Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/01749

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 29 181/ШШ2024/01749

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Т.Т /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, О.Б /РД:.../-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ... тоотод оршин суух,  Ц.А /РД.../-ыг оролцуулан,

 

Т.Тын өмчлөлийн газраас 73 м.кв хэсгийг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа О.Бы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн, О.Бы эзэмшлийн 400 м.кв газартай давхцуулан Т.Тын хууль бусаар өмчилж байгаа 113 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Иргэн Т.Б миний бие өөрийн ээж Жүгдэрнамжилын Алтантогосоос 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ... тоот хаягт байршилтай 18615319811161 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өвлөх эрхийн гэрчилгээтэйгээр өвлөж авсан. Гэтэл манай хөрш О.Б хуучин байшингаа буулган манай газрын хилийн цэсийг нэвтрэн 100 гаруй м.кв талбай дээр шинэ байшингийнхаа талыг оруулан ямар ч зөвшөөрөлгүй барьсан байхыг саяхан мэдлээ. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т "өмчийн газраа энэ хуулийн 29.1-д заасан зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон байна. Иймд миний өмчлөлийн газраас 100 гаруй м.кв хэсгийг хэний ч зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа О.Бы хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 06322 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/43 дугаартай дүгнэлтээр давхцалыг 73 м.кв гэж тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагаа Т.Т миний өмчлөлийн газраас 73 м.кв хэсгийг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа О.Бы хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж тодруулж байна.

Анх хууль гарч 700, 700 м.кв хэмжээтэй газраа хэмжүүлээд кадастрын зургаа хийлгүүлээд л авсан асуудал байгаа. Хэн нэгний газрыг аваагүй. Одоо хэвээрээ хүчинтэй л байгаа. Г.Дгийн газрыг буцаагаад өгсөн. Хариуцагч талын ярьж байгаа шиг хуйвалдсан зүйл байхгүй. Нотариат дээр очиж журмын дагуу авсан. Бид О.Б ахтай ах дүү шиг харилцаатай байсан. Нийслэлийн газрын албаныхан шийдээд өгье гэж байгаа бид ч бас шийдвэл болгоё л гэж байгаа. Давхацсан газар гэж яриад байдаг бодит байдал дээр давхацсан газар нь байхгүй байгаа. Дээд шүүхийн шийдвэрээр давхацсан хэсгийг л хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Энэ маргаан нь 2018 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаснаас хойш шийдвэрлэгдээгүй, хурдан шуурхай шийдвэрлүүлмээр байна.Шийдвэрлэхгүй удах тусам талууд маргалдаад л байна. Огт маргахгүй байгаа 1300 м.кв газрыг О.Б нь хашаалсан байна гэсэн дүгнэлт байгаа. Анхны газар өмчлөгч идэвхтэй хэдэн хүмүүс байж таарна. Үүнийг үгүйсгэж болохгүй. 700 м.кв хэмжээнд өөрчлөлт ороогүй ба өв залгамжлаж Т.Б авсан. Т.Б нь Т.Тад худалдсан. Өнөөдөр энэ газар нь Т.Тын өмчлөлийн газар бөгөөд гэрчилгээ хүчинтэй хэвээр байгаа. Т.Тын гэрчилгээг бусдад худалдах, зарахыг түдгэлзүүлсэн, заргалдаагүй, харин хариуцагч тал хүчингүй болсон гэж гуйвуулж ярьж байна. 73 м.кв хэсгээр давхацсан дүгнэлт гарсан учир хариуцагч чөлөөлөх эсвэл мөнгө төлөх, эсвэл байшингаа буулгах ёстой. Гэхдээ шүүхийн шийдвэр яаж ч гарсан байшинг буулгаад байх сонирхолгүй зохицож болох асуудал. Холбогдох байгууллага 3 сар юу ч хийгээгүй учир Ж.Аын нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Давхацсан газар нь хаана байна гээд ирэхээр давхацсан газар байдаггүй юм. О.Б, Ц.А нарт гэрчилгээ байдаггүй. Хууль зүйн хувьд эзэмших эрх хууль ёсны бичиг байхгүй. Эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргаагүй. Харин өнөөдөр хил нэвтрүүлж байшин барьж уу үгүй юу л гэдгийг шийдүүлэх гэж байгаа. Аль болох халимааргүй байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд 400 м.кв газартай гэж О.Бы эзэмшлийн газрын 287 м.кв хэмжээгээ хасахаар 113 дутчихлаа гэж байна. 287 м.кв эзэмших газар нь өөрөө хууль ёсны бичиг баримтгүй. Энэ асуудлаа хөөцөлдөөд аваач гэдэг. Газрын алба ч хэлдэг. Бид шийдээд өөр маргаангүй учир шийдье гэдэг. Шалгаж шийдэж өгөх гээд байгаа асуудал нь бид нарт хамаагүй асуудал юм гэв.

