм. О-ыг хааяа нэг архи уугаад байхаар нь Т загнасан юм шиг байгаа юм. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би Т-тай хэл амаараа учир зүйгээ олчих асуудал байсан. Уурын мунхагаас болж ийм асуудалд хүрлээ. Би их огцом ууртай болчихсон. Одоо би бэр Таас уучлалт гуйсан. Аав ээжтэй нь бас уулзаж уучлалт гуйсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. 

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Г.У нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны орой Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт хохирогч П.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Т, гэрч Г.О, М.Д, Я.А нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.Уын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №613 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Г.У-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Т-ын биед тархины доргилт, хацар, нүүр, зүүн мөрний орчимд зулгаралт, зурагдалт, толгойн хуйханд эмзэглэлтэй, зөөлөн эдийн гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Г.У-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Т-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн болон хохирлын талаархи нотлох баримт авагдаагүй байна. Хохирогч П.Т нь мөрдөн байцаалтад “Г.У-т гомдолгүй, нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн болон нэхэмжлэх зүйлгүй талаар тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

                   Шүүгдэгч Г.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг сайн дураараа арилгасан зэргийг ял шийтгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                   Шүүгдэгч Г.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч Б овгийн Г-ын У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Г.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.У-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                                ДАРГАЛАГЧ,

                                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН