Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 15

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболд, М.Гомборагчаа,

Шүүгдэгч Л.Пүрэвбат, Г.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 211 дугаар зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Муу майхан овогт Лхагвагийн Пүрэвбат, Хулууд овогт Галсангийн Мөнхтөр нарт холбогдох эрүүгийн 201713010003 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 05-нд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх  багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, ИЗ68020514 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Муу майхан овогт Лхагвагийн Пүрэвбат нь зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Занги гэх газрын ойгоос хар мод /шинэс/ бэлтгэж ойн санд 1.768.456 төгрөгний хохирол учруулсан,

Монгол улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6 эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, ИЗ65020216 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Хулууд овогт Галсангийн Мөнхтөр нь зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэлд захиалагчаар оролцож, дээрх модыг худалдан авч 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Пүрэвбат нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Занги гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 50 ширхэг хэрэглээний мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан,

Шүүгдэгч Г.Мөнхтөр нь Л.Пүрэвбатын зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг худалдан авч 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн автомашинаар тээвэрлэсэн байна.

Эдгээр байдлууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Гэрч А.Пүрэвбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэр Завхан аймгийн Их-Уул сумын  Цэцүүх багийн нутаг Бага-Өлт гэдэг газар иргэн Л.Пүрэвбат гэдэг айлтай ойрхон байдаг юм. Манай өвөлжөөний арын Занги гэх газраас Л.Пүрэвбат 2017 оны 01 дүгээр сарын эхээр мод бэлтгэсэн. Л.Пүрэвбат 2016 оны 12 дугаар сарын 20-ны үед манай гэрт ирээд надад ...танай арын Занги гэх газарт салхинд уначихсан хэдэн мод байгаа хоёулаа тэндээс 4 метрийн урттай хэрэглээний мод хийе... гэж хэлсэн. Занги гэдэг газраас яг хэдэн мод хийсэн талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан 4 метрийн урттай мод бэлтгэсэн ба гоожинг нь дараа авч болох байх гэж ярьж байсан. Дараа нь Г.Мөнхтөр гэдэг хүний машинаар ачсан сурагтай байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Дашренчингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Пүрэвбат нь Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Занги гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай, 50 ширхэг хэрэглээний мод бэлтгэж, иргэн Г.Мөнхтөр гэх хүний эзэмшлийн Зил-131 маркийн автомашинаар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө тээвэрлэж “Цагаан-Уул хишиг” ХХК-ний хашаанд буулгасан байсан. Л.Пүрэвбатыг 50 ширхэг мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж Г.Мөнхтөр надад хэлсэн. Завхан аймгийн Их-Уул сумын  Цэцүүх багийг хариуцдаг байгаль хамгаалагч С.Жаргалсайхан надад хэлэхдээ Л.Пүрэвбат ямар нэгэн хэрэглээний модны гоожин аваагүй гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх, Баян-Ухаа багыг хариуцаж хэрэглээний болон галын модны гоожинг бичдэг юм. 2016 онд Л.Пүрэвбат гэх хүнд хэрэглээний модны гоожин бичиж өгөөгүй. “Цагаан-Уул хишиг” ХХК-ний хашаанд 4 метрийн урттай, 50 ширхэг нойтон, цагаан захтай хэрэглээний мод байсан ба хэмжиж саалахад 7.515 м3 болсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Шагжжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би байгаль хамгаалагч Б.Дашренчингийн хамт 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 9 цаг өнгөрч байхад хөрөө рамын хашаанд мод буулгасан эсэхийг шалгаад явж байтал “Цагаан-Уул хишиг” ХХК-ний хашаанд 4 метрийн урттай, 50 ширхэг мод буулгасан байсан. Тус модыг Зил-131 маркийн автомашинаар буулгасан мөр байсан ба модны огтлолт шинэхэн байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед Г.Мөнхтөр гэрт ирээд манай нөхөр Л.Пүрэвбатад хэрэглээний мод бэлтгээд өгөөч гэж байсан. Л.Пүрэвбат унасан модонд гоожин авдаг юм уу? гэж асуусан чинь Г.Мөнхтөр хямдарсан гоожин байдаг юм. Би аргалаад авчихна гэж байсан. 1 ширхэг модыг 4000 төгрөгөөр бодож хийж өгөөч гэж байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Гансүхийн “ Иргэн Л.Пүрэвбатын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэсэн модны асуудлыг хуулийн дагуу шалгуулах, ойн санд учруулсан хохирол болох шинжээчийн дүгнэлт, экологи эдийн засгийн үнэлгээгээр  гаргасан хохирлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч Б.Даваацэрэнгийн “... Би 37 ширхэг 4 метрийн урттай бөөрөнхий мод, 15х12 харьцаатай палк 13 ширхэг,  2.5 см-ын банз 7 ширхэг байсныг хэмжиж үзээд дүгнэлт гаргасан юм. Өмнөх дүгнэлт нь Их уул сумын байгаль хамгаалагч, улсын байцаагч нарын бөөрөнхий моднуудыг хэмжилт хийгдсэн хүснэгт болон гэрэл зургийг үндэслэн өөрсдөө нүдээр үзэх шаардлагагүй  гэж үзээд гаргасан юм. Одоо харин зарим моднууд нь зүсэгдсэн байсан учраас өөр үнэлгээтэй байдаг юм. Тэгэхээр мөнгөн дүн нь өөрлөгдөж гарсан байгаа...” гэсэн мэдүүлэг,

Хаан банкны 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн мөн 5 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ой ангийн 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн:

1. Иргэн Л.Пүрэвбатын бэлтгэн оруулж ирсэн мод нь шинэс /хар мод/ байна.

2. Бэлтгэн оруулж ирсэн мод нь хэрэглээний бөөрөнхий нойтон мод Их-Уул сумын байгаль хамгаалагч нарын хамт Их-Уул сумын ЗДТГ-ын аж ахуйн хашаанд хийсэн тооллого хэмжилтээр 5.993 м3 боловсруулсан зүсмэл материал 0.9 метр куб байна.

3. Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Занги гэдэг газар нь ойн сангийн 2 дугаар мужид хамаарна.

4. Уг мужид 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 132000 төгрөг байна.

5. Иргэн Л.Пүрэвбатын бэлтгэсэн модны БОАЖ-ын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1 м3 модны  экологи эдийн засгийн үнэлгээ нь 132000 төгрөг, итгэлцүүр болох 1.8-аар үржин 237600 төгрөгөөр бодож нийт 5.993 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1423936 төгрөг, 1м3 материалын экологи эдийн засгийн үнэлгээ нь 132000 төгрөг, итгэлцүүр болох 2.9-аар үржин 382800-аар бодож нийт 0.9 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 344520 төгрөг нийт бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1768456 төгрөг болж байна.

6. Уг мод нь хэдий хугацаанд бэлтгэсэн болохыг тогтоох боломжгүй байна гэсэн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагчийн “нөхөн төлбөр тавих тухай” 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07-04-328-01 дугаар акт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг битүүмжилсэн болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо   зөрүүгүй байна.

Гэрч Г.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Пүрэвбат нь зан чанарын хувьд хүнд тусархуу, хүнтэй эвсэг, нутаг усандаа нэр хүнд сайтай хүн байгаа юм. Амьдрал ахуйн хувьд ам бүл 8-уулаа амьдардаг ба цөөхөн хэдэн бог, бод малтай тэр малаа харж хөдөө байдаг юм. Өвлийн цагт хүний хөлсний мал хардаг. Өрхийн тогтсон орлого байхгүй, хэдэн малынхаа ашиг шимээр амьдрал ахуйгаа залгуулж яваа доогуур амьдралтай хүн юм...гэсэн мэдүүлэг,