 

2. Хариуцагч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Бын энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөх хууль зүйн ямар ч үндэслэлгүй болно. Учир нь миний ах Б.Ц бид нар анх 1986 оноос одоогийн оршин суугаа газраа ирж суурьшин, Сүхбаатар дүүргийн АДХГЗ-нд зохих журмын дагуу өргөдөл хүсэлтээ гаргаж, Тус бүр 400 квм 2 айл нийлээд 800 квм газар 1995 онд 95545 дугаартай эзэмших гэрчилгээг авч хашаа, байшингаа барьж амьдарч байгаа юм. Миний ах Б.Ц болон манай эзэмшлийн газрын хойд талын нарийн зайд Улаанбаатар Төмөр замын барилгын ангид ажилладаг Д.Т гэдэг айл манайхаас 1 жил гарангийн дараа ирж газар авч 300 квм газар эзэмших гэрчилгээ авсныг бид мэднэ. Гэхдээ тэднийх тэр газартаа оршин суудаггүй хааяа ирж хашаагаа эргэдэг, намайг манай хашаа газрыг харж хандаж байгаарай гэж захидаг байсан. 2003 онд манай ах Б.Ц өөрийн эзэмшлийн 400 квм газрыг өөрийн төрсөн хүү Ц.Аын нэр дээр шилжүүлж, уг газрыг эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн АДХГЗ-ны 62 дугаар гэрчилгээгээр түүний хүү Ц.А нь эзэмших болсон. Ц.Аын аав Б.Ц өөрийн хүүгийн газрын эрхийг сунгуулахаар 2005 оны 10 сард онд дүүргийн газрын албан дээр очиход Тэр орчмын хашааны 1100 квм орчим газрыг буюу миний эзэмшиж байсан 200 квм гаруй газраас бусад газрыг Д.Тын эхнэр Ж.А буюу нэхэмжлэгч Т.Бын ээж, тухайн үед өөртэйгөө хамтран амьдарч байсан Г.Д (тухайн үед нөхөр Түмэнбаяр нь нас барсан байсан) нар хамтран жинхэнэ газар эзэмшигч бид нарт мэдэгдэлгүйгээр өөрсдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулж авсан байсныг мэдсэн. Ийнхүү Ж.А уг газрыг хууль бусаар авснаас шалтгаалан бидний газар эзэмших өмчлөх эрх зөрчигдөж байгааг хянуулж эрхээ сэргээлгэх зорилгоор би болон миний бүл дүү Ц.А бид Сүхбаатар дүүрэг болон нийслэлийн газрын албаны эрх бүхий алба, албан тушаалтнуудад өргөдөл гомдол гаргаж хөөцөлдсөөр өнөөдрийг хүрээд байна. Өнөөдрийн байдлаар О.Б. Ц.А бид Ж.Аын хууль бусаар гаргуулсан өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

2.1 Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...нэхэмжлэлийг Т.Т хууль бусаар гаргасан болохыг нотолж, дараах үндэслэлүүдээр би сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Анх Иргэн О.Б би болон миний нагац ах Б.Ц бид С... дугаартай хашаанд тус бүр 0.4 кв.м, нийт 0,8 кв.м газрыг Сүхбаатар дүүргийн АДХГЗ-ны 1995 оны 07 сарын 30-ны өдрийн 147 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших ... дугаартай гэрчилгээгээр тус тус авч, эзэмших эрхтэй болсны дээр 2003 онд болсон улсын газрын тооллогоор 16 дугаар хорооны засаг даргаас уг газруудыг баталгаажуулж, гэрчилгээ тус бүр дээр тэмдэглэл хийж, тамга дарж өгсөн. О.Б би энэ газартаа одоо хүртэл амьдарч байгаа бөгөөд ах Б.Ц нас барахаасаа өмнө өөрийн эзэмшлийн газраа төрсөн хүү Ц.Ад Сүхбаатар дүүргийн засаг даргын 2003 оны 04 сарын 25- ны өдрийн 62 дугаар захирамжаар шилжүүлж, 010407088 дугаартай гэрчилгээ олгож, Ц.А энэ газрыг эзэмших эрхтэй болсон юм. Гэтэл бидний эзэмших эрхтэй газрыг Ж.А гэгч 2003 оноос хууль бусаар өмчлөх болсныг мэдэж Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд бид нэхэмжлэл гаргасан юм. Нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн ... дугаар шийдвэрээр хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хэргийн нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 (гурав) сарын хугацаагаар түдгэлзүүлж холбогдох нотлох баримтууд болон бодит нөхцөл байдлыг сайтар харьцуулан судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх, Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцсугай" гэж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 480 дугаар тогтоолоор хэвээр баталсан юм.

