Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0849

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг дарга

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын ахлах аудитор Б.Сандуйжав, Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Энхжавхлан,

Маргааны төрөл: Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлага болон Үндэсний аудитын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч, хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүнд хийсэн эрсдэлийн аудитын тайлан-гийн Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагад хамаарах хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарзориг, Ш.Баатарзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагч Б.Сандуйжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эцсийн байдлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газарт холбогдох "Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлага болон Үндэсний аудитын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай" шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгчийн хувьд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлж байна.

Өмнөх нэхэмжлэлийн шаардлагын тухай: Анх манай зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд хандаж, Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлагыг хүчингүй болгуулах" тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023.06.16-ны өдөр уг шаардлагаа өөрчилж, маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох болгосон ба улмаар 2023.08.10-ны өдөр Үндэсний аудитын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ хугацаанд хэд хэдэн удаа, тодорхой шалтгааны улмаас нэхэмжлэгчээс өмгөөлөгчөө сольсон, мөн газар нутгийн алс хол орших байдлаас шалтгаалан шүүх хуралдаанд тэр бүр очиж чадахгүй, албан ажлын шаардлагаар шүүх хуралдаануудыг хойшлуулсаар өдий хүрсэн. Одоо сонгон авсан өмгөөлөгчтэйгөө цаашид тогтвортой хамтран ажиллахаар болсон ба одоо тус шүүхэд хянагдаж байгаа нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн талаар нэлээд ярилцсаны эцэст дахин нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн болно.

Өөрчилж байгаа шаардлагын тухайд: Иймээс дээр дурдсан тус шүүхэд хянагдаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу "Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20- ны өдрийн №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлага болон Үндэсний аудитын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай" гэж өөрчилж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухай: "Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч, хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүнд хийсэн эрсдэлийн аудитын тайлан"-гийн Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № 1075/40160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлагад хамаарах хэсгийг хүчингүй болгуулах

Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т "Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 21.1, 21.2-т заасны дагуу өгсөн албан шаардлага, тогтоосон төлбөрийн акт нь аудитын тайлангийн салшгүй хэсэг байна" гэж заасан бөгөөд одоо маргаж байгаа маргаан бүхий захиргааны акт нь хавтаст хэрэгт авагдсан аудитын тайлангийн салшгүй хэсэг нь байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дан ганц албан шаардлагын хүрээнд хөндөгдөөд зогсохгүй, аудитын тайлантай салшгүй холбоотой гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн зүгээс тус зөрчил гэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хариуцагч нар нь Төрийн аудитын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмуудыг зөрчиж, маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан гэж үзэж захиргааны актуудын талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тасралтгүй маргаж байгаа болно. Түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т "Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хууль болон захиргааны хэм хэмжээний акт, эрх зүйн бусад актуудад заасан зөрчлийн гаргаагүй гэж үзэж байна. Гэтэл Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1075/A0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлагаар "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хавсралтад дурдсан зориулалт бус, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлаагүй төсөл, арга хэмжээнд 743.460.000 төгрөг зарцуулсан" гэж, мөн "Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч, хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүнд хийсэн эрсдэлийн аудитын тайлан"-гийн 21-24 дүгээр хуудсанд яг энэ асуудлыг дурдаж, дүгнэлт хэсгийн 9, зөвлөмж хэсгийн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт хэсгийн 4-т тус тус тусгасан байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Үүний дагуу дээрх албан шаардлагад дурдагдсан зөрчил гэх зүйлийг аудитын тайланд тусгаж, уг тайланг Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д заасны дагуу Үндэсний аудитын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалаар баталгаажуулсан. Иймд энэхүү өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын "Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1075/A0160136 СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлагыг илт хууль бус болгуулах тухай" нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, эрсдэлийн аудитын тайлан баталгаажуулсан "Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг өөрчилж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу албан шаардлага болон тушаалыг хүчингүй болгуулах, "Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүн"-д хийсэн эрсдэлийн аудитын тайлангийн "Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1075/А0160136 СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлагад хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэг. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын талаар: Үндэсний аудитын газрын №1075/А0160136 СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", 47.1.7 "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх эдгээр шинжийг алийг нь ч агуулаагүй юм. Учир нь Төрийн аудитын тухай хуульд зааснаар шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгөх эрх зүйн зохицуулалттай. Мөн нийтэд дагаж мөрдөгдөж буй Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох" журмын хүрээнд төсвийг зориулалт бусаар зарцуулсан, хууль тогтоомж зөрчсөн аливаа зөрчлийг олж илрүүлэх, таслан зогсоох үүргийг хэрэгжүүлдэг. Хэдийгээр аймгийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бүрэн эрхийг хэрэгжүүлдэг хэдий ч хууль, журмаас давсан эрх хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч буюу Говь-Алтай аймгийн Засаг даргын хууль, ёсны эрх ашгийг хэрхэн зөрчсөн нь ойлгомжгүй байна. Учир нь тус албан шаардлагын шаардах хэсэгт "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зориулалт бус, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлаагүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн зөрчлийг арилгаж, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт даалгасан. Үндэсний аудитын газраас өгсөн албан шаардлагын биелэлтийг хэрхэн хангах эсэх нь Аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын бүрэн эрхийн асуудал юм. Хоёр. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар. 2.1 Нэхэмжлэгч нь "маргаан бүхий захиргааны акт нь хавтаст хэрэгт авагдсан аудитын тайлангийн салшгүй хэсэг нь байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дан ганц албан шаардлагын хүрээнд хөндөгдөөд зогсохгүй, аудитын тайлантай салшгүй холбоотой гэж үзэхээр байна, албан шаардлагад дурдсан зөрчил нь аудитын тайлангийн 21-24 дүгээр хуудас, дүгнэлтийн 9, зөвлөмжийн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт хэсгийн 4-т тус тус тусгасан байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна, нэхэмжлэгчийн зүгээс хууль болон захиргааны хэм хэмжээний акт, эрх зүйн бусад актуудад заасан зөрчлийг гаргаагүй гэж үзсэн..." гэжээ. 2.2 Бид хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд "Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүн"-д эрсдэлийн аудит хийж Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар баталсан "Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам"-ын 4.7.5, 4.7.6-г зөрчиж 743,460,000.00 төгрөг зарцуулсан зөрчлийг тогтоож арилгуулах арга хэмжээг авсан. Гэтэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад нэхэмжлэгчийн зүгээс хууль болон захиргааны хэм хэмжээний акт, эрх зүйн бусад актуудад заасан зөрчлийг гаргаагүй гэж байгаа нь огт үндэслэлгүй байна. 2.3 Түүнчлэн нэхэмжлэгч буюу Говь-Алтай аймгийн Засаг даргын хууль, ёсны эрх ашгийг хэрхэн зөрчсөн нь ойлгомжгүй байна. Учир нь тус албан шаардлагын шаардах хэсэгт "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зориулалт бус, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлаагүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн зөрчлийг арилгаж, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт даалгасан. 2.4 Үндэсний аудитын газраас өгсөн албан шаардлагын биелэлтийг хэрхэн хангах эсэх нь Аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын бүрэн эрхийн асуудал юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Үндэсний аудитын газарт холбогдуулж гаргасан Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нь эцсийн байдлаар дараах 3 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Үүнд:

  1. Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлага
  2. Үндэсний аудитын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,
  3. Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч, хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүнд хийсэн эрсдэлийн аудитын тайлан-гийн Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагад хамаарах хэсгийг хүчингүй болгуулах

Нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Энхжавхлан, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын ахлах аудитор Б.Сандуйжав нарын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зориулалт бус, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлаагүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн гэсэн үндэслэлээр гаргасан байна.