Гэрч В.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Пүрэвбат нь зан чанарын хувьд болохоо байсан ааш араншин байхгүй, хүнд их тусархуу, хар бор ажилд сайн, хүнтэй их нийтэч, Цэцүүх багийн иргэдийн дунд нэр хүнд сайтай хүн байгаа юм. Амьдрал ахуйн хувьд гэртээ ам бүл-8, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг ба цөөн хэдэн тооны бог, бод малтай амьдралын хувьд тийм ч сайн амьдралтай биш юм...гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Мөнхтөр нь зан чанарын хувьд хүнд их тусархуу, ажилсаг хөдөлмөрч, алиа хошин үгтэй, ил цайлган зантай, хэлэх гэснээ хэлчихдэг, хүнтэй их нийтэч, шударга, сумын иргэдийн дунд боломжийн нэр хүнд сайтай хүн юм. Гэр бүлийн тухайд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Г.Мөнхтөрийн эхнэр нь хувиараа талхны цехтэй ба харин өөрөө хөрөө рам ажиллуулдаг юм. Г.Мөнхтөрийн хөрөө раманд 5 хүн ажилладаг ба үндсэндээ 5 айлын амьдралыг давхар авч яваа хүн юм. Амьдралын хувьд жирийн дундаж айл юм. Тамхийг бол сайн татна. Архийг бол сүүлийн 3 жил уугаагүй...гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Очирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Мөнхтөр нь зан чанарын хувьд хүнд их тусархуу, ажилсаг хөдөлмөрч, ил цайлган зантай, хэлэх гэснээ хэлчихдэг, хүнтэй их нийтэч, шударга, сумын иргэдийн дунд нэр хүнд сайтай хүн юм. Гэр бүлийн тухайд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Г.Мөнхтөрийн эхнэр нь хувиараа талхны цехтэй ба харин өөрөө хөрөө рам ажиллуулдаг юм. Тамхийг бол сайн татна. Архийг бол сүүлийн 3 жил уугаагүй ...гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Довчинцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Мөнхтөр нь зан чанарын хувьд хүнд их тусархуу, хар бор ажилд сайн, ил цайлган зантай, хэлэх гэснээ хэлчихдэг, хүнтэй их нийтэч, шударга, сумын иргэдийн дунд нэр хүнд сайтай хүн юм. Гэр бүлийн тухайд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Г.Мөнхтөрийн эхнэр нь хувиараа талхны цехтэй ба харин өөрөө хөрөө рам ажиллуулдаг юм. Тамхийг бол сайн татна. Архийг бол сүүлийн 3 жил уугаагүй ...гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Засаг даргын “...Л.Пүрэвбат нь 1968 онд төрсөн. Эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. Гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргаж байгаагүй. Баг хамт олны дунд нэр хүндтэй, хамтач, архи тамхи хэрэглэдэггүй. Малаас өөр орлогогүй...гэсэн тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөдөлмөр халамжийн албаны мэргэжилтны “...Жаргалант сумын 2 дугаар багт амьдарч байсан Л.Пүрэвбат нь тус сумаас хүнс тэжээлийн талон авч байсан ба 7 ам бүлтэй буюу 4 том хүн, 3 хүүхдэд хүнс олгож байсан. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох оноо нь 174.37 буюу 1 дүгээр түвшний нэн ядуу өрх болохыг тодорхойлов...”гэсэн тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн Засаг даргын “...Завхан аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн иргэн Л.Пүрэвбат нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин сууж байгаад шилжсэн. Нэн ядуу өрх тул хүнс талонд хамрагдаж байсан нь үнэн болно...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Их-Уул сумын Хөдөлмөр халамжийн мэргэжилтны “...Л.Пүрэвбат нь ам бүл-8, гэрийн дотор ажил эрхэлдэг хүнгүй, хөдөлмөрийн насны 4 хүн байдаг боловч ажил олддоггүй, амьжиргааны түвшин доогуур нэн ядуу өрхийн иргэн мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,

Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Засаг даргын “...Л.Пүрэвбат нь ам бүл-8, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2016 оны жилийн эцсийн малын тоогоор адуу 4, үхэр 6, хонь 21 бүгд 40 тооны мал тоолуулан амьжиргааны түвшин доогуур болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэлээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч нарын дээрх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 5/6а  дугаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн байх боловч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ буюу 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн байна.

2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад гэмт хэрэг үйлдэгдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн хэмжээ багассан өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль байх тул шүүгдэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Л.Пүрэвбатыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан, шүүгдэгч Г.Мөнхтөрийг гарал үүслийн гэрчилгээгүй модыг худалдан авч тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Л.Пүрэвбатын “...Г.Мөнхтөр манай хөдөө гэрт ирээд намайг ...хэрэглээний мод бэлтгэж өгөөч 1 модыг 4000 төгрөгөөр авъя... гэж хэлсэн. Би гоожин аваагүй талаар хэлэхэд Г.Мөнхтөр өөрөө аргална гэж хэлсэн. Би Завхан аймгийн Цэцүүх багийн Занги гэх газрын ойгоос 50 ширхэг мод ганцаараа бэлтгэж дуусаад 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зил-131 маркийн автомашинтай мод бэлтгэсэн газар ирж ачиж явсан. Мөнгөний хэрэг болоод Г.Мөнхтөрөөс бэлнээр 200.000 төгрөг авсан. Мод бэлтгэх гоожин аваагүй байсан...” гэж

Шүүгдэгч Г.Мөнхтөрийн “...Би 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед  Л.Пүрэвбатын гэрт мод худалдаж авах талаар ярьсан. 1 ширхэг модыг 4000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Л.Пүрэвбат бид хоёр хамт ачсан. 2017 оны 3 дугаар сард Л.Пүрэвбатад бэлнээр 200.000 төгрөг төлсөн. Тухайн үед гоожинтой эсэхийг асуугаагүй...гэж мэдүүлж байгаа нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотлож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ой ангийн 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нарын нийт бэлтгэж, худалдан авч, тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.768.456 төгрөг болсон байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “... ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор заасан байх тул шүүгдэгч нарын ойн санд учруулсан бодит хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээ болох 1.768.456 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 5.305.368 төгрөг байхаар тогтоох нь зүйтэй юм.