Гэтэл Хариуцагч Т.Т түүний эгч Т.Б нар шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад болон өнөөдрийг хүртэлх хугацаанд дараах хуурамч нотлох баримтуудыг бүрдүүлж, хууль бус үйлдлүүдийг хийж ирсэн юм. Үүнд: 1.Т.Б нь өөрийн ээж Ж.Аын өмчлөх эрх гаргуулсан газрыг үргэлжлүүлэн өмчлөх зорилгоор шүүхээс хэрэг хянан шийдвэрлэж байх явцад Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Таар 2019 оны 06 сарын 19-ний өдөр Ж.Аын өв залгамжлагчаар гэрчилсэн Өвлөх эрхийн гэрчилгээ хийлгэсэн. 2. Т.Б өөрийн ээж Алтантогосыг 2010 онд нас барснаас хойш 12 жилийн дараа өмчийн гэх газрын кадастрын зураглалыг 2022 оны 4 сарын 08-ны өдөр хууль бусаар нөхөж гаргуулсан, 1995 онд болон 2003 онд кадастрын зургийг ингэж гаргадаггүй байсан. 3. Т.Б уг өвлөх эрхийн гэрчилгээгээр болон бусад хууль бусаар бүрдүүлсэн баримтуудыг хавсарган Улсын бүртгэлийн газарт өгөх мэдүүлгийг хуурамчаар бөглөж, 2018 оны 6 сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн ... дугаарт маргаан бүхий газрыг өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн бүртгүүлсэн. 4. 2018 оны 10 сарын 22-ны өдөр биет байдлын буюу тоо хэмжээний хувьд доголдолтой эрхийн зөрчилтэй 700 кв.м газар, түүнтэй холбоотой баримт бичгийг хүчин төгөлдөр бус Худалдах худалдан авах гэрээгээр өөрийн төрсөн дүү Т.Тын өмчлөлд шилжүүлэн Т.Т 00527684 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсны дээр Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгүүлсэн. Энэ үйлдэл нь Худалдах худалдан авах гэрээний талаар Монгол улсын иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2, 243 дугаар зүйлийн 243.1, 243.2-д заасан заалтуудыг зөрчсөн хууль бус үйлдэл юм. 5. Дээрх бүртгэлийг хийлгэхийн тулд Төмөрбат 2022 оны 05 сарын 09-ний өдөр дүүргийн газрын албаныхантай хуйвалдаж миний болон миний авга Ц.Аын газартай давхцуулсан кадастрын зураглал гаргуулж, болон бусад баримт бичгүүдийг бүрдүүлжээ. 6. Т.Б, Т. Төмөрбат нар нь Улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргах болон өмчлөх эрхийг шилжүүлэхдээ эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болох мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцэж байгааг болон Шүүхийн шийдвэрээр Ж.Аын 700кв.м газрыг өмчлөх эрх хүчингүй болсныг санаатайгаар нууж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан заалтуудыг зөрчсөн байна. Эдгээр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад "бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 хэсэгт" Улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй" гэж заасныг давхар зөрчсөн байна. 7. Дээрх бүхий л хууль бус аргаар бүрдүүлсэн баримтуудаа болон эдгээр баримтууддаа үндэслэсэн газрын давхцалын талаарх шинжээчийн 2022/43 дугаартай дүгнэлт 2022 оны 07 сарын 22-ны өдөр гаргуулж, шүүхэд нотлох баримт болгон өгсөн байна. Дээрх бүх үйл баримтуудаас дүгнэн үзэхэд Ж.Аын газар өмчлөх эрх, түүнд эрх олгосон захирамж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолоор нотлогдож байгаа нөхцөлд Т.Б, Т.Т нарын дээрх бүх үйлдэл, баримт бичгүүд хууль бус болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч би болон миний дүү Ц.А бид ийнхүү Ж.А болон төрсөн хүүхдүүд болох Т.Б, Т.Т нарын хууль бус үйлдлүүдээс шалтгаалан нийт 19 жилийн хугацаанд хууль ёсоор эзэмших эрхтэй газраа чөлөөтэй эзэмшиж хэвийн амьдралаа явуулж чадахгүй, газраа алдахгүйн тулд төр захиргааны эрх бүхий газруудад тасралтгүй өргөдөл, гомдол хүсэлтээ өгч хөөцөлдсөөр өнөөдрийг хүрлээ. Иймд Иргэн О.Б миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, Т.Тын хууль бус өмчлөлөөс миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгнө үү.