Дээрх №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 2,4,5 дахь хэсэгт заасан төсөл, арга хэмжээний төсөв нь Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын холбогдох тогтоолуудад тусгагдан батлагдсан байх тул маргаан бүхий албан шаардлагын хавсралтын эдгээр төсөл арга хэмжээтэй холбоотой хэсгийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 2 дахь хэсэгт Хот тохижуулах арга хэмжээний зардалд 108 сая төгрөг, 4 дэх хэсэгт мал эмнэлгийн үйлчилгээний хөлсний зардалд 303,3 сая төгрөг, 5 дахь хэсэгт Боловсролын салбарыг цахимжуулах, платформ нэвтрүүлэх ажлын зардалд 273,5 сая төгрөгийг тус тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлаар батлуулалгүйгээр, зориулалт бусаар зарцуулсан нь Орон нутгийн хөгжлийн сангийн журмыг зөрчсөн гэж үзсэн байна.

Сангийн сайдын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалаар баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн журмын 4 дүгээр зүйлийн 4.6-д Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зөвхөн дараах хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд зарцуулах ба өөр бусад зорилгоор зарцуулахгүй:, 4.7-д Энэ зүйлийн 4.6-д зааснаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах зөвшөөрөхгүй зардалд дараах хамаарах ба үүгээр хязгаарлагдахгүй:, 4.7.5-д Орон нутгийн иргэдийн саналыг аваагүй болон орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ;,4.7.6-д Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгох буцалтгүй тусламж, дэмжлэг, тэтгэмж, урамшуулал. гэж заасан байна.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Говь-Алтай аймаг урсгал зарлага санхүүжүүлэх 411.3 сая төгрөг тусгагдсан байна.

Мөн Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 04 дүгээр хавсралтын[1] 4.1-д Мал эмнэлгийн үйлчилгээний хөлс 303,294,600 төгрөг, 4.2-д Хот тохижуулах арга хэмжээнд 108,000,000 төгрөгийг 2022 онд тус тус санхүүжүүлэхээр баталсан байна.

Дээрх Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолоос үзэхэд, Мал эмнэлгийн үйлчилгээний хөлс 303,294,600 төгрөг, Хот тохижуулах арга хэмжээнд 108,000,000 төгрөг, нийт 411,294,600 төгрөг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан болох нь тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд, хот тохижуулах арга хэмжээ болон мал эмнэлгийн үйлчилгээний хөлс гэсэн төсөл, арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан төдийгүй Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд яг тухайн дүнгээр тусгагдсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 04 дүгээр хавсралтын 1 дүгээр хэсгийн 1-д Боловсролын дижитал шилжилт цахим системийг нэвтрүүлэх арга хэмжээнд 281,600,000,0 төгрөгийг[2] 2022 онд санхүүжүүлэхээр, 1.3-д Мэдээллийн технологид суурилсан сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, цахим сургалтын удирдлагын платформ нэвтрүүлэх зорилтын хүрээнд 1,375,000,000.0 төгрөгийг[3] 2022 онд тус тус санхүүжүүлэхээр тусгаж, баталсан байна.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийг баталсан байна.

Дээрхээс үзэхэд, Боловсролын салбарыг цахимжуулах, платформ нэвтрүүлэх ажлын төсөв, санхүүжилт нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан, хурлын тогтоолд тусгагдсан болох нь тогтоогдож байна.