Шүүгдэгч  Г.Мөнхтөр Л.Пүрэвбат нар нь хохиролд 1.800.000 төгрөг төлсөн болох нь хохирогч М.Гансүхийн “... хууль бусаар бэлтгэсэн хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээний  нөхөн төлбөр болох 1.800.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төлж барагдуулсан ...” гэх агуулга бүхий 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/268 дугаар албан бичиг, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Пүрэвбат 900.000 төгрөг,  мөн 5 дугаар сарын 22-ны өдөр Г.Мөнхтөр 900.000 төгрөгийг тус тус Их уул сумын төрийн сангийн 0000100090800914 дугаар дансанд тушаасан тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул ойн санд учруулсан хохирол болох 5.305.368 төгрөгнөөс 1800.000 төгрөгийг төлсөн гэж дүгнэж үлдэгдэл 3.505.368 төгрөгийг шүүгдэгч Г.Мөнхтөрөөс 1.752.684 төгрөг, шүүгдэгч Л.Пүрэвбатаас мөн 1.752.684 төгрөгийг тус тус гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг ногдуулах ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож ногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүгдэгч Г.Мөнхтөрийн хувьд ногдох хөрөнгө болох Зил-131 маркийн 64-21 ЗАН улсын дугаартай автомашин, Caosn маркийн хөлдөөгч, Hailishi маркийн хөлдөөгч, Rowsen маркийн хөлдөөгч, Sharp маркийн угаалгын машин, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Л.Пүрэвбатын хувьд ногдох хөрөнгө болох зөв гуяндаа ширээтэй чандмань тамгатай 14 настай хээр морь, зөв гуяндаа ширээтэй чандмань тамгатай 15 настай хээр морь, соёолон насны сарлагийн эр үхэр 2, хүрэн зүсмийн ортоом шүдлэн үхэр зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд зүйлийг шүүгдэгч нарт буцаан олгож, 4 метрийн 37 ширхэг шинэс мод, 15*12 харьцаатай палк 13 ширхэг, 2.5 хэмжээтэй банз 7 ширхэгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэл үйлдэж ирүүлсэн Муу майхан овогт Лхагвагийн Пүрэвбат, Хулууд овогт Галсангийн Мөнхтөр нарт холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  болгон өөрчилсүгэй.

2. Муу майхан овогт Лхагвагийн Пүрэвбатыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй модыг худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хулууд овогт Галсангийн Мөнхтөрыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Муу майхан овогт Лхагвагийн Пүрэвбатыг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар, Хулууд овогт Галсангийн Мөнхтөрыг мөн 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар  тус тус албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, ойн санд учруулсан хохиролд 1800.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч Г.Мөнхтөрөөс 1.752.684 төгрөг, шүүгдэгч Л.Пүрэвбатаас 1.752.684 нийт 3.505.368 төгрөгийг тус тус гаргуулж төрийн санд оруулсугай.

6. Шүүгдэгч Г.Мөнхтөрийн хувьд ногдох хөрөнгө болох Зил-131 маркийн 64-21 ЗАН улсын дугаартай автомашин, Caosn маркийн хөлдөөгч, Hailishi маркийн хөлдөөгч, Rowsen маркийн хөлдөөгч, Sharp маркийн угаалгын машин, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Л.Пүрэвбатын хувьд ногдох хөрөнгө болох зөв гуяндаа ширээтэй чандмань тамгатай 14 настай хээр морь, зөв гуяндаа ширээтэй чандмань тамгатай 15 настай хээр морь, соёолон насны сарлагийн эр үхэр 2, хүрэн зүсмийн ортоом шүдлэн үхэр зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд зүйлийг шүүгдэгч нарт буцаан олгож, 4 метрийн 37 ширхэг шинэс мод, 15*12 харьцаатай палк 13 ширхэг, 2.5 хэмжээтэй банз 7 ширхэгийг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ОТГОНХИШИГ