2003 онд 700 м.кв хэмжээтэй газрыг авсанд буруутгахгүй. Харин давхцуулж авч болохгүй гэдэг асуудал л гол нь ярьсан. Т.Т кадастрын зургийг нөхөж хийхдээ зөрчил гаргаж Ц.А, О.Б нарын газартай давхцуулаад хийсэн байгаа. Ц.А нь 2003 онд аавынхаа газрын гэрчилгээг нэр дээрээ сэргээж авсан, 5 жил эзэмших гэрчилгээгээ сунгаагүй гэдэг худлаа маргаантай учир кадастрын зураг Ж.Аын нэр дээр байгаа учраас л сольж өгөхгүй байгаа болохоос хариуцлага алдаад сунгуулахгүй байгаа юм биш. Гэрчилгээ хүчинтэй гэж ярьж байгаа боловч кадастрын зураг байрлаж байгаа газар нь давхцаад байгаа. Давхцаж байгаа эсэх асуудлыг О.Бы 113 м.кв газар алга болсон учир л давхацсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож О.Бы сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Т.Тын газрыг хүчин төгөлдөр гэж яриад байна. Газар нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон газар. Газрын алба нь таны газрын маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр бүрэн биелэгдчихсэн гэсэн. Хавсралтад заасан Ж.Аын газрыг хүчингүй боллоо гээд гаргачихсан. Одоо Нийслэлийн засаг даргаас үүрэг болгоод шийдэж өгөх асуудал яригдаж байгаа гэв.

 

4 Оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон хүсэлт шийдвэрлэж шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

4.1 Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Бын өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Т.Бын өмчлөлийн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын ... дугаартай газрын байршлын кадастрын зураг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар Сүхбаатар дүүргийн Газрын албаны албан бичгийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ж.Аын нас барсны бүртгэлийн лавлагаа, Т.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Таас Т.Бд олгосон итгэмжлэл,

 

4.2 Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан баримтууд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаар захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн дугаар ... дугаар шийдвэр, гэрэл зургийн хуулбар 2 ширхэг, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0542 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар тогтоол, Б.Мд олгосон итгэмжлэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 7/2610 дугаар албан бичиг, Ц.Аын иргэний газар эзэмших гэрчилгээ дугаар 010407088, О.Бы амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 07/2036 албан бичгийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 2/11630 албан бичгийн хуулбар, иргэн Цэнд-Аюуш овогтой Ариунболдын эзэмшилд байгаа газрын байршлын кадастрын зургийн хуулбар, Ц.Аын Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбар, О.Бы Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбар, Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 01-04/1340 албан бичгийн хуулбар, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 413 захирамжийн хуулбар, хавсралт, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 06/1888 албан бичгийн хуулбар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 02-06/2510 албан бичиг, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 06/1888 албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 20/05-449 тогтоолын хуулбар, хүсэлт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 6/4862 албан бичгийн хуулбар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 6 дугаар сарын 19-ний дугаар 02-08/2483 албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 7/6692 албан бичгийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн итгэмжлэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6/10142 дугаар алан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6210 дугаар бүртгэл түдгэлзүүлэх тухай дүгнэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1414 захирамж, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0848 дугаартай захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

 

4.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Архивын газрын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 04/196 албан бичиг, Нийслэлийн газрын албаны 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 02-04/211 албан тоотоор ирүүлсэн өргөдөл, тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Д.Тын амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх, хэмжилтийн акт, Монгол улсын иргэнд загар өмчлүүлэх тухай шийдвэр, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 7/2808 албан бичиг, Т.Тын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 02-08/2482 албан бичиг, Газар зохион байгуулалтын геодези, зураг зүйн газрын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 1/1613 албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 2/478 албан бичиг, ажлын хэсэг байгуулах тухай тушаал, шинжээчийн зардлын тооцоо, нэхэмжлэх, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 2/1873 албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг дугаар 1/1347 өдрийн шинжээчийн дүгнэлтийн талаарх албан бичиг, нэхэмжлэх, ажлын хэсэг байгуулсан тушаал, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 2022/43 шинжээчийн дүгнэлт, Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 17/467 албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн, худалдах худалдан авах гэрээ, гэрчилгээ, бүртгэл хяналтын карт, өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 17/992 дугар албан бичиг, хавсралтаар ирүүлсэн баримтууд, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/6805 дугаар албан бичиг,

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч О.Бд холбогдуулан өөрийн өмчлөлийн газраас 73 м.кв хэсгийг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа О.Бы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

7. Хариуцагч О.Б нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч өөрийн эзэмшлийн 400 м.кв газартай давхцуулан Т.Тын хууль бусаар өмчилж байгаа 113 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг Ж.Аоос 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ... тоот хаягт байршилтай 18645319811464 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2203011388 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өвлөх эрхийн гэрчилгээтэйгээр Т.Б өвлөн авсан, улмаар худалдах худалдан авах гэрээний дагуу Т.Баас Т.Тад шилжсэн өмчлөх эрхтэй газрын 73 м.кв хэсэгт хөрш О.Б шинэ байшингийнхаа талыг оруулан ямар ч зөвшөөрөлгүй барьсан гэж тодорхойлсон.

