Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 56/ДШМ/2017

 

Э.Чт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч О.Однямаа /Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн/, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрхэмбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

 нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолтой Э.Чт холбогдох 1734000310007 дугаартай 82 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч Э.Ч нь 2017 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт иргэн С.Цийн гээгдүүлсэн ХААН банкны виза картыг олж, улмаар картнаас гүйлгээ хийж 1 сая төгрөгийг завшиж, бусдад бага бус хэмжээний учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овгийн Э.Ч-ыг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Боржигон овгийн Э.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Э. Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Боржигон овгийн Э. Ч цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 268 тоот шийтэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Э.Ч нь 2017 оны дугаар сарын 28-29-нд шилжих шөнө С.Цдийн гээгдүүлсэн ХААН банкны виза карт олж улмаар картнаас гүйлгээ хийж 1 сая төгрөгийг ашигласан гэмт хэрэгт холбогдож шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан юм. Уг ял шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хууль хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдсөн. Шүүгдэгч Э.Чын үйлдэл 2017 оны 06 дугаар сарын 28-нд болсон байтал 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсан байна. Иймд Э.Чт 2002 оны Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1- зааснаар хэргийг зүйлчилж, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд шүүхийн 268 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэжээ. Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Чыг 2017 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт иргэн С.Цийн гээгдүүлсэн Хаан банкны виза картыг олж, улмаар картнаас гүйлгээ хийж 1 сая төгрөгийг завшиж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүхэд ирүүлжээ. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Э.Чыг гээгдэл эд хөрөнгө завшсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орчин, тухайн үеийн үйл баримтаар үзвэл: Шүүгдэгч Э.Ч 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр “...тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Нямка ахтай 00 цагийн үед таарсан...Нямбат ах картны эзнээс картыг аваад АТМ руу алхсан тэгээд АТМ дээр очоод замдаа Нямбат халааснаасаа юм унагах шиг болсон Хас банкны карт хийж үзээд кодыг нь 0240 гэж хийгээд болохгүй байхаар нь буцаад бид гурав төв рүү ороод ...би Эрхэс зочид буудал дээр тэр хоёрыг буулгачихаад буцаад Хаан банк ороод би өөрийнхөө картыг аваад бензиний мөнгө авах гээд АТМ рүү явж байхад зам дээр нөгөө унагачихсан карт нь байсан тэгээд тэр картыг аваад ... 0240 гэсэн кодыг хийгээд... эхлээд 500 000 төгрөг аваад дараа нь 500 000 төгрөг авчхаад гэр лүү явж байхад утас дугараад ... тэр найзыгаа Улаанбаатар хотод оруулж өгөөд ...05 цагийн үед гэртээ ирээд ягаан өнгийн багаж хийдэг цүнхэнд хийгээд үүдний амбаарт үлдээгээд гэртээ ороод унтсан. Надад ... 0240 гэж хэлж өгч байсан юм тухайн үед Хас банкны картыг өгөөд уншуулахдаа хэлж байсан. Би банкны зээлтэй байсан юм тэгээд ...06-ны өдөр дуусах юм мөнгө олдохгүй болохоор нь авчихсан юм” /хх-13/гэсэн, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “...би Нямка ахтай хамт АТМ очоод Хас банкны картыг хийхэд надад код хэлж өгсөн тэгээд болохгүй байсан ... Хаан банкны карт байх ёстой гээд хайгаад олоогүй картаа хаячихсан байна гээд машин дотор үзээд байгаагүй ... машинаасаа буусан чинь карт хэвтэж байсан ...нөгөө олсон картаа хийгээд нөгөө ахын хаясан карт байх гээд кодыг хийсэн .. мөнгийг нь харсан 2 900 000 төгрөг байсан ...Би эхлээд таксиныхаа мөнгийг авдаг юм билүү гэж бодсон юм тэгээд үлдэгдлийг нь харсан чинь их мөнгө байсан болохоор авчихсан юм” гэсэн /хх-20/ мэдүүлэг, Шүүх хуралдаанд мэдүүлсэн “...