Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/05

 

С.*******д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.******* Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр С.*******д холбогдох 1924001110055 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн инженер мэргэжилтэй, Завхан аймгийн Тэс сумын Хилийн цэргийн 0277 дугаар ангид заставын орлогч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багт оршин суух хаягтай боловч Завхан аймгийн Тэс сумд оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ******* регистрийн дугаартай, *******ай овогт *******гийн ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Э.*******атай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/ Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч *******ай овогт *******гийн *******г Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасугай. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 4. Шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэС.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 5. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 6. Шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Ч.Алтансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ч.Алтансүх би, тус сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай цагаатгах тогтоолыг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Яллагдагч С.******* нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутагт дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Э.*******атай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай цагаатгах тогтоолоор Шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж шалгасан боловч тэрээр хохирогч Э.*******ад хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүний цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болон Шүүгдэгч *******ай овогт *******гийн *******г Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэжээ. Иймд С.*******д холбогдох эрүүгийн 1924001110055 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, С.*******г цагаатгасан нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь иргэн Э.*******аг хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчиж мэдүүлэг авсан болох нь хэрэгт авагдсан хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан баримтаар нотлогдож байна. Иргэн Э.*******агийн биед тархи доргилт, зүүн тохойн дотор тал, зүүн чихний урд хэсэг, баруун бөөрний түвшинд зулгаралт, 2 дунд чөмөг, 2 шилбэ, зүүн өвдөгний дотор хэсэг, баруун өгзгөнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 000000228 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байдаг. Хэрэгт авагдсан гэрч Ж., А., З., Н., Б.ай нарын мэдүүлгээр Э.*******а нь өөртөө гэмтэл учруулсан гэх баримт байхгүй бөгөөд шүүгдэгч С.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид хоёр маргалдаж байгаад гадагшаа гараад айлын хашаанд 3-4 удаа хөл гуя хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд буцаж гэрт ороод эхнэр зугтаад гүйсэн. Би араас нь хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг нь Э.*******агийн биед учирсан гэмтэл, мөн гэрч Б.айгийн мэдүүлгээр нотлогдсож байхад шүүх хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэлгүйгээр нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийг хаалттай хийсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Шүүх эрүүгийн 1924001110055 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаана” гэж заасныг зөрчиж дээрх шийдвэрийг гаргасан байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Прокурор шүүх хуралдаанд оролцох болно гэжээ. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: С.*******д холбогдох хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлснийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор цагаатгасан. Цагаатгах тогтоолыг сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасан. Уг эсэргүүцэл нь дараах үндэслэлүүдийг дурдаж цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан. Үүнд: Хохирогч Э.*******агын биед гэмтэл учирсан, гэрч айгын мэдүүлэгээр нотлогдож байгаа шүүх хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэлгүйгээр хэт 1 талыг барьж шийдвэр гаргасан. С.*******д холбогдох хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийг хаалттай явуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгсэхгүй болсон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана гэж заасныг зөрчиж шийдвэр гаргасан гэж 3 үндэслэлээр прокурор эсэргүүцэл гаргасан. Э.*******агын биед учирсан гэмтэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр уг гэмтэл 10-аас дээш удаагийн үйлчлэлээр үүснэ гэж тодорхойлсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд дотор Э.*******аг зодсон талаар үнэлэх боломжтой С.*******гийн мэдүүлэгт 3-аас 4 удаа гэсэн мэдүүлэг байгаа болохоос биш 10-аас дээш удаагийн үйлчлэлээр Э.*******ад гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Энэ гэмтлийг С.******* учруулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бүх баримтуудаар тогтоогдоогүй. Хохирогч *******агын мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн *******агын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Прокурорын эсэргүүцэлдээ дурдсан гэрч айгын мэдүүлэгт ******* бид 2-ыг сууж байхад эхнэр нь орж ирж уурлаад нөхөр рүүгээ ус буцалгагч шидэж муудалцаад тэр 2 гадаа гарсан. Манай гэрийн цонхыг 3 удаа цохих шиг болсон нөхөр ******* нь чи болиоч ээ наадах чинь айл юм байгаа биз дээ гээд байсан. Би тухайн үед нялх хүүхэдтэй байсан болохоор гэрээсээ гарч чадаагүй эхнэрийг нь цонх хагалах шиг боллоо гэж ойлгосон. Манай гэрт эхнэрийгээ зодсон зүйл болоогүй *******а агсам тавьж уурлаж байсан гэдэг. С.******* эхнэр *******агаа зодсоныг харсан талаар мэдүүлэг өгөөгүй байгаа. Иймд С.*******гийн эхнэрээ зодсон гэдэг нь гэрч , а, , ай нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдохгүй байна. Шүүх хуралдааныг хаалттай явуулсан талаар эсэргүүцэлдээ прокурор дурдсан *******а нь С.*******гийн эхнэр мөн болох нь хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг хуулиар хамгаалах гэсэн заалт мөн энэ хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хуралдааныг далд болон бүхэлд нь хаалттай явуулна. 34.4 дүгээр зүйлийн 2.1-т төр байгууллага хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэх. Энэ хавтаст хэрэгт гэр бүлийн хүмүүс болон гэр бүлийн нууцтай болон хувийн нууцтай холбоотой асуудал яригдаж магадгүй учраас шүүх хуралдааныг хаалттай явуулсан нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэрэгсэхгүй болсон хэргийг мөрдөн байцаалт хэрэг бүртгэлтэд буцаана гэж заасныг зөрчиж шийдвэр гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана гэж заасан. Харин анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсэгтээ С.*******г гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзсэн бөгөөд энэ үндэслэлээр цагаатгасан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож прокурорт буцаах ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаарч байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэв. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасдүгнэлтэндээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ч.Алтансүх 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч тухайн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/02 дугаартай эсэргүүцлийг бичсэн. Шүүгдэгч С.******* нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Зүүн баруун гэх нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр *******атай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдуулан шалгаж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцээд 03 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг цуглуулж шалгасан боловч хохирогч *******агын биед хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэж хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.6 36.9, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэдэг үндэслэлээр цагаатгасан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан хаалттай явагдсан ямар үндэслэлээр хаалттай хийгдсэн нь тодорхойгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэх ёстой гэтэл хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт ... гэх айлын гадна миний толгой болон зүүн чих рүү 1 удаа зохих явцад би хойшоогоо унасан. Мөн гэрт ороод гал тогооны өрөөнд эвхэрч унасан байдалтай байхад нуруу болон бөөр рүү олон удаа өшиглөсөн гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Ийм мэдүүлэг өгсөөр байхад цагаатгах шийдвэр гаргаж байгаа нь шүүх хэтэрхий нэг талыг барьсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн үүний талаар эсэргүүцэлдээ тодорхой дурдсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээд хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хяналаа. Прокуророос яллагдагч С.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын нутагт өөрийн эхнэр Э.*******атай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан С.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг тогтоогдсон эсэхийг хянах ёстой бөгөөд хэрвээ шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуулийн зохицуулалт байна. Гэтэл шүүх хуулийн заалтыг зөрчиж цагаатгах тогтоол гаргаж байгаа нь хуулийбуруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, шүүх дээрх хуульд заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” ийг хянахдаа шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх бөгөөд хэрвээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах ёстой байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь Э.*******аг хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж, мэдүүлэг авч хохирогчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх уг алдааг засуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. Учир нь мөрдөгч түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгсэлээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцож болохгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн16.3 дугаар зүйлийн 4.6-д заасны дагуу өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогчоос албадан мэдүүлэг авч болохгүй бөгөөд мэдүүлгийг нотлох баримтаар тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Иймд гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөлгүйгээр авсан хохирогчийн мэдүүлгийг шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж үзнэ. Түүнчлэн шүүх С.*******д холбогдох хэргийг хуульд заасан ямар үндэслэлээр хаалттай явуулсан нь ойлгомжгүй байгаа талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Шүүгдэгч С.*******д өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Ж.БАТТОГТОХ