 

9. Хариуцагч О.Б нь Анх би болон миний нагац ах Б.Ц бид Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамжны 70а, 70б дугаартай хашаанд тус бүр 0.4 кв.м, нийт 0,8 кв.м газрыг Сүхбаатар дүүргийн АДХГЗ-ны 1995 оны 07 сарын 30-ны өдрийн 147 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших 95545, 95544 дугаартай гэрчилгээгээр тус тус авч, эзэмших эрхтэй болсон, Б.Ц нь нас барахаасаа өмнө өөрийн эзэмшлийн газраа төрсөн хүү Ц.Ад шилжүүлсэн, бидний эзэмших эрхтэй газрыг хууль бусаар Ж.Ат өмчлүүлсэн болохыг мэдэж шүүхэд хандаж, шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон гэж маргасан.

 

Улмаар хариуцагч өөрийн эзэмшлийн 400 м.кв хэмжээ(287 м.кв хэмжээ бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээтэй) бүхий газраас 113 м.кв нь нэхэмжлэгч Т.Тыг хууль бусаар өмчилсөн гэж өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

9. Хэрэгт цугларсан баримтууд, зохигч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

9.1 Тус маргаан бүхий газрын асуудлаар урьд Захиргааны хэргийн шүүхэд Ц.А, О.Б нар нь Нийслэлийн засаг даргад холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А, Г.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, гуравдагч этгээдээр Т.Б, Г.Д нарыг оролцуулан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 128/ШШ2018/0486 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 480 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна./1-р хх-ийн 20-33, 238-240-р хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг дахин нотлох, дахин дүгнэх шаардлагагүй юм.

 

9.2 Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 480 дугаар тогтоолын хянавал хэсэгт Маргаан бүхий газарт анх 1995 онд Б.Цид 400 м.кв, О.Бд 400 м.кв газрыг тус тус, 1196 онд Д.Тт 300 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх тус тус олгогдсон, үүний дараа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай 62 дугаар захирамжийг үндэслэн 400 м.кв газрыг /70 а тоотын гэх/, эзэмших эрхийг Ц.Аын/Ц.Аийн хүүхэд/ нэр дээр 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 010407088 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан, Нийслэлийн засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар 700 м.кв газрыг /70 а тоотын гэх/ Ж.Ат/Түмэнбаярын эхнэр/ өмчлүүлсэн, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/335 дугаар захирамжаар О.Бд 287 м.кв /70 тоотын гэх/ газрыг эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосон, нэгж талбарын ... дугаар бүхий 700 м.кв /70 а тоот/ газар болон хэн нэгэнд эзэмших эрх үүсээгүй нэгж талбарын ... дугаар бүхий 264 м.кв/70 б тоот/ газруудыг Ж.Аын нэр дээр, нэгж талбарын ... дугаар 278.1 м.кв /70 тоот/ газрыг О.Бы нэр дээр тус тус газрын мэдээллийн санд бүртгэсэн үйл баримтууд тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна гэж дүгнэсэн./хх-ийн 239-р хуудас/

 

9.3 Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ж.А нь өөрийн нөхөр Д.Тын/1997 онд нас барсан/ 1996 оны 96642 дугаар Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх-ийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд, 70 а тоотын 40х17.5 м харьцаатай 700 м.кв газрыг өмчлөн авах хүсэлт-ийг 2003 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөн дүүргийн Засаг даргад, 70 а тоотын газрын илүү 256 м.кв хэсэг газрыг хамтран амьдрагч Г.Дд шилжүүлэх хүсэлт-ийг мөн дүүргийн газрын албанд 2003 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус тус гаргасан, нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжаар Ж.Ат 70 а-ийн 700 м.кв, Г.Дд 70 б-ийн 256 м.кв газрыг тус тус өмчлүүлсэн, Г.Дгийн 256 м.кв газар өмчлөх эрхийг 2 газар өмчилсөн гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжаар хүчингүй болгосон, уг газрыг хэн нэгэн эзэмшиж, ашиглаагүй тул чөлөөтэй байгаа ба газрын мэдээллийн санд Ж.Аын нэр дээр мөн бүртгэлтэй,

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, 1995, 1996 онд олгосон цагаан гэрчилгээний дагуу хэн аль нь тус тус гэрчилгээнд заасан газрыг эзэмших эрхтэй байхад Ж.Ат 700 мкв газрыг өмчлүүлснээр бусдын газарт давхцуулсан, энэ тохиолдлын хувьд гэрчилгээнд зааснаас илүү газрыг өмчлүүлэх болсон захиргааны актын үндэслэл болон нэхэмжлэгч нарын хэнийх нь эзэмшлийн газарт аль хэсгээр ямар хэмжээгээр давхацсан нь тодорхойгүй, үүнийг шүүхээс тодруулж шалгах боломжгүй, иймд эдгээрийг хянаж, шалгах ажиллагааг захиргааны байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэсний үндсэн дээр дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж тус тус дүгнэсэн.