Иймд №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 2,4,5 дахь хэсэгт заасан төсөл, арга хэмжээний төсөв нь Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын холбогдох тогтоолуудад тусгагдан батлагдсан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий албан шаардлагын хавсралтын 2,4,5 дахь хэсэгт заасан төсөл, арга хэмжээнд холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 2,4,5 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх маргаан бүхий №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 2,4,5 дахь хэсгийг хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлага гарах үндэслэл болсон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалын болон эрсдэлийн аудитын тайлан тайлангийн холбогдох хэсэг мөн хууль нийцэхгүй учир эдгээрийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 2,4,5 дахь хэсгийг, мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалын болон эрсдэлийн аудитын тайлан тус бүрийн №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 2,4,5 дахь хэсэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Маргаан бүхий №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 1, 3, 6, 7 дахь хэсэгт заасан төсөл, арга хэмжээ нь зориулалт бус, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тус нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 1, 3, 6, 7 дахь хэсэгт заасан хос бичигтэн, олимпиад зохион байгуулах, хичээл, шинэ бүтээл иновацийн уралдаан тэмцээнд амжилт гаргасан багш нарыг урамшуулах, дэлгэцийн донтолт-бодит аюул төсөл хэрэгжүүлэх зэрэг төсөл, арга хэмжээ нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан болох нь, зориулалтын дагуу болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Үүнээс үзэхэд, Говь-Алтай аймгийн Засаг дарга нь маргаан бүхий №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 1, 3, 6, 7 дахь хэсэгт заасан төсөл, арга хэмжээг зориулалт бусаар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулалгүйгээр зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 14.2.3-д өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах; гэж заасантай нийцээгүй байна.

Иймд шүүх №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 1, 3, 6, 7 дахь хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх маргаан бүхий №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 1, 3, 6, 7 дахь хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлага гарах үндэслэл болсон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалын болон эрсдэлийн аудитын тайлан тайлангийн эдгээртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг мөн тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Энхжавхлан, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын ахлах аудитор Б.Сандуйжав нарын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтаар Эрдэнэ сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 1,5 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж албан шаардлага үйлдсэн байна.

Дээрх маргаан бүхий №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагаас хавсралтаас үзэхэд, Эрдэнэ сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан 1,5 сая төгрөг нь Эрдэнэ сумын Засаг даргад хамааралтай болох нь илт, тодорхой байна.

Мөн маргаан бүхий №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын шаардах нь хэсгийн 2 дахь заалтад цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг ... аймгийн Засаг дарга ..., Эрдэнэ сумын Засаг дарга ... нарт даалгав гэж зааснаас үзэхэд, уг шаардлагын Эрдэнэ сумын Орон нутгийн хөгжлийн санд холбогдох хэсэг нь Говь-Алтай аймгийн Засаг даргад хамааралгүй, харин Эрдэнэ сумын Засаг даргад хамааралтай болох илт байна.

Иймд маргаан бүхий №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын Эрдэнэ сумын Орон нутгийн хөгжлийн санд холбогдох хэсэг нь Говь-Алтай аймгийн Засаг даргад хамааралгүй болох илт байх тул нэхэмжлэгчийг Эрдэнэ сумын Орон нутгийн хөгжлийн санд холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудын Эрдэнэ сумын Орон нутгийн хөгжлийн сантай холбоотой хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.9, 106.3.13, 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-д тус тус заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Энхжавхлан, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын ахлах аудитор Б.Сандуйжав нарын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 2,4,5 дахь хэсгийг,

Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Аудитын тайланг баталгаажуулах тухай А/97 дугаар тушаалын болон Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч, хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүнд хийсэн эрсдэлийн аудитын тайлан тус бүрийн дээрх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 2,4,5 дахь хэсэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,

Дээрх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 1, 3, 6, 7 дахь хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Аудитын тайланг баталгаажуулах тухай А/97 дугаар тушаалын болон Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч, хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүнд хийсэн эрсдэлийн аудитын тайлангийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын 1, 3, 6, 7 дахь хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагын дээрх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай №1075/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагын хавсралтын Эрдэнэ сумын орон нутгийн хөгжлийн санд холбогдох хэсгийг, мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Аудитын тайланг баталгаажуулах тухай А/97 дугаар тушаалын болон Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч, хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүнд хийсэн эрсдэлийн аудитын тайлангийн Эрдэнэ сумын орон нутгийн хөгжлийн санд холбогдох хэсгийг тус тус хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