нөгөө 2-ынх бололтой Хаан банкны карт газар хэвтэж байсан ... код хийж уншуулаад 2 удаа 500 000 төгрөг авч картыг хаясан ... авсан мөнгөө багажны хайрцаганд хийж, нэг ч төгрөг хэрэглэхгүйгээр хохирогчид 1 сая төгрөг буцааж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-67/, Хохирогчийн С.Цийн “...миний хэтэвчинд байсан Хас, Хаан банкны виза карт байхгүй байсан...Нямбатаас хэтэвчээ аваад дотор талд нь байсан хоёр ширхэг карт байхгүй байсан ...тэгээд таксины жолооч бандийг очиход ээж нь унтаж байгаа гээд оруулаагүй ... Хаан банк орсон чинь миний картанд байсан мөнгөнөөс 1 сая төгрөг байхгүй байсан ... тэгээд цагдаад мэдэгдсэн” гэсэн, “...миний хэтэвчнээс Нямбаяр миний зөвшөөрлөөр карт аваад АТМ-нээс мөнгө авах гэж байгаад хаясан байсан” гэсэн мэдүүлэг /хх-14-15/ Гэрч Э.Нямбатын “...Ч таксинд явж байхаар нь аваад ...Жагаагийн гэрт очсон. ... Цийг аваад ... нөгөө таксиндаа суугаад төв рүү явсан ... таксины жолооч надаас мөнгө нэхсэн ... АТМ ороод мөнгө авах гэсэн буруу карт байсан болохоор мөнгө нь болохгүй байсан тэгээд нөгөө картыг нь аваад АТМ явах замдаа хаячихсан юм шиг байсан ... бид 2 нэлээн согтуу байсан” /хх-16/ гэсэн мэдүүлэг Гэрч Д.Ариунаагийн “... цагдаагийн хүн ирээд юу болсон талаар мэдсэн. Тэгээд Чыг мөнгөө гаргаад ир гэж хэлсэн чинь манай гэрийн хойд талд байх амбаараас 1 сая төгрөг гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-17/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-41/ зэрэг баримтуудаас үзвэл шүүгдэгч Э.Чын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатэй гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй байна. Дээрх гэмт хэргийн обьект тал болох “гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь өмчлөгч, эзэмшигчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон тухайн үед эзэн нь хэн болохыг мэдэгдэхгүй зүйлийг хэлнэ. Гэтэл Хаан банкны АТМ–ийн дэргэдээс олсон гэх Хаан банкны виза картыг Э.Ч бусдын эзэмшлийнх гэдгийг мэдэж байсан төдийгүй зээлээ төлөх зорилготойгоор 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 06 цаг 44 минутад Хаан банкны АТМ –аас Э.Нямбатын өөрт хэлж өгснөөр мэдсэн картны “0240” гэсэн нууц дугаарыг хийж 2 удаагийн үйлдлээр цувуулж 500 000төгрөг, 500 000 төгрөгийг өөрийн мэдэлд авч, улмаар тэр газар картыг хаяж гэртээ ирээд цүнхэнд хийж гэрийнхээ үүдний амбаарт нуусан зэрэг үйлдэл шууд санаатай, шунахай сэдэлтэйгээр үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна. Нөгөөтэйгүүр гээгдэл эд хөрөнгө гэх Хаан банкны виза картыг олсон байсан ч нууц дугааргүйгээр мөнгийг АТМ гаргаж авч ашиглах ямар ч боломжгүй тул шүүхээс картыг “гээгдэл эд хөрөнгө” гэж үзсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Э.Чын 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсэг, заалтаар зөв зүйлчлэх ёстой байтал Төв аймгийн прокурорын газраас Э.Чын үйлдлийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн заалттай нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тусгай ажил хийлгэх гэсэн 2 төрлийн ял шийтгэлтэй, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 1–д заасан хулгайн гэмт хэрэг нь торгох, албадан ажил хийлгэх, баривчлах зэрэг 3 төрлийн ял шийтгэлтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-д заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж ... болно” гэсэн эрх хэмжээ олгогдсон тул зүйлчлэлийг өөрчлөн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын “...холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар зүйлчилж, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 д зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хуулийн зүйл, хэсэг, заалтын буруу тайлбарлаж, хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон, хэргийн зүйлчлэл болон гаргасан шийдэл нь буруу байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахдэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын “...холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар зүйлчилж, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 д зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай .

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА

 ШҮҮГЧИД О. ОДНЯМАА Т.ЭНХМАА