 

9.4 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...анх маргаан бүхий байршилд буюу 70, 70а, 70б тоотод байрлах газруудад ... О.Б, Б.Ц, Д.Т нар Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх-ийн дагуу хөрш зэргэлдээ газар эзэмшиж байсан үйл баримт тогтоогдож байна гэсэн ба тус хэргийг хянан шийдвэрлэх явцад талууд мөн үйл баримтад маргаагүй.

 

9.5 Нэхэмжлэгч Т.Б нь тус шүүхэд анх 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээр Т.Тыг сольсон. /1-р хх-ийн 1-2, 96, 127-р хуудас/

 

9.6 Ж.А /2010 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нас барсан/-т Нийслэлийн засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар Бэлхийн 37 дугаар гудамжны 70 а тоотод байрлах 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, Т.Б нь уг газрыг Өвлөх эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авсан, улмаар Т.Баас худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Т.Тад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, өмчлөх эрхийн гэрчилгээнүүд , өвлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 5-7, 99, 32, 94-р хуудас/

 

9.7 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн дугаар ... дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д ...хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хэргийн нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугар захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж, 3-т...шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугар захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэж тус тус шийдвэрлэжээ.

 

10. Уг шийдвэрийг биелүүлж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2003 оны 413 дугаар захирамжийн Ж.Ат холбогдох хэсэгт хүчингүй тэмдэглэгээ хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон болох нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 06/1888 албан бичиг, түүний хавсралт баримтууд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол, хүсэлт зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 214-215, 218-230-р хуудас/

 

10.1 Гэвч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 06/1888 албан бичигт дурдсанаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2003 оны 413 дугаар захирамжийн Ж.Ат холбогдох хэсэгт хүчингүй тэмдэглэгээ дарагдсан, уг хүчингүй тэмдэглэгээ дарсны улмаас өвлөх эрхийн гэрчилгээгээр Э.Аоос Т.Бд шилжсэн, Т.Баас худалдах худалдан авах гэрээгээр Т.Тад шилжсэн газрын өмчлөлийн байдалд эрх зүйн үр дагавар үүсгээгүй буюу газрын мэдээллийн нэгдсэн санд өөрчлөлт ороогүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрчилгээнүүд, бусад үгүйсгэх баримт байхгүй байгаа зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 216-217-р тал/

10.2 Хариуцагч О.Б, гуравдагч этгээд Ц.А нар нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр эзэмшилд байгаа газрын байршлын кадастрын зургийг болон нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт-ыг Блюжей ланд ХХК-иар хэмжилт хийлгэж үйлдсэн баримт хэрэгт гарган өгчээ. /1-р хх-ийн 116-119-р тал/

 

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт "кадастрын зураглалын мэдээллийн сан" гэж бүх төрлийн кадастрын зураг, орон зайн өгөгдлүүдийг цэгцлэн иж бүрдэл болгосон мэдээллүүд, тэдгээрийг боловсруулах, удирдах боломж бүхий техник хэрэгсэл ба программ хангамж бүхий мэдээллийн санг, 3.1.3 дахь хэсэгт "эдлэн газар" гэж Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон газрыг ойлгоно гэж заасан.

 

Улмаар мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, гэсэн ба 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэйтохирч байна гэж тус тус заажээ.

 

О.Б, Ц.А нар нь газрын мэдээллийн сан, кадастрын зураглалын мэдээллийн санд маргааны улмаасмэдээллүүдээ оруулах боломжгүй байгаа, нэхэмжлэгч Т.Тыг кадастрын зураглалыг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хууль бусаар нөхөж гаргуулсан гэж маргаж байх боловч хэрэгт хууль зөрчсөн албан тушаалтан, эрх бүхий байгууллагын талаар баримт авагдаагүй байх тул шүүх хариуцагчийг хуульд заасан журмын дагуу кадастрын зураглал хийлгэж, зохих мэдээллийн санд мэдээллээ оруулаагүй гэж үзсэн.

 

11. Нэхэмжлэгч Т.Тын маргаан бүхий газрын өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүчингүй болгоогүй талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал тайлбарлаж, хэрэгт хүчингүй тэмдэглэгээ хийгдсэн баримтаас өөр баримт авагдаагүй.

 

11.1 Харин тус газрыг бүртгэсэн газрын эрхийн улсын бүртгэлийн Г-2203011388 дугаартай бүртгэлийг хяналт шалгалтаар эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6210 дугаар бүртгэл түдгэлзүүлэх тухай дүгнэлт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /2-р хх-ийн 45-48-р хуудас/

 

11.2 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Т.Тад эрх бүхий байгууллагаас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна. /1-р хх-ийн 94-р тал/

 

11.3 Түүнчлэн мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараах үүрэгтэй гэж заагаад 19.2.1 дэх хэсэгт Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, мэдээллийн санд бүртгэлтэй болох нь шинжээчийн дүгнэлтийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдээлэлтэй давхцуулан үзэхэдГ.Д, Т.Т, Ж.Агэсэн хэсгээр нотлогджээ. /1-р хх-ийн 198-р тал/

 

12. Хариуцагч О.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээ хуульд зааснаар дахин аваагүй, хүчин төгөлдөр газрын кадастрын зураг хийлгээгүй, кадастрын нэгдсэн сангийн бүртгэлд мэдээлэлгүй, маргаан бүхий хаягт байрлах газартай холбоотой ямар нэгэн шинэ акт гараагүй зэрэг үйл баримт нь шүүх хуралдааны мэтгэлцэх(асуулт хариултын) үед тогтоогдсон ба энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

 

Газрын давхцалын талаар шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ...Ж.Ат холбогдох хэсгийн Ц.А, О.Б нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцсон... ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ...давхацсан газрыг тогтоох гэхээр Ц.А, О.Б нарт хүчинтэй бичиг баримт, кадастрын зураг байдаггүйгээс шийдвэр биелэгдэх боломжгүй байгаа гэж тайлбарладаг.

 

12.1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 128/ШШ2018/0486 дугаар шийдвэрээр маргаан бүхий газрын Ж.Ат холбогдох хэсгийн Ц.А, О.Б нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцсон байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэгч Т.Тын газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

13. Газар зохион байгуулалт, геодизи, газар зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/53 дугаар шинжээчийн дүгнэлтэд ...Иргэн Т.Б нь бодит байдал дээр хашаа бариагүй байх бөгөөд иргэн О.Б бүхэлдээ 1850 м.кв талбайтай хашааг барьсан байна, газрын кадастрын мэдээллийн сангийн 2021 оны 09 дүгээр сарын мэдээллийг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнг давхцуулан үзэхэд нэгж талбарын 18645319794454 дугаар бүхий 699 м.кв талбайтайгаар иргэн Ж.А, нэг талбарын 18645319818454 дугаар бүхий 263 м.кв талбайтайгаар иргэн Ж.А нарын нэр дээр бүртгэгдсэн газар өмчлөх эрхтэй газартай давхцалтай байна, иргэн О.Б нь 1850 м.кв талбайтай газрыг хашаалсан ба хашаан дотор 93 м.кв талбайтай барилга барьсан байх бөгөөд Газрын кадастрын мэдээллийн сангийн 2021 оны 09 дүгээр сарын мэдээлэлд бүртгэлтэй нэгж талбарын 18645319811464 дугаар бүхий газартай 77 м.кв, 18645319794454 дугаар бүхий газартай 15 м.кв талбайтайгаар барилга давхцаж байна гэжээ. /1-р хх-ийн 142-150-р хуудас/

 

Уг дүгнэлтийг гаргахад 5 бүрэлдэхүүнтэй шинжээч оролцсон ч дүгнэлтэд шинжээч П.Баянтүмэн, Д.Түмэндэмбэрэл нар гарын үсэг зурж бусад шинжээчийн гарын үсэг зурагдаагүй байна.

 

Уг дүгнэлтийн шинжээчид бүрэн гарын үсэг зураагүй үндэслэлээр нэхэмжлэгч талаас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хариуцагч тал эсэргүүцээгүй, дахин дүгнэлт гаргуулахаар шинжээчийг томилжээ.

 

13.1 Газар зохион байгуулалт, геодези, газар зүйн газрын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1687 дугаар шинжээчийн дүгнэлтэд ...иргэн О.Бы хашаалсан газрыг хэмжихэд 1932 м.кв талбайтай байна, ажлын хэсгийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хэмжилтийн үр дүнг газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдээлэлтэй давхцуулан үзэхэд дараах нэгж талбаруудтай давхцалтай байна. Үүнд: ...нэгж талбарын 1463002275 дугаар бүхий 699 м.кв талбайтай газар нь тус хорооны нутаг дэвсгэрт бэлхийн гудамж 37-70а тоот хаягт иргэн Т.Тын нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн газартай, нэгж талбарын 1463002297 дугаар бүхий 263 м.кв талбайтай газар нь тус хорооны нутаг дэвсгэрт бэлхийн гудамж 37-70а тоот хаягт иргэн Ж.Аын нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн газартай, иргэн О.Б нь нийтийн эзэмшлийн газраас 661 м.кв талбайг хашаалсан байна, Ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнгээр О.Б нь 93 м.кв талбайтай байшин барьсан байх бөгөөд үүний 73 м.кв талбай нь нэгж талбарын 1463002275 дугаар бүхий 699 м.кв талбайтай газар дээр, 15 м.кв талбай нь нэгж талбарын 1463004139 дугаар бүхий 287 м.кв талбайтай газар дээр тус тус байрлаж байна. Иргэн Т.Тын нэр дээр бүртгэлтэй нэгж талбарын 1463002275 дугаар бүхий 699 м.кв талбайтай газар дээр иргэн О.Бы барьсан байшингийн 73 м.кв талбай байрлаж байна гэж тус тус дүгнэсэн. /хх-ийн 185-204-р хуудас/

 

Шүүх тус шинжээчийн дүгнэлтүүдийн шинжээчид бүрэн гарын үсэг зурсан, шаардлага хангасан дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэх тул маргаан бүхий газрын давхцлыг 73 м.кв гэж үзэв.

 

14. Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэжээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Маргаж буй газрын өмчлөх эрх Ж.Аоос Т.Бд өвийн журмаар, Т.Баас Т.Тад Худалдах худалдан авах хэлцлийн үндсэн дээр тус тус шилжсэн, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон аливаа шийдвэр, акт гараагүй байх тул өмчлөгчийн эрхийг хуульд зааснаар хязгаарлах үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

 

15. О.Бы эзэмшлийн 400 м.кв газартай давхцуулан Т.Тын хууль бусаар өмчилж байгаа 113 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл бүхий баримтыг шүүхэд гарган мэтгэлцээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Маргаан бүхий газарт анх 1995 онд Б.Цид 400 м.кв, О.Бд 400 м.кв газрыг тус тус, 1196 онд Д.Тт 300 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх тус тус олгогдсон, Нийслэлийн засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар 700 м.кв газрыг/70 а тоотын гэх/ Ж.Ат/Түмэнбаярын эхнэр/ өмчлүүлсэн, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/335 дугаар захирамжаар О.Бд 287 м.кв/70 тоотын гэх/ газрыг эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосон үйл баримтад үндэслэн хариуцагч нь 400-287=113 м.кв хэмжээ бүхий газрыг хууль бусаар өмчилсөн гэж үзэж нэхэмжлэгчийг чөлөөлж өгөхийг шаардсан байна.

 

Шүүх маргаан бүхий газрыг анх Ж.Ат өмчлүүлсэн үйл ажиллагаа, үйл баримтад дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр гарсан, шүүхийн шийдвэрт зааснаар Ж.Ат холбогдох хэсгийн О.Б, Ц.А нарын газартай давхацсан хэсгийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан эрх зүйн үр дагавар үүсгэх акт, баримт хэрэгт байхгүй, улмаар Ж.Аын өмчлөлийн газар Т.Тат шилжсэн, холбогдох байгууллага нь Т.Т, О.Б, Ц.А нарын эрх ашиг хөндөгдөж буй уг асуудалд тодорхой шийдэл гаргаагүйгээс эдгээр хүмүүсийн эрх, ашиг хөндөгдөж, маргааны асуудал үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүх хариуцагч болон гуравдагч этгээдийг буруутгах үндэслэлгүй ч хэрэгт цугларсан баримтаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон баримт байхгүй нөгөө талаар мэргэжлийн байгууллагын хэмжилт хийж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтээр давхцалыг 73 м.кв гэж дүгнэсэнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Шүүх нотлох үүргийн тухайд нэхэмжлэгч нь өөрийн өмч гэдгийг, хөрөнгийг хариуцагч этгээдийн эзэмшилд байгаа болохыг нотлох үүргээ биелүүлсэн гэж үзсэн болно.

 

16. Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

 

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг, хариуцагч О.Б нь сөрөг нэхэмжлэлд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 54,950/15,250 төгрөгийг дутуу төлсөн/ төгрөгийг тус тус төлсөн байх ба шинжээчийн зардал нэхэмжилсэн 572,589 төгрөгийн болон 646,574 төгрөгийн нэхэмжлэлүүд тус тус хэрэгт авагдсан байна. /1-хх-ийн 3, 141, 187-р хуудас, 2-р хх-ийн 97-р тал/

 

Нэхэмжлэгч тал шинжээчийн зардлаас 572,589 төгрөгийг шинжээчид төлсөн талаар тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардлыг хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Тын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 гудамж, 70а тоот хаягт байршилтай 18645319811464 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2203011388 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар-аас зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 73 м.кв хэмжээ бүхий газрыг хариуцагч О.Бы эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Хариуцагч О.Бы өөрийн эзэмшлийн 400 м.кв газартай давхцуулан Т.Тын хууль бусаар өмчилж байгаа 113 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч О.Бы төлсөн 54,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 15,250 төгрөгийг гаргуулж улсын орлогод, 70,200 төгрөг, шинжээчийн зардалд 572,589 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас төлөгдөөгүй шинжээчийн зардалд 646,574 төгрөгийн гаргуулж шинжээч Газар зохион байгуулалт, геодизи, газар зүйн газарт олгосугай.

 

4 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА